sonin.mn

Улсын драмын эрдмийн театрын найруулагчийн ангид Э.Ёндоншарав хэмээх нэгэн гишүүн элсээд удаагүй байна. Босго өндөртэй төатрт сургуулиа төгсөнгүүтээ элсч бас болоогүй туршлагатай, ур чадвартай найруулагчдын хамтран ажиллаж буй бэсрэг долоон жүжгийн төсөлд Ардын жүжигчин А.Очирбат гуайн зохиолыг тэрбээр найруулан тавихаар болжээ.

Удахгүй тайзнаа тавигдах “Буруугүй буруутан" жүжгийн ангийн даргаар ажиллаж буй түүнтэй уран бүтээл, амьдралынх нь талаар ярилцсанаа хүргэе.

-Драмын театрын туршлагатай найруулагчид танд итгэл хүлээлгэж бэсрэг долоон жүжиг тавих багийнхаа гишүүнээр авчээ. Энэ хүчирхэг багт багтаж ажиллахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Бэрхшээл мэдээж байлгүй яах вэ. Хэдий тийм ч дуртай ажлаа хийж байгаа болохоор бүх зүйл сайхан байна. Бэсрэг долоон жүжгийн төслийг өнгөрсөн хавраас хэрэгжүүлж эхэлсэн.

 

Тэр нь одоо үргэлжилж “Буруугүй буруутан" жүжгийг энэ сарын 24-нд тайзнаа тавихаар болоод байна. Энэ жүжгийн зохиолыг олноо “Итгэл баян”-ы дүрээр сэтгэлд нь хоногшсон Ардын жүжигчин А.Очирбат гуай бичсэн.

А.Очирбат гуай зохиолоо анх Б.Баатар найруулагчид танилцуулсан юм билээ. Ингэж энэ жүжиг бэсрэг долоон жүжгийн нэгээр тодорсон юм. Өмнө нь би Б.Баатар найруулагчийн найруулсан “Дон Кихот” жүжигт ажиллаж байсан. Тэр үед надад “Чамд найруулагч болох тал дээр зааж тусалъя. Миний хэлснийг чи өөртөө тусгаад авч болно. Өөрөө мэд. Чамд нэг жүжиг өгөөд үзнэ ээ” гэсэн.

Ингэж надад аз тохиож Ардын жүжигчин А.Очирбатын зохиол дээр ажиллах боломжтой болсон. Тухайн үөд Б.Баатар найруулагчийг надад дүр сонгож өгөх байх гэж бодож байв. Гэтэл бүх зүйлээ бие дааж хийх даалгавар авсан. Тэр үед л найруулагчийн ажил дүр хуваарилахаас эхэлдгийг мэдсэн дээ.

Дүр хуваарилна гэдэг нь залуу найруулагчийн хувьд амаргүй ажил юм билээ. Тэгээд би хашир загнаж гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, гавьяат жүжигчин Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах зэрэг туршлагатай жүжигчдийг сонгон хамтран ажиллахаар болсон. Одоо бодоход тэр нь ч оносон байна лээ.

-Өмнө нь “Ах аа, эгч ээ” гэж дууддаг байсан жүжигчдээ удирдаж ажиллахад дасахгүй, амаргүй байв уу?

-Эхлээд сандраад барьц алдах үе гарсан. Тэр туршлагатай хүмүүс “Одоо яах уу” гээд асуухад өөрийн эрхгүй сандардаг юм. Гэхдээ театрт “Найруулагч бол найруулагч” гэсэн дүрэм үйлчилдэг. Тиймээс цол зэрэг, насны зөрүү, ажилласан жилийн туршлагаас үл хамааран уран бүтээлчид найруулагчийн заавраар ажилладаг.

-Найруулагч Б.Баатар болон Драмын театрын уран бүтээлчид найруулагч хүнд байх зан араншин, авьяас байгааг харсан болоод л танд итгэл хүлээлгэсэн гэж бодож байна. Түүнээс биш ямар ч авьяасгүй, мэдрэмжгүй хүнд театрынхан бүтээл даалган өгөхгүй шүү дээ?

-Надад авьяас байгаа үгүйг туршлагатай уран бүтээлч, үзэгчид дүгнэх байх. Би сайн найруулагч болохыг их хүсч байна. Үүний тулд өөрийгөө улам боловсруулахын төлөө хичээх болно.

-‘‘Буруугүй буруутан” жүжгийг тавьсны дараа ямар үнэлгээ авахаас таны дараа дараагийн ажил, уран бүтээл шалтгаалах байх. Ер нь ямар үнэлгээ авна гэж таамаглаж байна вэ?

-Ямар ч гэсэн театрынхаа уран сайхны зөвлөлд жүжгээ шалгуулсан. Магтаалаас гадна зэмлэлийн үг ч сонссон. Ер нь театрын уран сайхны эөвлөлд үзүулсний дараа үзэгчдэд хүргэж болох эсэх нь шийдэгддэг.

Түүнээс биш миний анх удаа жүжиг тавьж байгаа нь тэдэнд огт хамаагүй шүү дээ. Бүтээл ямар үнэ өртгөөр бүтсэн нь ч хамаагүй, театрын бодлогод нийцэхгүй, тааруу бүтээл болсон тохиолдолд шууд хаадаг.

Шулуухан хэлэхэд эөвлөлийн үеэр намайг бүтээл сайн унших хэрэгтэй, мэдлэг дутуу байна гэсэн шүүмжлэл сонссон. Тиймээс би одоо цаг хугацаатай уралдаж өөрийгөө боловсруулж алхам тутамдаа туршлагатай уран бүтээлчдээсээ суралцаж байна. Үнэндээ яг одоо ном унших шуналтай болчихсон явна даа.

-Цаг хугацаа бол ерөнхий шүүгч. Тийм болохоор хүлээх л хэрэгтэй юм байна?

-Тийм шүү. Магадгүй дараа надтай холбоо барихад би Хэнтий аймагт байгаа аавындаа очоод мянгат малчин болчихсон явахыг ч үгүйсгэхгүй. Тиймээс ирээдүйд юу болохыг мэдэхгүй юм. Гагцхүү цаг хугацаа л бүхнийг харуулах байх.

-Ардын жүжигчин А.Очирбат гуай зохиолоороо дамжуулан үзэгчдэд ямар нэгэн зүйл ойлгуулахыг хүсч байгаа. Харин та тэр зохиолыг амьдруулж байгаа хүний хувьд нийгэмд ямар мессэж өгөхийг зорьж байна вэ?

-“Буруугүй буруутан" зохиолд хүмүүст хандан хэлсэн санаа олон бий. Зохиолч тухайн бүтээлийг өөрийнхөө өнцгөөс харна. Найруулагч ч өөр нүдээр харна. А.Очирбат гуай 87 настай. Харин би 27 настай.

Тэгээд зарим зүйл дээр бид хоёр санаа зөрнө өө. Тэгээд л “Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй" гэдэг зарчмаар ажиллаж байна. Бүтээлээрээ хүний амьдралыг хүчээр зохиож болдоггүй гэдгийг хүргэхийг зорьсон. Жүжиг үзээд үзэгч бүр оюундаа энэ талаар тунгаах биз ээ,

-Хүн зарим тохиолдолд хайрлаж, хүндэлдэг хүнээсээ эмээгээд байдаг. Танд театрт эмээдэг хүн бий юу?

-Ч.Түвшин, Н.Наранбаатар, Ч.Найдандорж, Б.Баатар гэсэн дөрвөн найруулагчаас эмээгээд байдаг юм, Энэ хүмүүсээр би үнэ төлбөргүй найруулагчийн хичээл заалгаж байна. Бас эднийг хурал хийхэд хүртэл ярьсан зүйлээс нь мэдээлэл, мэдлэг авдаг юм шүү дээ. Ингэж яваадаа би өөрийгөө их хувьтай хүн гэж боддог.

Сургуулиа төгсөөд удаагүй хэрнээ найруулагчаар ажиллах боллоо. Би театрт ажиллахын тулд хоёр удаа шалгалтад унасан. Тэгсэн ч дахин шалгалт өгч тэнцээд одоо ажиллаж байна.

Тэгэхээр хүн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд өөрт байгаа бүх зүйлээ шавхаж, дайчлах хэрэгтэй юм шиг санагддаг. Хэн нь хэлснийг мэдэхгүй "Бурхан чамд хаалгаа түгжсэн бол цонх нь онгорхой байдгийг үргэлж санаж яв" гэдэг үгийг байнга санаж явдаг. Хүнд боломж ирдэггүй. Харин тэр боломжийг өөрийнхөө хүчээр олдгийг санах хэрэгтэй.

-Хэдэн жилийн өмнө драмын театрыг гаднаас нь харж зогссон. Харин өнөөдөр найруулагчаар ажиллаж байгаатай харьцуулахад хязгааргүй мэт мэдрэмж төрүүлж байгаа болов уу?

-Театрт ажиллах хүсэл аль оюутан цагаас эхэлсэн байх. Оюутан байхдаа "Тэнгэрийн хүү” жүжгийн олны хэсэгт гарч, энэ хамт олны уур амьсгал ямар байдаг, тайзны ард олон хүн уран бүтээлээ хүргэхийн төлөө хэрхэн ажилладгийг мэдэрсэн. Мэдээж мэдрэмжийн хувьд яриад ч хэрэггүй байх. /инээв/

-Театрын найруулагч болоод мэдэрсэн хамгийн сайхан зүйлээ нэрлэвэл?

-Хэрвээ театрт ажиллаагүйсэн бол энэ сайхан уран бүтээлчидтэй хамтран ажиллаж чадахгүй байлаа. Магадгүй тэс ондоо зүйл хийгээд явах байсан болов уу. Оюутан байхдаа зах дээр чингэлэг түрээсэлж үзсэн. Тэр үед би “Хэрвээ би сайн сурахгүй бол яг ингэж амьдрах юм байна" гэж өөртөө хэлсэн.

Гэхдээ тэгж амьдардаг хүмүүсийг муулж байгаа юм биш. Хамгийн гол нь мэргэжлээ сайн эзэмшээд оюун ухаанаа ажиллуулбал илүү сайхан, сэтгэл хангалуун амьдрах боломж байгааг ойлгосон. Тэр болгоноос урлаг бол миний амьдрал гэдгийг ухаарсан юм.

-Та оюутан байхдаа тавьсан зорилгодоо хүрч драмын театрт найруулагчаар ажилладаг боллоо. Одоо ямар зорилго тавиад ажиллаж байна даа?

-Би ОХУ-д мэргэжлээрээ сурах зорилго тавиад ажиллаж байна. 2012 онд ОХУ-д сурахаар хөөцөлдөөд чадаагүй. Өнгөрсөн жил сургуулийн бүртгэлээсээ хоцорчихсон. Тиймээс ирэх гуравдугаар сард ОХУ-д сурах шалгалт өгнө дөө.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: