sonin.mn

Эцэг өвгөдийн ариун шүтээнийг Монголчууд бид өнөөдөр яагаад буруу шүтээд байна вэ? Шарын шашинаас бөө өөр зүйл юм. Бөө гэдэг хүний оюун санааны дээд хөгжил буюу байгаль эх дэлхийтэйгээ харьцах харилцаа гэж ойлгож болно. Нэг нь төлөөлж харьцдаг. Бусад нь нөгөө хүнээрээ дамжуулж суралцаж, мөргөл зан үйлээ хийдэг.

Сүүлийн жилүүдэд бөө маш ихээр төрж байна. Энэ нь зөв зүйл биш юм. Үүнийг дагаад Эцэг өвгөдийн сахиус буруу шүтэгдээд, буруу дэлгэрч байна. Бид нийтээрээ газар тэнгэрээ шүтэх ёстой болохоос биш хүн бүр бөө болж онгод хүлээн авч бөөлнө гэсэн үг биш юм. Үүнээс болж асуудал үүсч байна.

Айл бүрт нэг бөө заавал байх ёстой гэсэн ойлголттой болчихсон байна. Тэр бөө нь яахаа ч мэддэггүй, учрыг нь гүйцэт ойлгохгүй бөө болж буруу тийшээ хандаж байна. Монголчуудаас ганц зүйл хүсэхэд өвчин зовлон, хагацал амьдралд тохиолддог жирийн бэрхшээлээс болоод бөө болох учир шалтгаан биш.

Бөө лам нар шиг ихээр байх нь буруу. Чанартай цөөхөн байх ёстой болохоос өдөр болгон шинээр мэндлээд байдаг юм биш. Түүнээс бие өвдөөд, ажил үйл нь бүтэхгүй байх, архинд орох, аав ээж нь хорвоогийн жамаар өөд болох нь бөө болох шалтгаан биш.

Өөрсдийн биеийг хий хоосон худал зүйлийн золиос болгож байна. Ямар ч бөөд очоод үзүүлэхэд "Чи онгодтой юм байна. Онгодоо авахгүй бол болохгүй гэдэг. Энэ бол хамгийн буруу.

Нийтээрээ нэг хүний санаагаар яваад байна. Аливаа шашин шүтлэг мөргөл зан үйлд мэдлэг боловсрол гэж заавал байдаг. Бөө болно гэдэг хувцас хэрэглэл бэлдээд, хэнгэрэг цохиод болдог зүйл биш. Иймээс л монгол бөөгийн мөн чанар алдагдаад байгаа юм.

Бөө бол тухайн хүндээ удамшдаг, жирийн хүний цусны эсээс хэд дахин өндөр цусны эс бүрэлдэхүүнтэй, хүн тэр онгод гэж зүйлийг хүлээн авч чаддаг. Тиймээс онгод буюу бөө болно гэдэг бол жирийн хүн болчихдог зүйл биш юм. Бөө болох нь хуучны амьдралыг сэргээж өнгөрсөн, одоо, ирээдүйгээ зүүдэлдэг бас зөгнөдөг. Тэнгэр газартайгаа харилцдаг мэдрэхүй сэргэх нь бөө болж байна гэсэн үг.

Хүн байгаль ертөнцтэй холбоотой. Бөө өөрөө ертөнц. Бөө мухар сүсэг биш. Бөө бол амьдралын нэг тогтолцоо хууль юм. Нийтээрээ мөргөж сүсэглэж, байгалийн хуулийг зөрчихгүй байхыг бөө гэнэ. Энэ чинь оюуны дээд гэгээрэл, хүний оюуны өндөр чадавх юм. Зовж зүдрээд, бие нь өвдөөд, ажил үйл нь бүтэхгүй болохоор заавал бөө болох ёстой гэж дараа дараагийнхаа хүнийг онгод авхуулдаг нь буруу.

"Чи онгодтой хэрвээ авахгүй бол 7 хоногийн дараа үхнэ" гэхэд тэр хүн 7 хоногийн дараа үхэхгүй ч үхдэл шиг амьдардаг. Ингэж бие сэтгэлээрээ тоглуулж байна. Монгол хүн сүүлийн 20 жил оюун санааны хөгжлийг урдаа тавиад, сэтгэлийн хөгжлийг умартчихсан улсууд.

Сэтгэлийн хөгжилгүй учраас өнөөдөр бид хэн нэг хүний үгэнд үхэж, хууртаж явна. Үүнийг өөрсдөө л зохицуулах ёстой. Бөө байсан байгаагүй хүн амьдрах чадвартай.

Амьдралд тохиолддог, нийтлэг зовлон тулгархад онгод авах шалтгаан болгож болохгүй. Ийм ойлголт 2000 оноос 14 жил хүчтэй тархан үргэлжилж байна. Бүх л хүмүүс бөө болж байна.

Нэгээс 100 салаа үндэс гардагтай адил хүчтэй тархаж байна. Үүний цаана далд бизнес оршиж байгаа юм. Бөө болохоос татгалзах хэрэгтэй. 2 сая 700 хүн бүгд бөө болчихвол хэн нь хэнийгээ засах юм бэ? Иймээс Монголын ард түмэн хорвоогийн жам ёсны зовлонгоос болоод бөө болно гэдэг буруу зүйл юм.

Хар дархадын Хуулар овгийн зайн Т.Ангар