sonin.mn

Манай улс элсэн чихрийн үйлдвэртэй болоход ойрхон болжээ

Амьдралынхаа 54 жилийг хүн ардаа чанартай ургацаар дайлахын төлөө зориулсан хүн бол Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, ХАА-н инженер Жамсрангийн Түмэн юм. ХАА-н техникийг арван хуруу шигээ мэддэг.

Зохион бүтээх, засах, сэлбэх, шинэчлэх бүх ажилтай насаараа ноцолдоод тариан талбайд амьдралаа өнгөрөөж яваа ховорхон эрдэмтэний нэг. Түүнтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараагийн Сургалт үйлдвэрийн төвийн ногооны талбайд зорин очиж уулзлаа.

Ж. Түмэн энэ зун чихрийн манжин тариалах ажилтай ургацын талбайд өнжжээ. Хориод жилийн өмнө Монголдоо анх удаа чихрийн манжин тариалах туршилтыг эхлүүлж байсан тэрбээр өнөөдөр шавьтайгаа нийлээд чихрийн манжингийн үйлдвэр байгуулах бүх судалгаа, шинжилгээг хийчихээд шороотой ноцолдоод зогсож байгаа нь энэ.

-Та хаана үндсэн мэргэжлээ эзэмшсэн юм бэ?


-Би 1965 онд Москва хотын Хөдөө аж ахуйн Темерязовын нэрэмжит Академийн инженерийн ангийг төгсөж ирээд Зүүнхараа хотын Ургамал Газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрдэм шинжилгээний ажилтнаар ажлын гараагаа эхэлсэн. Ингэж хөдөө аж ахуйн инженер болсон.

Энэ хугацаанд Монголын газар тариаланд төрөл бүрийн таримал ургамлыг механикжсан технологиор тарьж, ургуулж, хураах ажлыг туршиж, шинэ техник, технологийг нэвтрүүлэх талаар олон жил ажилласан. Тэр дундаа чихрийн манжинг Монгол орны нөхцөлд механикжсан аргаар тарьж ургуулах асуудлыг олон жил судалж, боловсруулж ирлээ.

-Чихрийн манжингийн туршилт судалгааны ажлаа хэдийнээс эхлүүлэв?


-1991 оноос хойш чихрийн манжинг тарьж ургуулах, механикжсан технологийг боловсруулах, чихрийн манжингаар элсэн чихэр, ёотон үйлдвэрлэх, үйлдвэрийн техник технологийг 20 гаруй жил судаллаа. Зүүнхараа зэрэг газарт эрдэм шинжилгээний ажлын туршилтуудыг явуулж, чихрийн манжинг тарьж ургуулах механикжсан технологийг Монголын нөхцөлд боловсруулж 10 гаруй зохиогчийн эрх патентийн хамгаалалт хийлгэлээ.

Чихрийн манжин үндсэн үртэн таримал юм. Хөрсөнд ургаж байгаа хөдөө аж ахуйн тарималууд дотроос хамгийн их чихэрлэгтэй байдаг учраас чихрийн манжинг боловсруулж элсэн чихэр үйлдвэрлэдэг. Гадаад орнуудад 1700 оны эцсээс эхлэн чихрийн манжинг тариалж, элсэн чихэр үйлдвэрлэж ирсэн байна.

-Монголд чихрийн манжин ургаж бопно гэдгийг хэзээ, ямар эрдэмтэн баталж, нотлов оо?


-1942-1943 онд Оросын эрдэмтэн, академич Шубин Монголд ‘‘Эрдмийн хороо” гэж нэртэй байсан “Судар бичгийн хүрээлэн”-д ажиллаж байхдаа чихрийн манжинг Төв аймгийн Баянчандмань сумын Зүүнмухар, Батсүмбэр сумын Сөгнөгөр, Баянгол гэдэг газруудад гурван жил тариалж Монгол оронд чихрийн манжин өндөр ургац өгөх юм байна гэдгийг, чихрийн агууламж нь ЗХУ-ын нутагт тарьж байгаа чихрийн манжингаас дутахааргүй хэмжээнд байх юм байна гэдгийг анх тогтоосон байдаг.

Үүнээс хойш чихрийн манжинг Монгол оронд тарих, ургуулах талаар Монголын удаа дараагийн Засгийн газар анхааралдаа авч, чихрийн манжин тариалах, эхлээд малын тэжээлд зориулж ашиглах талаар тодорхой судалгаа шинжилгээний ажлыг явуулах, саалийн фермийн дэргэд сүүний үнээ тэжээх зэрэг ажлыг хийж байсан.

1991-1996 онд чихрийн манжинг тарьж ургуулах, технологийг боловсруулах чиглэлийг тухайн үеийн Засгийн газрын орлогч дарга, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд байсан Ш.Гунгаадорж гэдэг хүн анхааралдаа авч, механикжсан технологийг боловсруулах талаар надад зөвлөгөө өгсөний дагуу Төв аймгийн Баянчандмань сумын Зүүнмухар, Зүүнхараад чихрийн манжинг тариалах үйлдвэр туршилтын ажлыг хийж эхэлсэн.

Энэ үйлдвэр туршилтын ажлыг сүүлдээ Украйны мэргэжилтнүүдтэй хамтран хийдэг болж “Украйн-Монголын чихрийн манжинг механикжсан аргаар тариалах” шинжпэх ухаан үйлдвэрлэлийн туршилтын ажлыг Зүүнхараагийн нутаг дэвсгэр дэх 405 га-ийн услалтын системд анх явуулж байв.

-Чихрийн манжингийн тариалалтаараа ямар улс тэргүүлдэг вэ?


-Үүнээс хойш чихрийн манжинг гадаад оронд явж нэлээд судалсан. Тухайлбал, Герман, Финлянд, Украйн, Беларус, ОХУ зэрэг орнуудын чихрийн манжингийн аж ахуй, сахарын үйлдвэрүүдийн технологийг судпах, зарим үед үйлдвэрийн ажилчидтай хамт сахар үйлдвэрлэдэг технологийн шугаман дээр ажиллах завшаан надад олдож байсан. Үүний үр дүнд чихрийн манжинг Монголд хэрхэн тарьж ургуулах вэ гэсэн асуудлыг боловсруулсан.

Миний бие техникийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, улмаар профессор болсон энэ бүтээл бол үндсэндээ чихрийн манжинг тариалж элсэн чихэр үйлдвэрлэх технологийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн, иж бүрэн судалгаа юм. Энэ дисертацын ажлын хүрээнд чихрийн манжин, түүний сэлгээний тарималуудыг ургуулах талаар зохиогчийн эрхийн хамгаалалт хийлгэсэн 10 бүтээл байдаг.

Монгол оронд чихрийн манжинг тариалж, 60 хүртэл мянган тонн ургац авч болох юм гэдгийг шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн талаас нь шийдвэрлэсэн бий. Финляндын “Нокомуто” гэж баруун Европод томд тооцогддог фирм байдаг. Энэ фирм дээр би 15, 21, 45 хоногийн хугацаатай удаа дараа очиж, чихрийн манжин тарих болон сахар үйлдвэрлэхэд оролцож, чихрийн манжингийн машиныг үйлдвэрлэж байгаа үйлдвэртэй танилцаж байв.

Ингэж Финляндын мэргэжилтнүүдтэй хамтарч, мөр зэрэгцэн ажиллаж ирсэн нь миний мэдлэгт сайн үр дүн өгсөн юм. Үүнээс гадна Украйнд чихрийн манжингийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүд, хамтралуудыг үзэж сонирхож байсан минь бас нэг завшаан.

-Та чихрийн манжинг Монголд тариалах ажпыг эхлүүлсэн хүн. Төр, засагт яаж ойлгуулсан бэ?


-Судалгаан дээрээ үндэслэн Монголд чихрийн манжинг тариалж үйлдвэрлэх тухай холбогдох Яам, Засгийн газарт санал, онолоо дэвшүүлж ирсэн. Өнөөгийн Засгийн газар чихрийн манжинг тарьж, элсэн чихэр үйлдвэрлэх нь зүйтэй гэсэн асуудлыг дэмжиж Засгийн газраас шалгаруулж байгаа 888 төслийн жагсаалтад оруулсан.

Үйлдвэр Хөдөө аж ахуйн Яамны зүгээс энэ онд чихрийн манжинг дахин тарьж, элсэн чихэр үйлдвэрлэх нь зүйтэй гэсэн асуудлыг дэмжиж Засгийн газраас шалгаруулж байгаа 888 төслийн жагсаалтад оруулсан.

Үйлдвэр Хөдөө аж ахуйн Яамны зүгээс энэ онд чихрийн манжинг дахин тарьж, туршиж үзүүлээч гэсний дагуу Зүүнхараа, Шарын голын хөндийд тарьж ургуулах туршилтын ажлыг хийлээ. Өнөөдрийн байдлаар ургац хэвийн, сайн байна.

-Үйлдвэр байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг хэрхэн боловсруулав?


-БНХАУ-ын Хөх хотын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтраад жилд 36 мянган тонн сахар үйлдвэрлэх техник, эдийн засгийн үндсийг боловсруулсан. Чихрийн манжин тариалж, элсэн чихэр хийхэд хамгийн гол нь түүхий эдийн асуудал чухал байдаг.

Мөнгө төгрөг байх юм бол үйлдвэрийг амархан байгуулж болно. Түүхий эд байхгүй бол үйлдвэр ажиллахгүй нь тодорхой. Тиймээс түүхий эдийг найдвартай, баталгаатай болгох хэрэгтэй.

Чихрийн манжинг Монгол орны нөхцөлд усалгаатай тариална. Монгол орон хуурайшилттай. Тийм учраас усалгаатай сэлгээнд таригдана. Бидний судалгаагаар эрт болцын төмсний дараа чихрийн манжинг тариалж, чихрийн манжингийн дараа улаан буудай тариалж, улаан буудайн дараа олон наст өвс тарих замаар тариална.

Ингэж хөрсний үржил шимийг алдагдуулахгүйгээр 3-4 жилийн дараа чихрийн манжинг анх тарьсан талбайд нь эргүүлж тарих тийм л ургамлын сэлгээг хийж, эзэмших шаардлагатай.

-Чихрийн манжин тарьсан газар өөр ургамал сэлгэж тарьдаг нь ямар учиртай юм бэ?


-Ийм сэлгээнд чихрийн манжин өвчин хортонд идэгддэггүй. Найдвартай, баталгаатай өндөр ургац өгдөг. Хамгийн гол нь өнөөдөр усалгааны системийг байгуулах    шаардлагатай.

Чихрийн манжинг сэлгээнд тарих технологийг эзэмших ийм асуудал нэгдүгээрт тавигдаж байгаа юм. Газар тариалангийн бүсэд байгаа гол мөрний хөндийд чихрийн манжинг усалгаатай нөхцөлд тарих асуудлыг үндсэндээ боловсруулж дуусаад дээд газартаа өргөн барьж байна.

Жилд 45 тонн элсэн чихэр үйлдвэрлэдэг үйлдвэртэй болно гэж үзвэл 16 мянган га услалтын системтэй талбай хэрэгтэй. Энэ 16 мянган га-аас 5 мянгад нь усалгаатай чихрийн манжингаа тарина.

Бусдад нь сэлгээний ургамлаа тарина. Асар их хэмжээний ногоон масс гарна. Ингээд бодохоор сахарын үйлдвэр нэг газар байгуулахад их бэрхшээлтэй. Бид Монголын сахарын үйлдвэрийг газар тариалангийн гол бүсүүдэд дөрвөн газар хөдөө аж ахуйн үйлдвэрийн цогцолбор маягаар барьж байгуулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

-Нэг цогцолборт хичнээн га-д усалгааны систем байх вэ?


-Нэг цогцолборт 4-5 мянган га-д услалтын систем байна. Сэлгээний тарималуудыг тарина. Тэнд сахарын үйлдвэр байна. Сахарын үйлдвэрээс гарч байгаа хаягдал түүхий эдийг ашиглаад био дизель хийж болно.

Сэлгээний тарималуудын ногоон массыг ашиглаад махны чиглэлийн үхэр, гахай тэжээх боломжтой. Мах үйлдвэрлэх үед гарч байгаа малын өтөг бууц, шивхээр био хий гаргах гэх мэтчилэнгээр бүх хаягдалыг нь ашигладаг цогцолбор байх юм.

Ингэснээр хүн амыг элсэн чихэр, ёотонгоор бүрэн хангаад зогсохгүй мах, био дизель үйлдвэрлэх боломжтой болох нь байна. Мөн био хийгээр цахилгаан үйлдвэрлэх замаар цахилгаан эрчим хүчнийхээ 30-40 хувийг өөрөө хангадаг болно. Хамгийн сүүлийн үеийн техник, технологид тулгуурласан цогцолбор байх юм.

-Ийм цогцолборууд ямар улсад байна вэ. Манай улс ийм хэмжээний цогцолбор байгуулахад хэдий хугацаа, хэдий хэр хөрөнгө шаардагдах бол?


-ОХУ, Украйн, Азербайжан гэх мэт улсуудад ийм цогцолбор бий. Чихрийн манжингийн ургац га-аас 50-60 тонн ургац авдаг туршлага ердийн үзэгдэл болж хувирсан.

Өнөөдөр гадаад, дотоодын шинжпэх ухааны технологийн ололтыг ашиглах замаар өөрийн үндэсний эрдэмтэдийн бүтээлийг шууд үйлдвэрлэл болгох хэрэгтэй байна. Хэрэв энэ ажлыг ойрын 5-6 жилд хэрэгжүүлж чадвал хэрэглэгчдийг элсэн чихэр, ёотонгоор бүрэн хангах боломж бүрдэнэ.

Үүнийг байгуулахад 65-70 сая долларын хөрөнгө шаардагдана. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэ эрхэм зорилгыг биелүүлэх, хэрэгжүүлэх боломжтой гэж мэрийж, чармайж явна даа.

Б.Пүрэвсүрэн (МҮОНРТ-сэтгүүлч)

Эх сурвалж: "Монголын хөдөө" сонин