sonin.mn

Цагийн байдал ороо бусгай энэ үед ойрноос нам гээч улс төрийн байгууллага чухам юу болоод хувирчихав даа гэсэн бодол хэн бүхний толгойноос салахгүй боллоо. Нам гэдгийн утга учрыг онолын талаас нь тайлбарлаж олон үгээр цэцэрхэх гээд яахав. Ер нь орон орны түүхээс авч үзэхэд нам гэдэг нь  ерөөсөө тодорхой улс төрийн зорилготойгоор олон түмнийг нэгтгэн зангидах хэрэгсэл юм болов уу. Гэхдээ чухам ямар зорилгоор гэдгээсээ хамаарч хүчит энэ зэвсгийн жинхэнэ утга учир тодорхойлогддог бололтой юм.


АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон хэдийгээр ард түмэн нь дуу хоолой нэгтэйгээр хүсэж байсан боловч, нэг хүний дарангуйлал тогтохоос болгоомжилж, гуравдахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдохоос  өөрөө татгалзаж байсан шударга нэгэн. Тэрээр албан тушаалаасаа буухынхаа өмнөхөн улс үндэстэндээ хандан бичсэн алдарт “Үдэлтийн захидалдаа” улс орны удирдагч нь үндэстнийхээ эрх ашгийг намын явцуу бүлгийн ашиг сонирхлоос ямагт дээгүүр тавьдаг ёс суртахууны зарчмыг хатуу баримтлах ёстойг хатуу анхааруулсан байдаг. Үндэстний эв нэгдлийг алсдаа хагалж бутаргахад хүргэнэ гэж үзээд тэр аль ч намыг дэмждэггүйгээр үл барам харин ч намаараа хуваагдан талцахыг эсэргүүцдэг байжээ. Яг дээрх үгийг замбараагүй улс төрийн золиос болсон Зориг асан ч хороогдохынхоо өмнөхөн хэлсэн байдаг.


Нэг намын хатуу дэглэмд бүхэл бүтэн үеээрээ хэлмэгдэж, дарлуулж, боолчлуулж явсан үе өнгөрсөн зууны Монголын түүхэнд хар толбо болон үлдсэн нь үнэн, гэхдээ тэр үеийн намын хатуу диктатур  “социализмын төгс ялалт өөд” гэсэн мундаг лоозонгийн дор манийгаа чангалж, бас  муугүй хүмүүжүүлж байлаа. Үнэхээр ч энэ намын шалгарсан олон сэхээтэн, төрийн зүтгэлтнүүд эх орон ард түмнийхээ төлөө гэсэн хоёргүй сэтгэлээр тэр үеийн МАХНамын төмөр мэт сахилга батыг эрхэмлэн өдөр шөнөгүй хүчин зүтгэж явсныг одоо хэн ч үгүйсгэж чадахгүй л дээ.  Нам ард түмний холбооны талаар байнга ярьдаг байсан нөгөө муу нэртэй, луу данстай Бал даргад маань одоогийн намын асман феодалууд шиг өвөл зунгүй найр наадам, морь мал хөөх цаг зав байгаагүй ээ. Эх орон ард түмнээ гэсэн чин сэтгэл нь өндөрт байсан учраас л тэр үед хүмүүжилтэй, боловсролтой, дэг журамтай, эрүүл энх бойжих орчин бидний үеийнхэнд бүрдсэн байсандаг. Намыг зөв зорилго зохион байгуулалтайгаар залж удирдаж чадах аваас үнэхээр агуу их хүч гэдэгтэй хэн ч маргахгүй.


Ингээд бид ерэн онтой залган цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ялснаар нэг намын жанжин шугам  гуу жалга руу таягдан шидэгдэж, олон намын тогтолцоо гэгч рүү улс орон маань онолын болоод практикийн ямар ч бэлтгэлгүйгээр гэнэт шилжсэн билээ. Нам төвтэй төрийн боолчлолын гинжнээс салсан лүмпэн пролетариуд бид савсаглан хөөрч, Жасрай асны заасан хонгилын үзүүр дэх гэрэл рүү хошууран зүтгэсэн боловч, байдал санаснаас огт өөрөөр эргэж, Очирбат ерөнхийлөгчийн амлаад байсан бар ч биш бүр баар улс болох тал руугаа орцгоож, садарлан согтуурч эхэлсэн нь гашуун боловч бас үнэн түүх. Сайны хажуугаар садаа олон гэгчээр өмнөх засаглалын үед болох  болохгүйгээрээ дуудуулдаг байсан зарим эрээвэр хураавар олон этгээдүүд ч ардчилал хэмээх хатуу дэг жаягтай ариун үйлсийг хэн юу дуртайгаа хийж болдог анархи орчин гээд ойлгочихсон байлаа.


Ингэж толгойтой болгон нь нам байгуулан төрийн хоймор руугаа туг барин зүтгэснээр Монголчуудын түүхэнд байгаагүй их хагарлын шинэ эрин үе эхэлсэн билээ. Дээр нь Чапаевын дүр төрхтэй салман баатрууд хот хөдөөд олноор төрж, шинэ намуудын нэр сүрийг жинхэнэ утгаар нь бас гутааж байсан цаг саяхан мэт. Ардчиллын алтан хараацай хэмээн өөрийгөө өргөмжилж, хамраа сөхөн цээжээ түхийлгэгсдэд төрийн торгон жолоог залах туршлага анхандаа дутацгаасан нь мэдээж. Ард олныг намын нэрээр түрий барин дээрээс нь томож зангидан төрийн алба руу шургаж  болдгийг тэд олж харсан болохоос биш дараа нь түүнийгээ дотроос нь хянах арга механизмыг тас орхигдуулсан билээ. Дээр нь өмнө нь амсаж үзээгүй албан тушаалын амтанд бялуурцгааж, шуналын хамуу хачиганд хазуулснаас нөгөө Монголоо гэх сэтгэл тэмүүлэл нь яваандаа мартагдаж, анхныхаа эрмүүн зорилгоосоо  хазайж эхэлснийг бодохоос харамсмаар. Тэд түмэн олныхоо эрх ашгийг умартаж, өөрсдийн бодож боловсруулсан богинохон зорилгодоо хөтлөгдөн хагарч бутарч, салж нийлж мөн ч их мундраа хутгацгаасан даа.
Энэ байдлыг нь харсан ард түмэн гутарч, хуучин үеийнхээ шулуун шударга удирдагчид шигээ хүмүүс  эргэж ирнэ гэж найдан шинэ эриний эхэнд ер бусын сонголт хийчихсэний учир шалтгаан нь “Төрөө хямралаас, түмнээ ядуурлаас..” гэсэн сүржин лоозон олон хүмүүсийн зүрх сэтгэлийг гижигдсэнийх байлаа. Энэ үед МАХН намын шинэ удирдлагын цөм нь шал ондоо хүмүүс болчихсоныг  харамсалтай нь хэн ч олж анзаараагүй ээ.


Тэр үед өмнөх улаан намын ёс суртахуун, нандин чанар, сахилга бат нь уландаа гишгэгдэж, хөрөнгө мөнгөний төлөө хүн чанараа алдсан улайрал намын толгойд нь үүрлэж эхэлсэн. Хээл хахууль авилгал, богино хугацаанд хил хязгаараа алдаж, намын нэр дор  мөнгөний төлөөх төрийн албаны наймаа  ичгүүр сонжуураа алдсан. Дээр нь нийслэл хотоос эхлүүлсэн газрын наймаа хүрээгээ тэлж, Монгол нутгийн аль баялагтай хэсгээс нь сорчлон хувааж, лиценз нэрээр гар дамжуулан гадагш нь худалдах эрхийг тэд өөрсдөдөө хуульчлан олгосон юм. Нөгөө түмний ядуурлын тухай яриа бүр тас мартагдаж, энэ талаар хэн нэг нь чангахан дуугарах ч эрхгүйгээр барахгүй, хэвлэл мэдээллийн гол гол хэрэгслүүдэд их удирдагчаа шүтэн бишрэх  ерөөл магтаалчийн үүрэг ногдсон байлаа. Хаалттай харанхуй энэ дөрвөн жил хөрөнгө хүссэн цөөнхөд тун хурдан, амлалт биелэхийг нь мөрөөдсөн олонхид  харин зуунаас удаан өнгөрсөөн. Намынхаа нэрээр дээрээсээ томилсон хүмүүсээ ард олноор сонгуулахаар тулгадаг, хоосон амлалт, цаасан мөнгө бүр сүүлд нь архиар хүртэл угжиж, согтоож байгаад саналыг нь авдаг дэлхийд хаа ч байдаггүй шившигтэй жаяг зөвхөн Монголд  л буй болсон байлаа. Намаа зөвхөн төсвөөр тогтохгүй бүр хахуулийн хар мөнгөөр хүртэл санхүүжүүлдэг, санхүүжилт нь социализмын үеийн До яамны нь архиваас илүү нууцлагддаг бичигдээгүй хуулийг толгой дохин зөвшөөрч суух үүрэг л жирийн бид нарт үлдсэн байлаа.


2004 оны хавар сонгуулийн өмнөхөн Улаангомын онгоцны буудал дээр таарсан багын найз маань хагас дутуу мэндэлчихээд түргэхэн холдоод явчихсан мөртлөө, орой нь буудалд ганцаараа байхад орж ирэнгээ сүйд майд болоод явчихаар нь  гайхаж учрыг  лавлахад:
 –Хөгшин чинь бүр балраад байна аа. Хэдэн хүүхдээ өлсгөөд алчихгүйн тулд ажилд орохын дарамтаар энэ Ху намд нь элсчихсэн чинь одоо чамтай ч хүний өмнө  олигтойхон мэндэлж чадахгүй гөлөлзөж байгааг хараа биз дээ. Хэрвээ чи бид хоёрыг саймширч байхыг манай дарга нар харах юм бол би  шууд л нөгөө урвагч гэдэг цол хэргэмийг өөр дээрээ авч зүүнэ шүү дээ гэж байж билээ.


 Тиймээ, шинэ мянганы эхний тэр жилүүдэд “зүүний нугалаа” гэгч зэвүүн цагийг санагдуулам их аян дайн зарлагдаж,  МАХН-ын улаан батлахыг дунд сургуулийн юугаа ч мэдэхгүй  нусгай жаалуудад хүртэл  баруун солгойгүй хоморголон тарааж байсан нь тэднийг   яваандаа цэргийн тангараг өргөсөн байлдагчид мэт  өөрсдөдөө үнэнч зүтгүүлэх  шалгарсан башир арга байлаа. Энэ намынхны харалган бодлогоор боссон хадгаламж зээлийн хоршоодод мөнгөө алдаж бухимдахдаа иргэд батлахаа уран чулуудаж байлаа.  Цагдаа, шүүх засаглалыг хүртэл ах нар хурууныхаа үзүүрээр хөдөлгөж байсан энэ үед дэггүй банди нар намын хэрмэн хамгаалалтандаа итгэж дээр доргүй Солонгос руу хагас бүтэн сайнд нисэж банкны мөнгийг хүртэл минийх хэмээн эндүүрч мөрийтэй тоглон дэггүйтэж байв. Төр түмний гэхээсээ удирдлагад байгаа цөөхөн хэдэн хүний эрх ашиг давамгайлсан энэ бүлэглэлд намын нэртэй л  бол ямар ч бор халзан төлөг төрийн  толгой дээр гараад зайдагначихдаг, бүр багийн даргын зиндааны алба хашиж байсан эр дээдсийнхээ томилолгоогоор сая гаруй хүнтэй нийслэлийн хойморт утаа ханхлуулчихаад сууж байсан цаг саяхан. Намын нэрээр гадаадад томилогдсон дипломатууд нь тамхины наймаанд байнга холбогдож,  тэр бүү хэл хүн хулгайлалцсан хэрэг мандааж, дэлхий дахинаа Монголын нэр хүндийг гутааж байлаа шүү дээ.  
Өвөрхангай аймагт болсон сонгуулийн дараа нэг өвгөн:
-Нам гэдэг чинь өнөөдөр ёстой нэг нохойн наадам болоо шив дээ Зарим далан худалчийнх нь нэрийг сонсож, зүсийг нь харангуут л даралт ихэсчих юм гэж ярьж байж билээ.  Нээрээ л аль ч намын олигархууд  жирийн гишүүдээ сонгуулийн үеэр л нэг удаа ашиглаад бэлгэвч адил хаядаг  болсныг нь бодохоос  тэдний уран цэцэн үгэнд шургаж унатлаа молиго үнхсэн хэний боловч дургүй нь хүрч, толгой нь эргэн  дотор нь муухайрахаас өөр аргагүй.

Хөдөөгийн тосгонд өнгөрөөсөн хүүхэд ахуй цагаа одоо эргэн санахад манай зэргэлдээ хашааны  нэгэн баяд самган сахилгагүй хэдэн банди нараа “нам байцгаатна” хэмээн тачигнан үе үе загнах  нь чихэнд тод сонсогддог байсансан. Даруулгатай байцгаа гэсэн үг. Өнөөдөр ч ялгаагүй ардчиллын нэрээр биднээс сонгогдсон эрхэм гишүүд маань түмэн олноо гэсэн  нэгэн үзэл бодлын дор дэгтэй даруулгатай байцгаана гэж өргөсөн тангаргаа аль хэдий нь умартаад эцэстээ чухам даварсан эр эмсийн далчиганадаг газар болж хувирах шив. Түмэн олны өмнө танхимдаа хэрэлдэж  зодолдон шившгээ дэлгэхийгээ тэд хуулиар баталгаажсан  хэм хэмжээ хэмээн  тайлбарлаж байгаа.  

 


 Хамгийн их өртэй компанийн эзэд ч нам байгуулж, төрөөр тоглодог, намынхаа харьяалал, нэр зүсийг дуртай үедээ өмссөн дээлээ солихоос ч амархан хэд хэд өөрчилдөг баагийнууд төрийн их танхимын од болдог сонин үе өнөөдөр ийнхүү үргэлжилж байна. Дээдсүүдийн замбараагүйтэл доодсуудын завхрал болон хувирдаг хорвоогийн жам ёсоор гэмт хэрэг хүчирхийлэл өнөөгийн ядуусын дунд жирийн амьдралын хэв  маяг нь болтлоо хавтгайрлаа. Ганцхан жишээ татъя. 2005 онд зөвхөн Улаанбаатар хотод гэмт хэргийн улмаас иргэдэд учирсан нийт хохирлын хэмжээ 43 тэрбум төгрөг буюу нийслэлийн тэр үеийн төсвөөс давж үүний дөнгөж 3 хувь нь хохирлоо барагдуулж байсан гээд  бод доо. Нам төвтэй өнөөгийн төр засаг иргэдийнхээ амь нас эд хөрөнгийг үндсэн хуулинд зааснаар  ингэж л  “хамгаалж” байна.
Нүсэр их зардал чирэгдэлтэй эдгээр эрхмүүд нь сонгуулийн үеэр бизнесменүүд, дунд шатныхнаасаа сая саяар нь хандив нэрээр авилга авдаг татварын мөнгөөр санхүүждэг, дараа нь дээрээсээ шагналын томилгоо авдаг, бизнесийн бүлэглэлийн эрх ашгаар төрийн албыг хуваалцдаг тендер будилуулдаг, арван хувийн ашигаа нэхдэг бүр тодорхой хэлбэл хууль огт үйлчилдэггүй төрийн дуулгатай гэмт хэрэгтнүүд болсон байна. Намдаа хандив өргөх нэрээр авилга өгч байж улс төрд орсон увайгүй банди нар дөрвөн жилийн дотор өгсөн мөнгөө хэд дахин өсгөж аваад арилдаг болов. Бүр төрийн яам нь ажилчдынхаа цалинг ийм тоглоомчинд тавиад туучихсан инээдтэй бөгөөд эмгэнэлтэй тохиолдол ч гарч байлаа.   Зээлийн хөрөнгийг тэрбум тэрбумаар нь зувчуулагчид энэ цагт бий болов.   


Удирдах зөвлөл ч юм уу, намын бүлэг гэгч нь хувийн эрх ашгаа бүхнээс дээгүүр тавьдаг, улс төрч гэж өөрсдийгөө андуурагсдын хор найруулгын газар болжээ. Намын удирдлага гэдэг үг нь албан тушаал, хөрөнгө мөнгөний төлөө тэмцлийн хэрэглүүр гэдэгтэй  утгаараа яг дүйцэж, энэ халхавчийн цаана хамгийн том хар наймаа хэлцлүүд явагдаж, намын багтай дээдсийн хүрээлэнгийн луйварчдад өөрсдийнх нь баталдаг хууль үйлчилдэггүй жишиг жаяг Монголд нэгэнт тогтчихлоо.  Ичих булчирхай гэж байсан бол өөрсдөөс нь ичсэндээ  болоод улайсаад хайлчихсан  эрхмүүд  минь ёс зүйн хороо мороо гэж солиоролдох нь бүр инээдтэй.    


Авилгынхаа түвшингээр Африкийн Танзаны ард нь очихсон тууж яваа энэ орны ядуучуудын амьдрал нь барзгар хэдий боловч найр наадам баяр цэнгэлээр дүүрэн Монголд  намынхаа удирдагчдын зуун зуун саяын үнэтэй араб хүлгүүдийн  хөлснөөс нь авч магнайдаа түрхэх гэж зүтгэж байхдаа “төрийн” цагдаадаа занчуулахдаа гомддоггүй гүндүүгүй эрс зөвхөн Монголчууд. Чухам яг шударга шүүхийн өмнө зогсоогоод яллах юм бол, арван мянган төгрөгний эд зүйл  хулгайлсан хэргээр арван жилээр таслуулж байсан хүүхэд тэвэрсэн жаахан охиноос илүү ял сонсох учиртай хүмүүс саарал ордноор дүүрэн гонжоом углаж гэмгүй царайлчихаад явж байгаа. Сонгогдож чадахгүй бол шоронд орох хүмүүс бидний дунд олон байгаа шүү гэж “шударга” Нямдорж нам нэгтнээ загнаж байхыг бид бүгдээрээ зурагтаар харсан. Энэ үг одоо биелэлээ олоод эхэлчихсэн байгаа.
  Хэн нэгнийх нь  босгосон нам гэгч сүржин нэртэй, унь тооно нь цуурч халцарч, цаваг туурга нь дотроосоо илжирсэн хазгар хар овоохойнуудын аль нэгнийх нь ханын нүд рүү толгойгоо  шургуулдаггүй л юм бол ухаантай чадалтай, өнгөтэй өөдтэй нь гадагшаа дүрвээд дуусч байгаа энэ оронд чинь нам болоод лам бус хүмүүс  мөрөөрөө амь зуух нөхцөл бараг үгүй болчихоод байна шүү дээ Та минь ээ.  


Далан жил дангаараа ноёрхсон нам гэгч энэ чөтгөр шулмын тойргийн эзэд шинэ мянганы эхэнд бүр олуулаа болж аваад ирэхдээ найман зууны түүхтэй монгол төрийг минь дэлхий нийтийн өмнө гутамшиг болгож, ард олон нь архидалт, ажилгүйтлийн их тэнгист живж байгааг хараад айдас хүйдэс тань төрөхгүй байна гэж үү. Бид дүүрчээ гэсэн ч дараагийн үедээ санаа тань зовохгүйгээр хоол чинь хоолойгоороо давж, нойр чинь амар тайван хүрч байна гэж үү. Еэ бүү үзэгд, өнөөх Богдын лүндэнд  айлдсанчлан муу ёрын цөвүүн цаг гэгч л өнөөдөр ирсэн бололтой.


Өдөөсөн дайндаа ялагдаад гарах газаргүй болсон Адольф Хитлерийг амиа хорлох гэж байхад нь “Та хайртай  ард түмнээ ийм байдалд оруулчихаад ингээд орхиж болж байгаа юм уу” гэж дотнын нэг хамтрагч нь асуухад нь тэрээр “Тэд өөрсдөө намайг сонгосон, тэр үйлээ одоо өөрсдөө эдлэх болно” гэж хариулж байсан гэдэг.  Энэ бүтэхгүй нөхөр  гэдгийг нь мэдсээр байж дахин дахин дээш нь залж явуулаад байгаа мулгуу бид нар эцсийн эцэст өөрсдөө л буруутай биз дээ.
Зуу гаруй жилийн тэртээд хөгшин Европоор тэнүүчилж явсан энэ хий үзэгдлийн нэрний  эхний үсгийг нь Т –гээр солиод уншихад жинхэнэ дүр төрх нь нүдэнд харагдахаар болтлоо жирийн түмнийг   залхааж гүйцлээ. Дэлхийн соёлт улс гүрэнд үйлчилдэг  нам гэгч  сонгомол эвсэл нь эх зах, дэг жаягаа алдсан ядуу Монголын газар шороон дээр буухдаа мөнгө, эрх мэдлийн төлөө ичгүүр сонжуураа алдсан   шуналт нэгнийг албин чөтгөрөөс доор “амьтан” болгодог дамжаа болон хувирдаг юм байна. Ингээд бодоход бид хорин жилийн өмнө хагацлаа саллаа гээд хөөрцөглөөд байсан чинь намынхаа дөнгөнд буцаад  бүгдээрээ углагдчихсан юм биш үү. Өвгөн Вашингтоны муу ёрлоод байсан өнөөх олон намын зөрчилдөөн хоёр зууны дараа Монголын хөрсөн дээр жинхэнэ ёсоороо ингэж амиллаа.
Хуулиас дээгүүр оршдог бичигдээгүй хуультай намуудын хэрмэн ханыг  бид л өөрсдөө нурааж, дотор нь байгаа догширсон эздийг төрхөмд нь буцаахгүй бол соёлт ертөнцийн шударга иргэдийн  жигшил зэвүүцлийг төрүүлэм замбараагүй энэ оронд ёстой нөгөө ертөнцийн гурвын хэллэгээр:
Утаа хогондоо дарагдсан хот
Урвайж ноохойлдсон хүн сүрэг
Ухаад хаячихсан ангал нүх л үлдэх нь.

Ш.Пүрэвсүрэн

Удахгүй хэвлэгдэх “Хорвоогоор аялахуй” номноос