sonin.mn

Хятадын эрх баригчид хилийн чинадад гарсан авлигачдаа “авлаж” эхлээд байгаа билээ. Төрийн албан хаагчдын дунд явуулж байгаа энэхүү кампанит ажилд Австралийн Засгийн газар туслахаа энэ долоо хоногт албан ёсоор мэдэгджээ.

Авлигын эсрэг аяны хүрээнд нам, төрийн байгууллагад өндөр албан тушаал хашдаг, өмнө нь хашиж байсан 50 гаруй хүнийг хуулийн хариуцлагад татаад байна. Энэ нь ард түмнээс эрх баригч Коммунист намд итгэх итгэлийг сэргээх зорилгоор Хятадын Төрийн тэргүүн Си Зиньпиний авч хэрэгжүүлж буй гол ажлын нэг юм.

Статистикаас харвал, 2014 оны эхний хагаст намын удирдах албан тушаал эрхэлдэг 6000 гаруй хүнд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Ард иргэдийн дунд “Барсыг авлах” /томоохон албан тушаалтнууд/, “Ялааг барих” /доод тушаалын түшмэд/ хэмээн нэрлэсэн энэ тэмцлийг өрнүүлснийхээ дараа Хятадын эрх баригчид “Үнэгний ав” хэмээх ээлжит кампанит ажил эхлүүлснээ зарласан , байна.

“Үнэгний ав-2014” гэхээр гэмт хэрэгтнүүд юм уу тагнуулчдын тухай өгүүлдэг Холливудын адал явдалт цуврал шинэ киноны нэртэй төстэй сонсогдож мэднэ. Гэхдээ энэ бол Хятадын нийгмийг хамгаалах байгууллагаас эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдсэн ч гадаад орнуудад амьдардаг иргэдээ баривчлах ажиллагаанд өгсөн нэр аж.

Хятадын хэвлэлүүд өнгөрсөн зургадугаар сарын 22-нд эхэлсэн “Үнэгний ав” нэлээд амжилттай хэрэгжиж байгааг мэдээлдэг. Дээр нь хэд хэдэн нэр цуутай “бар”, тоймгүй олон “ялаа”-г баривчилсан тухай долоо хоног бүр зарладаг байна.

Гэтэл “үнэгний ав”-ын хүрээнд авлигад өртсөн 1-2 албан тушаалтныг Хятадад эргүүлж авчирсан тухай мэдээлэл хааяа нэг гарч, энэ ажлыг эхлүүлснээс хойш гадаадад гарсан 128 түшмэлийг эх орондоо буцаан авчирсан нь тун чамлалттай аж.

Хятадын эрх баригчид цаашид ч гэсэн авлигын эсрэг тэмцлээ улам гүнзгийрүүлэх зорилготой боловч тэдгээр албан тушаалтны зугтах боломжийг үгүй хийх нь их чухал юм. Дээр нь энэ талаарх зохих хууль, эрх зүйн тогтолцоо бий болгохгүй бол болохгүй болжээ.

Тус улсын тер, улс оршин тогтнох хугацаанд авлигатай тэмцэж ирсэн арвин их туршлага хуримтлуулсан боловч зевхөн хатуу аргаар тэмцэж ирсэн нь үр дүн багатай болсон аж. Учир нь хахууль авсан албан тушаалтнууд хөрөнгө, гэр бүлээ гадаадад гаргах юм уу мөнгөө аваад хилийн чинадад оргон зайлдаг болсон.

Энэ нөхцөл байдлыг харгалзан үзвэл Хятад дахь авлигын эсрэг тэмцэл илүү системтэй, хуулийн хүрээнд хэрэгжих шаардлага тулгарсан байна. Тухайлбал, “нарны гэрлийн” бодлого нэртэй үйл ажиллагаа өрнүүлж, албан тушаалтнуудын эд хөрөнгийг бүртгэлд оруулан олон нийтэд нээлттэй болгож болно.

Тэгсэн тохиолдолд шуналтай түшмэл хүртэл авлигад өртөхөөсөө өмнө энэ тухайгаа эргэцүүлж үзнэ. Гэсэн хэдий ч Бээжингийн эрх баригчид албан тушаалтнуудад хөрөнгөө гадаадад гаргах боломжийг нь хааж чадахгүй бол хахууль авсан түшмэл гадаад руу оргон зайлж, Хятадын хуулийн хүрээнээс гарах боломжтой.

Түүнчлэн гэм буруутай этгээд хөнгөн ял аваад өнгөрч байхад хүүхдүүд нь хулгайн мөнгөөр нь барууны орнуудад тансаглаж байгаа жишээ олон байгааг иргэд “нүцгэн түшмэд” хэмээн нэрлэжээ.

Тиймээс “Барсыг авлах”, “Ялааг барих”-тай зэрэгцээд “Үнэгний ав” хийх нэн шаардлагатай аж. Дээр нь гадаадад гарсан түшмэд оготны нүхэнд ч орохоос буцахгүй    зальжин этгээдүүд байдгаас тэднийг барьж шүүхийн өмнө авчрах ажил бэрхшээлтэй тулгарсан.

Үүнтэй холбоотойгоор Хятадын Ардын дээд шүүх, Ардын Дээд прокурорын газар, Нийгмийн аюулгүй байдлын яам болон Гадаад хэргийн яамнаас хамтран гадаадад гарсан эдийн засгийн гэмт хэрэгтнүүдэд хандан энэ оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл өөрсдөө хэргээ хүлээн тухайн орон дахь Элчин сайдын яаманд очихыг уриалахад хүрсэн байна.

Уг уриалгад өгүүлснээр хэргээ хүлээж, эх орондоо ирсэн тохиолдолд тэдэнд оноох ялыг нэлээд хөнгөлөхөөр амласан аж. Гэтэл гэмт хэрэгтнүүд эpx баригчдын зүгээс ялыг нь хөнгөлнө гэх амлалтад итгэн эх орондоо эргэн ирж, хуулийн байгууллагад хэргээ хүлээх магадлал тун бага.

Дээр нь бусад орны хууль эрх зүйн тогтолцоо ихээхэн ялгаатай учир Хятадтай гэмт хэрэгтнүүдийг хүлээлгэн өгөх гэрээ байгуулсан орон тийм олон биш аж. Дээр нь авлигач түшмэдийн амьдрах дуртай барууны орнуудын олонхи нь Хятадтай энэ төрлийн гэрээ байгуулаагүйгээс ихээхэн бэрхшээл дагуулдаг байна.

"Юнхуа" группийг үүсгэн байгуулагч Лай Чаншин хэмээх бизнөсмэний хэрэг үүнийг харуулсан. Тэрбээр бүр 1999 онд хуурамч баримт бүрдүүлэн Хонконгоос Канадад дүрвэн гарч, тансаг амьдардаг болжээ. Үүний дараахан Канадын хуулийн байгууллагууд түүнийг казинод 28 хоног наргисных нь дараа мөнгө угаасан хэрэгт сэжиглэн саатуулсан байна.

Саатуулан шалгах явцад тэрбээр нэг удаа казинод орохдоо доод тал нь гурван сая ам.долларын үнэ бүхий хясаа авдаг байсан нь тогтоогдсон гэдэг. Гэтэл түүнийг Хятадын эрх баригчид эх орондоо авчрах явцад ихээхэн бэрхшээл тулгарч, төр засгийн томоохон албан тушаалтнууд оролцож, ХКН-ын Улс төрийн товчооны хэд хэдэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхэд хүрсэн аж.

Харин одоо Лай Чаншин шоронд сууж, "Канадын эрх баригчид түүнийг худалдсан, Хятадын тал анх канадуудтай тохиролцохдоо түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар удахгүй суллана гэж амласан” хэмээн гомдоллодог байна.

Хятадын Засгийн газраас өмнө нь төрийн албанд ажиллаж байгаад одоо барууны орнуудад амьдардаг 2000 гаруй авлигач түшмэлийн нэр бүхий жагсаалт гаргаж, тухайн орны эрх баригчдад өгсөн. Гэтэл тэдгээр орны эрх бүхий байгууллагууд уг жагсаалтыг огт аваагүй мэт аашилж Бээжингийн эрх баригчдад туслахыг хичээхгүй байна.

Харин уржигдар Австралийн цагдаагийн байгууллагаас авлигач түшмэдийг Хятадын талд хүлээлгэн егех, эд хөрөнгийг нь хураах ажилд хамтран ажиллах болсон тухай мэдээлжээ. Австралийн эрдэс баялгийн салбарт Хятадын хөрөнгө оруулалт их болсноос гадна гол худалдан авагчийнх нь хувьд зорьсондоо амархан хүрлээ гэж дүгнэж болно.

Түүнчлэн Хятадын авлигач түшмэд гол төлөв АНУ, Канад, Австрали гуравт дүрвэдэг аж. Хятадын тал улс төрийн шийдвэр гаргаж, түүнийгээ тууштай хэрэгжүүлбэл хүссэндээ хүрч чаддагийг харуулсан жишээ олон.

Тухайлбал, 2008 онд Бээжинд болсон олимпын өмнө Хятадыг элдвээр муучилж байсан барууны хэвлэл мэдээллийн хэрэгслийн зарим сэтгүүлчийг эх орондоо нэвтрүүлэхээс татгалзсан. Үүний улмаас тэдгээр хэвлэлүүд Хятадыг муучлах ажлаа зогсоож, эрх баригчид нь тэднийг өмгөөлөхөө больсон аж.

Өөр нэг жишээ гэвэл, Бээжингийн эрх баригчид Хятадын иргэнд Нобелийн энхтайваны шагнал олгосон нь тус улсын дотоод хэрэгт оролцсон хэрэг гэж үзсэн түүхтэй. Улмаар Хятадын тал Норвегиин бараа бүтээгдэхүүнд хориг тавьж эхэлснээс тэнгисээс барьсан хулд загас нь борлогдохгүй хуримтлагдаж эхэлсэн аж.

Эцэст нь Норвегийн эрх баригчид тэдэнд буулт хийхэд ч хүрсэн юм. Авлигач түшмэдийг эх орондоо авчрах талаар Хятадын тал дээрхтэй ижил улс төрийн шийдвэр гаргаж, тууштай тэмцэхгүй байгаагаас үзэхэд энэ ажлыг тэгтлээ чухалчлахгүй байгаа мэт.

Учир нь Си Зиньпин Коммунист нам оршин тогтноход авлига аюул учруулж байгааг хэлж уг тэмцлийг өрнүүлсэн юм. Гэвч энэ тэмцэл хэт их эрчтэй өрнөвөл Коммунист намыг үгүй хийх аюултайг өмнөх удирдагчид нь түүнд сануулсан.

Д.Мөнхболд

Эх сурвалж: