sonin.mn

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнгөрөгч лхагва гаригийн хуралдаан дээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа асуудлыг хөндөн эболагаас илүү санаа зовоосон асуудал бол элэгний В, С вирусийн өвчлөл болоод байна. “Монгол Улсын насанд хүрсэн 400 мянган иргэн элэгний В, С вирустэй” гэх судалгааны дүн бий. 2012 онд элэгний хорт хавдар гэсэн оноштойгоор 1612 хүн, 2013 онд 1890 хүн нас барсан. Уг нь С вирусийг эмчлэх эм гарчихсан. Гэтэл дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёр чинь өөр юм яриад байна. Энэ талаар Н.Удвал сайдаас тодруулмаар байна” гэсэн.

Үүнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Бидний зүгээс тооцоо хийсэн. Жилд 15 мянган хүн энэ эмийг хэрэглэнэ гэж тооцвол 160 гаруй тэрбум төгрөгийг бид даатгалаас гаргах учиртай. Иймээс энэ талаар сайн судалж үзье гээд эм оруулж ирэх асуудлыг буцаасан. Тухайн байгууллага нэг эмийг 900 ам. доллараар тооцсоныг манай дэд сайд “1800 ам.доллар болго” гэж ярьж явна.

Тиймээс энэ асуудлаар холбогдох хуулийн байгууллагад хандаад байна. Дэд сайд Ж.Амарсанаа Эрүүл мэндийн яаман дээр В, С вирустэй хүмүүсийг бүртгэнэ гээд хувийн эмнэлэг шигээ болгочихлоо” гэж мэдээлсэн юм. Тэгвэл энэ талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаагаас тодрууллаа.

 -Эрүүл мэндийн сайд Н.Удвал УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр таныг элэгний С вирусийн эмийг АНУ-аас хоёр дахин өндөр үнээр оруулж ирэх гэж байгаа талаар мэдэгдсэн. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Бид нэгдүгээрт үндэснийхээ эрх ашгийг бодох ёстой. Элэгний С вирусээс гаралтай элэгний хатуурал, хорт хавдраар өдөр бүр хүн нас барж байна. Иймээс би энэ эмийг нэг өдрийн өмнө ч гэсэн оруулж ирэхийн төлөө ажилласан.

Оруулж ирэхдээ ердийн үнээр биш АНУ-д худалдаалж байгаа үнээс 44-50 дахин хямд өртгөөр оруулж ирэхээр ярьсан юм. Гэтэл энэ ажлыг гуйвуулаад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Н.Удвал сайд буруу мэдээлснийг хараад би үнэхээр харамссан.

-Өмнө нь энэ эмийн талаар Н.Удвал сайдтай зөвшилцөж ярилцсан байх. Тухайлбал, таныг 900 ам. долларын эмийг 1800 ам.доллараар оруулж ирэх гэж байгааг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан гэсэн шүү дээ?

-Энэ их энгийн зүйл л дээ. Н.Удвал сайдад мэдээлэл хэрэгтэй байсан бол би хангалттай өгөх байсан. Гэтэл тэгсэнгүй. Ер нь бол элэгний С вирусийн нэг сарын эмчилгээний өртөг нь 300 ам.доллар. Хэрэв гурван сар эмчилгээ хийлгэвэл 900 ам.доллар болж байгаа.

Харин зургаан сар уг эмийг хэрэглэвэл 1800 ам.доллар л болох юм шүү дээ. Өөрөөр хэлбэл, курс эмчилгээ нь 1800 ам.доллар болно. Ер нь гайхаж будилаад, сандраад байх шаардлагагүй асуудал.

-Таныхаар бол курс эмчилгээний үнийг хэлж байгаа юм байна. Энэ эмийг заавал зургаан сар хэрэглэж байж үр дүнг нь мэдэрнэ гэсэн үг үү?

 -Би яагаад 1800 ам.доллар гэж яриад байна вэ гэхээр монголчуудын элэгний С вирусийн 98 хувь нь 1б гимопиф гэж төрөл байдаг. Энэ вирус нь эдгэрэхдээ удаан, зургаан сарын эмчилгээ нь илүү үр дүнтэй учраас 1800 ам.доллар гэдэг.

 -Ийм учиртай гэдгээ Н.Удвал сайдад өмнө нь тайлбарлаагүй байсан юм уу. Эсвэл анхнаасаа таны саналыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн юм уу?

 -Манай сайд энэ талаар мэдээлэл муутай байж болно. Гэхдээ надаас мэдээлэл авах боломж байсан гэдгийг би хэлээд байна шүү дээ. Тухайлбал, утсаар ярьж болно. Уулзаж болно. Би өнгөрсөн оны гуравдугаар сард АНУ яваад ирсэн даруйдаа Н.Удвал сайдтай уулзсан.

“За сайд аа, би маш том ажил амжуулаад ирлээ. Монгол Улсдаа энэ эмийг маш хямд үнээр оруулж ирэхээр боллоо. Яаралтай оруулж ирэх тал дээр хамтарч ажиллая” гэдэг санал тавьсан. Тухайн үедээ “За” гэсэн. Гэтэл одоо яагаад ийм сонин зүйл яриад хүн гүтгээд байгааг ойлгохгүй байна.

-Н.Удвал сайд хуралдааны үеэр таныг ТЕГ-т шалгуулна гэдгээ албан ёсоор хэлсэн. Таныг ТЕГ-аас дуудаж байцаалт авсан уу?

-Одоогоор намайг шалгах талаар ямар нэгэн албан бичиг ирээгүй байна. Цагдаа, тагнуул аль алинаас нь мэдэгдэл ирээгүй. Харин би хүний нэр хүндэд ийм увай гүй байдлаар халдсанд нь хариу арга хэмжээ авна. Цаашлаад буруу мэдээлэл түгээж миний нэр хүндэд ноцтой халдсан асуудлаар шүүхэд хандана.

Б.Цэцэгдэлгэр

Эх сурвалж: