sonin.mn

Улстөр, улстөрчийг тухайн цаг үед нь магтаж байсан түүх ярих хүн байна уу гэж асууя. Манайхан л болсон хойно маш сайхан улстөр, тун цэвэр улстөрчдийг бий болгох гэж 20 гаруй жил шар махтайгаа хатах шиг боллоо. Олдохгүй ээ гэдгийг юуны өмнө хэлье. Диоген, Платон ч  олоогүй юм шүү.

Хамгийн сонирхолтой нь улстөрч өөрөө цэвэр сайхан улстөрчийн эрэлд хатаад улмаар нөгөөхдөө итгэн нэг ёсны Ийсүүсийн хэмжээнд оччих юм. Үнэн хэрэгтээ тэд адилдаа адил годилдоо годил нэг л хөлний гуталнууд л даа, уг нь.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд алтан цээж, мөнгөн бөгстэй нөхөр биш. “Женко” ч, Ж.Батзандан ч ялгаагүй. Харин хэн моральтай вэ гэвэл өөр хэрэг. Нэрт яруу найрагч Рабиндранат Таагүүр нэгэнтээ, “Эх орноо байгаагаар нь харж хүчин зүтгэж чаддаггүй, хүнийг зөвхөн хүн гэдэг утгаар нь хүндлэн харьцаж чаддаггүй, тийм хүн эх орон ард түмнээ бурхан шүтээн хэмээн зарлаж, амин хувийн эрх ашгаа дээдлэхээс бус эх орон ард түмнээ хайрладаггүй юм“ гэжээ.

Үүнийг миний бие хажуудаа ярьж суугаа хүнээ бууны нохойгоор дууддаг, намынхаа даргыг огцруулах бичигт заналтайгаар гарын үсэг зурдаг, шоронгоос аварч арай чамай халаасанд нь багтсан намаасаа хөөвөл хөө гээд ташаа тулан ханхалзаад байдаг энэ хоёр нөхөрт хаяглаж байна. Тэдний ард итгэлээ өгсөн сонгогчид байгаа гэдгийг мартаад, одоо л амжиж байвал маргааш дэлхий сөнөнө үү, яана ямар хамаа байна гэж боддог моральтайд нь гутахдаа ийн бичиж байгаа юм.

Тэгвэл Н.Алтанхуяг асар их тэвчээртэй нөхөр юм аа гэдгийг онцольё. Өнгөрсөн хугацаанд хүний өөрийн маш олон нохой тал талаас нь ноцлоо. Ялангуяа МАН-ынхан гэж маш ууртай баахан хүн гарлаа шүү дээ. Тэр аяараа хөмсгөө зангидсан ууртай пацаанууд. Хаа ч очиж тэдэнд хариу болгон моральгүй үг тэрбээр амнаасаа унагасангүй.

Энэ нь түүний угийн хүмүүжилтэй холбоотой эсэхийг бүү мэд. Харин улстөрийн тэмцэлд хатуужиж, түүний хүнд ачааг үүрэлцэх хэмжээнд хүрсэний шинж мөн. Чухам ийм хүн л улс эх орон, нам гэсэн ачааг үүрэлцэнэ. Түүнээс биш зам зуурын, түр сонирхолтой нөхдүүд огтхон ч үгүй.

Улстөр, улстөрчийн замыг эртнээс сонгож, хожим хойно орж ирээд учрыг нь хараахан олж чадаагүй яваа ойворгон нэгний авир араншин эцсийн эцэст намаа тараах дээрээ тулдаг.

Ингэснээр хамгийн гол аюул нь иргэдийн намуудад итгэх итгэл алдардаг.  Ийм итгэл нь алдарсан ард түмэн хөгжил дэвшлийн төлөө бодохоо больж, мөнхийн иргэний дайнд хутгалдан ордог Африкийн орнуудын жишээ байна.

АН-ыг одоо яг ийм хувь заяа хүлээж байхыг үгүйсгэхийн алга. Биднийг ардчилал хэмээн амь наана там цаана харайж явахад хаана явсан нь үл мэдэгдэх нөхдүүд орж ирээд таван намаас бүрдэж босгосон энэ гэрийг хаанаас нь ч хамаагүй түймэрдчих гээд тун хэцүүхэн харагдах болж.

За МАН ч яахав, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж байна гэдгээр нь ойлгож байна. Харин манай намын харьяаны өнхдүүд МАН-д байна уу, аль эсвэл өөр намд уу? Ер нь яаөхаараа Н.Алтанхуяг МАН-ын хэлсэн болгоныг биелүүлж байх ёстой юм. Тэгвэл МАН-ын Ерөнхий сайд болж хувирна биз дээ.

Эдүгээ энэ Ерөнхий сайдыг харахаар өнгө өнгийн асар том чулуунууд үүрчихээд өндөр уулын орой дээр сайхан овоо босгохоор зүтгэж яваа хүний дүр харагдаад байдаг юм. Зүтгэ, зүтгэ бас зүтгэ. Үйлсийг чинь ирээдүй хойч дүгнэдэг болохоор огтхон ч айлгүй зүтгэ. Жингийн цуваа явж байна, жингэр ноход хуцалдаж байна.

Н.Халиун