sonin.mn

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа хойш байгаль дэлхийгээ танин мэдэхийг эрмэлзэж, түүний баялгийг амьдрал ахуйдаа ашигласаар ирсэн байна. Геологичид чухамдаа хүн төрөлхтний энэ л хүсэл, хэрэгцээг биелүүлэхээр ажилладаг.

Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжөөд 75 жилийг үджээ. Энэхүү мэргэжпийн онцлогийн талаар удам дамжсан геологич, Уул уурхай, эрчим хүчний яамны Геологийн бодлогын хэлтсийн дарга Б.Баатарцогттой ярилцлаа.

-Ярилцлагаа таны геологичийн мэргэжлийг сонгосон түүхээс эхэлье. Хэзээ, хаана энэ мэргэжлийг эзэмшсэн бэ?

-Би 1992 онд дунд сургуулиа төгсөөд аавынхаа зөвлөснөөр Монгол Улсын их сургуулийн геологийн ангид элссэн. Сургуулиа төгсөөд Германд мэргэжил дээшлүүлсэн.

-Та нийгмийн шилжилтийн үед дунд сургуулиа төгсчээ. Геологич бол хувь хүнээс асар их тэвчээр хатуужил шаардсан мэргэжил шүү дээ. Ер нь өөр мэргэжил сонгож болох байсан уу?

-Аав минь геологич хүн учраас миний бага нас геологийн экспидецтэй хамт өнгөрсөн. Би гурван настайгаасаа аавыгаа дагаад хайгуулын ажилд явахдаа энэ мэргэжилд дурласан болохоор өөр мэргэжил сонгохгүй байсан.

-Анх геологич болж байсан үеийнхээ салбарын хөгжлийг өнөөдрийн хөгжилтэй харьцуулбал хэр зөрүү гарах бол?

-Намайг геологич болж байсан тэр үед техник, холбоо харилцаа одоо үе шиг хөгжөөгүй байсан. Өнөөдөр технологийн хөгжлийг дагаад геологийн салбарт олон шинэ техник нэвтэрлээ. Тухайлбал, олон өдрөөр өрөмддөг байсан газрыг хэдхэн цагийн дотор өрөмдцөг болсон байна.

-Геологич хэмээх хүнд хүчир,басхүү оюунлаг мэргэжлийг эзэмшиж буй хүн ямар чадвартай байх хэрэгтэй юм бол?

-Геологи бол байгалийн шинж-лэх ухаан. Энэ утгаараа геологич хүнээс танцн мэдэхүйн мэдлэг шаарддаг. Ялангуяа түүх, археологи, сансар, биологи, шашин гээд шинжлэх ухааны бүхий чиглэлийн өргөн мэдлэгтэй байдаг даа.

-Монголын геологичдын бусад орны мэргэжил нэгтнүүдээсээ ялгарах онцлогийг тодорхойлооч. Ер нь олон улсад манай мэргэжилтнүүд хэрхэн үнэлэгддэг юм бол?

-Монгол Улс бол газар зүйн болон геологийн холимог тогтоцтой. Энэ онцлогоо дагаад манай геологичид хээрийн хайгуул судалгаанд мэргэшсэн байдаг.

Манай геологичдыг сүүлийн жилүүдэд гадаадын компаниуд сонирхон урьж ажиллуулах нь ихэссэн. Ялангуяа Оюу-Толгойн хайгуул судалгаан дээр ажилласан геологичдыг Индонези зэрэг орнууд урьж байна.

-Та ер нь хэзээ өөрийгөө “Геологич боллоо” гэж бодсон бэ?

-Нуулгүй хэлэхэд би өөрийгөө одоо ч геологич болсон гэж боддоггүй. Би энэ том танин мэдэхүйн салбарын өчүүхэн хэсэгт нь л явж байна. Манайх танин мэдэхүйн салбар учраас одоо ч бидэнд ил болоогүй байгалийн эрдэс чулуулгууд байгааг үгүйсгэх аргагүй.

-Судлаач хүнд мэргэжлийн өвчин гэж айхавтар зүйл бий. Археологичид хэдийгээр зураг харсан ч нүдээр үзэж, гараар барихгүй л бол нойр нь хүрдэггүй түүхийн дурсгал байдаг. Танд тийм газар бий юу?

-Байлгүй яах вэ. Би далайн гүний хайгуулын ажилтай танилцахыг хүсдэг. Өнөөдөр Япон, Өмнөд Солонгос, Австрали зэрэг орон далайн геологийн салбарт тэргүүлж байна.

Олон жилийн өмнө нууцлаг ертөнц байсан далайн гүнээс газрын тос, өнгөт металл олборлож байна. Тэр ч байтугай далайн уснаас эрдэс гарган авч байна. Мэргэжлийн хүний хувьд газар дээр нь очиж харах юмсан гэсэн бодол төрдөг.

-Геологичид гадаад төрх, яриа, сонирхол, үзэл бодлоороо ялгарсан нэг л этгээд сониучхан хүмүүс шиг санагддаг. Та ингэхэд ер нь юу сонирхдог вэ?

-Магадгүй бусдаас өөр үзэл бодол маань бидний мэргэжилтэй холбоотой байх. Мэргэжил хүнийг төлөвшүүлдэг гэдэг. Геологич хүн ажлаа хийгээд өдөрт олон километр алхдаг. Ингэж алхахдаа бид эх орон, байгаль дэлхийдээ илүү хайртай болдог.

Газраас ганц чулууг оонирхон, долоож хүртэл үздэг. Долооно гэдэг чулууг цэвэрлэж байгаа хэрэг. Миний сонирхол бол байгаль дэлхий юунаас тогтсоныг мэдэх гэсэн хязгааргүй хүсэл.

Тийм ч учраас Монголдоо гэлтгүй дэлхийн улс орноор аялахыг зорьж байгаль дэлхийн нууцтай танилцахыг зорьдог. Японд ажлаар явахдаа галт уулын дэлбэрэх үйл явцыг хараад сэтгэл хөдөлж билээ. Ер нь галт уулын дэлбэрэлт бол геологийн нэгэн үзэгдэл.

-Аялах дуртай гэлээ. Танд Монгол Улсынхаа хүрээгүй аймаг, очоогүй сум гэж байхгүй л биз дээ?

-Мэргэжлийнхээ буянаар би Монгол орныхоо бүх аймаг, сумын нутгаар явсандаа. Ингэж явахдаа эх орноо бүр ч их хайрлах болсон. Ер нь геологичид эх орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатнууд байдаг.

Хилийн дээсэнд орших ганцхан чулууны зураглалыг гаргаж Монгол Улсын хил энэ тэмдэгтэд бий гэдгийг геологич баримтжуулдаг юм. Эх орныхоо хилийн шугамыг баталгаажуулсан олон геологичийн хөдөлмөр архив болон үлдсэн.

-Халуун хүйтэнд халшралгүй мэргэжлийнхээ эзэн болно гэдэг бахархмаар. Танд хааяа ч гэсэн мэргэжлээсээ шантрах үе гарсан уу?

-Сургуулиа төгссөн ‘‘будаг с нь ханхалсан" геологич байхдаа шантрахыг мэдэхгүй ажилладаг байсан. Тэр үед найман долоо хоног хээрийн судалгаанд явж ирээд хоёр долоо хоног амардаг ажпын хуваарьтай байв. Энэ үед гэр бүлд маань хэцүү байсан байх даа.

Гэхдээ судлаач, хайгуулч хүний “арын фронт” сайн байхад халшрах зүйл гарахгүй дээ. Ер нь манай мэргэжил ажлын хүнд нөхцөлд багтдаг. Өвөл ч хамаагүй цасан дээр майхнаа бариад л ажлаа хийнэ. Говьд бол бүр их хатуужил шаардана. Төөрчихвөл хэцүү дээ. Гол, нуур нүдний гэм учраас усаар гачигдана.

-Уул уурхайн хөгжилд геологийн хайгуул, зураглалын ажил чухал болов уу. Энэ ажлыг хийхэд төрөөс хэрхэн анхаарч байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт геологи хайгуулын салбарт 1:50000 масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг 40 хувьд хүргэж геологийн алба байгуулж, бэхжүүлэх зэргээр хэд хэдэн бодлогын чанартай асуудлыг хэрэгжүүлэхээр болсон. Ер нь 1;50000 машстадтай эрлийн ажил. зураглал хийнэ гэдэг нь зөвхөн гадаргуугаас хэдэн чулуу дээжилж үзэх биш.

Ерөнхий эрлийг давхар хийдэг. Тухайн талбайд байгаа ашигт малтмалыг судалж үнэлгээ өгч хэтийн төлөвтэй, тодорхой илрэл байх магадлалтай тохиолдолд өрөм тавьж, геофизик, геохимийн судалгаа бүгдийг нь хамруулна.

Өнөөдөр ийм төрлийн судалгааны ажил Монгол орны нийт газар нутгийн 30 орчим хувь нь бүрхэгдсэн байна. 200 мянганы масштабтай зураглал бол тойм зураг гэж ойлгож болно.

-Жирийн иргэд уран, нүүрс, алт, зэс зэрэг тодорхой хэмжээний орд газрын мэдлэгтэй. Та мэргэжлийн хүний хувьд Монголын геологийн судалгааны талаар яриач?

-Монгол Улсын нутаг дэвсгэрийн геологийн судалгаа 60, 70, 80-аад онуудад оргил үедээ байсан. Энэ үед дэлхийн зах зээл дээр эрэлт хэрэгцээтэй байгаа алт, зэс, нүүрс, уран гэх мэт ашигт малтмалуудын ордуудыг нээн илрүүлж байсан.

Одоо бол нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарч байгаа судалгааны төвшнийг сайжруулах, гол чухал ашигт малтмал гэдэг чиглэлийг баримталж байна. Гэхдээ яг энэ чиглэлийг тодорхойлсон төрийн бодлого саяхныг болтол байгаагүй.

Тийм учраас томоохон хайгуулын ажлуудыг ихэнх ньхувийн хөрөнгөөр хийж ирсэн. Монгол Улсын хувьд нүүрс, төмөр ч юмуу зам тээврийн томоохон дэд    бүтэц шаарддаг байгалийн баялгаас илүүтэй алт, мөнгө гэх мэт үнэт металлуудад түлхүү хөрөнгө оруулалт хийж ирсэн,

-Танай салбарын түүхт 75 жилийн ой тохиож байна. Эдгээр жилд Монголын геологийн салбар хэчнээн хүнээр бүл нэмэв?

-Анх 1939    оны аравдугаар сарын 6-ны өдөр Монголын геоло-гийн албыг байгуулснаас хойш ийнхүү 75 жил өнгөрчээ. Одоо Монголын геологийн салбар 4000 гаруй мэргэжилтэнтэй байна.

Монгол Улсад геологийн салбар үүсч хөгжсөний 75 жилийн ой энэ өдрүүдэд болж байна. Ойг тохиолдуулан геологи, эрдэс баялгийг нээж илрүүлэхэд, үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн геологичдодоо баярын мэнд хүргэе.

-Ярилцсанд баярлалаа.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: