sonin.mn

Хятадад Өвөрмонгол хүнийг монгол хүн гэх. Харин Монголд тэднийг хятад хүн гэх. Аль нь ч бай тэд бол хүн. Хүний эрхийг ноцтойгоор зөрчин, гурван Өвөрмонголыг ар гэрийнхэнтэй нь ч уулзуулалгүй, гадаад паспортад нь хар тамга даран өмссөн хувцастай нь хятад руу гаргажээ. Тэдний нэг болох Н.Тулгуурын гэргий Д.Батзаяагаас цөөн асуултад хариулт авлаа.

-Танай нөхрийг Тагнуулын ерөнхий газраас анх юу гэж дуудсан юм бэ?

-Анх 2014 оны тавдугаар сарын 12-ны өдөр Тагнуулын ерөнхий газраас ирж бичиг баримтаа ав гэж хэлсэн. Бичиг баримтаа авах гээд очиход нь нөхрийг маань найзуудтай нь хамт баривчлаад, тэр орой нь гар утаснуудыг нь унтраагаад хэнд ч мэдэгдэхгүйгээр өмссөн хувцастай нь шууд хятад руу явуулсан байсан. Энэ асуудлын араас би маш их хөөцөлдөж байна.

-Холбогдох газрууд ийм үйлдэл хийсэн шалтгаанаа юу гэж тайлбарласан бэ?

-Тагнуулын ерөнхий газраас лавлахад манайх хамаагүй. Иргэний харьяалал, шилжих хөдөлгөөний газраас аль хэдийнээ гаргах шийдвэр гаргасан байсан гэж хэлсэн.

Харин Иргэний харьяалал, шилжих хөдөлгөөний газраас асуухаар Тагнуулын ерөнхий газар гарга гэсэн шийдвэр өгсөн учраас л манайх шийдвэрийг биелүүлж гаргасан гэсэн. Ингэж бие биерүүгээ чихээд байгаа.

-Тагнуулын ерөнхий газар мэдэгдэл хийсэн юм байна шүү дээ?

-Өнөөдөр хийсэн мэдэгдэлд нь манай нөхөр болоод найзуудыг нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй этгээд байсан гэж үзсэн байна. Манай нөхөр болон найзууд нь НҮБ-ын орогнол хүсэгчид гэсэн тодорхойлт авсан байсан. НҮБ-аас манай Гадаад хэргийн яаманд бичиг илгээсэн байна лээ.

-Юу гэж?

-Энэ хүмүүс хуулийн дагуу хамгаалагдах хуулийн этгээдүүд байсан. Та нар тэднийг гаргасан нь өнөөдөр алдаа боллоо. Хүний эрхийг зөрчлөө гэдгийг Гадаад хэргийн яаманд сануулсан байна лээ.

Монгол Улсын хүний эрхийн комисс зэрэг холбогдох байгууллагууд Иргэний харьяалал шилжих хөдөлгөөний газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг байгууллагуудад эдгээр хүмүүс хамгаалтад байгаа хүмүүс гэж бичиг илгээсэн байсан.

Ингэсээр байтал Монгол Улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ болон Гэр бүлийн тухай хууль, Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал зэрэг маш олон хуулийг бүдүүлгээр зөрчөөд гаргасныхаа дараа өөрсдийнхээ бурууг хүлээхгүй “Эд бол үндэсний аюулгүй байдалд халдаж болзошгүй этгээдүүд байсан” гээд байгаа.

-Юугаар нотолж байгаа юм бол?

-Нотолгоогоо гаргаад ир гэхээр гаргаад ирэх нотолгоо байхгүй байна шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд миний нөхөр үндэсний үзэлтэй хүн. Монголоо гэсэн сэтгэлтэй хүн. Монголдоо амьдрах монголчуудтайгаа хамт байх юмсан гэсэн сэтгэл зүрхтэй тийм л хүн.

Өнөөдөр ийм үзэл, ийм сэтгэлтэй хүн Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлдэг юмуу. Би энэ асуудалд маш их гомдолтой байна.

-Дүрвэгчийг орогнол хүссэн байхад Монгол Улсаас ингэж гаргаж болдог юм болов уу?

-Хуулиа судлаад үзэхээр манай нөхөр болоод найзуудыг нь буруутгах боломжгүй юм байна лээ. Ялангуяа НҮБ-ын дүрвэгчийн орогнол хүссэн, орогногчийн тодорхойлолттой хүмүүсийг олон улсын хуулийн дагуу хамгаалах ёстой байдаг юм байна.

Монгол Улс дүрвэгчийн конвенцид нэгдэж ороогүй гэдэг шалтгаанаар өөрсдийгөө хамгаалаад байна. Хэдий дүрвэгчийн конвенцид нэгдээгүй ч тэр хүмүүсийг хамгаалах ёстой юм байна.

Учир нь тэр улс балмадаар үй олноор хүмүүсийг хоморголон устгадаг. Эсвэл хүний эрхийг маш ихээр зөрчдөг улс бол тэр хүмүүсийг хамгаалж үлдэх ёстой. Гэтэл үүнийг зөрчлөө.

-Нөхөртэйгээ уулзаж чадаагүй юм уу?

-Би нөхрийг маань баривчилсан өдөр Иргэний шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт очиж уулзсан. Нөхөртэйгээ уулзмаар байна гэхэд “Одоо уулзуулах боломжгүй. Байцаагч нь байхгүй байна. Маргааш өглөө ир" гээд буцаасан.

Гэтэл би өглөө найман цагт оч их гээд явж байхад манай нөхөр “Монголын хил гаргачихлаа. Арван жилийн хар тамга дарчихлаа" гэсэн. Ингэхдээ бүр дөрвөн хүн гавлаад вагонд авч явсан байгаа юм. Хүний эрхийг маш бүдүүлгээр зөрчлөө.

-Та хоёр гэр бүл болоод хэдэн жил болж байгаа вэ?

-Бид 2010 оноос хойш хамт амьдарсан. 2012 онд гэрлэлтээ батлуулсан. Миний нөхөр гэр бүлийн шалтгаанаар монголд нэг жилийн хугацаанд оршин суусан.

-Та хоёр, хоёр улсад гэр бүлээ батлуулсан гэж байсан. Энэ талаараа тодруулаач?

-Хятадад эхлээд гэр бүлээ батлуул. Тэгвэл хятадын хууль чамайг хамгаална. Үүний дараагаар манайх гэр бүлийг чинь батална гэсэн. Тэгээд бид гэрлэлтээ Хятадад батлуулсан. Дараа нь Монголдоо ирж батлуулсан.

-Таны нөхөр Н.Тулгуур ямар ажил хийдэг байсан бэ?

-2011 онд “Сити” дээд сургуулийг дуулаачаар төгссөн. Төгссөнийхөө дараа англи хэлний сургалтын төвд нэг жил сурсан. Тэрнээсээ хойш жил гаруйн хугацаанд Дорнод аймгийн “Шан Лунь” гэдэг комланид хамт ажилласан.

-Бас танай нөхөр Н.Тулгуурыг татвараа төлдөггүй байсан гэж байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Иргэний харьяалал шилжих хөдөлгөөний газраас сүүлд нь НҮБ-ын хүмүүст манай нөхрийг татвараа төлөөгүй гэж хэлсэн байна лээ. Угнь миний нөхөр эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгал гээд бүгдийг төлдөг байсан.

Нөхрийг маань бичиг баримтаа ирж ав гэж хуурч баривчилсанд, тэгээд арван жилийн хар тамга дарж бидний гэр бүлийг салгаж байгаад би гомдолтой байна. Өнөөдөр Монгол Улсын гэрлэлтийн баталгаа зүгээр л нэг цаас болсонд харамсч байна.

Л.Буддорж

Эх сурвалж: