sonin.mn

МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Монголын Зүүний хүчний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатар

Олимпийн төгөлийг Улаанбаатар хотын цэцэрлэгт хүрээлэнд нээлээ гэдэг мэдээг уншаад урам баахан хугарав. 2012 оны 5 дугаар сарын 12-нд Богдхан уулын ДЦГ-ын Яармаг дахь Энхтайваны аманд Олимпийн төгөлийг Монгол Улсын Ерөнхий сайдыг байлцуулж ирээд л нээж өгч байв.

Бараг хүн бүр газар авчих гэж эрэл сурал болоод байдаг бүсэд уг төслийг эхлүүлэхдээ түүнийг цааш нь олимпийнхан маань аваад явчих болов уу гэж найдаж байв. Гэтэл дахиад л яг тийм нэртэйгээр бас нэг төгөл өөр газар нээж байх юм.

Олимпийнхан маань улстөржив үү, ой санамжаа гээв үү? Эсвэл мэдээлэл бага зэрэг ташаарав уу? Төрд бол ой санамж, залгамж чанар алдагдсанд гайхахаа больсон. Төрд өс хонзон, эд хөрөнгийн шунал, эрх мэдлийн төлөөх улайрсан тэмцэл л зонхилж байх шиг байна. Харин нийгэм маань, түүн дотроо олимпийнхан маань ийм доройтлоос хол л байгаасай.

Ийм маягаар нэгэнт зохиосон "дугуйг" дахин сэдэх гээд байдаг хандлага улс орон даяар газар авбал хөгжихгүй, цаг л алдана. Өмнөхийгөө үгүйсгэж үгүйсгэж дараа нь яг тэр үгүйсгэсэн зүйлээ дахиад шинээр эхэлдэг нь манай нийгмийн хөгжлийг хий л эргүүлэхээс өөр тусыг авчрахгүй.

Уг нь хүн төрөлхөтний ууган дархан цаазат газар болох, Богд гэгээнтний дурсгал, шидийг мөнхөлсөн ууланд тамирчдынхаа аз хийморь, амжилт ялалтыг даатгаж төгөл байгуулах үүдийг нээсэн юм. Ийм ариун дагшин газрыг голсон мэт орхиж, нийслэл дэх цэцэрлэгт хүрээлэнг орлуулан сонгох ч гэж. Нийслэлийн тэр цэцэрлэг тамирчдын анхаарлаар дутаагүй.

Харин 90-эд оны хямрал, түүнийг дагасан амьдралын төлөөх тэмцэл, сувдаг шунал хоёрын хосолсон түрлэгт (олны нүдэнд ил хирнээ) хайр найргүй өртөж устсан ойг буцаан сэргээж ойжуулна гэдэг бол олон талын ач холбогдолтой нийгмийн хариуцлагатай алхам байсан юм. Тэр аманд ой байсан, тиймээс энэ амыг нүд хальтрам хожуулууд л ёрдойсон чимээгүй ам болсон хэвээр нь орхиж болохгүй. Энд ой нь буцаад сэргэх ёстой юм.

Ийм тэнгэрийн гэлтэй сайн үйлийн захиалга байхад үүнийг харахыг хүсэхгүй өнгөрч буй нь юутай харалган. Уг ойг сэргээснээр амьд байгалийг хайрлавал сэргээж болдгийг олон түмэнд тамирчид маань үлгэрлэн харуулахын зэрэгцээ ийм балмад үйлдэл дахин давтагдах ёсгүйг сургамж болгон үлдээх бололцоотой юм. Медальтай тамирчдын тарьсан модны өмнө дурсгалын пайз хатгаж, тэдгээрийн алдарыг мөнхлөхийг ч бас мартаагүй төсөл байсан юм.

Энэ санаачилгыг гаргахдаа Богд ууланд газар олголтыг зогсоож, чулуун хорооллоор уулын амуудыг нь дүргэхийн оронд унаган төрхийг нь сэргээж, модоор дүүргэх юмсан л гэж хүссэн. Хэрэв байшин хороолол барих зөвшөөрөл өгсөн бол залгамж чанар, ой санамж шал өөрөөр ажиллах байсан байхдаа.

Би тамирчдаа хэзээд дэмжсээр ирсэн. Тэдэндээ зориулж гадна дотноос тусламж эрэлхийлж, тэмцээн болж буй газруудад нь ЭСЯ байгаа бол боломжийн дэмжлэгийг үзүүлэх чиглэлийг өгч, гадаадын виза зөвшөөрлийг мөн ч олон удаа амь албаны завсраар гуйж зохион байгуулах зэргээр тэдгээрийнхээ тусын тулд зүтгэж байв.

Гадаад бодлогын үзэл баримтлалыг баяжуулан найруулахад спортыг ашиглан зарим дипломат бодлого үйл ажиллагааг явуулах үүд хаалгыг нээх санаачилгыг яг өөрөө боловсруулан оруулж байсан.

Ингэснээр ГХЯ өөрийн төсөвт спортыг, олимпийн тамирчдыг дэмжих заалтыг тусгаж байх боломж нээгдсэн юм. Энд тэнд суугаа манай Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд спортынхныг боломжийнхоо хирээр жижиг ч болтугай дэмжсэн байхад буруудахгүй байх бодлогын үндэс суурь нь ийнхүү тавигдсан хэрэг.

Нэгэнт спортыг зохих нөхцөлд гадаад бодлогын хэрэгсэл болгох боломжтой болсон тул олимпийн тамирчдад албан паспорт ч олгон дэмжлэг үзүүлэх асуудлыг ул суурьтай ярих нөхцөл бүрдсэн. Эдгээрийг санаачилж хийхдээ би улс төржиж байгаагүй. Үүгээр сайрхаж "пиардаж" байсангүй. Зүгээр л сэтгэлээсээ зөв, улс оронд ашигтай гэж итгэж байсан учраас хийж байсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч олимпийн тамирчдын цалин хөлс, шагнал урамшууллыг дэмжих санаачилгыг 2012 онд гаргахад нөгөө муу хэлэгддэг МАН-ын засгийн газар л даруй дэмжин зохих шийдвэрийг гаргаж байсан.

Уг саналыг би дэмжихдээ дасгалжуулагчдын гавъяа зүтгэлийг мартаж болохгүй, урамшууллын тогтолцоонд тэдгээрийг дорвитой хамруулвал зохино гэдэг саналыг оруулж байв.

Тэгэхээр олимпийнхан маань Ярмаг дахь төслийг сэтгэлээсээ л дэмжиж байсан гэж итгэдэг. Арай ч ийм юман дээр улстөржөөгүй байлгүй дээ. Зүгээр л мартсан бол БОНХЯ-тайгаа яриасай. Эхэлснийг дуусгах боломж бас бий.