sonin.mn

Цагаан морин жилийн хувьсгалын үеэр “Эх орон минь болохоо байлаа, иргэн бүрийн дуу хоолой хэрэгтэй” хэмээн хамгийн чанга шүгэлдэж байсан хүмүүсийн нэг нь Баабар “агаа” байв. Харин тэр Агаагийн одоогийн залууст хэлдэг  үг нь “ эх орон болохоо байлаа гэж элийрч балайрахаа боль, оймсны цоорхойгоо нөхчихөөд озоны давхаргад санаа зов” гэх болов. Тэр ийнхүү залуу хүний дуу хоолойг булшлан дарах “Баабаризм” гаргаж ирлээ. Манайхны дарга аа шүүмжлүүлэх дургүйг ч хэлэх үү энэ үзлийг нь улам дэвэргэж, дуугарсан бүхнийг “популист, сүгсэлзүүр” зэргээр доромжилох нь энүүхэнд санагдана. Сайд даргаа өмгөөлсөн “цүнх баригчид”-ын тоо Баабар ахын батганы тооноос мянга дахин илүү үржиж байна. Энэ бол түүний алдарт “изм”-үүдийн сөрөг үр дүн. Ерээд оны хувьсгалын үеэр озоны давхарга бүтэн байсан ч Баабар, Ц.Элбэгдорж, Э.Бат-үүл ба түүний нөхдийн оймс бүтэн байсан болов уу?

Эхлээд оймсоо нөхөх ёстой юм бол коммунизмд хүрнэ гээд трактор унаад газар хагалаад явж байхгүй юугаа хийж явсан юм бэ? Оймс цоорхой хүмүүстэй хамт олигархи төрийг нураана гэж яагаад өлсөж, хашгирч явсан юм? Төр нь иргэнийхээ  амьдралд “гай” болоод ирэхэд цоорхой оймстой битгий хэл зогоох талхгүй хүн ч төрийн эсрэг дуугарч эхэлдэг. Энэ бол ардчилсан нийгмийн үзэгдэл бас үнэт зүйл гэдгийг арай мартчихаагүй биз. Эсвэл өнөөдөр идэх талхтайгаа байвал үр хойч хамаа алга гээд дуугүй байх ёстой юм уу? Бид буцааж төлөх ямар нэгэн тооцоо судалгаагүй 20 тэрбум “ногоон”-ы гадаад өртэй тууж явна. Энийг бүтэн оймстой Баабар ах лав төлөхгүй нь мэдээж.

Харин цоорхой оймстой, солих “бандаашгүй” хойч үе бид зайлшгүй төлөх учир одооноос санаа тавьж шахаж шаардахгүй яах юм? Залуусыг эх орныхоо төлөө биш ирээдүйд өөрт нь ирэх гай зовлонгоос сэргийлж, амиа хоохойлон “озоны давхарга”-ын тухай яриад байна гээл ойлгочих яршиг. Эхнэрээ төрүүлэх гээд эмнэлэгийн ор олдохгүй байгаа залуу “оймсоо нөхчихөөд эмнэлэг баринаа” гээд дуугүй байсаар байх уу? Үгүй дээ ах минь хөрсөн дээр бууж хайрла. АПУ-гийн Батсайханыг нэгэн лам “чи дэлхийн дулаарлын хажууд юу юм, сайн бод л доо” гээд загнаж байгаа бичлэг сошиал ертөнцөөр тархсан. Тэгвэл би Баабар ахыг “озоны цооролтын хажууд бидний оймсны цоорхой юу юм, сайн бод л доо” гэж загнамаар байна.

Үс бууралтаж, ухаан сааралтаж, үе мөч хөшиж  болно энэ бол амьдралын хууль. Та “цоорхой оймстой” үеийг дайраад өнгөрсөн. Бид ч таны насыг туулаад гарахаас зайлахгүй. Харин өөрийнхөө эхлүүлсэн үнэт зүйл, эрх чөлөө, хойч үе рүүгээ эргэж  битгий нулимаарай Баабар ах аа.

Нийтлэлч  Б.Мөнхцэлмэг