sonin.mn

СИДНЕЙ. /TheSydneyMorningHerald/. Монголын Засгийн газартай харилцаагаа сайжруулах хүсэлтэй, зээл авах эцсийн хугацаа дууссан боловч “Rio Tinto” “Оюутолгой”-н далд уурхайн ажлыг цааш үргэлжлэх магадлал тун бага байна.

Анх тогтсон хугацаа гуравдугаар сарын 31-нд дууссаны дараа ихэнх зээлдүүлэгч 5,4 тэрбум долларын санхүүжилт хийх эцсийн хугацаагаа есдүгээр сарын 30 хүртэл дахин сунгасан билээ.

Монгол болон “Rio Tinto”-гийн салбар компани хоорондын олон маргаанаас, тухайлбал, төслийн барилгын ажлын зардал болон татварын маргаанаас болж их  хэмжээний зэс, алтны нөөц бүхий далд уурхайн ажил нэг жил гаруй хугацаагаар хойшлоод байна.

Гэхдээ Монгол “Rio Tinto”-гоос төлөх татварыг багасгахаар амласан болон уурхайн техник-эдийн засгийн шинэ судалгааг гаргасан зэрэг сүүлийн долоо хоногт хоёр талын хооронд сэтгэл хөдлөм үйл явдал болсон билээ.

Монголын албаны хүмүүс сүүлийн үед итгэлтэй тайлбар тусгайлан хийж байна. Уул уурхайн яамны ахлах мэргэжилтэн Ч.Отгочулуу тогтоол гарахад хэдхэн өдөр үлдлээ гэж амралтын өдрүүдэд мэдэгджээ.

Гэвч тэд эцсийн хугацаа дуусахаас өмнө буюу есдүгээр сарын 30-ны дотор амжиж асуудлыг бүрэн шийдвэрлэхээр төлөвлөөгүй болохыг олон зээлдүүлэгч мэдсэн ажээ.
Сүүлд хоёр талын харилцаа сайжирч байгаатай холбогдуулан санхүүжилт хийх  олон улсын 15банкны зарим нь санхүүжилт хийх хугацаагаа дахин сунгахаа мэдэгдэв.
2014 онд багтаж асуудал шийдэгдэж магадгүй нь гэж зээлдүүлэгчид мэдээлжээ.

Санхүүжилт хийх банкуудын нэг болох Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хугацаагаа аль хэдийн 12 дугаар сарын 31 хүртэл сунгасан байна.
“Rio Tinto”-ын гүйцэтгэх захирал Сэм Уолш компанийнхаа Монголтой хийж буй харилцааг удаан хугацааны гэрлэлттэй зүйрлэн, хөгжиж буй оронтой харилцаатай байх нь зөв болохыг бататгахын тулд богино хугацааны санхүүжилтын хугацаанд ач холбогдол өгөхгүй болохоо мэдэгджээ.

“Бид ажлаа хугацаанд нь гүйцэтгэх гэж яарахгүй байна” гэж тэрбээр гуравдугаар сард мэдэгдэж байсан билээ. Хэрвээ “Rio Tinto” есдүгээр сарын 30-аас өмнө бүх асуудлаа шийдвэрлэвэл “Rio Tinto”-гийн” охин “Turquoise Hill Resources” компанид томоохон ялалт болох юм.

“Rio Tinto” болон Монголын харилцаа сайжирснаар “Turquoise Hill”-ын хувьцаа сүүлийн долоо хоногт эрс өссөн билээ. “Turquoise”-ийн хувьцаа есдүгээр сарын эхээр 3,57 канад доллар  /3,67 ам.доллар/ байснаа энэ сарын 15-нд 4,42 канад доллар болж өсчээ. Өнгөрсөн долоо хоногт 4 канад доллар болж буурснаа бямба гарагийн өглөө 4,26 доллар болон өссөн.

Төмрийн хүдрийн ханшид илүү мэдрэмтгий “Rio Tinto”-гийн хувьцаа өнгөрсөн хоёр сард эрс унасан юм. Харин хувьцааны ханш нь  90 центээр унаж, 59,21 доллар болсон нь зургадугаар сараас хойших “Rio Tinto”-гийн хувьцааны хамгийн бага үнэ болсон байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг