sonin.mn

Хүннү улс аливаа улсын нэгэн адилаар тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутаг, хил хязгаартай, түүнийг хариуцсан сахин суух вантай, хилийн хамгаалалтын цэрэгтэй байжээ.

Модун Шаньюйн үед хөрш Дунху нар хүннүгийн хил орчмын хүн нутагладаггүй хэсэг газрыг нь гуйхад Тазар бол улсын үндэс" хэмээгээд, газраа өгөхийг зөвшөөрсөн түшмэдийн толгойг авч байсан явдал нь хүннүгийн газар нь улсын өмч байсныг харуулж байгаа төдийгүй Модунь Шаньюй газрыг төр улсын оршин тогнох үндэс суурь мөн хэмээн үзэж, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг юу юунаас илүү чухалчилж байсныг гэрчилнэ.

Ийнхүү Хүннү улсын нийт газар нутаг, ус бэлчээр нь улсын өмч байсан учир эрх мэдэлтэй хэн ч бай газраа бусдад худалдах, бэлэглэх, дураар нутаг солин сэлгэн нүүх эрх мэдэлгүй байжээ.

Хүннүгийн Шаньюйгаас зарим нэг тодорхой газар нутгийг тэнд оршин суух хүмүүсийн хамт түмтийн дарга нарт өгч захируулдаг байсан ба тийм газар нутгийг “Фэньди" гэж нэрлэдэг байв.

Ийм “Фэньди” буюу хувь газар захиран суудаг түмтийн дарга нар болон вангууд нь албан тушаал өөрчлөгдөх болвол уг тушаалд томилогдон ирсэн дараагийн хүнд захирч байсан нутгаа шилжүүлэн өгдөг байжээ.

Модун Шаньюй газар нутгаа зүүн, баруун, төв гэсэн гурван хэсэгт (гар буюу жигүүр) хуваан, төв хэсгийг өөрөө удирдаж, зүүн, баруун хэсгийг ойрын итгэлт төрөл төрөгсөдөөсөө томилон удирдуулдаг байв.

Хүннү нар зүүн зүгийг эрхэмлэн үздэг учир зүүн хэсгийн (жигүүрийн) албан тушаалтнууд нь баруунаасаа эрх мэдлээр илүү байжээ. Хүннүгийн энэхүү гурван жигүүрийн тогтолцоо нь асар өргөн уудам нутагт мал даган нүүдэллэж, тархай бутархай аж төрдөг овог аймгуудыг нэгэн захиргаанд барих, нөгөө талаар гадны халдлага довтолгооноос сэрэмжлэн хамгаалах зэрэг улс төр, цэрэг стратөги, газар зүйн чухал ач холбогдолтой зохион байгуулалт байв.

Чухам тийм учраас Төв Азид хожим нь удаа дараалан оршин тоггнож байсан нүүдэлчдийн төр улсууд энэхүү тогтолцоог шууд авч хэрэглэж байжээ.

Хүннүгийн зүүн гарын бүх ван жанжин нь Шангу муж (одоогийн Хэбэй мужийн Хуай Лай хошууны хэсэг газар)-ийн өөдөөс харан дорно зүгт Хуйхэ, Чаосяньтай (эртний Солонгос) хил залгаж зүүн гарт нутаглана. Баруун гарын ван, жанжин нар Шанцзюнь муж (одоогийн Шэнси мужийн И лин хошууны хэсэг газар)-ийн өөдөөс харан, цааш Юэчжи, Ди, Цян нартай хил залган, баруун гарт нутаглана.

Шаньюйн өргөө нь Дай муж (Өнөөгийн Хэбэй мужийн хошууны баруун өмнөд хэсэг), Юньчжун муж (өнөөгийн ӨМӨЗО-ны Тугат хошууны зүүн хойд хэсэг)-ийн өөдөөс харан байрладаг. Ван, ноёд тус бүр өвс, ус даган нүүх хувь газартай (шаньюйн хуваарилан өгсөн) бөгөөд тэдгээрээс зүүн, баруун сэцэн ван, зүүн, баруун гули вангууд нь хамгийн том эзэмшил газартай байв.

Хүннүгийн Шаньюйн шууд захиргаанд Хангайн нуруу, Хэнтийн уулсын баруун хэсэг, түүний өмнөх, хойтох нутаг харьяалагдаж байжээ. Зүүн этгээдийн Чжүки ноёны мэдэлд Хэнтийн нурууны зүүн хэсэг, түүнээс дорно зүгт Хянганы нуруу хүртэлх газар харьяалагдаж байсан байна. Баруун этгээдийн Чжуки ноён Хангай, Алтайн хоорондох газар нутгийг харьяалж байв.

Хүннү улс их гүрэн болсны дараа зүүн этгээдийн Чжүки ноёны харьяанд одоогийн Манжуур, Зүүнгар, Дорнод Туркестан орж ирсэн байна. Хүннүгийн арван эвэрт ван зэрэг том том албан тушаалтны эзэмшин суух газрыг Шаньюй тогтоон өгч байв. Дээрх том тушаалын түшмэд Шаньюйн хуваарилан өгсөн нутаг дэвсгэртээ дахин хуваарилалт хийх замаар доод тушаалын хүмүүсийн суух газар нутгийг нь заан өгдөг байжээ.

Хүннүгийн хилийн хамгаалалтын талаар Шицзи-д "Дунху Хүннүгийн хоорондох хүн нутагладаггүй орхигдсон эзэнгүй нутаг 1000 гаруй ли газар үргэлжилнэ, тус бүр хоёр захаар оуто болон нутаглана” гэсэн мэдээ байдгаас харахад дээрхи оуто гэгч нь хүннү, дунху хоёрт хоёуланд нь байжээ. Оуто гэх үгийн утганд хилийн хамгаалалттай холбоотой бүхий л асуудлууд багтаж байсан бололтой.

Шицзи-д мөн “Оуто болон сууцгаана" хэмээн олон тоогоор бичсэнээс үзэхэд хүннүгийн хилийн цэрэг цөөн бус тоотой байсан ба хилийг хариуцан захирсан ванг “Оуто ван" хэмээн нэрлэж байжээ. Сурвалжийн мэдээнээс харахад Модунь Шаньюйгаас бүр өмнө Хүннү, Дунху хоёр улсын хооронд ч хилийн ийм зурвас нутаг байсан байна.

Шаньюй хилийн асуудлыг том тушаапын ван, ноёдод хариуцуулж байжээ. Жишээ нь: "Хуханье Шаньюйд (НТӨ 58-31) Учжулю жоти (НТӨ 8-НТ 13) хүү, Би гэх ач буй. Түүнийг өнгөрсний хойно дарааллын дагуу ахмад хөвгүүн ор залгаж, НТ18 онд Хэдурши даогао жоти (19-46) Шаньюйд өргөмжлөгдөн ”Би-г баруун юцянь жичжу вангаар томилж, өмнөд хил болон Ухуанийг түүнд хариуцуулжээ” гэсэн мэдээ байгаа нь үүнийг нотолж байна.

“Хоу Хань шу" буюу “Хожуу Хан улсын бичиг”-т “Эзэн хаан харуулын албаны дарга, бие хамгаалагч Ли маог илгээх үеэр (Шаньюй руу) Би нууцаар Го Хен гэгч хятадад хүннүгийн газрын зургийг нууцаар дамжуулж эзэн хаанд хүргэж өг хэмээжээ” гэсэн өгүулбэр байгаагаас харахад Хүннү улс газрын зураг үйлдцэг байсан байна.

Хүннүгийн газар нутгийн хэмжээ Модунь Шаньюй болон түүний дараахь Лаошань Шаньюйн үед ихэд өргөжин тэлжээ. Хүннү гүрэн хүчирхэгжин мандсан үед Хүннү улсын өмнөд хил нь НТӨ 198 онд Хан улстай байгуулсан гэрзэ, ёсоор Цагаан хэрмийн дагуу Ляодун мужаас эхлэн зүүн тийш одоогийн БНХАУ-ын Ганьсу мужийн Ланьчжоу хот хүртэл үргэлжлээд улмаар Нань шань уулыг дамнан Тэнгэр уул хүрч байжээ.

Умард хил хязгаарын тухайд гэвэл Эрчис мөрнөөс эхлэн Оросын. Алтайн умард бэл, зүүн баруун Саяны нурууны ар бэлээр дамнан улмаар Ангар, Ока голын бэлчир хүрч зүүн тийшээ Лена, Витим голуудын эхийг хамран Шилка, Амар мөрний бэлчир хүрч байв.

Хүннүгийн дорнод хил нь Хар мөрөн, Шилка голуудын бэлчрээс урагшлан Их Хянганы нурууны зүүн биеэр Нон, Сунгари мөрний бэлчирт тулан улмаар өмнө зүг Хан улсын Ляодун муж хүрч байжээ. Өрнө этгээдэд Хүннүгийн нутгийн хил нь Тэнгэр уулаас хойшлон Или, Тарвагатайн нуруу, Эмээл голын хөндийгөөр Эрчис мөрөнд тулж байсан бололтой.

Хүннү гүрний засаг захиргааны төв нь тус улсын Орхон-Туулын сав газарт байсан ба Хүннүгийн Шаньюй хэмээх хаад гол төлөв орд харш байгуулж суудаг байжээ. Шаньюйн орд нь: Хааны орд, харш, тахилгын сүм зэргээс бүрдсэн нийслэл хотын шинжтэй байсан ажээ. Тэгэхдээ Шаньюйн орд, ганц биш өмнөд, умард орд бас зуслан, өвөлжөөний орд гэж ялгаатай байжээ.

Ийнхүү Хүннү нар өргөн уудам газар нутагтай байсан бөгөөд хүчирхэгжин их гүрэн болсон үед газар нутгийн хэмжээ нь ихэд тэлэн томорч харин хүчин буурсан үед багасаж байжээ.

Эдүгээ хүннүг монгол угсаатан мөн эсэх талаар эрдэмтэн судлаачдын санал зөрүүтэй байдаг боловч өнөөгийн монголчуудын оршин сууж буй орон зай нь монголчууд, түүний өвөг дээдэс болох хүннү нарын уугуул нутаг байсан нь үндсэндээ нотлогдоод байна. Чухам энэ л нутагт тэд төр улсаа байгуулан, хүчирхэгжиж явжээ.

Доктор, дэд профессор Тогтууны Эрдэнэхишиг