sonin.mn

Солонгосд тэнхэрч “сэнхэрч” аваад тогоогоо самардаг жам тогтов уу. Элбэгдорж ерөнхийлөгч сонгуулийн өмнө тэнд хэрхэж байсныг хэн бүхэн мэднэ. Хэдэн вон цуглуулах шиг болсон, ард түмнээ “хошигруулнаа” гэсэн, тэгсээн.

Энхбаяр ерөнхийлөгч элдвийн зангарагтай. Ууж идсэнээр яллуулсан ч увайгүй ардчиллагчид 2 жилийн дотор урьдах бүх амжилтыг нь эвдсэнийг сайтар мэдүүлэн тунгааж, амь наана там цаана гэх үеээр нь авралын од шиг гарч ирэв. Гарцаагүй байдалд кимчи нөхөд оруулж, эгээтэй улс төрийн орогногч болгох шахсан тул эргэн үзэхээр ирэв үү.

Солонгосын улс төрийн ужирсан бохир найруулгын тоглоомын улс болчихов уу гэж сэжиг төрөхөөс яалтай.

 

Солонгос өөрөө далайн чанадын тоглоом болсоор, бужигнасаар байгаа улс. Эс бөгөөс хойд урд хоёр хэдийнээ нэгдэх байв. Хойд нь аюулт дайсан хэвээр байх нь ах Сэмд ихэд ашигтай тул ардчилал нэрэн дор аливаа сэргэлэн удирдагчдыг худалдаж, хэрэв хулхидах гэвэл ил болгож, нөгөөд нь амиа хорлодог нөр их найрууллагатай улс. Ийнхүү туршлагжсан элдэвтэй нөхдүүд энэ хэдэн удирдагчдыг сэнхрүүлсээр зуу зуун га газрыг зуун жилээр тасдаж ашиглахаар болсон гэдэг.

 

Энхбаяр Алтанхуягийн найрамдал ингэж л уншигдана. Хий таараад дахивал хэдэн зуун га газраа бас алдсан гэх бол, цаад гайхлууд хэдийнээ “тооцоолсон” буй.

 

Алтанхуягийг огцруулна гэдэг ялгаагүй нэгэн найруулгын нөгөө хөшүүрэг болно. Огцордог эсвэл хамтардаг жүжиг хэнд ашигтай юм. Монгол улсын түүхэндээ байгаагүй их төсвийг самарч, өрөнд унагасан сайдууд зүгээр буугаад өгнө. Дараагийн гарч ирэх сайдууд энэ их өрийг төлөх үү. Хэзээ ч үгүй. Бүр илүү ихээр өр тавиад “ард түмний төлөө нэрэн дор ард түмний эсрэг” үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр 2 жилийн дараа арилаад өгнө. Байдал лавтай өөдлөхгүй. Харин ч тэдэнд бултаж зайлах гишигдэл нэмэгдэнэ. Улс орон, ард түмэн л улам улам хохирно.

 

Огцруулснаа шийтгэлээ гэж төөрөлгүй эхэлсэн хэдэн ажлыг нь дуусгуулах, харин ч шахаж өгөх, тэгээд дараа нэг мөр дүгнэж ардчилсан нам, эрх баригчдад хариуцлага тооцох тухай ярих нь ард олонд арай өлзийтэй юм. Огцор гэдэг найруулгын утас, татаас хаанаас яаж ажиллаж байгаа ч харагдаж байна. Тэр болгоныг тоочих цагийн гарз.

 

Албан тушаал булаацалдаж, ахин дахин ууж идэхийг нь харах хэнд хэрэгтэй юм. Ард олонд лавтай хэрэггүй.

Эмч, уулчин Л.Баярсайхан