sonin.mn

УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр шинээр томилох сайд нарын асуудал хүлээгдэж байна. МАН  пээрх асуудлаар завсарлага авсан бол Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар Шударга ёс эвсэл завсарлага авсан. Энэ бүхэн  төрийн ажлыг гацааж байна хэрэг  мөн үү?

-Хэлдэг зүйлээ л давтан хэлмээр байна. Нэг засгийн газрыг огцруулаад оронд нь дахиад засгийн газрыг томиллоо гээд Монголд дорвитой том өөрчлөлт гарах найдваргүй болчихоод байна. МАН сөрөг хүчний хувьд Троцкийн үргэлжилсэн хувьсгалын онолоор л явж байна, сонгууль дөхөх тусам “муу тусмаа сайн” гэдэг зарчмаар.

Байгаа системийнхээ хүрээнд энэ нь зөв болчихоод байна л дээ. Гэхдээ энэ засагт муу юм бий бий. Түүнийг өргөс шиг түүгээд өвчнөөс салах, хямралаас гарах бололцоо өнөөдрийн ч, дараагийн ч засгийн газарт байхгүй. Өмнөх засагт ч байгаагүй.

Энэ бүхний нийтлэг шалтгаан, зовлон бол манай төрийн тогтолцоо, Үндсэн хуулиас үүдэлтэй улстөрийн тогтолцооны гажуудал гэж би хардаг. Завсарлагууд АН сөрөг хүчин байхад ч байсан, МАН-ын үед ч үргэлжилнэ. Хямрал ч үргэлжилнэ. Эцэстээ хувьсгалаар шийдэгдэнэ. Гарцаагүй. Энэ хувьсгалыг ямар замаар хийх вэ гэдэг сонголт л бидэнд байгаа юм.

-2015 оны төсвийг УИХ хэлэлцэх гэж байна. Төсвийн төслийн талаар таны дүгнэлт?

-Манай төсөв дандаа л буруу батлагддаг. Сайхан төсөвтэй байгаад энэ засгийн үед л балраад уначихав уу гэвэл тийм биш. Ердөө ганцхан жилийн настай төсвөө баталсан хэмээгээд дараа нь тодотгодгийг тэгэх ёстой л юм шиг хэн ч тоохоо байж.

Үнэндээ хариуцлагагүй л байсан, байгаа, цаашид ч байх болно. Гэхдээ энэ засгийн үед төсвөөс гадуур маш их хөрөнгө мөнгө хяналтгүй эргэлдүүлсэн, маш их гадаад өр тавьж түүнийгээ үр ашиггүй, ойрын хугацаанд ашгаа өгөхгүйгээс өрөө эргэн төлөх боломжгүй төслүүдэд оруулсан маш том алдааг би өмгөөлж чадахгүй.

Хэмнэлтийн зарчмыг барьсан төсөв болсон гэж ерөнхий сайд тайлбарлана билээ. Ингэх шалтгаан нь засаг мундаг, арвич хямгачдаа биш, нөхцөл байдал ингэхээс өөр аргагүй байдал руу түлхэж байгаа. Шүүмжлэх зүйл хэд хэд байна.

Орон нутгийн бие даасан байдлыг хангаж төвлөрлийг сааруулна гэсэн тайлбартайгаар хөрөнгө оруулалтыг орон нутагт шилжүүлж байна. Хэдхэн жилийн өмнө ийм байгаад идэж уудаг, найрлаж наадамладаг нь хэрээс хэтэрч буцаад төвлөрүүлж эмх цэгцэндээ орж байсныг мартаж болохгүй.

Хөрөнгө зарцуулах эрхийг орон нутагт өгөхдөө хяналт тавьдаг, хатуу хариуцлага тооцдог механизмыг нь давхар хийхгүй бол хөрөнгө мөнгө дутагдалтай энэ үед өмнөх үрэлгэн нөхцөл байдал руугаа буцаад л орвол бүр дор юм болно.

Төвлөрлийг сааруулахын тухайд бодолцох асуудал их бий. Монгол бол нэг үндэстний нэгдмэл төр. Нийтлэг эрх ашгийг байнга бодож, хяналт нэгдлээ хангаж байх схемээ давхар хийхгүй бол нэг мэдэхэд өмнө зүгт Өмнөговь улс, зүүн талд Чингис улс, баруун талд Баян-Өлгий улсын автономит эрх авна гээд орж ирж  мэдэх л байх. Өөр улсад нэг аймаг төлөөлөгчийн газраа нээчихсэн байсан түүх ч холдож амжаагүй л байна.

Бид гадагшаа ганц л гарцаар харьцах ёстой. Нийслэлийн эрх хэмжээ хэтэрч, улсын бодлоготой уялдаагүй аж үйлдвэрийн парк ярих боллоо. Манай үндсэн хуулийн гажиг эндээс гарч эхэлдэг. Холбооны улсын үндсэн хуулийн шилжилтийн үеийн хуулбар өнөөдөр юу ч шийдэх аргагүй болгож байна.

Манайд нутагшихгүй байна. Аймгийн цэцэрлэг, сургууль, гудамжны хөрөнгө оруулалтын талаар бодохгүй амар боллоо, ашгүй гэж ачаанаас залхахын оронд илүү үр ашигтай, оновчтой механизм бодож олох ёстой гэдэг талд би байдаг.

Бас төрийн өмчийг орон нутагт хувьчилснаар 150 тэрбум төгрөг оруулна гэж төсөвлөсөн байна лээ.  Өмч хувьчлал манайд баялгийн шударга бус хуваарилалтын том жишээ болсон. Байгаагаа яаран зарж хэдэн цаас олохоор адгахын оронд яаж үр ашигтай хэрэглэж, байнга өгөөжийг нь хүртэж төсвийн орлогыг нэмэгдүүлдэг болгох вэ гэдгийг түрүүлж бодмоор юм шиг санагдах юм.

Юм бүхнийг хувьд  өгчихөөр л нийгэм сайхан болчихгүй. Хэрэв хувийнхан төрөөс мундаг юм бол 70 жил босгосон манай аж үйлдвэрийн бүхэл бүтэн систем сүйрэхгүй л байсан. Төр муу менежер гэдэг хэлцийг би дэмждэггүй.

“Бид төрөө бужигнуулан байж ганцхан тэрбумыг хэмнэж байхад Оюутолгойн 200 тэрбум төгрөгийн татварыг нь зүгээр л хүчингүй болгож байна”

-Ирэх онд Оюутолгойгоос орж ирэх мөнгийг та чамлаж байгаагаа чуулган дээр хэлж байсан?

-Хэрэв Оюутолгойн далд уурхайн ажил цаашаа явбал ирэх оны төсөвт 300 тэрбум төгрөг орж ирэх юм байна. Далд уурхайн хөрөнгө оруулалтад яригдаж байгаа олон дүнгүүдээс хамгийн багаар буюу 4,9 тэрбум долларын зээл авч зарцуулна гэвэл 1,6 тэрбум доллар нь манай талд оногдох зээл болно гэсэн үг.

1,6 тэрбум долларын олон жилийн өр тавиад жилд олох 300 тэрбум төгрөгийн орлогын тухай ярьж байна гэсэн үг. Гэтэл бид өмнө нь зээлсэн 34 хувьд ноогдох мөнгөний хүүд төлж байгаа төлбөр бараг 300 тэрбум төгрөг болж байгаа. Юун ноогдол ашиг авах, харин ч гадныханд хүү төлөөд баларч байна. Эрүүл ухаанаар бодоход байж боломгүй байгаа биз? 20 мянган хувьсагчаар бодохоор өөр байж магадгүй л юм.

Энэ төслийн нийт үр ашгийг тооцож байна уу? гэсэн миний асуултад засгийн газар хариулаагүй. Үүнтэй холбоотой асуулгыг засгийн газарт тавьсан байгаа. Хариу ирээгүй байна.

Дээрээс нь “Манай татварын алба яахаараа 130 сая ам.долларын татвар төлүүлнэ гэчихээд 30 сая болгочихов?” гэж асуухад татварын албаны нэг нөхөр “100 сая нь манай байцаагчийн үзэл бодол, үзэмжээр тогтоосон” учраас буцаасан гэв үү, хачин марзан юм ярьсныг бүгд сонссон.

Гишүүдийн ярих цаг хязгаартай учраас ахиж лавлах боломж гараагүй, цаг байсан бол би “Манай төсвийн хэдэн хувь нь хуулиар, хэдэн хувь нь байцаагчийн үзэмжээр бүрддэг юм бэ?” гэж асуух байсан юм. Тэр нөхрийнхөөр бол дотоодын аж ахуйн нэгжүүдээс авч байгаа татварын гуравны хоёр нь хуулиар бус үзэмжээр бүрддэг юм байна л даа.

Энэ нөхөд “итгэл үнэмшлээрээ, үзэмжээрээ бизнес эрхлэгчдийг дарамтлаад байдаг юм биш биз? Ингэж өндөр татвар тогтоочихоод итгэл үнэмшлээсээ хэдээр ухардаг юм бол! Бас нэг асуудал байгаа нь Оюу толгойд хийсэн татварын шалгалтын материалыг нууцад тооцсон байна.

Ер нь Оюу толгой, жирийн дэлгүүр хоёр татвар төлөгчийн хувьд ямар ялгаатай юм бэ? Адилхан л Монголын аж ахуйн нэгж. Гэтэл нэгийг нь итгэл үнэмшлээр дарамтлаад, нөгөөгийнх нь шалгалтыг нууцлаад байдаг хоёр нүүр Монголын засагт байж болох уу? Тэр тусмаа дотоодынхондоо халтай, гадныхан талтай байж болохгүй.

-Та тэр нууцыг ил болгохоо амласан? Хэзээ вэ?

-Тэнд монгол хүнээс нуух юм байхгүй. Бүхлээрээ бол олон нийт ойлгоход түвэгтэй байж мэднэ. Эхний ээлжинд ойлгомжтой хэсгүүдээс түүвэрлэн гарганаа. Оюутолгойтой нилээд нухацтай үзмээр байгаа юм.

Бид төрөө бужигнуулан байж ганцхан тэрбумыг хэмнэж байхад 200 тэрбум төгрөгийн татварыг нь зүгээр л хүчингүй болгож байна. Ийм юм байж болох уу даа. Ямар ч монгол хүн үүнийг сонсоод бухимдмаар л юм. Оюутолгой бидэнд ямар ч хүртээлгүй баялаг болчихоод байна шүү дээ.

Бид 10 жил гудамжинд байхдаа үүгээр улстөр хийгээгүй юм. Нэр алдар, сонгуулийн төлөө Оюутолгойн гэрээг яриагүй юм. Сэтгэл өвдсөндөө өлсөж, тэмцэж байсан юмаа. Миний хувьд лав тийм. Өнөөдөр энд орж ирснийх, одоо илүү бодтой үр дүнгийн төлөө явах болно.

Давхар дээл барих зарчим болохоос мөрдөх хууль биш

-Засгийн  газрын бүтцийг өөрчилж, яамдын тоог цөөллөө. Өнөөдөр яамдыг хэн удирдах нь тодорхойгүй, ундуй сундуй байдалтай байна. Ер нь энэ бүтцийн өөрчлөлт нүдээ олсон шийдвэр байж чадав уу?

-Уул нь ганц нэг сайддаа хариуцлага тооцоод явсан бол асуудал арай намжмал байх бололцоотой байсан байж магадгүй. Гэхдээ нөгөө талаас нь харвал, Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал руу түлхэц өгөх талаасаа сайн чигтэй хөдөлгөөн байж бас магадгүй гэж харж байна.

Одоо засгийн газар байгуулж, огцруулж тоглодог улстөрийн тоглолтын үеийг дуусгавар болгох цаг болсон. Саяын өөрчлөлт томоохон салбаруудаа хэт төвлөрүүлж, бусад салбар нь тархай болчихлоо. Эрчим хүч, уул уурхай, хүнд үйлдвэр нэг яаманд төвлөрч байна.

Гэтэл хөнгөн хүсний үйлдвэр нь хөдөө аж ахуйтайгаа явж байна. Гурван дэд сайдтай байх уу? Барилга, зам тээвэр нэг яаманд төвлөрлөө. Аж үйлдвэрийн хамгийн гол салбарууд хэт төвлөрч байна. Гадаад харилцаа бол бие даасан том салбар, гэтэл гадаад худалдаа буюу эдийн засгийн нэг салбартай нэгтгэж байх юм.

Ганц оносон нь хөгжлийн яам, сангийн яам нэгдлээ. Гэтэл хөгжлийн яам нь авсан өрөө арилжааны банкуудад луйвардуулчихаад, уутаа эргүүлж сэгсэрчихээд нэгдэж байна. Уг нь тэр чигээр нь татан буулгах байсан юм. Хөгжлийн хороог Ерөнхий сайдын дэргэд сайд нараар бүрдүүлж улсаа хөгжүүлнэ гэж байх шиг байна.

Хөгжлийн бодлогыг, төлөвлөлтийг улстөрчид ярьж хийдэггүй, сайн мэргэжилтнүүд, эдийн засагчид, санхүүчид тооцож хийдэг. Сайд биш сайн мэргэжилтэн хөгжлийн бодлогод чухал баймаар юм. Манай сайд  нар ч өөрсдийгөө супермэн гэж боддог бололтой шиг билээ.

-Засгийн газраас сайд нарын нэрсийг өргөн барьсан. Сайдуудад хэр оновчтой хүмүүсийг нэр дэвшүүлсэн гэж үзэж байгаа вэ?

-Өнөөдрийн улстөрийн тогтолцоонд тухайн салбараа сайн авч явах мэргэжилтний сонголтын тухай яриа байхгүй. Одоо бол фракцуудын төлөөллийг оруулж чадсан эсэхээр л оновчтой оновчгүйн асуудал хэмжигдэж байгаа.

Тэгэхээр тэр нь төрийн гэхээсээ илүү эрх баригчдыг бүрдүүлж байгаа намын асуудал болж хувирна л даа. Ер нь саяхан манай зөвлөх Д.Ганхуяг бичсэн байсан. Ердөө 20 орчим хүний дунд л өндөр албан тушаалын хуваарилалт явж ирснийг тооцжээ. Энэ 20 гаруй супермэн л өнгөрсөн 25 жил асуудлыг шийдэж ирлээ шүү дээ. Төр өөрөө боловсон хүчний хомсдолд орсон.

-“Шударга ёс” эвслээс Н.Батцэрэг  гишүүнийг  дэвшүүлж байгаа. Бас Эрүүл мэндийн сайдыг өөрчилнө гэх албан бус мэдээлэл ч гарсан. “Шударга ёс” эвсэл, тэр дундаа МҮАН яг ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Засгийн газрын асуудлаар эвслийн байр суурь нэгдмэл биш байгаа нь мэдэгдэж байгаа байх. МАХН илүү идэвхтэй байна. Н.Удвал сайдын тухайд бүтцийн өөрчлөлтөд орсон яамдаас бусад яамдын асуудлыг ярихгүй гэсэн зааг байгаа юм. Хэрэв өөрчлөгдөж буй сайдууд дээр нэмж нэг л сайдын асуудал яривал бүтцийн өөрчлөлт нь хуулиараа Засгийн газраа шинээр бүрдүүлэх хэмжээнд хүрнэ.

Манай намаас оногдсон квотдоо өмнө нь М.Сономпил сайдыг томилсон. М.Сономпил сайд маш сайн ажилласан. Томоохон гэрээ  хэлэлцээрүүд хийгдэж, том төслүүд гацаанаас гарч, бүтээн байгуулалт энэ салбарт нүдэнд харагдаж гарт баригдахуйц өрнөлөө. Тавантолгойн цахилгаан станцыг манай намын дарга хариуцаж аваад махруу ажиллаж байна. Хариуцлагатай том төслийг хэрхэн бүтээдгийн үлгэрийг үзүүлэн ажиллаж байна.

“Оюутолгойн” гэрээг хийсэн хүмүүс ичихээр, цаашид Монголд хэрэгжих том төслүүдэд үлгэр загвар болохоор маш амжилттай ажиллаж байна. Ингэлээ гээд бид цээж дэлдсэнгүй. Бид энэ яамаа авч үлдэнэ гэж зууралдсан ч үгүй.

-Танай эвслээс, танай намаас нэр дэвшиж байгаа сайд нарын талаар?

-Би өмнө хэлсэн, намууд оногдсон квотынхоо хүрээнд л албан тушаал ярьдаг системтэй болохоор бусдын квотод оногдсон хүний тухай ярих зохимжгүй, утгагүй, бас яриад ч нэмэргүй. Манай тухайд гуравхан гишүүнтэй, нэг нь сайдаа өгсөн, Н.Батцэрэг гишүүнийг дараагийн сайдаар өргөн барьсан. Давхар дээлний асуудал ерөнхийлөгч тавьж байгаа юм билээ.

Хэрэв энэ тулгалтад гарцаагүй тулбал хоёр сонголт байгаа. Нэг нь Н.Батцэрэг гишүүн жагсаалтаар орсон учраас гишүүнээ өгч сайд болоод манай намаас жагсаалтын дараагийн хүн УИХ-д орж ирэх. Нөгөө нь манай нам оногдсон квотдоо УИХ-ын гишүүн биш хүнийг дахин ярих.

Сайд хийх чадвартай хүн МҮАН-д олон бий. Гэхдээ ерөнхийлөгч ч тэр, УИХ ч тэр давхар дээлний асуудлыг нэг хүнд биш сайд горилж байгаа нийт нэр дэвшигчиддээ тавих зарчим барих нь зүйтэй байх. Гэхдээ энэ бол барих зарчим болохоос зайлшгүй мөрдөх хууль биш.

-Давхар дээлтэй хүмүүсийг сайд болохыг та гишүүнийхээ хувьд хүлээн зөвшөөрөхгүй гэсэн үг үү?  

-Ер нь бол УИХ-ын гишүүнийг засгийн газрын сайдад нэр дэвшүүлэх бололцоо Үндсэн хуулиар байгаа. Давхар дээлгүй байя гэдэг зарчим дээр ойлголцоод хэрэгжүүлбэл ямар вэ гэж л байгаа байх. Түүнээс хатуу хориглох ямар ч эрхгүй. Үндсэн хуулиас илүү эрх эдлэх гэсэн оролдлого Ерөнхийлөгчид байж таарахгүй. Эсвэл Үндсэн хуулиа өөрчил.

Нөгөө татварын албаныхан шиг Үндсэн хууль нь байсаар байтал “итгэл үнэмшилдээ хөтлөгдөөд” зарим заалтыг нь мөрдөхөө больё гэж ярьж болохгүй шүү дээ. АН-ынхан шивнэлдэж л байна билээ, “АН давхар дээлтэй байж болдоггүй, МАН болдог юм уу” гэж. Д

авхар дээлний асуудал Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л шийдэгдэнэ. Миний бие бие даагч гишүүдтэй хамтарч давхар дээлгүй байлгах асуудлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан байгаа.

Одоо бол давхар дээлтэй байх эрх нь Үндсэн хуульд нээлттэй байгаа болохоор бид хичнээн хүсэл байвч олонхоороо санал өгөөд шийдээд явбал хууль зөрчсөн үйлдэл болохгүй л дээ.

Шударга ёс эвсэл шударга байж чадахгүй бол би сонголтоо хийнэ

-Та намаа шүүмжилсэн ярилцлагыг хэд хэдэн удаа өгч байсан санагдана. Харин сая өмгөөлж байна. Ер нь танай нам дотоод  зөрчил багатай, сайн ойлголцдог юм шиг санагддаг?

-Миний шүүмжлэлтэй хандлага хэвээрээ байгаа. Тодорхой ажил хариуцаад ирэхээр зөвхөн түүнтэйгээ зууралдаад ерөнхийгөө олж харах нь багасдаг тал бий. Энэ тал дээр би шүүмжилдэг. Монголын улстөрд үзэл санааны огт өөр чиг баримжаа гаргаж ирсэн, үзэл санаа илүү тогтворжсон намын хувьд улстөрийн энэ чиглэлээ хэт орхигдуулж байгааг би шүүмжилдэг.

Энэ нь улстөрийн намын хувьд хамгийн чухал ажлаа хийхгүй байна гэсэн үг. Эвслийн хүрээнд мөрийн хөтөлбөрөө биелүүлэх, сонгогчдод амлаж байсан “Монголоо өөрчлөх таван хувьсгал”-аа санаж түүндээ чиглэсэн улстөрийн үйл ажиллагаа явуулахгүй, түүний оронд сандал суудлыг илүү чухалчилж байгааг би сануулдаг. Өнөөдөр ч тэгж байна.

Надад манай намын нэг л араншин таалагдахгүй байна. Хөгширчээ, бас хэт идэвхгүй хөшүүн байна. Хөгширч хөшсөн үндэстний “үндэсний үзэл” гэж л ийм юм байдаг байх гэмээр сул дорой байна, манай нам. Бусдын хөдөлгөөн дундаас ашиг харж суулгүй өөрсдийн үнэ цэнээ бий болгож амьдрах ёстой гэж би боддог.

Тав алхахгүй нурж унах төрөөс сайдын албан тушаал авахын төлөө идэвх гаргахын оронд төрийн шинэтгэлийн төлөө, өөрсдийн боловсруулсан тав дахь үндсэн хуулиа ярьж баймаар. Таван хувьсгалын хамгийн том нь энэ шүү дээ.

-АН МАХН  гэрээ байгууллаа. Нэг эвсэлд байдаг хоёр намын нэгийг нь орхиод нөгөөтэй нь гэрээ байгуулсныг олон хүн гайхаж байна. Ерөнхий сайд харин мэдэгдэл хийх үеэр МҮАН-тай гэрээ байгуулахаар ярьж байгаа, удахгүй гэрээ хийх байх гэж мэдэгдсэн. Энэ талаар танай нам ямар байр суурь баримталж байгаа вэ?

-МАХН МҮАН хамтарч “Шударга ёс” эвслийг байгуулахдаа хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан, гэрээ байгуулсан. Бид тодорхой нэг зорилгын төлөө эвссэн, түүнийхээ төлөө хамтран ажиллах ёстой гэж ойлгож байсан.

Бидний гэрээ бол Монголыг өөрчлөх, нийгэмд шударга ёсыг тогтоох илүү том зорилго, том агуулгатай гэрээ гэж би ойлгож байгаа. Том зорилгынхоо төлөө, амлалтынхаа, өмнөх гэрээгээ биелүүлэхийн төлөө явахгүй байж дараагийн сонгуульд хамтрах тухай өөр нэгэнтэй гэрээ байгуулна гэдэг бол шалиг зан.

МАХН МҮАН-ын “Шударга ёс” эвслийн үйл ажиллагаанд би шүүмжлэлтэй хандсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд “Шударга ёс” эвслийн нэрээр өргөн баригдаж батлагдсан нэг ч хуулийн төсөл байхгүй. Эвслийн гишүүдийн өргөн барьсан нэг ч хуулийн төсөл батлагдаагүй байгаа.

Ийм эрх баригч байдаг юм уу? Эрх баригч бол эрх баригч шиг байж ядаж нэг хуулийн төсөл батлуулъя. Эс чадвал сонгогчдынхоо “Шударга ёс” эвсэлд өгсөн 23 хувийн саналд таарсан байр сууриа эзлээд явах ёстой байсан. Миний бие анхнаасаа АН-тай эвсэж засгийн газар байгуулахыг дэмжээгүй цорын ганц гишүүн.

“Шударга ёс” эвсэл өнөөдрийг хүртэл хэдэн хүний сайдын албан тушаалд очих гүүр, улстөрийн жижиг сажиг тохиролцооны хэрэглүүр төдий байгаад маш их харамсаж байна. “Шударга ёс” эвсэл шударга бус зүйлийн халхавч байсаар байвал би хүлээн зөвшөөрөхгүй.  

-Та эвслээс гарна гэсэн үг үү?

-Хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал өөрөө өөртөө шударга үлдэх сонголт хийсэн нь зөв болох байх. Гэхдээ орхиж явах бол хэзээд байдаг хамгийн амархан сонголт. Эвслийн байр сууриар хэд хэдэн зөв зүйл хийх ёстой гэж бодож байна.

Ашигт малтмалын хуулийг зөв болгож батлуулах, Оюутолгойн гэрээг засч монголчууддаа ашигтай болгох, түрээсийн хууль, ҮАБЗ-ийн тухай хуулиас эхлээд өргөн барьсан хэд хэдэн хуулийг төслөө батлуулахад эвсэл идэвхтэй оролцох ёстой. Таван хувьсгалдаа багтсан Үндсэн хуулийн өөрчлөлтөөр дамжсан нийгмийн шинэчлэл рүү хөтлөхөд идэвхтэй байх ёстой. Өмнөө байгаа боломжийг ашиглахын төлөө явах нь л хамгийн эхний эрүүл сонголт.

УИХ-д бүлэгтэй байж, түүгээрээ шахалт үзүүлж зөв шийдвэр гаргуулах боломжийг ашиглах ёстой. Хоёр жил гаруйн хугацаанд манай бүлэг албан тушаалд хүмүүсийг тавихад л бүлгийн хэргийг гаргасан болохоос асуудал шийдэхэд ашигласангүй.

Одоо асуудал шийдэхийн төлөө идэвхтэй ажиллах ёстой, би ч өмнөхөөсөө илүү шахаж хэсэг хугацаанд ажиллана. Орхих бол хамгийн сүүлчийн, найдвар барагдсан сонголт байна байх.

Бид маш хүнд өвчилсөн, эдгэхийн тулд бүгдээрээ өвдөж шаналж зовох л болно

Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг сөрөг хүчний зүгээс хүчтэй тавьж  байна. Ингэлээ гээд байдал дээрдэж, эдийн засаг сэргэх үү?

-Газраа ухаж зараад, эдийн засгийн өсөлт цаасан дээр 17 хувь хүрээд эдийн засаг жинхэнээсээ сэргэдэггүйг бид биеэрээ мэдэрлээ шүү дээ. Засгаа хичнээн солиод ч дээрддэггүйг мөн нэгэн адил мэдэж авсан, өнгөрсөн 24 жилийн хугацаанд.

Дээрээ зөв бодлоготой, түүнийхээ төлөө тууштай байх төрийн зөв бүтэцтэй болсон цагт эдийн засаг аажим боловч бат суурьтайгаар сэргэх нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр АН-ынхан адгаад байх юм. 17 хувийн өсөлтөөс унагасан учраас түүнийгээ ямар ч аргаар хамаагүй буцааж сэргээе, ингэхийн тулд өмнө МАН-ын эрх барьж байх үеийн хуулийн орчинд л оръё гэж байх шиг байна. Тийм үлгэр байхгүй.

Өнөөдөртөө эдийн засгийг бүр нураачихгүйн тулд өр тавих аргыг засгийн газар сонгож байна. Өрийн удирдлагын хуулийг өөрчилж өрийн босгыг ДНБ-ий 70 хувьд хүргэх хууль батлах, тэгээд нэмж зээл авах, бас Оюутолгойн дараагийн зээлийг авч тэндээс жаахан мөнгө авах.

Ийм хоёр том гарцаар л эдийн засгаа харж байна. Хоюулаа өр тавих. Хувийн хэвшил, төрийн нийлээд тавьсан гадаад өрийг харвал аюултай хэмжээнд хүрсэн. Хувийн хэвшлийнхний тавьсан өр Засгийн газрынхаас илүү байна. Хувийн хэвшлийнхний тавьсан гадаад өр гэдэг бол бараг л ордууд барьцаалсан өр байгаа нь ойлгомжтой шүү дээ. Ингэж үзвэл хувь хүнд гэхээсээ илүү бидэнд бүгдэд нь бас л хамаатай өр болж хувирна.

Өнөөдөртөө бид л болж байвал болоо, 30 40 жилийн дараа яах нь маньд хамаагүй гэдэг хэт харгис зарчмаар эдийн засгийг удирдаж боломгүй санагдана. Дотоодоо улстөрийн хувьд цэгцэрч, алсын хараатай бодлоготой болж, түүнийгээ тогтвортой хэрэгжүүлж байж л хүндрэлээс гарна.

17,6 хувийн өсөлтийн гол шалтгааныг манайхан уламжлал ёсоор гадны хүчин зүйлээр л тайлбарлаад байдаг юм. Тэр өсөлт иргэдэд мөнгө тараасны дараа бий болсныг анзаардаггүй, эсвэл тэгж хэлэхээс бултдаг.

Иргэд мөнгөтэй болсон, худалдан авах чадвар сайжирсан, түүн дээр үл хөдлөх хөрөнгө, банкны бизнес цэцэглэсэн, ганцхан тэр мөнгийг дотооддоо шингээх үйлдвэрлэл байгаагүй учраас ихэнх нь импортод шингээд зүйл дууссан.

Тараасан мөнгө иргэдэд ч улсад ч хуримтлал болж чадаагүйд л асуудлын гол бий. Хотын иргэд лизингээр хуучин машин аваад л дуусгасан. Малчид банкнаас авсан хүүхдийн сургалт, мотоциклийнхоо өрийг хааж нэг амьсгаа авсан. Тиймээс үйлдвэрлэлийг дэмжих ёстой.

Мөнгө тараагаад эдийн засаг сүйрсэн гэж байгаа хүмүүсийг би огт ойлгодоггүй. Хэрэв тараагаагүй бол МАНАН-гийн бүлэглэлүүд тэр хуримтлалаар улсаа хөгжүүлэх байсан уу? гэж сөргүүлж асуух ёстой.

Тэрбум тэрбумаар нь доллар болгоод сая саяар нь оффшор бүсэд л байршуулах байсан. Тэгээд байдал эвгүйцвэл зугатчихдаг биз дээ? Бид харж л байна шүү дээ. Энэ бол холын түүх биш бидний хажууд байгаа, туучиж байгаа амьдрал.

-Дотооддоо цэгцрэхэд хугацаа хэрэгтэй гэлээ, тэр хооронд эдийн засаг улам л муудах байх даа?  

-Монголын улстөр, нийгэм маш хүнд өвчилсөн. Эдгэхийн тулд өвдөнө, шанална, зовно. Түүнээс бултах аргагүй. 24 жилийн нийгмийн ужгирсан өвчний хүндрэл биднийг аргагүй буланд шахаж байна. Бултаж зайлах газаргүй боллоо.

Одоо зовлонтойгоо зоригтойгоор нүүр тулах хэрэгтэй. Бууж өгөөд улс үндэстнээ сөхрөөж мөхөөж болохгүй. Тэмцээд, тулаад, зовлонг нь туучаад давж гарах хэрэгтэй.

Мэдээж үүний тулд нийтээрээ монголчуудаараа маш сайн ойлголцолд хүрч хамтын хүчээр л даван туулна. Тэр бэлтгэлээ бас хангах л ёстой болно доо. Үүнийг даван туулахад хамгийн том хүндрэл нь эв нэгдэл, зөвшилцөл, ойлголцол байх байх даа.

Идэж уусан өмнөх үеийнхний алдааг үүний эсрэг тасралтгүй тэмцсээр байгаа надад наахад би эмзэглэдэг

-Одоо Шинэчлэлийн Засгийн газар л улс орныг элгээр нь хэвтүүлчихсэн мэтээр  ярьж байна. Эдийн засгийн энэ хүнд нөхцөл байдалд нөлөөлсөн гол хүчин зүйл юу  вэ?

-Зовлон илбэ шидийн мэт гэнэт гарч ирээгүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа. Манай засгийн үед арай дээр байсан, танай засгийн үед бүүр дордлоо гэдэг бол би чамаас өндөр боловсролтой, чи дөнгөж гуравдугаар анги төгссөн байхад би дөрөвдүгээр анги төгссөн гэдэгтэй адил юм.

Нөгөөх нь ч та нарын ялгадсыг цэвэрлэж байнаа гээд хөлсөө арчих хэрэггүй дээ. Өнгөрсөн 25 жилийн Монголын түүх бол зөвхөн МАН АН-ын л засаглалын түүх. Энэ хоёр намын эвсэл, хуйвалдаан, сөргөлдөөний түүх. 20,30-тай төрд гараад өнөөдөр 50, 60-тай буурал болтлоо төрд байгаа энэ үеийнхний засаглалын түүх.

Эдийн засгийн хүндрэлийн үндсийн үндэс болсон хамгийн том шалтгаан нь төргүй болсон эмгэнэл, төргүй учраас бодлогогүй, алсын хараагүй, үндэсний эрх ашиг гэдгийг мартсанаас үүдэлтэй юм, үнэндээ.

Бүхнийг хувьчил, тэд л улс орныг хөгжүүлчихнэ, төр шиг муу менежер байхгүй учраас төрийг сулруулаад л, хүчгүй болгоод л бай гэдэг суртал, түүнийг хэрэгжүүлэгчид л Монгол төрийн хамгийн том дайсан болоод байна даа өнөөдөр, харамсалтай нь.

Дахин хэлмээр байна, хувийнхан, бизнес бол ашгийн төлөө явдаг, түүнийг нь буруутгах ямар ч үндэс байхгүй. Тэд улс орны, үндэстний ирээдүйг үндсэн зорилгоо болгох үүрэггүй. Ийм үүрэг хэнтэй ч хуваалцахгүй зөвхөн төрд л байдаг.

Ийм үүргийг хүлээлгэж үе үеийн ард иргэд төрөө сонгодог. Харин Монголыг төргүй болгох бодлогод бид хууртаж 25 жил явснаа одоо ухаарах хэрэгтэй. Ухаарч сэхээрээд засах хэрэгтэй байна. Энэ бол Үндсэн хуулийн өөрчлөлт.

-Та бол парламентад орж ирсэн шинэ гишүүн. 24 жилийн түүх бол өмнөх үеийнхний түүх гэж  хэллээ. Танд энд түүхээ өөрөөр бичих бололцоо байна уу?

-Үнэхээр хүлээсэн асуулт асуулаа. Энэ удаагийн их хуралд миний үеийнхэн арав гаруй гишүүн бий. Бид арай өөр соёлыг улстөрд хэвшүүлэх ёстой гэж би боддог. Хатуу хуваагдсан намын зарчмыг шинэ үеийнхэн үргэлжлүүлнэ гэвэл бид дахин энэ эмгэнэлийг үргэлжлүүлнэ гэсэн үг шүү дээ.

Бидэнд өмнөх үеийнхэн шигээ төр түмэндээ хийсэн алдаа алга. Идсэн уусан гэх муу нэр алга. Төрөө зөв болгох сайхан сэтгэл, итгэл үнэмшил давамгайлж байгаа.

Өнөөдөр үнэндээ 76 гэдэг тоон дунд оруулаад өнгөрсөн үеийн бүх муу муухайг давхар нялж хаяад байгаа болохоос бусдаас ялгаатай хүмүүс энд байгаа. Тэр ялгаагаа нийгэмд гаргаж ойлгуулах ёстой, нөхөддөө ч энэ талаар хэлдэг. Нийгэм тэр чигээрээ ийм ялгаа харахгүй сохорч болохгүй шүү дээ.

-Таны хувьд арай өөр байж магадгүй. Гэхдээ таны үеийн боловч өмнөх улстөрд маш гүнзгий хутгалдсан хүмүүс цөөнгүй бий шүү дээ.

-Би ерөнхий дүр зургаар нь харж хэлж байна л даа. Нэгбүрчлэн түүж харвал янз бүрийн л хүмүүс байгаа байх. Тэр болгоныг ялгаж хардаг эрүүл, хараа сайтай байх шаардлага бас нийгэмд байх шиг надад санагддаг. Далтоник гэж нэг өвчин байдаг юм байна л даа.

Тэр нь харааны эрхтэн системд ямар нэг гажиг үүссэнээс хүний нүд өнгө ялгаж таньж чадахаа больчихдог юм байна. Бүх зүйлийг нэг өнгөөр хардаг, эсвэл зөвхөн хар цагаанаар хардаг болчихдог өвчин байдаг юм байна. Өнөөдөр Монголын нийгэм яг ийм өвчин тусчихаад байх шиг надад санагдах боллоо. Эсвэл тусгаад байна уу?

Жишээ нь, УИХ-д байгаа 76 гишүүнийг бүгдийг нь хог новш шиг харж тэнд авах юм байхгүй юм шиг адлах хандлага өнөөдөр давамгайлж байгаа биз? Энэ бүхнийг өөрчил гэж томилж оруулсан хүмүүсээ хүртэл нөгөөдүүлийнхээ нэг болгон ердөө сонгосныхоо маргааш л хараан зүхэхийг би нийгэм далтоник туссаны шинж гэж харж байна.

Бүх хүнийг хараан зүхэх, үзэн ядах нь асуудлыг шийдэх гарц мөн үү? 25 жил монголын төрд тасралтгүй байсан, энэ бүх хугацааны алдаа оноог үүрэх учиртай хүмүүс нь тодорхой байна. Зарим нь өнөөдөр их л шударга дүр эсгээд, зарим өөрийгөө Ванга гээд бодчихсон гудамжнаас исгэрээд байна.

Нийгэм буруу тийшээ яваад байна шүү гэж сэтгүүлчийн ажлаараа байнга сануулж сэрэмжлүүлж, болохгүй бүтэхгүйтэй нь жагсаж цуглаж өлсөх хүртэл улстөрийн хамгийн хатуу тэмцэл хийж байсан, өдгөө ч парламент дотор хэт цөөнх боловч бүүр л амаргүй тэмцлийг хийж байгаа миний хувьд зарим хүмүүсийн алдааны шавар шавхайг наахад үнэхээр эмзэглэдэг, бухимддаг.

Бусадтай харьцуулбал би зүгээр суугаад шүүмжилж байгаагүй. Бүгд рүү нь шавхай цацаж сэтгэгдэл бичиж харааж зүхэж суухын оронд хэн юу хэлж, ярьж, юуны төлөө байна вэ гэдгийг маш сайн ялгаж хараад бодтой дэмжлэг үзүүлж ухаантай байж, идэвхтэй байр суурь баримтлах ёстой гэж боддог. Энэ бол шинэ үеийнхний эрүүл шинж чанар байгаасай гэж үнэхээр хүсч байна.

Харин бидэнд залгамж чанар гэж юм байх ёстой. Өмнөх үеэсээ юуг нь залгамжилж авах, юуг нь гээх вэ гэдгийг бид ухаалгаар шүүх хэрэгтэй байх. Намаар талцаж нийгмээ хуваасан, тэгсэн хирнээ мөнгө хөрөнгө, орд газраа хувааж авах болохоороо тэрүүхэндээ намын ялгаа, хяналт байхгүй, идэж уухын эв нэгдэлтэй байдаг чанарыг таягдан хаях уяиртай.

Тиймээс л Үндсэн хуулиа өөрчилж өөрийн эрхгүй буруу тийш хөтөлдөг Үндсэн хуулийн төр байгуулдаг зарчмыг өөрчлөх ёстой гээд байна. Юуны өмнө намын хатуу гишүүнчлэлийг болиулах. Энэ хуулийг өмнөх парламентын төгсгөлд өргөн барьсан ч одоо болтол хэлэлцэхгүй дарж байна. Харин МАК-д орд өгөх болохоор дөрвөн ч хуулийн заалтыг нэг хуралдааны өдрийн үдээс өмнө л хийчихэж байна.

Төр хангалттай тодорхой хугацаанд тогтвортой ажилладаг бүтэцтэй баймаар байна. Монголын төр бүхий л үедээ ажил гацааж зогсоодог, түүнээсээ улстөрийн ашиг олж дараагийн сонгуульд амжилт олох нөхцлөө бүрдүүлдэг сөрөг хүчинтэй байж болохгүй. Энэ бол ёстой үргэлжилсэн хямралын орчин болчихоод байна.

Парламент эерэг сөрөг гэж дотроо талцалгүй, бүгдээрээ нийлээд Монголыг хөгжүүлэхийн төлөө зүтгэдэг, бүгд нийлээд Монголд эерэг хүчин баймаар байна. Ийм өөрчлөлтийг Үндсэн хуульд хийх хэрэгцээ шаардлага үүсээд байгааг бүхий л түвшиндээ өнөөдөр ойлгож эхэлж байна гэж харж байна. Үүний төлөө бололцоотой, өнөөдрийн нөхцөлд өөрөөс шалтгаалах бүхнийг өөрийгөө ганц гэж гололгүй хийх хэрэгтэй гэж бодож байна.

Манай үеийнхэн өмнөх үеийнхнээс арай өөр. Бидний өмнөх үеийнхний хамгийн том ялгаа нь хот хөдөөгийн л ялгаа байх. Бас дотоод гадаадад боловсрол эзэмшсэнээрээ жаахан ялгаатай байж магадгүй.

Харин бидний үеийнхэн болон биднээс дараа дараагийн үеийнхний үнэт зүйл итгэл үнэмшил, амьдралын нөхцөл байдал улам бүр өөрчлөгдөж байгаад сэтгэл түгшдэг.

200 гаруй жилийн түүхтэй ардчилалд хүрэхийн тулд Монгол 2000 гаруй жил оршин тогтносон гэж үү?

-Таны гаргаж байсан улстөрийн сонинд Үндсэн хуулийн өөрчлөлтийг одоогийн парламентад байгаа хүмүүс хийж чадахгүй, тэд энэ системийн эд эс учраас өөрсдийнхөө сууж байгаа сандлын хөлийг тайрахгүй гэж та бичсэн байсан. Саяхны цуглаан дээр ч ингэж ярьж байсан санагдана. Өнөөдөр ч та тэр хүмүүстэй зэрэгцэж суугаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьж байна. Бүтэх болов уу?

-Тэр үед Үндсэн хуулийг өөрчлөх тухай яриа хаданд хашгирсан цуурай байлаа. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж үүнээс өөр гарцгүй гэдгийг олон хүн олж харсан, түүнийгээ нийгэмд ил тод илэрхийлж, парламентад ч уг асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Одоо бол харин илүү бодтой ажил хэрэг болох тал руугаа эргэсэн. Гэхдээ нэг учир бий, арван жилийн өмнө сониндоо ч бас яг ингэж бичиж байсан.

Энэ удаагийн парламент шууд Үндсэн хуулийг өөрчлөх эрхгүй гэдгийг. 1992 оны Үндсэн хууль бол үндэсний томоохон зөвшилцөл байсан. Монголын ард түмэн ажилчин, малчин, сэхээтэн нийгмийн бүх давхарга Монголын бүх сумаас, ёстой өнцөг булан бүрээс цуглараад ярьж хийсэн, ямар ч байсан хэлбэрийн хувьд ингэж батлагдсан. Бид энэ зарчмыг Үндсэн хуулийг өөрчлөхдөө заавал харгалзах ёстой.

Ямар ч судалгаа аваад үзсэн парламентад суугаа өнөөдрийн намууд Монголын нийгмийн тэр чигээр нь төлөөлж Үндсэн хуулийг өөрчлөх чадамжгүй. Хуулиар эрх нь байгаа боловч Үндсэн хуулийг өөрчлөх үйл явц нийгмээр хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой гэдгийг хэзээ ч мартаж болохгүй.

Энэ парламент Үндсэн хууль өөрчлөх үйл явцыг зохион байгуулах үүрэгтэй гэж бодож байна. Дараагийн Үндсэн хуулийг батлалцах ёстой хүмүүсийн нэг хэсэг нь энэ парламентад байгаа хүмүүс байх ёстой байх. 24 жилийн туршлага дараагийн хуульд суух ёстой учраас.

-Жишээ нь, ямар өөрчлөлт байж болох вэ? Хүмүүс ерөнхийлөгчийн засаглал, хуучин руугаа буцах хоёроос их болгоомжилдог юм шиг?

-Олон улстөрчид, эрдэмтэд, ер нийгмийнхээ байгаа байдалд санаа тавьж байгаа бүх хүмүүс Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өөр гарцгүй болсныг ярьж байгаа нь маш сайн хэрэг. Бид дороо удаан эргэцэхгүй байх гэдэг найдвар төрж байна. Энэ нэг шилжилтийн, гадны хуулбар үндсэн хуулийн тогтолцооноос гарч сонгодог парламентын систем рүү алхмаар байна гэж олон хүн ярьж байна.

Мэдээж 1992 оны Үндсэн хуулийн дэвшилтэт зарчмууд хүний эрх эрх чөлөөг хангасан заалтуудыг бид өөрчилж болохгүй. Ардчилсан, хүнийг дээдэлсэн нийгмийн замналаас ухарч болохгүй. Гэхдээ “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан” нийгэм гэж юуг хэлээд байгаа юм? Өнөөдрийг хүртэл бид ардчилаагүй, иргэншээгүй, харгис бурангуй яваад байгаа хэрэг үү? Хэзээ хүрэх юм, яаж хүрэх юм?

Манай 1960 оны Үндсэн хуулийн зорилт нь хөдөө аж ахуй аж үйлдвэрийн орноос, аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болоход чиглэж байсан. Яахав тэр коммунизм дотроо л доо.Өнөөдөр бид ардчилсан улс байх нь ойлгомжтой, түүнийгээ хүний эрхийн заалтуудаар тунхагласан, харин энэ ардчилсан улс маань ямар улс байх вэ? гэдэг чинь зорилго маань биш гэж үү? Тиймээс гагцхүү улстөрийн тогтолцооны өөрчлөлтийг яаралтай хийх ёстой.

Бидний зорилго, зорилт тодорхой байх ёстой. 1924 онд ЗХУ-ын үндсэн хуулийн хуулбарыг хүлээж аваад нийгэм хөгжихийн хэрээр 1940, 1960 онд Үндсэн хуулиа өөрчилж,  зорилтоо тодорхой болгож байсан шүү дээ.

Улс орны зорилтыг “Үндсэн хууль” тодорхойлдог болохоос намууд тодорхойлдоггүй юм. Сонгуулиар нэг нам нь ялахаар хувьсгал хийснээс долоон дор юм болж, бүхнийг өөрчлөх гэж, өмнөхөө устгах гэж дайрдаг, хэн дуртай нь Үндсэн хуулийн заалтыг давж гишгэж, өөрийн “итгэл үнэмшил” гэгчээ тулгадаг болж. Хэн дуртай нь утопи төлөвлөгөө зохиодог болж.

Төрийн эрх баригч болмогцоо би төлөвлөгөө зохиох эрхтэй гэж боддог, онол чойр зохиодог, түүндээ засаглалын салаа салбар бүрийг захируулах гэдэг, бужигнуулдаг учир замбарааг нь алдуулдаг болсон. Одоо бол бүр хөршүүд маань, гуравдагч нь ч гэсэн ойлгохоо байсан шүү дээ, яг яах гээд байгааг маань. Хүнд байтугай өөрсдөдөө ч ойлгогдоггүй байдлаасаа салаад эхлээд өөрсдийгөө сайтар ойлгоод авбал их цэгцрэх гээд байна.

Бид хамгийн гол нь оюун санааны хараат байдал, мухардалд байна. Жишээ нь “Ухаалаг төр” бидний зорилго мөн үү? Хэн зөвшөөрсөн бэ? гэж асуусан уу? Америкийн үнэт зүйл нь ардчилал, энэ үнэт зүйлээ дэлхий нийтэд түгээхийг зорьдог.

Монголд ч. Гэхдээ эртний түүхт Монгол үндэстэн, Монголын төр улс энэ 200 гаруй жилийн түүхтэй ардчилалд хүрэхийн тулд 2000 гаруй жил оршин тогтносон уу? Ингэж асуувал бидэнд арай өөр бодох юм байгаа биз? Үүнээс “Ардчилал-зорилго уу? эсвэл хэрэглүүр үү?” гэсэн асуулт ургаж байна.

Ардчилал бидний зорилго бол биш, харин энэ улс үндэстнийг оршоон тогтноож, хөгжүүлэн бэхжүүлэх нэг л хэрэглүүр гэж үзвэл “Үндсэн хууль” маань огт ондоо болно.

Лав л бид “ардчилалд хүрэх” зорилгыг Үндсэн хуульдаа” бичихгүй. Одоогийн өнцгөөс эргэцүүлбэл коммунизм ч гэсэн зорилго биш хэрэглүүр байсан юм билээ шүү, бидний хувьд. Тэр нийгмийн тогтолцоо тусгаар тогтнол, иргэншил, соёл боловсролыг Монголд авчирсан. Коммунизм нурсан, харин Монгол үлдсэн. Монгол үндэстэн коммунизмыг “хэрэглэсэн” юм.

Түүнээс ардчилсан тогтолцооноос өмнөх Монголын түүх, бүтээн байгуулалт, ялалт амжилт “ардчилсан биш учраас” Монголынх биш гэж хэлж болохгүй биз дээ? Тэгээд нурааж устгаж бүүр ч болохгүй биз дээ?

Америкчууд төрийг зарц шивэгчин гэж боддог, тиймээс ухаалаг зарцтай болъё гэхээр Монголчууд ойлгохгүй байна. Зарц ухаалаг байж болно, харин Монголчууд “төр бол тэнэг” гэж бодож байгаагүй юм. Монголчууд төрийг бодит байдлаар бус хийсвэрээр үзэж шүтдэг. Төр бол шүтээн болохоос зарц биш. Төр, засаг, засаглах хэлбэр, тогтолцоо бол огт өөр өөр ойлголт шүү.

Бид их төөрөлдвөл “Америкчууд танай есөн цагаан сүлд чинь шүүртэй илүү адилхан юм байна, тиймээс дэмий байлгаж байхаар шүүр болгох нь ухаалаг төрийн шинж, сүлдээр нь хүртэл ажил хийлгэе” гэсэн санал тавиад үүнийг “ухаалаг төрийн гол зарчим” болгож хэрэгжүүлье гэж мэдэхээр байна.

Төрийг үзэх үзлийн талаар бидний ялгаа энэ. Гэх мэт олон асуудлыг бид шийдэх ёстой, бид шийдэхгүй бол хэн шийдэх билээ. Одоо үндсэн хуулийн хоёр заалтыг хэрэглээгүй байна. Нэг нь ард нийтийн санал асуулга, нөгөө нь Ерөнхийлөгчийг огцруулах. Хэн засаглаж байгаа юм бэ?

Хэн энэ төрийн эрхийг барьдаг юм бэ? Үнэхээр парламентын засаглалтай улс юм бол бид Ерөнхийлөгчид хариуцлага тооцож чаддаг байх ёстой биз? Парламентад ерөнхийлөгчийг огцруулдаг эрх бий. Ерөнхийлөгч УИХ-д ажлаа тайлагнадаг. Тиймээс тохироо бүрдвэл энэ эрхээ хэрэгжүүлэх замаар Үндсэн хуулийн өөрчлөлт рүү орох бололцоо бий. Түүнээс парламент муухай, Засгийн газар муухай гэгдсээр 25 жил боллоо.

Тэгээд Ерөнхийлөгчид гоё байсан уу? Огцрохоор нь баривчилдаг, түүнээс наана тэндээс парламент, засгийн газрыг самардаг, дандаа парламент нь муу нэртэй үлддэг байж таарах уу? Энэ улс болохгүй байгаа бол бүгд л муухай. Түүнээс хун хавчаахай цурхай гурав шиг гурван тийшээ чангаагаад хун нь гоё гэгдэж болохгүй биз дээ? Хэрэв эрх барьж байгаа бол бид, парламентын гишүүд барьсан шиг барих ёстой юм. Байгаа эрх мэдлээ хэрэгжүүлж үзэх бас хэрэгтэй байж магадгүй.

Муу дарга чадахгүй бол зайлаарай гэдэг, сайн дарга чи чадахгүй хэн чадах юм гэж загнадаг гээ биз дээ. Тиймээс ард түмэн минь, Та нар л дарга. Их олон удаа чадахгүй бол зайлаарай гэсээр энэ төрөөс хийе бүтээе гэсэн, Монголоо гэсэн сэтгэлтэй нь холдчихож.

Чадахгүй ч зайлахгүй нь үлдчихээд одоо энэ шүү дээ. Харин энэ удаад “Чи чадахгүй бол хэн чадах юм” гэж хэлэх хүмүүсээ л анзаарч байгаарай гэж хэлэх байна. Тэгээд хамтдаа өөрчилье.

-Ярилцсанд  баярлалаа.

С.Отгонсүрэн /News.Mn/