sonin.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “МАХН-ын дарга Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэх зохиолыг манай намын албан тушаалд очсон нөхдүүд захиалж хийлгэж байгаа юм” гэсэн цочир мэдэгдлийг өнгөрсөн сараас эхлэн хийгээд байгаа.

Тэрбээр “Урвагчид үргэлж улс оронд гай тарьж байсан. Нам байртай байх ёстой. Бид Ардын нам шиг таван хүнийг буудаж алаад, төсвөөс мөнгө авах ёс зүйтэй нам бол биш. Гишүүдийнхээ хандиваар намын байраа босгох дүрэмтэй нам.

Гэтэл Н.Энхбаяр намын даргын хувьд намыг байртай болгох хэлэлцээр хийсэн үү гэвэл хийсэн. Урьдчилгааг олж хийлгүүлсэн үү гэвэл хийсэн. Харин үлдсэнийг нь намын гишүүд хийх ёстой” хэмээсэн нь өнөө маргаашгүй ирэх гэж байна хэмээн дуулиан дэгдээсэн ч ирээгүй экс Ерөнхийлөгч Н.Энх­баярт хамаатуулан үүс­гэсэн гэх хэрэгтэй холбоотой байсан юм.

Даргыгаа угтах ёслолын сценарийг бэлтгээд завгүй байсан гишүүдээ цочтол шуудхан хэлчихсэн эл мэдэгдэл МАХН-ын дарга Н.Энхбаярыг эх орондоо эргэн ирэхэд саад хийгээд буй хэргийн сэжүүрийг түүнтэй ойр дотно явсан хүмүүс хууль хяналтын байгууллагад атгуулсан гэх хардлагыг лавшруулж улмаар намынх нь дотоодод ч түвэгтэй байдал үүсгээд амжсан.

Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг асуудалтай нэр холбогдоод байгаа нэг хүн нь УИХ-ын дэд дарга Логийн Цог гэх яриа ч дуулдах болсон. Тэрбээр намынхантайгаа үзэл бодол таарахгүй нэрээр зай барьж, журмын нөхөдтэйгөө таарамж муутай байх болсон нь хардлагыг улам бүр лавшруулж буй гэх.

Уг нь Л.Цог гэж эрхэм МАХН гэж намыг цагийг нь олж түшсэнийхээ хаялагад өдий насны улстөрчийн хүрч болох албан тушаалын хамгийн дээд өндөрлөгтөө хүрсэн. Гэвч хүний хүсэлд хязгаар үгүйн учир парламентад насаараа дээрээсээ хоёрт бичигдэж буй Л.Цог гишүүн дэд даргын суудлаа дээш нь ахиулчих боломж хайж буй юм биш байгаа гэж ойлгогдохоор үйлдлийг нэг бус удаа гаргах болжээ.

Олон нам дамжиж, тэр бүртээ өөрөөрөө овоглох ямар нэг таагүй түүх үлдээж явсан түүний намтарт “1977 онд ЗХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургуулийн хуулийн факультет, 1988 онд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи төгссөн, 1977-1986 онд Улсын Прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтсийн дарга, 1988-1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв хорооны дэргэдэх Намын хянан шалгах хороонд байцаагч, 1990-1992 онд Улсын Бага Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга, 1996-1999 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, улмаар 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайдын албыг хашиж байв.

Л.Цог Улсын Их Хурлын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, улмаар МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байна” хэмээн бичсэн байдаг.

Энэ товчхон намтраас Л.Цог гэж улстөрчийг үзэл баримтлалаараа ялгаатай гурван ч нам дамжсан “туршлагатай” улстөрч гэж харагдахгүй байж магадгүй. Гэхдээ он цагийн дарааллыг хашиж байсан албан тушаалтай нь холбоод хөөвөл Бүгд найрамдах намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан гэдгээс бусад нь буюу одоогийн МАН-ын өмнөтгөл МАХН-д анх элсч дараа нь одоогийн Ардчилсан нам буюу тухайн үеийн “Ардчилсан холбоо” эвслийн нэрийн өмнөөс сайдын суудалд заларч байсныг мэдэхэд хэцүү биш.

Ардчилагчид төрийн эрх барьж байхад хуулийн салбарыг толгойлж байсан энэ эрхэм яагаад гэнэт гудамжинд гарч, иргэний хөдөлгөөнийхнийг дагаж давхих болов гэдэг нь эргээд мань хүний өөрийнх нь хувьчилсан тоглолт олиггүй арга барилтай холбоотой гэдгийг хэлэх хүн олон байх аж. Гол нь тэр үед харьцангуй ахмад, бас чиг хуучин төрд алба хашиж байсан туршлагатай хүний хувьд Л.Цог гуай тухайн үед эрх барьж байсан залуу ардчилагчдыг эвлүүлж, эвлэрүүлэх талд нь байгаагүй, харин ч эсрэгээрээ байсан нь аяндаа ардчилагчидтай цааш зам нийлж явахгүйд хүргэсэн гэх. Ийнхүү хамтрагчидтайгаа нийлдэггүй нь өдгөө ч үргэлжилж байгаа бололтой.

Мөн хэвлэлийн хуудаснаа үлдсэн зарим мэдээллээр баталж болно. Тухайлбал, Fact.mn сайтад “...Эдү­гээ­гийн УИХ-ын дэд дарга МАХН-ын төлөөлөл болон шударга үнэнийн дуу хоолой мэт яваа Л.Цог гишүүн нь Москвад очин тухайн үеийн ЦЕГ-ын хурандаа Дагвадоржийн хамт Ю.Цэдэнбал болон түүний гэргий Цэдэнбал Филатова нарыг байцаан “Улсын хөрөнгө мөнгө хэрхэн идэж ууж туйлж байсан тухай” байцаалт мэдүүлэг авч “сандаргаж” явсан билээ… Ю.Цэдэнбалыг эцсийн замд нь үдээд буцах гэсэн эхнэр хүүхдүүдийг нь тэр өдөр нь эдгээр нөхдүүд ахин дуудан байцааж “Хүүхдийн төлөө сан”-гийн мөнгө төгрөгийг хаана, хэнд, юунд зарцуулж байв. Ю.Цэдэнбалыг ор­шуулах зардалд гарсан 30.000-ыг төлж байж яв” гэх зэргээр ихээхэн зовоож байж нутаг буцаасан тухай учир мэдэх улс, үйл явдалд оролцож асан буурлууд дурсан ярьдаг юм.” гэсэн байсан нь цаг үедээ зохицон амьдрахын тулд хэнийг ч шүүж чадна гэдгийг нь харуулсан.

Харин Info.mn сайтад ““Ардчилсан холбоо эвсэл”-ийн үед Хууль зүйн сайдаар жил гаруйн хугацаанд ажил­ласан энэ эрхмийн улстөрийн сонголт дэндүү баян. Анхлан БНМАУ-ын Ардын их хурлын гишүүнээр сонгогдох үедээ тэрбээр МАХН-ын гишүүн байсан. Улмаар ардчилал эрчимжихтэй зэрэгцээд Монголын сэргэн мандлын намыг байгуулсан ч дараа нь Монголын үндэсний ардчилсан намд элссэн байдаг.

Их удалгүй Хууль зүйн сайдаар ажиллах хугацаандаа УИХ-ын ги­шүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлж чадаагүйн дээр намынхаа гурван андыг казиногийн хэргээр шорон руу илгээсэн.

Үүнээс нь үүдэн зөвхөн Монголын үндэсний ард­чилсан на­мынхан төдийгүй тухайн үеийн улстөрчид Логийн Цогоос жийрхэх болж, гишгэх газаргүй үлдсэн гэж болно.

Гэсэн ч тэрбээр хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст Иргэний зориг нам, Бүгд найрамдах нам, Үндэсний шинэ намд ээлж дараалан элссэн бол энэ удаад Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг түших зорилгоор МАХН-ын бат­лах гардах нь тэр.

Харин баривчлагдахтай нь зэрэг­цээд өөрийгөө жанж­ны эрэмбэтэй цоохор цэрэг хэмээн тодорхойлж, удир­дахуйн ухаанд суралцсан арга туршлагаа МАХН-ын нөхдөд гайхуулж эхэлсэн ажээ...” хэмээн даргын суудалд залуулахын тулд хаана ч, хэнтэй ч хүзүү, сээрээрээ холбогдож чад­дагийг нь илэрхийлсэн байв.

Тэр ч бүү хэл “Өдрийн сонин”-ы нэгэн нийтлэлд “...Чулуунбатын хувьд бусад дэд сайд нараасаа нэлээд олонд танигдсан. УИХ-ын гишүүн асан. МАН-аас урваж МАХН-д элсэгчдийн нэг. Уг нь тэрээр Сангийн сайдын түлхүүрийг атгах төлөвлөгөөтэй байсан ч МАХН доторх элдэв зөрч­лөөс үүдэн ийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайдад горилж буй азгүй нэгэн.

Уг нь Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан энэ гурав Сангийн сайдаар О.Чулуун­батыгаа ажиллуулахаар тохироод байсан юм шиг байна лээ. МАН-аас гурвуулаа гарсан юм чинь бүгдээрээ албан тушаалд очъё гэж. Гэтэл МАХН-аас УИХ-ын дэд даргаар ажиллах болсон Л.Цог хор хутгаж гүйсээр энэ төлөвлөгөөг нь нураасан гэдэг. Ингэхдээ Л.Цог сүүлд Сангийн сайдаар ажиллах , болсон Ч.Улааны “толгойг угаасан”сураг байдаг...” гэхчилэн бичжээ.

Түүний энэ зэргийн үйлдэл ямар улстөрч бо­лохыг нь таниулахын зэрэгцээ тойргийн сон­гогч­доо үл хүндэтгэж, тоохоо байсныг нь орон нутгийн хэвлэлийнхэн ч онцлоод байгаа.

Тодруулбал Erdenetnews.mn сайтад “Л.Цогийг Төрийн ордонд залсандаа Эрдэнэтийнхэн амаа барихад багадаж байгаа... ...Дэд дарга төвийн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Эрдэнэтэд шан­таажны сэтгүүл зүй хөгж­сөн юм байна лээ. Нэг сэтгүүлч надаас арван сая төгрөг нэхсэн” гэж ярьсанд Эрдэнэтийн сэтгүүлчид түү­нийг их буугаар буудахаас наагуур бухимдаж, “тооцоо бодохоор хүлээж байгаа”.

Тиймээс хэвлэлийнхнээс айх нь аргагүй. Экс Ерөн­хийлөгч Н.Энхбаяраас өөр урдаа барих туг, гар­таа барьсан цаас ч үгүй ирэхэд нь Эрдэнэтийн сэт­гүүл­чид харин ч сэтгэл гарган, сон­гуулийнх нь сур­тал­чилгааг хоёргүй сэтгэлээр хийж өгснөөр өнөөдөр Л.Цог зөөлөн сэнтийд заларсан. “Мөнгө нэхсэн сэтгүүлчээ нэрээр нь хэл” гэж эрхэм дэд даргыг “шахаанд” оруу­­лах хэвлэлийнхэний болоод УИХ-д сонгосон сонгогч­дынхоо сэтгэлийн өрийг хэзээ цайруулах юм бол, Логийн Цог.” гэжээ.
Энэ бүгд Логийн Цог гэж улстөрчийн “хогийн” бас “хөгийн” араншингийн тухай өгүүлсэн олон олон мэдээллийн ердөө зах зух нь.

Өөрөөр хэлбэл, энэ эрхмийн бууж морддог, дайрч өнгөрдөг улстөрийн олон буудлынх нь тухай, хамтарсандаа хаяа муутайг нь батлах сэжүүр төдийхөн гэдгийг МАХН-д түүнтэй мөр зэрэгцэн зүтгэж буй нөхөд нь ч өгүүлэх юм билээ.

Тэгэхээр Л.Цог гишүүн удахгүй улстөрийн өөр сонголт хийж магадгүй гэ­сэн хов хаднаас ойсон цуу­рай төдийхөн биш байх ч магадлалтай бололтой.

Эх сурвалж: