sonin.mn

МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийт, технологи, эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга, улс төр судлалын ухааны доктор /Ph.D/ Т.Гантулгатай ярилцлаа.

-АН, МАХН-ын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний тухай дуулиан намжаагүй байна. Уг гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хүртэл сөхлөө. Энэ гэрээг та улс төр судлаач хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Тэрхүү гэрээнд дүн шинжилгээ хийж үзэхэд маш ноцтой заалтууд орсон байна. Хэрвээ АН энэ гэрээг зөвшөөрөөд явбал УИХ-ын 2016 оны сонгуульд оролцож чадах эсэх нь эргэлзээтэй болно.

Ер нь улс төрийн нам үйл ажиллагаагаа шүүхээр хориглуулах хэмжээний ноцтой гэрээ болсон. Үүнийг бодлого, систем судлаачид, үндэсний аюулгүй байдлын чиглэлээр судалгаа хийдэг хүмүүс анхааралдаа авч судалж байгаа байх. Удахгүй дүгнэлтээ гаргана биз.

Харин миний хувьд “Энэ гэрээг хэрэгжүүлбэл 2016 онд сонгууль болохгүй нь” гэсэн бодол төрж байгаа юм. Учир нь ардчилсан сонгуулийг гэрээгээр зохицуулах нь Үндсэн хуульд заасанчлан төрийн эрхийг хууль бусаар авахтай агаар нэг гэсэн үг. Ийм төвөгтэй асуудал үүсгэсэн гэрээ АН-д төдийгүй иргэд, гадаадынхны ч гайхшралыг төрүүлж байна.

Хоёр намын дарга нар хамтран ажиллах гэрээг үзэглэж, гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэхээр заачихаад удалгүй “Уучлаарай ганц, хоёр засах зүйл байж. Дахиад сайжруулъя” гээд гэрээндээ өөрчлөлт оруулах гэж байна. Нуулгүй хэлэхэд, дахин сайжруулах ч бололцоо байхгүй дээ.

-Гишүүдийн утаснаас эзэнгүй мессеж явуулсан нь иргэдийн анхаарлыг маш их татаж байна. Энэ нь манай улс мэдээллийн аюулгүй байдлаа хангаж чадахгүй байгааг баталсан хэрэг боллоо. Мэдээлэл технологийн аюулгүй байдлаа хангахын тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Бид мэдээлэл, технологийн эрин зуунд амьдарч байна. Хэнд хамгийн их мэдээлэл байна, хэнд хамгийн сайн технологи байна, тэр хүнд ялалт ирдэг цаг үе, нийгэмд бид ажиллаж амьдарч байна Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүдийн утаснаас эзэнгүй мессеж явуулсан гэх шуугиан биднийг мэдээлэл, технологийн эрин зуунд сармагчинтай адилхан аж төрж байсныг харууллаа.

Саяхан манайх Гүүгл”-тэй гэрээ байгуулсан. Ингэснээр Улаанбаатар хотын өн цөг булан бүрийг мэдэх боломжтой болж байна. Биднийг хаана, хэнтэй юу хийж байгааг төвөггүйхэн мэдэхээр боллоо шүү дээ. Энэ бол дэвшил. Үүнийг би үгүйсгэх гэсэнгүй.

Гэхдээ үндэсний аюулгүй байдалдаа санаа зовдог улс орнууд юун түрүүнд хууль, эрх зүйн орчныг маш сайн бүрдүүлдэг юм байна. Дараа нь өндөр чанар, стандартын баталгаатай техник, тоног төхөөрөмжтэй болж, орчин үеийн хамгийн нууцлал, хамгаалалт өндөртэй технологио сонгож, түүнд зориулсан үндэсний мэргэжилтнүүдээ сургаж дадлагажуулан бэлтгэдэг. Үндэсний мэргэжилтэн байхгүйгээр гадны хүнд найдах юм бол манай бүх мэдээлэл гадагшаа алдагдана гэсэн үг.

Мэдээллийн аюулгүй байдлыг хангахын тулд тагнуулын байгууллагын хяналтад байдаг, тусгай гэрээгээр ажилладаг, өндөр цалинтай үндэсний мэргэжилтэнтэй байх хэрэгтэй. Манайд одоогоор хамгаалалтын ямар ч систем алга.

Гишүүдийн утаснаас сонгогчид руу нь мессеж явуулсан, заримд нь өөрийнх нь дугаараас мессеж ирсэн гэдэг бол мэдээллийн аюулгүй байдлыг хангах талд учир дутагдалтай байгааг харуулсан маш том дохио боллоо. Манай том дарга нарын яриа, бизнес эрхлэгчдийн нууцын зэрэглэлтэй гэрээ хэлцлүүд, иргэдийн хувийн нууцад ямар ч хамгаалалт байхгүй гэдэг нь тодорхой боллоо.

Одоо үндэсний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд анхаарах хэрэгтэй. Үүнээс улбаалаад маш том болгоомжлол иргэдийн дунд үүсч байна. Энэ бол сонгуулийн санал хураах хар машины тухай юм л даа.

-Ер нь УИХ-ын гишүүдийн гар утаснаас мессеж явуулж байна гэхээр санал тоолох хар машиныг хэн нэгэнд ашигтайгаар программчилж болно гэсэн үг үү?

-Монголчууд 2012 онд сонгуулийн саналаа хар машинаар өгсөн. Хүний гар утсыг ингэж дураараа удирдаж болж байгаа юм чинь хар машиныг ч тохируулж болно гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын 2012 оны болон Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн үр дүн хүчинтэй юү, хүчингүй юү гэдэг асуудал гарч байна.

Сонгуулийн санал хураах автомат машиныг хэн хаанаас, ямар зорилгоор анх оруулж ирсэн бэ гэдэг нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Түүнээс гадна 20, 30 жилийн дараа Монголд Крымд үүссэн шиг нөхцөл байдал үүсвэл яах вэ. Муугаар бодоход монголчуудын тусгаар тогтнолын талаарх санал асуулгыг хар машинаар явуулахад бид 100 хувь тусгаар байдлыг дэмжсэн ч санал хураах хар машин 51 хувь нь аль нэг улсад дагаар орохыг дэмжлээ гээд гаргаад ирж магадгүй шүү дээ.

Ийм аюултай байдалд орж мэдэхээр байна. Тэгэхээр бид хамгаалалтынхаа системийг хийгээгүй, үндэсний боловсон хүчнээ сургаагүй, ямар ч бэлтгэлгүй мөртлөө төрийн шийдвэр гаргах төвшинд, ард түмний сонголтыг баталгаажуулахад сонгуулийн санал тоолох хар машиныг ашиглахдаа болгоомжтой хандахыг санууллаа.

-Сонгуулийн нэгдсэн хуульд саналыг хар машинаар тоолохоор заасан. Ер нь хар машинаар тоолохгүй гэхээр техник технологийн дэвшлээс ухарсан мэт харагдах юм биш үү?

 Хар машиныг туршаад сайн мууг нь аль хэдийнэ мэдчихсэн улс орон байна. Жишээ нь, Өмнөд Солонгос сонгогчдын саналыг машинаар тоолдог. Дараа нь 100 хувь баталгаажуулж гараар давхар тооллого явуулдаг.

Бид үүнийг яагаад хэрэгжүүлж болохгүй гэж УИХ-ын гишүүний гартаа атгаад явж байгаа гар утаснаас өөр рүү нь мессеж бичиж байгаа энэ явдал эрх биш ард түмний санал, сонголтыг санал тоолох хар машинд даатгаж болохгүй юм байна гэдгийг харуулсан байлгүй дээ.

Эрх баригч намаас бусад бүх нам эсэргүүцэж мэдэхээр нөхцөл байдал үүсчихлээ Үүнээс илүү баталгаа, нотолгоо сэрэмжлүүлэг гэж байхгүй

- МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байсан Н.Дэмбэрэлийг АН, МАХН-ын хооронд байгуулсан гэрээний нууц хавсралтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг ТЕГ-аас мэдэгдсэн. Яагаад ийм асуудал сөхөгдөх болов оо?

 -АН, МАХН-ын хооронд байгуулсан гэрээ нь чухал болохоос хавсралтыг нь хүмүүс тоохгүй шүү дээ. Сайтуудаар ороход хүн болгонд харагдаж байсан. Албан бичиг хөтлөлтийн заавар, журамд хавсралт гэрээ гэж чухам юу болохыг маш тодорхой заасан байдаг. Гэрээний хавсралтад гарын үсэг зурдаггүй. Анхнаасаа л хуурамч юм байна гэдэг нь харагдаж байсан Монголчууд “Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ” гэж ярьдаг.

Тэгэхээр хоёр намын удирдлагууд хамтдаа гэрээнд гарын үсэг зурсан. Энэ явдал олон түмний нүдэн дээр ил болсон. Үүнээс болж Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг АН-ынхан дотроо ярих боллоо. Түүнээс биш нууц хавсралтаас болж том асуудал үүсээгүй гэж бодож байна.

Энэ гэрээ нь өөрсдөөсөө галыг зориуд холдуулах, буруу гэрээ байгуулснаа булзааруулах олны анхаарлыг саармагжуулах гэсэн болхи, бүдүүлэг арга, Монголчуудын сэтгэлгээний онцлог зан заншил, уламжлалыг мэдэхгүй гадныхны пиарын технологиор өөрсдөө ийм зүйл хийв үү гэж битүүхэндээ хардаж сууна.

Манай намаас гаргах гэж байгаа пиарын бодлого нэлээд олон шүүлтүүрээр дамжиж байж гардаг гэдгийг энд хариуцлагатайгаар хэлмээр байна. Хэн ч харсан хуурамч болохыг анзаарахаар, бодит гэж итгэхээргүй хавсралт гэрээг манайх гаргахгүй

-Гэхдээ танай гэрээт ажилтан , Дэмбэрэл хуурамчаар үйлдсэнийг хүлээн зөвшөөрсөн юм биш үү?

-Манай хоёр ажилтныг тагнуулын байгууллагаас шөнө дөлөөр дуудаж шалгасан. Ингэхдээ компьютерийн хардыг нь салгаж авсан байна лээ. Эндээс хуурамч зүйлээ баримтжуулахаар оролдож байгааг анзаарч болохоор байна. Энэ бол сөрөг хүчнийг харлуулах гэсэн бас нэгэн оролдлого.

Улс төрийн намын байранд нэвтэрч, компьютерийн эд ангийг нь салган авч, шөнө дөлөөр гэрт нь очин өмгөөлөгчгүйгээр гүйцэтгэх ажлыг хамгийн бүдүүлэг маягаар явууллаа. Тагнуулын байгууллагын ажилтан прокурорын зөвшөөрөлгүй, манай ажилтныг сэжигтэн, гэрч, гэмт хэрэгтний аль нь болохыг ч тайлбарлахгүйгээр авч явсан. Манай ажилтан залуугийн компьютерийн хард дискийг авахдаа ямар ч протоколь, тэмдэглэл хөтлөөгүй.

Уг нь хүний эд зүйлсийг хураан авахдаа хард дотор ямар мэдээлэл, файл байсныг нэгбүрчлэн гэрчтэйгээр тэмдэглэх ёстой байсан. Ингэхгүй бол захын нэг хэрэглээний программ ашигладаг хүн монтаж хийгээд “МАН-ынхан хуурамч хавсралт байгуулсан нь үнэн байна” гээд гүтгэх вий хэмээн болгоомжилж байна.

Эхний ээлжинд бид хэвлэлийн хурал зарлаж олон нийтэд бодитой мэдээллийг түгээсэн. Дараагийн удаа энэ асуудлыг эцэст нь хүртэл хууль хяналтын байгууллагад шалгуулна

-Н.Дэмбэрэл дарга хэзээ ажлаа өгсөн юм бэ. Энэ хэрэгтэй холбоотойгоор ажлаа өгчихлөө гэх таамгийг зарим хүн дэвшүүлж байна?

 Хувийн шалтгаанаар ажлаа өгөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж өргөдлөө өгсөн. Хувийн шалтгаан байна гэхээр түүнийгээ хэлэхийг шаардах эрх бидэнд байхгүй. Нууц гэрээний хавсралттай холбоотой мэдээлэл гарахаас нэлээд хэд хоногийн өмнө ажлаа өгчихсөн байсан. Тийм байхад энэ хүн ажил дээрээ ирээд нууц хавсралт зохиогоод суух уу.

Эрүүл ухаантай хүний толгойд тийм бодол лав төрөхгүй. Нөгөө талаар шүүхээр үнэн мөнийг нь тогтоогоогүй байхад ТЕГ-аас хэвлэлийн хурал зарлаж, хүний нэр төрд халдан нийгэмд дуулиан тарьж байгаа нь ёс зүйгүй үйлдэл. Тийм эрх мэдэл тагнуулын байгууллагад байхгүй.

Ер нь гүйцэтгэх ажлын хэм хэмжээг зөрчсөн олон зүйл бий. Гэхдээ манай намд ажиллаж байгаад ажлаа хүлээлгэн өгсөн ч намын гишүүний хувьд Н.Дэмбэрэлийг бид хамгаална. Тагнуулын байгууллага манай хэвлэлийн хоёр ажилтнаар тогтохгүй олон сэтгүүлчдийг шөнө дөлөөр дуудаж шалгасан юм билээ.

Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө нь хумигдсан сэтгүүлчдийг манай нам хамгаалах арга хэмжээ авна. Манай ажилтнуудаас хууль бусаар мэдүүлэг авсан тагнуулын байгууллагынхныг холбогдох газарт нь шалгуулахаар хандсан.

-Тагнуулын байгууллага шалгаж байгаа хэргийнхээ талаар нийтэд мэдээлж байгаа нь цаанаа улс төрийн зорилготой гэдгийг харуулж байгаа юм биш үү?

Уг нь төрийн тусгай бай ууллага гэдэг бол өөрийн гэсэн маш хатуу чанд хуультай. Тиймээс цалин хөлс нь ч бусдаас өндөр байдаг. Гэтэл ийм асуудалд тагнуулын байгууллага хөнгөн хуумгай хандсан нь мэргэжлийн бус удирдлага байгаатай шууд холбоотой.

Үүнийг ганцхан би хэлж байгаа юм биш. Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв сэтгүүлчдийг Ерөнхий сайд өөрийнхөө шууд эрх мэдлийн хүрээнд байдаг тагнуулын байгууллагаар шалгуулсан бол ноцтой асуудал.

Энэ байгууллагад ийм эрх, үүрэг байхгүй. Тагнуулын ерөнхий газар Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувийн мөрдөх товчоо болсон үед л ийм зүйл боломжтой” хэмээн маш товч бөгөөд оновчтой хэлсэн байна лээ

 -Ерөнхий сайдыг огцруулах төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

 УИХ дахь гурван намын төлөөлөл болсон 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах төслийг өргөн барьсан. Монголын түүхэнд парламентад суудалтай гурван намын гишүүд үзэл бодол нэгтэйгээр Ерөнхий сайдыг огцруулах төсөл өргөн барьсан анхны тохиолдол энэ байх. Гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулах үндэслэлээ тэд маш тодорхой тавьсан.

Иргэд эдийн засгийн хямралтай бодитоор нүүр тулж байна. Ард түмний худалдан авах чадвар багасч, зээлээс зээлийн хооронд амьдарч байгаагаа орон нутагт ажиллаж байхад хэлж байна. Хэрвээ энэ хямрал даамжирвал Монголын нэр хүнд олон улсад унахаас гадна дотооддоо их хохирол амсах нь. Иргэдийн амьжиргааны төвшин эрс буурах хандлагатай байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд ч сайнгүй байна.

Өмнөх Засгийн газрын үед 17.5 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 5.3 хувь болтлоо буурна гэхээр нөхцөл байдал хүндэрч байгаагийн шинж. Түүнээс гадна валютын ханшийн огцом өсөлтийг хязгаарлаж чадахгүй байна. Монгол төгрөгийн ханш 30 хувь хүртэл уналаа.

Энэ нь бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр хүнд ачаа болж байна. Хамгийн аюултай нь эдийн засгаас улс төрийн хямралын шат руу шилжиж байна. АН-ынхан үүнийг анзаарсан учраас Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг дотроосоо ярьж эхэллээ.

АН ардчилсан гэдэг нэр, үнэт зүйлээ хамгаалах субъект мөн үү, эсвэл авлига, хээл хахуульд өртсөн, худлаа ярьж, хулгай хийсэн албан тушаалтнаа хамгаалж байна уу гэдгийг ард түмэн харж дор бүрнээ дүгнэлт хийж байна. Эрх баригчид дунд намаа аврахаар дуугарч байгаа цөөхөн хэдэн гишүүн байгаа.

Тэдний дуу хоолойг олонхиороо хүч түрэмгийлэн дарж, хавчих юм бол АН Монголын улс төрд цаашид байх уу, үгүй юү гэдэг асуудал урган гарч ирнэ. Ард иргэд ч ингэж харж байгаа.

Бид орон нутаг, нийслэл, дүүргүүдээр очиж, намынхаа байранд өдөр бүр ард иргэдтэй уул заж, тэдний санал бодлыг сонсч байна. Ер нь бүх төрлийн мэдээллийн хэрэгслээр “АН-ынхан ардчиллын үнэт зүйлсийнхээ эсрэг ажиллаад байна” гэсэн саналыг хэлж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Ц.Оюунтунгалаг

Эх сурвалж: