sonin.mn

Эрдэнийн Бат-үүл. Өнөөх С.Зоригийг арван хэд хутгалуулан алагдчихаад байсан шөнө түүний орон доороос малгай нь гараад шалгагдаж байсан Бат-Үүл шүү дээ. Аллагын амьд гэрчээр нь: “Дараагийнх нь Бат-үүл” гэж үлгэр яриулсан байдаг.

Тэгээд энэ аймшигт аллага одоо хүртэл илрээгүй байгаа. Э.Бат-үүл маань Монгол Улсын баатар цолоор шагнуулж, нийслэл хотын даргын өндөр сэнтийд заларч байна.

Дашжамцын Баттулга. 1996-2000 оны хооронд Ардчилсан нам төр засгийн бүх эрхийг барьж байхад “Казиногийн хэрэг” гэгч дуулиант хэргийн учир шоронд орсон гурван хүний нэг.

Тухайн үед УИХ-ын дарга байсан Р.Гончигдорж өөрийн намаас УИХ-д суусан гурван хүнээ шоронд “явуулаад”, бусад холбогдогчдыг нь өндөг шиг аваад үлдэж билээ. Өнөөдөр шоронд “илгээж” байсан Р.Гончигдорж нь УИХ-ын дэд дарга, нарсанд хатаж байсан Д.Баттулга нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болчихоод байгаа.

Ийм уг сурвалжтай Э.Бат-үүл, Д.Баттулга гэж хоёр хүн Монголын нийслэлийг удирдаж сууна. Энэ хоёр хүн Монгол Улсын хүн амын бараг тал хувийг шахам багтаасан Улаанбаатар хотыг хоёр жил гаруй удирдахдаа юу хийж, хотыг яаж хөгжүүлэв гэдгийг хэн хүнгүй л ажиглаж байгаа байх. Миний бодлоор бол хөгжил ухарсан уу, гэхээс урагшилсангүй.

Бид, хортой утаанд хоолой тархиа гашилгаж, хотын төвөөр машины түгжрээнд цагийг барж, хоршоо дэлгүүрийнх нь бараа өглөө босоход л нэмчихсэн байдаг хот нэртэй газар амьдарч байгаа. Өдөр болгон, цаг мөч бүрт энэ хоёр хүний “туршилтууд” бидний нурууг бөхийлгөж, толгойг унжуулж байна. Хоёулаа ямар сайхан зүйл амлаж гарч ирлээ дээ.

“Хотын төв хэсэгт нэмж барилга байшин бариулахгүй” “Зам талбайг өргөтгөж машины түгжрээг арилгана” “Аливаа барилга байшин барих шаардлага гарвал оршин суугчдын зөвшөөрлийг авна” “Гэр хорооллынхон минь м2 газраа сая төгрөгнөөс доош үнэлж болохгүй шүү. Газар бол та нарын амьжиргааны гол үндэс, цаашдаа улам үнэд орно” “Хотын утааг бууруулж эрүүл амьдрах нөхцлийг хангана” гэхчлэн ямар сайхан донгодож байсан гээ.

Алив өнөөдөр! Үлгэр ярьснаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Дараагийн сонгууль болоход жил гаруйхан хугацаа үлдлээ. Э.Бат-үүл, Д.Баттулга хоёрын ээлжит туршилтуудад сөхөрсөөр, нийслэлийнхний өвдөг “цоорлоо”. Толгой гудайлаа.

“МӨНГӨ ЦАГААН, НҮД УЛААН” ТУРШИЛТ

Улаанбаатарт 500 орчим шинэ барилга баригдаж байна гэнэ. Та харж байгаа. Алхам тутамд чинь барилга барьж байна. Өнгөрсөн жил, сайд дарга нар голдуухан хүмүүсийн захиалга, зөвшөөрлөөр 46000 машин гадаадаас орж ирлээ. Зам түгжрэхгүй яах юм. Өөрсдийнхөө бий болгосон замын түгжрээг өрөөл рүү түлхэж ядарсан жолооч нараараа ямар их туршилт хийв дээ. Ачдаг машин оруулж ирлээ.

Энэ машинууд мөнгөний төлөө юу ч хийхээс буцсангүй. Унтаж байгаа хүүхэдтэй нь хүртэл ачаад явчихлаа. Дугуй түгждэг аппарат оруулж ирлээ. Зам дээр дугуйг нь түгжиж орхиод хугацаагаар мөнгийг нь тоолж суудаг болсон. Жирийн жолооч нар хотын төв замд орвол 50000 төгрөгийн зөвшөөрөл авна.

Өнөөх , зах зээлийн нийгмийн үед шудрагаар өрсөлдөх ёстой автобус компаниудыг бүгдийг нь нэгтгээд сэтгэл ханасангүй, цахилгаан тээвэр компанийг хүртэл аваачаад нэгтгэчихлээ. Хүмүүсийн яриагаар бол нэг танилдаа том бэлэг барьж байгаа нь энэ гэнэ. Ямар ч зөвшөөрөлгүйгээр Рэйлбус оруулж ирэн олон тэрбумын алдагдалд унагалаа.

Хүн дээр хийсэн хамгийн том туршилт нь наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 1-ний хооронд хотын тээврийн маршрутуудыг гэнэт өөрчилж, биднийг явган таваргасан туршилт. Та бүхэн харсан байх замын хоёр талаар хүмүүс хөлс усаа гоожуулан алхцгааж байсныг. Тэр нь голдуухан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, нялх хүүхэдтэй хүмүүс байсан л даа.

Би, улсын их дэлгүүрийн дэргэдэх замаар гэлдэрч байгаа таягтай хөгшнөөс хаа хүрэх гэж явааг нь асуусан. “Автобус цаг гаруй хүлээгээд багтсангүй. Американ дэнж хүрнэ” гэж явна билээ. Бие муутай, өндөр настнууд нь бараг л арав хоног мөлхсөн дөө. Үүнийг хотын дарга нар цонхоороо хараад “туршилт амжилттай боллоо” хэмээн инээж байсан биз. Хүн дээр хийсэн 10 хоногийн туршилтын дараа Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөр гэгч нөхөр: “Эхний удаад энэ туршилтыг иргэдийн 70 хувь нь эсэргүүцэж, 30 хувь нь дэмжиж байсан.

Сүүлдээ 70 хувь нь дэмжиж, 30 хувь нь эсэргүүцнэ билээ” гэж айлддаг байгаа. Би энэ хүнийг сайн мэднэ. Худлаа хэлдэг хүн л дээ. Туршилт эхэлсний тав дахь хоног дээр сэтгүүлч Болороо бид хоёр Боловсролын их сургуулийн дэргэдэх буудал дээр автобус хүлээж байсан 64 хүнээс санал авсан. Хоёрхон залуу дэмжиж, бусад нь эсэргүүцнэ билээ.

Би дарга нарт гүжирдүүлж хаширсан хүн учир Болороо сэтгүүлчийг гэрчээр дагуулсан юм. Баримт нь бүгд байгаа. Гэтэл хотын удирдлагууд туршилт амжилттай болсон, ирэх хавраас үргэлжлүүлэх бололтой юм яриад байгаа. Олон сая хүн амтай том хотуудад “богины тээвэр” “дундын тээвэр” , “алсын тээвэр” гэж байдаг л даа. Богины тээвэр гэдэг нь манай хотын хоёр талыг холбосноос урт маршрут шүү дээ.

Түүнийг хотдоо авчирч, ядарсан бидэн дээр туршаад яахнав дээ. Дарга нар ашиг л их олдог юм гэсэн. Арав хоногийн туршилтаар гурван тэрбум төгрөгийн ашиг олсон гэж жиргэснийг “Улстөрийн тойм” сонинд бичсэн байна билээ. Өнөөдрийн удирдлага хүнээ л бодох ёстой. Мөнгө олдоно оо. Даанч халаас руу орчихоод байгаагаас биш, хаа хаанаа хүрэх мөнгө Монголд бий.

ЭРҮҮЛ , АЮУЛГҮЙ ОРЧНЫГ БУЛААСАН ТУРШИЛТ

Хотын дарга нарын зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй энэ олон барилга автомашины болон явган хүний зам талбай, гарцуудыг бүгдийг бөглөн баригдаж байгаа нь нууц биш. Сонгуулийн өмнө “Хотын төвд шинээр барилга байшин бариулахгүй” хэмээн бидний тархийг угааж байсан Э.Бат-үүл дарга, энэ 500 орчим барилга байшинг харахгүй байна гэж үү ?! Сүүлийн үед хотын хоёр дарга “Хотын төвд барилга барих нэг ч зөвшөөрөл өгөөгүй” гэж телевизээр мэдэгдэж байгаа.

Энэ хоёр даргад мэдэгдэлгүйгээр хэн гэгч эрх мэдэлтэн хотын төвийн газрын зөвшөөрөл, барилга барих зөвшөөрлийг өгдөг байна аа. Ингэж эрээ цээргүй худлаа хэлдэгээ больмоор юм даа. Хотын төв хэсэгт баригдаж байгаа энэ олон барилга байшингийн эзэд зөвшөөрлийн бичиг баримтаа хүнд үзүүлдэггүй “хотын удирдлагын зөвшөөрөлтэй” л гэж ам таглана. Хүмүүсийн дам яриагаар бол, ардчилсан намынхан голдуу хотын дарга нарын хамаатан садан, танил талынхны барилга байшин байдаг гэх.

Холоос эрэлгүй, хоёрхон баримт авъя. “Өдрийн сонин”-ы таван давхар саарал байшинг хэн хүнгүй мэднэ. Өнөө жил хотын дарга нар газар, барилгын зөвшөөрөл олгоод, хоёр талынх нь бүх цонхыг хаасан арван хэдэн давхар барилгууд бариулаад дуусаж байна. Бараг л налуулаад барьж байгаа юм. Эх сурвалжийн мэдээгээр бол, “үнэнийг бичдэг, дарга нар, тэдний гэр бүлийнхнийг шүүмжилдэг шударга сониныг баалж байгаа нь тэр” гэнэ. Бараг л өшөө хорсол тайлж байгаа юм байх. Энэ “хоёр өндөр”-ийг Э.Бат-үүл, Д.Баттулга нар мэдээгүй, зөвшөөрөөгүй байна гэж үү? !

Сүүлийн үед манай Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд “Ганзам өргөө” орон сууцны конторын дарга Эрдэнэцэцэг гэж нэгэн баян-давилуун эмэгтэй гарч ирэн дураараа тонгочиж байгаа. Хүмүүс бол, “бидний орон сууцны мөнгөөр асар хурдан баяжсан” гэдэг. Хоёр гурван жилийн өмнө орон сууцны конторын задгай агуулахын талбайг гэнэт чөлөөлөн хувийнхаа дөрвөн давхар ордонг барьчихсан. Анх хүмүүст ойлгуулахдаа “орон сууцны конторынхоо өргөтгөлийг бариулж байгаа” гэсэн. Бариад дуусахад л хувийнх нь орон сууц болсон.

Энэ тухай оршин суугчид хот дүүрэг, авлигатай тэмцэх газарт өчнөөн удаа хандсан боловч “ард нь том хүн байдаг юм гэнээ” гээд амаа таглуулсан. Даварсан дарга маань өнөө жил гэв гэнэтхэн орон сууцны конторынхоо шинэхэн баригдсан тоосгон байшинг, шөнө голдуу буулгасаар ачиж аваад явчихсан. Хүмүүс “Хайран байшин. Төсвийн хөрөнгөөр барьсан, олон өрөө тасалгаатай сайхан барилга шүү дээ” гэж гаслалдсаар л хоцорсондоо. Тэгээд газар дээр нь хувийнхаа арван давхар орон сууцыг барьчихлаа.

Нөгөөх , олон өрөөтэй тохилог байранд байсан конторынхноо, нэг цахилгаан дулааны узелийн дуу шуугиан нүргэлсэн байрны өрөөсөн буланд аваачаад хорьчихож. Төрийн өмчийн барилгыг устгаж хувийн ийм нүсэр барилга байгууламж бариулах зөвшөөрлийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хот байгуулалт дэд бүтцийн хяналтын албаны дарга Т.Эрдэнэтуяа гэхчлэн хүмүүс гарын үсгээ мутарлан “барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл”-ийг 2014 оны дөрөвдүгээр сарын 23-нд өгсөн байх юм.

Энэ том барилга байшин нь орон сууцнуудын дунд, зарим таван давхар барилгын цонхноос 3-9 метрийн зайтай, нар салхийг нь хаагаад барьчихсан. Иргэдийг бол энэ хавар зуны турш тамласан. Ойр хавийн орон сууцнуудын оршин суугчид амар амгалан амьдарч чадаагүй. Том гэрлүүд тавьчихаад цементийн урт хоолойтой машинууд ирж шөнөжин нүргэлээд, зарим үед үүр цайлгадаг, өглөө болгодог байлаа.

Нэг баяны хууль бус барилгын төлөө хэчнээн зуун хүн эрүүл мэндээрээ хохировдоо. Засаг дарга Э.Бат-үүл “Зайлшгүй шаардлагатай барилга барих болвол оршин суугчдын болон хороо, СӨХ-ны саналыг заавал авч байна” гэж телевизээр ярьж байсан атлаа энэ барилгын талаар таг дуугүй л байгаа. “Эрдэнэцэцэгийнхэн их ойрынх нь танил юм гэнэ лээ. Цаадах чинь хир халдаагүй” гэдэг. Ийм маягаар бид жилийн жилд л дураараа баячуудын туршилтанд, үндсэн хуулиар олгогдсон “эрүүл аюулгүй орчинд амьдрах” эрхээ хасуулж байх юм.

Энэ чинь Э.Бат-үүл, Д.Баттулга, Н.Гантөмөр нарын, хүн дээр хийж байгаа туршилтууд биш юм уу. Би хэдэн жилийн өмнө БНХАУ-ын далайн эргийн хот тосгодоор аялаж жинхэнэ бүтээн байгуулалт гэж юу байдгийг нүдээр үзсэн. Бүхэл бүтэн том дүүргүүд газраа чөлөөлөөд олон давхар орон сууц барьж байна. Тэр компаниуд газрын эзэнд хангалттай мөнгө өгөөд газрыг нь авчихдаг юм билээ. Нүүгээд өөр газар очоод амьдарсан ч, тохилог орон сууцанд орсон ч, хангалттай хүрэхээр мөнгө өгч газрыг чөлөөлүүлдэг нь хаа хаанаа хэл үггүй амар юм.

Манайх шиг , газрыг нь чөлөөлүүлж аваад мартчихдаг, иргэдийг хохироодоггүй юм байна. Зөвшөөрөлгүй юм уу, зохих хууль журам зөрчиж барьсан барилгуудыг хотын захиргаа нь дуудлага худалдаагаар борлуулаад эзэнд нь материалынх нь үнийг төлж, бусдыг нь улсын орлого болгодог юм билээ. Хүний эрх зөрчиж, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг нь хааж боогдуулсан бол иргэдээс уучлал гуйгаад төлбөр төлж заншсан байх юм.

Түүнийг нь иргэний шүүх ямар ч алагчлалгүй шийдээд өгдөг гэнэ. Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугчид Эрдэнэцэцэгийн хууль зөрчин барьсан 4-10 давхар хоёр барилгыг ямар хөрөнгөөр , хэнтэй хуйвалдаж барьсан талаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газар, Mэргэжлийн хяналтын ерөнхий газар, эдийн засгийн цагдаад хандсан байна билээ. Шударга шийдвэр гаргана гэдэгт олон түмэн итгэж байгаа. Миний бодлоор бол энэ хоёр барилгыг дуудлага худалдаанд оруулах нь зөв бол уу.

ХҮҮХДИЙН ХУВЬ ЗАЯАГ БАРЬЦААЛСАН ТУРШИЛТ

Энэ Засгийн газар, хотын удирдлагууд цэцэрлэг сургууль, эмнэлэг гэхээсээ шорон, цагдаагийн барилга л бариад байгаа. Цэцэрлэг ховор байгааг далимдуулан баячууд юу ч хийхээс буцахгүй болсон байна. Баянгол дүүргийн дэргэдэх орон сууцны хоёрдугаар хорооллын нэгдүгээр байрны нэгдүгээр давхарыг гэнэт эрээлэн “Элбэг аз” цэцэрлэг гээд биччихэж байгаа юм.

Нэр нь хүртэл ойлгомжгүй. Энэ ямар байгууллага вэ? Энд ямар боловсрол мэдлэгтэй хүмүүс ажиллаж байна гэдэг чинь нэрнээсээ эхлээд л танигддаг байхгүй юу. Хүүхдийн оюун ухаанд нийцсэн мөн ч сайхан нэрүүд бий дээ. Олон хоног өрөмдлөгийн нүргээнд оршин суугчид ядарсан даа. Тэгсэн чинь цэцэрлэг байгуулж байгаа нь энэ гэж таван давхар орон сууцны хоёр орцны дундах даацын ханыг нураан нийлүүлсэн байгаа.

Тасалгааны тулгуур хануудыг буулгаад заал болгочихсон. Нэг үгээр хэлвэл газар хөдлөлийн өчүүхэн түлхэлтэнд орон сууцны таван давхар байшин нурахад бэлэн болчихлоо. Оршин суугчдыг боддоггүй юмаа гэхэд цэцэрлэгийн тэр олон нялх хүүхдийн дээрээс барилга нурвал яах юм! Хятадын Сычуань мужид газар хөдлөхөд. мөн л иймэрхүү байдлаас болон олон зуун хүүхэд дарагдаж нас барсан шүү дээ.

Ийм байдал болохгүй гэх баталгаа хаана байна. Энэ байдлыг сэрэмжлүүлэх үүднээс, насаараа нийгэм хангамжийн эрүүл ахуйчаар ажилласан, улсын хяналтын тэргүүний ажилтан И орж хэлсэн чинь нэрээ нууцалсан нэг эмэгтэй “Би барилгын инженер хүн. Мэдэж байна” гээд үг сүггүй загнаж доромжлоод гаргасан байна билээ. Даацын болон тулгуур ханануудыг нь нураачихсан энэ өрөө тасалгаануудын дээр 4-5 давхар барилга тогтож байгаа шүү дээ.

Мөнгө олж болно л доо. Ингэж оршин суугчдын болон хүний бяцхан үрсийн хувь заяагаар тоглож мөнгө олж болохгүй биз дээ. Энэ чинь бас л хүн дээр, тэр бүү хэл хүүхэд дээр хийсэн туршилт болоод байна. Хотын удирдлага, хотын мэргэжлийн хяналтынхныг газар дээр нь ирж үзээч гэсэн , бас л дүлий дүмбэд. Ер нь ажил хийдэг хүн байгаа юмуу?! “Миний хамаатных” “Миний танилынх” гэхчлэн огт анхаарахгүй сууж байгаад “хахсан хойно нь хашгирав даа”!

Хотын дарга нарын туршилт үргэлжилж байгаа. Бид энэ “тамлал”-аас хэзээ ангижрах юм, бүү мэд. Хотын хэдэн дарга минь, эрээн цэцэг тарьж гандаах, хогийн ногоон уут тараах, талбай угаах машинд тэрбум тэрбумаар нь төгрөг зарахаас өөр тоймтой бүтээн байгуулалт хийж чадахгүй, мэдлэг мэргэжил нь хүрэхгүй бол огцорчихдог л юм даа.

Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч  Г.Жамъян