sonin.mn

Гэр хороолол дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороо зэрэг төрийн байгууллагуудын халаалтын 1300 гаруй зуух нийслэлийн агаарын бохирдлын 20 шахам хувийг үүсгэдэг. Уурын зуухуудыг халж, төрийн байгууллагуудыг төвлөрсөн халаалтад холбож эхэлсэн ч энэ ажилд цаг хугацаа, хөрөнгө ихээхэн шаардлагатай юм.

Уурын зуухны утаа, хаягдлыг богино хугацаанд багасгах шийдлийг Монгол-Японы хамтарсан судалгааны баг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны өнөөдрийн хуралдаанаар танилцууллаа.

Азийн орнуудаас агаарын бохирдолтой хамгийн үр дүнтэй тэмцсэн Япон улсын дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэхээр тус багийнхан сүүлийн жил шахмын хугацаанд туршилт судалгаа хийгээд олон циклонт болон нугалаат уутан шүүлтүүр төхөөрөмжийг Монголын нөхцөлд хамгийн тохиромжтой гэж үзжээ. Энэ төхөөрөмж нүүрс түлэхэд ялгаруулах утаа, бохирдлыг шүүж цэвэршүүлэх зориулалттай.

Утааны голомт бүс дэх БЗД-ийн 8-р хороонд байрлах 68 дугаар сургуулийн нам даралтын зууханд энэ оны 8 дугаар сард уутан шүүгч төхөөрөмж суурилуулж, 9 дүгээр сараас хойш хэмжилт хийхэд утаа, тоосонцрыг 99 хувь шүүж байжээ.

Төхөөрөмж бохирдлыг шүүхээс гадна нүүрсний хэрэглээг 17 хувь хэмнэнэ, өвөл зуны аль ч нөхцөлд суурилуулж, ажиллуулж болно, хялбар аюулгүй ажиллагаатай гэж үйлдвэрлэгч компани танилцууллаа.

Төхөөрөмжийг уурын зуухуудад суурилуулахад хүчин чадлаасаа хамаараад 104-178 сая төгрөгийн зардал шаардагдах тул өртгийг бууруулах шаардлагатай гэж Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо үзээд, холбогдох байгууллагуудад нэмэлт судалгаа хийхийг даалгалаа.

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХОРОО