sonin.mn


Дуучин Т.Аминатай уулзаж ярилцлаа.


-Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэндийг хүргэе?

-Баярлалаа. Ган замчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе.

-Амина тун завгүй хүн бололтой, олж уулзах гэж нэлээд юм боллоо шүү. Үргэлж ийм завгүй байдаг уу?

-Ер нь, сурахын хажуугаар ажилладаг болохоор миний цагийн хуваарь иймэрхүү л байдаг. Одоо бол сургуулиа төгсөх гээд нэлээд ачаалалтай байна. Хажуугаар нь, бас энд тэндхийн арга хэмжээнд оролцоно. Зав тун бага шүү.

-СУИС-ийг төгсөж байгаа байхаа?

-Тиймээ, СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн эстрад дуулаачийн ангийн төгсөх курсийн оюутан. Дээр нь, би чинь Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудалд тав дахь жилдээ ажиллаж байгаа бас төмөр замчин хүн шүү дээ. Энэ оны хувьд шинэ жилээр нэлээд ачаалалтай байсан. Үргэлжлүүлээд он гараад дипломын ажилдаа орсон. Ямартай ч дипломоо амжилттай хамгаалаад хамгийн өндөр үнэлгээг авч нэгд жагссан.

Гуравдугаар сард үйлдвэрлэлийн дадлагаа Улсын филармоний "Баян Монгол" чуулгад хийлээ. "Баян Монгол" чуулгын хөгжимчидтэй хамтраад ангиараа уран бүтээлийн тоглолт хийлээ. Тавдугаар сарын 11-нд улсын шалгалтаа өгнө. Энд мэргэжлийн зургаан дуугаар шалгалт өгнө. Шалгалтдаа бэлдээд байна. Хажуугаар нь хөдөө гадаа явахаас өгсүүлээд ажил мунддаггүй ээ. Би вокзалд лавлан мэдээлэгчээр ажилладаг. Энэ маань бас хариуцлагатай ажил учраас он гараад ээлжийн амралтаа, үргэлжүүлээд чөлөө авчихсан байгаа.

-Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноос манай уншигчдад сонирхуулаач?

-Энэ ондоо багтааж цомгоо гаргах гээд ажилдаа орчихсон байгаа. Эхнээсээ уран бүтээлүүд маань гарч байна. Цомгийнхоо ажил дээр мэргэжлийн уран бүтээлчид, яруу найрагчид, хөгжмийн зохиолчидтай хамтарч ажиллаж байгаа. Хамгийн сүүлд "Би чамд хайртай" гэж дуу гаргасан. Одоо клипний зураг авалтдаа ороод явж байна.

-Багаасаа дуулдаг байсны хувьд мэдээж дуучин болох таны гол зорилго байсан байх. Яагаад замд нь төмөр замчин болчихов оо?

-(Инээгээд) Ерөнхийдөө гэр бүл нөлөөлсөн. Миний өвөө Гомбодорж гэж насаараа төмөр замд ажилласан "Хүндэт төмөр замчин" хүн байсан. Аав минь залуудаа төмөр замд ажиллаж байсан. Хоёрдугаарт, манай Зорчигч үйлчилгээний төв буудалд "Жигүүр" гээд амьд хөгжмийн хамтлаг байдгийг төмөр замчид маань мэдэх байх.. Энэ хамтлагтай бас нэгэн учрал тохиолоор хамтарч уран бүтээл хийх болсон. Олон түмний зүрх сэтгэлд шингэсэн хит дуунуудыг дуулдаг юм. Энэ хамтлагийн гоцлол дуучин нь. Тэгээд л төмөр замчин болсон доо.

-Та одоо мэргэжлийн дуучин болж байна. Тэгэхээр уран бүтээлийн замаа хөөгөөд явчих нь ээ гэж ойлголоо?

-Тиймээ. Мэдээж, тэгэлгүй яахав. Энэ миний сонгосон мэргэжил. Гэхдээ хүмүүс намайг төмөр замчин гэдгийг мэддэг л дээ. Ажлаа хийгээд сууж байхад "Хүүе Амина сууж байна ш дээ", "Нөгөө дуулдаг охин сууж байна ш дээ" гэж гайхдаг хүн цөөнгүй таарна. Ер нь, хүнд ажил алба, хариуцлага, нийгмийн оролцоо гэж зүйл бий. Би дөнгөж аравдугаар ангиа төгсөөд оюутан болсон жилээсээ ажиллаж эхэлсэн. Төмөр замын байгууллага маш хариуцлагатай, хагас цэрэгжилттэй, хувь хүнээс өндөр хариуцлага, сахилга, дэг журам шаарддаг ажил шүү дээ. Цаг барихаас өгсүүлээд, багаар ажиллах, ажлын ачааллыг даах чадвар, тэвчээр хатуужил шаарддаг.

Энэ бүхэн эргээд миний сурч, хөдөлмөрлөх, ачаалал даах чадварт бас их нөлөөлсөн гэж боддог. Жишээ нь, би өглөө таван цагт ажилдаа явна. 5.30 гэхэд ажил дээрээ ирчихсэн байна. Өдөр 14.00 цагт тараад хичээлдээ явна. Хичээлээ тараад орой хоёр гурван газар амьд хөгжимтэй дуулна. Дөрөв таван жил л ийм цагийн хуваарьтай явж ирсэн. Зуны амралт болоод оюутнууд орон нутаг руугаа яваад амардаг бол миний хувьд ажлаа хийж л байдаг.

Ээлжийн амралтаа аваад одоо л нэг амаръя гэхээр хичээл эхлэх жишээтэй. Амралтын үе, чөлөөт цаг маш хомс. Гэхдээ миний хувьд цагаа зав зохицуулж, ажлаа хуваарилж сурсан даа. Дээрээс нь, хөдөлмөрийн, мөнгөний үнэ цэнийг мэдэж авсан. Ер нь, хөдөлмөрлөснөөр хүн хүмүүждэг, төлөвшдөг юм болов уу гэж боддог. Төмөр зам маш том айл. Энэ том айлын нэг гишүүн нь болоод явж байгаадаа их бахархдаг.

- "Universe best songs" тэмцээнд оролцсон нь таныг бас олон түмэнд нээсэн байх гэж боддог?

-Би хүүхэд байхаасаа дуулсан. Хоёрдугаар ангиасаа аравдугаар анги төгстөлөө дуулсан. Энэ долоон жилийн хугацаанд би 21 аймаг, 120 гаруй сумаар явж бие даасан уран бүтээлийн тоглолт хийсэн. Хүүхэд байхдаа дуулж байсан гэдэг утгаараа хүмүүс ер нь гадарлана. Яг оюутан болоод хажуугаар нь ажиллана гэхээр бие даасан уран бүтээл хийхэд цаг зав хомс байсан. Бэлтгэл курсдээ орос дуу дуулаачдын улсын уралдаанд оролцож, түрүүлж байсан юм. Нэгдүгээр курсийн оюутан байхдаа "Universe best songs" уралдаанд оролцсон. Энэ тэмцээнд ангийнхантайгаа сэтгэлийн хөөрлөөр гэх үү дээ, оролцсон нь бас сайхан дурсамжтай. Ер нь уралдаан тэмцээн гэдэг аливаа хүнийг хөгжүүлдэг, өөрийгөө олж авах, өөртөө тавих шаардлага ендөрсөхөд их нөлөөлдөг шиг санагддаг.

-Уран бүтээлч хүний хувьд гоо сайхандаа хэр анхаардаг вэ?

-Хамгийн гол нь хүн эрүүл байх ёстой. Би эрүүл мэндийг л их чухалчилдаг. Түүний дараа ажил хөдөлмөр, гоо сайхны асуудал орох байх. Би эрүүл байх нь өөрөө гоо сайхан гэж ойлгодог. Төгөлдөржихийн хувьд хүн гоо сайхандаа цаг гаргах хэрэгтэй. Миний хувьд яг тогтмол гоо сайханд ороод, үсээ янзлуулаад, нүүрэндээ маск тавиулаад байдаггүй. Залуу хүний хувьд гэрийн нөхцөлд сүүгээр угаах, айргаар шавших, мөсөөр арчих гээд арьсаа арчлах энгийн арга хэрэглэдэг. Нэг их оо энгэсэг түрхээд байдаггүй л дээ. Одоохондоо бол болж байгаа. Нас насанд тавигдах шаардлага байна ш дээ. Тэр үедээ бол өөр хэрэг. Яахав шаардлагатай үед мэргэжлийнхэнтэй хамтарч ажиллалгүй яахав. Тэрнээс өдөр тутамдаа бол нэг их будаад байдаггүй. Нүдээ л буддаг. Ер нь би чинь натур хүн шүү дээ.

-Чөлөөт цаг хобби гэвэл?

-Хобби гэвэл хөгжим сонсоно, дуулна, бүжиглэнэ. Бас ном унших дуртай. Хэдийгээр надад чөлөөт цаг бага байдаг ч өөрт хэрэгтэй гэсэн зүйлдээ цаг гаргахыг хичээдэг. Бүжгийн тал дээр өөрийгөө хөгжүүлэх ч гэдэг юм уу. Хааяа зааланд очиж гүйнэ, хөлсөө гаргана. Хүнд хөдөлгөөн хэрэгтэй. Турах жингээ барих гэдэг утгаараа биш. Ер нь, туранхай байна гэдэг сайхан гэсэн ойлголт биш шүү дээ. Эрүүл байхын тулд хөдөлгөөн хэрэгтэй гэдэг утгаараа зааланд очдог. Би ер нь таргалалтаас айдаггүй. Дэглэм ч барьдаггүй. Өөрийнхөө хүссэн хоолыг, дуртай амттанаа хүссэн үедээ иддэг. Хамгийн гол нь хөдөлгөөнтэй байж чаддаг болохоор энэ тал дээр санаа зовохгүй.

-Танай гэр бүлд өөрөөс чинь өөр урлагийн хүн бий юу?

-Байхгүй. Өвөө маань залуудаа дуулж хуурддаг, сайн дурын уран сайханч байсан гэдэг. Ээж ч бас хүүхэд байхдаа дуулдаг байсан гэсэн. Манайхан намайг дуучин болно гэхэд эхлээд дэмждэггүй байсан ш дээ. Хүүхэд дуулж л байдаг. Тэгээд больчихдог юмаа гэдэг байсан. Би ч гэсэн хүүхэд байхдаа эмч болно гэдэг байсан шүү. Тэгээд дуучин болохоор мэргэжлийн сургуулийн оюутан болоход цагийн аясаар гэх үү дээ хүлээн зөвшөөрсөн. Ээжид ч хүмүүс хүүхдээ дэмжих хэрэгтэй гэдэг байсан юм шиг. Хаа очиж, хаана ч хэзээ ч миний талд бат зогсож чаддаг гэр бүлтэйдээ бахархдаг. Энэ дашрамд ямар ч үед намайг дэмждэг та нартаа хайртай шүү гэж хэлье.

-Төмөр замчин хүний хувьд төмөр замын сэдвээр уран бүтээл хийх бодол бий юу?

-Тэгэлгүй яахав. Бидний зүрх сэтгэл нэгэнт холбогдсон. Төмөр замчид нэгэн гэр бүл, нэгэн хамт олон, нэгэн цул гэж ойлгодог. Энэ айлын нэгэн хүүхэд учраас төмөр замаа, ган замаа магтан дуулсан уран бүтээл хийе гэсэн төлөвлөгөөтэй. Хийгээд эхэлчихсэн байгаа. Удахгүй ард түмэн, үзэгч олонд хүрэх байхаа. Хаа очиж манай төмөр замынхан, вокзалын хамт олон, "Жигүүр" хамтлагийнхан маань, манай А.Ганбаатар даргаас өгсүүлээд маш их дэмждэг, ойлгодог шүү. Манай төмөр замчид ер нь, урлагт их элэгтэй, авьяастай хүмүүс.

Б.Гүнжинлхам
Эх сурвалж: "Ган зам"