sonin.mn

Дэлгэцийн шинэ бүтээл нээлтээ хийх болгонд нэгэн хошин үзэгдэл гардаг боллоо. Тэр нь бүр сүүлдээ даамжраад хүүхэд, хөгшдийн доог болсон байна.

Шинээр хийсэн уран бүтээлээ танилцуулахдаа, олны сонорт хүргэдэг сурталчилгаа нь ийнхүү бүтээлийн нэр хүндийг унагах шалтгаан болдгийг уран бүтээлчид тэр бүр мэддэггүй болов уу. Тэр дундаа киноныхоо нээлтийг хийсний дараа түүнийг хүмүүсийн анхааралд өртүүлэх гэж телевизүүдээр олон төрлийн сурталчилгаа цацдаг.

Тэгэхдээ хамгийн болхи гэж хэлж болох үзэгчдийн санал сэтгэгдлийг сонсох арга хэрэглэдэг. Кино үзчихээд “Үхтэлээ инээлээ" гэж хариулах вэ дээ. Бас сэтгэл зүйн драм үзсэн мөртлөө хээв нэг "Инээдээ барьж чадсангүй" гэж хэлж байгааг харахаар яалаа гэж тэр бүтээлийг үзэх сэтгэгдэл төрөх вэ.

Ядаж байхад үзэгчдээс асуулт асууж байгаа хүн дөхүүлээд өгвөл тэд арай өөр зүйл ярих байх. Гэтэл тэднээс уран бүтээлийн талаар асууж байгаа хүн нь ч танилцуулах гээд байгаа бүтээлийнхээ талаар ойлгодоггүй бололтой.

Тэдний энэ ашиглаж байгаа аргыг анх хошин урлагийг продакшнууд бүтээлээ олны анхааралд өртүүлэхийн тулд хэрэглэдэг байсан. Харин одоо тэд сурталчилгаагаа арай өөрөөр хийдэг болжээ. Үзэгчид дүгнэлт хийх ухаантай учраас ямар уран бүтээлийн талаар хэн.юу гэж яриад байгааг сайн мэднэ.

Тиймээс энэ мэт хайхрамжгүй, санаандгүй хийсэн зүйлээс болж шинээр гарч байгаа дэлгэцийн бүтээлийн нэр хүнд унах нэг шалтгаан болоод байна. Сүүлийн хэдэн сард, бараг долоо хоног тутамд дэлгэцийн шинэ бүтээл нээлтээ хийж байгаа болохоор дандаа ашигладаг сурталчилгаанаас залхсан иргэд өөрсдөө энэ талаар хэлэх болов.

Уран бүтээлчид богино хэмжээний дэлгэцийн бүтээл төрж байгааг сайн гэж тайлбарладаг, Тэртээ тэргүй өрсөлдөөнтэй нийгэмд зах зээлийн зарчмаар сайн бүтээл нь тунана хэмээн ярьдаг хүн олон.

Гэтэл Солонгосын савангийн дуурийг давж чадахгүй байгаа тэдгээрээс сайн нь хэзээ ялгарахыг хүлээж суух вэ дээ. Өргөн нэвтрүүлгийн зах зээлд Монголын үндэсний уран бүтээлүүд гадаадын бүтээлд байр сууриа алдсаар байгаа нь ’ саяхны судалгаагаар гарсан.

Нэгэн тоо баримт дурдахад, 23 сувгаар нэвтрүүлсэн 3100 орчим цагийн хөтөлбөрт хийсэн судалгаанаас уран сайхны киноны 29,21 хувь нь монгол, 70,79 хувь нь гадаадын уран бүтээлчдийнх эзэлсэн байна.

Үзэгчид нь гадаад сэтгэлгээнд хэт автаад дотоодын нэвтрүүлгээ тоохгүй байна уу эсвэл тэдний хүссэн нийтлэл нэвтрүүлгийг цацаж чадахгүй байна уу. Мөн Солонгосын олон ангит кино нийт уран сайхны киноны 37,22 хувийг дангаар нь эзэлж байгаа бөгөөд монгол бүтээлээс илүү хувьтай гарсан нь дээрх судалгаагаар илэрсэн байх юм.

Ингэж л бид дэлгэцийн урлагийн дотоод зах зээлээ гадаадынханд алдаж байна. Ингэж хэлэхээр хүмүүс харьяа яамын бодлого, уран бүтээлчдийн ур чадварын талаар ярих байх.

Гэхдээ үнэхээр үзэгчдийн сэтгэлд хоногштол хийсэн уран бүтээл төрөхгүй бол хүмүүс өөр зүйл эрэлхийлэх нь аргагүй биз дээ. Монголын кино урлаг наян жилийн түүхтэй. Наян жилийн хугацаанд үзэгчдийн сэтгэлд хоногшсон, жүжигчдийнх нь хэлсэн зарим зүйрлэл афоризм мэт цээжлэгдсэн бүтээл цөөнгүй.

Бүр дахин давтан үзүүлдэг ч уйддаггүй тийм л чанартай, нийгэм, хүний сэтгэлийн нарийн утсыг хөндсөн бүтээл өнөөдөр хүртэл амь бөх байсаар байна. Одоо ч гэсэн улсын баяр наадам, цагаан сар зэрэг үндэсний баяраар тэдгээр дэлгэцийн бүтээлийг дахин үзүүлдэг ч уйддаггүй билээ.

Үзэгчид өнөөдөр ийм л бүтээлийг үгүйлсээр. Гэтэл тэдний хэрэгцээг хангасан чанартай бүтээл хуруу дарам л байна. Сарын өмнө нээлтээ сүр дуулиантай хийсэн киног санаж байна уу гэж асуувал та хариулж чадах уу. Би л лав санахгүй. Ийм л богино амьтай бүтээлийг өнөөдөр бид үзэж байна шүү дээ.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: