sonin.mn

Дэлхийд хурдтай тархаж байгаа бүртгэгдсэн 9000 тохиолдолтой 4447 нас баралттай Эбола вирусын голомт Либер улсаас Томас Эрик Дункан хөөрч Брюссел хот, Вашингтоны Даллесийн нэрэмжит нисэх буудлаар дамжин өнгөрч United Airlines-аар Даллас хотод 9 дүгээр сарын 20-ний орой 7 цагт буув. Түүнийг энд тусгаарлаж нөхцөл байдлыг тодруулж болох байсан, тэгсэнгүй.

 

Эрик 9 дүгээр сарын 24 нд орой 11 цагт 37.8С халуунтай, хэвлийгээр өвдөнө, дотор муухай оргино, толгой өвдөнө гэсэн зовиуртай биеийн хүнд байдалтай Presbyterian Hospital of Dallas эмнэлэгт яаралтай хүргэгдэв.

Эмнэлэг дээр хэн ч түүнийг хаанаас ирсэн, яаасан аяллын дурьдатгал асуумж сайн авсангүй, зөвхөн Африкаас 20 нд ирсэн гэж гараар тэмдэглээд Эмнэлгийн цахим бүртгэлд мэдээлэлд оруулаагүй байв. Үзсэн туслах эмчийн тэмдэглэснээс тэрээр өөрийгөө урд нь ямар нэгэн халдвартай хүнтэй харьцаагүй, гүйлгээгүй, дотор муухайрч огиулаагүй, өөрийгөө уугуул оршин суугч гэж танилцуулжээ.

Энэ үед хүлээн авсан эмч сувилагчийн хамтын ажиллагаа, ажлын зохион байгуулалт сайн байсан бол нөхцөл байдлыг тодруулж болох байсан, тэгсэнгүй.

 

Ингээд 39.4С халуунтай түүнд хамар нармайн салстын үрэвсэл синусит онош тавьж өвчин намдаах эм өгч, антибиотик бичээд 9 дүгээр сарын 25 ны өглөө 3 цагт гэрт нь хариулжээ.

9 дүгээр сарын 28 нд түүний бие улам муудаж хүндээр гүйлгэнэ, өндөр халуурна гэсэн зовиуртай тус эмнэлэгт өглөө 10 цагт яаралтай дахин хэвтэв. Үзсэн эмч түүнийг Либерээс ирсэн Эбола вирусын шинжилгээ өгөх хэрэгтэй гэж асууж тэмдэглэж эрчимт эмчилгээнд оруулан тусгаарлав.

9 дүгээр сарын 30 нд Эрикийн шинжилгэнд Эбола эерэг илрэв. Үүний дараа л эмнэлгийн ажилчид онцгой халдвараас хамгаалах хувцас өмсгөл хэрэглэж эхлэв.  

10 дугаар сарын 8 өдөр Томас Эрик Дункан Эбола вирусын халдварын хүндрэлээр нас барав.

 

Түүнийг асарч байсан 2 сувилагч зөвхөн бээлий, амны хаалт, гутлын углавч төдий хамгаалалттай байсан тул халдварлагдав.

10 дугаар сарын 10 өдөр Эрикийг асарч байсан 26 настай Нина Фам бие муудаж тусгаарлагдаж 11 нд Эбола халдвар эерэг илэрч АНУ-ын иргэний анхны тохиолдол болов.  

Ингээд зогсохгүй Эбола вирус батлагдсаны дараа түүнтэй харьцаж байсан хоёрдахь сувилагч 29 настай Эмбер Джой Вилсон халуураад, хамрын салст хавагнаад байна гэж Эболагийн анхны шинж тэмдэг илрээд байхад 10 дугаар сарын 12 нд томуу оноштой эмчлүүлэхээр гэрлүү нь явуулав. Джой 10 дугаар сарын 13 нд 132 зорчигчтой онгоцоор ямар ч саадгүй зорчив.

10 дугаар сарын 14 нд Джой бие муудаж эмнэлэгт тусгаарлагдан хэвтэж 15 нд Эбола халдвар эерэг илрэв.

 

Энэ адал явдлын өрнөлийг цааш судлахаа ингээд зогсооё. АНУ-ын үндэсний аюулгүй байдал, халдвар хамгаалалт, эмнэлгийн үйлчилгээний бүдүүлэг алдаа тогтолцоог ч орхиё. Энэ бүх явдал огт санаандгүй, болдог жамаараа болоод байна гэж бодож байна уу, эсвэл дээрээс бодлоготой хийгээд байна уу. Зөвхөн энэ хэдэн өдрийн үйл явдалд бид маш олон дүгнэлтийг хийж болохоор байна.

Бид тэднээс илүү хурдтай бодож, сэтгэж, сэргийлэх хэрэгтэй юм ...  

Эмч, уулчин Л.Баярсайхан