sonin.mn

         Монголдоо нэртэй, олон мянган уншигчидтай, тэр хэмжээгээрээ зөвхөн эх орондоо төдийгүй, дэлхийн дайднаа хүлээн зөвшөөрөгдсөн хэвлэл “Өнөөдөр” сонины энэ оны №235 дугаарт судлаач Д.Мөнх-Очирын бичсэн “Цэргийн цол алиа салбадайн гангараа биш” хөндүүр сэдэв нь чухамдаа цаг үеэ олсон, жаахан шорвогтойхноор хэлбэл ёстой нөгөө “Загатнасан газар...” гэдгийг санагдуулсан, бас цөөнгүй хүний эгдүүцлийг төрүүлсэн чамбай нийтлэл болжээ.

Миний хувьд энэ байдлыг олон жил ажиглаж, сэтгэл эмзэглэж явсан ч өнөөдрийг хүртэл зориглон хөндөж бичээгүйдээ хүлцэл өчих юун. Цэргийн дүрэмт хувцсыг хэн дуртай нь өмсөөд байдаггүй, хуулиар зохицуулагдсан, ямар ч цаг үед хүндэтгэж явах төрийн хувцас гэдгийг мэдэхгүй хүн лав байхгүй биз ээ.

Сүүлийн хорь гаруй жилд цэргийн алба хаагчдын өдөр тутамд өмсдөг, ялангуяа "Дижитал” эрээн хувцсыг томоохон албан тушаалтнуудаас эхлээд захын наймаачид, аялал жуулчлалд явагсад, ан гөрөөнд мордогсод гээд бүхий л давхрагын хүмүүс чөлөөтэй өмсдөг болсон нь туйлын харамсалтай. Гэтэл цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөөд явж байгаа хүнийг би л лав хараагүй.

Энэ нь нэг талаас цэргийнхний нэр хүнд өссөн, хувцасных нь эдэлгээ, чанар сайн зэргээр тайлбарлаж болох ч, нөгөө талаасаа Зэвсэгт хүчний нэр хүндийг унагасан, дээр нь төрийн хууль дүрэм хэрэгждэггүйн нэг тод жишээ юм. Тэгээд ч цэргийн дүрэмт хувцсыг зөвхөн цэргийн алба хаагчид л өмсөх ёстой шүү дээ.

Судлаач Д.Мөнх-Очир нийтлэлдээ дүрэмт хувцсаар гангарагсдын хөг данг хөөрхөөн хоржоонтойгоор чимхээд авсан учраас тэр бүрийг давхардуулан дахин нуршаад яахав. Харин хууль эрх зүйн үндэс талаас нь цэргийн байгууллага, цэрэгжсэн, цэрэгжүүлсэн байгууллагын зааг ялгааг товч тодруулахыг зорилоо.

Тухайлбал, "Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай” хуулийн дөрөвдүгээр зүйлд “Цэргийн анги, байгууллага гэдгийг цэргийн бүх шатны удирдпагын байгууллага, нэгтгэл, анги, цэргийн сургууль болон батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд” гэж томьёолжээ.

Ер нь улс орны батлан хамгаалах асуудлыг өргөн утгаар нь буюу цэргийн шинжлэх ухааны талаас нь авч үзвэл аливаа улс, үндэстний аюулгүй байдлыг хангах, хамгаалахад шийдвэрлэх нөлөөг тухайн орны батлан хамгаалах чадавхиар тодорхойлдог.

Тийм учраас Монгол Улсын Үндсэн хуульд “Улс орныг батлан хамгаалах үндсэн хүч хэрэгсэл нь Зэвсэгт хүчин” гэж заасан байдаг. Тэгвэл цэрэгжсэн болон цэрэгжүүлсэн байгууллагуудыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хууль эрх зүйн ямар акт байдгийг сонирхлоо.

“Дайны байдпын тухай” хуулийн 25 дугаар зүйлийн “Сайн дурын зэвсэглэсэн бүлэг” хэсэгт “Сайн дурын зэвсэглэсэн бүлэг нь орон нутгийн цэрэг, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнд хамрагдаагүй иргэдийн санаачилга болон дайсанд түр эзлэгдсэн нутаг дэвсгэрт үлдсэн иргэдийн хүсэлт, аймаг, нийслэлийн батлан хагаалах газрын шийдвэрээр зохион байгуулагдсан цэрэгжүүлсэн байгууллага мөн” гэж томьёолжээ.

Чухамдаа дээрх хууль тогтоомжийн заалтаас өөр цэрэгжүүлсэн байгууллага гэдгийг тайлбарласан нэр томьёоны тодорхойлолт хуулинд байдаггүй юм байна. Харин төрийн хууль тогтоомжид цэрэгжүүлсэн байгууллагатай холбоотойгоор гарсан бие даасан эрх зүйн актад Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 9 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны дүрэм”, мөн онд батлагдсан “Төмөр замын байгууллагын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны ажилтны дүрэмт хувцасны загвар, ялгах тэмдэг”-ийн тухай зэрэг тогтоол юм.

Цаашлаад “Дайчилгааны тухай”, “Дайны байдлын тухай", “Улс төрийн намын тухай”, “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулиудад цэрэгжсэн болон цэрэгжүүлсэн байгууллагатай холбоотой заалтууд тусгагджээ. Мөн Эрүүл мэндийн сайдын баталсан “Шувууны томуу өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний заавар”, “Тарваган тахал өвчинтэй тэмцэх арга хэмжээний заавар”, “Амьсгалын цочмог халтай хам шинж өвчний менежментийн заавар”-уудад цэрэгжүүлсэн харуул ажиллуулахыг тусгасан байна.

Тийм учраас цэрэгжсэн болон цэрэгжүүлсэн байгууллагын талаар тусгасан, өнөөдрийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн заалтаас үзэхэд Төмөр зам, Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын албан хаагчдыг л “Цэрэгжсэн албан хаагчид” гэж томьёолж болохоор байна. Тэгвэл ОБЕГ, ЦЕГ, ГЕГ, Прокурорын болоод Нийгмийн даатгалын байгууллагад ажиллагсад нь зэрвэсхэн харсан хүнд бол цэргийн цол, хувцас хэрэглэж байгаа мэт ажиглагддаг ч чухамдаа жинхэнэ цэргийн цол биш юм.

Энд дүрэмт хувцас хэрэглэдэг төрөл бүрийн хамгаалалтын албадыг оруулсангүй. Харин цэргийн жинхэнэ цол, дүрэмт хувцсыг хууль ёсоор эдлэгсэд нь Батлан хамгаалах салбар, түүний харьяа анги, байгууллага, аж ахуйн нэгж, Зэвсэгт хүчин, түүний харьяа анги, салбар, Хил хамгаалах ерөнхий газар, түүний харьяа отряд, заставуудад ажилладаг офицер, ахлагч нар билээ.

        Яагаад гэвэл, энэ салбарт ажиллагсад л Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар генерал, Монгол Улсын ЗХЖШ-ын даргын тушаалаар хурандаа цолны эзэд болдог ховорхон тавилантай билээ.

Тэгээд ч генерал, хурандаа цолыг дотоод, гадаадад цэргийн академи дүүргэсэн, стратеги оператив тактикийн өндөр мэдлэг боловсролтой офицеруудад олгодог, өөрөөр хэлбэл хэн дуртай хүний мөрөн дээр залраад байдаггүй, цаашдаа ихээхэн “харам” байвал зохилтой цэргийн цол гэдгийг дашрамд тэмдэглэхэд илүүдэхгүй болов уу!

        Сэтгүүлчийн зурвас: Цэргийн анги, байгууллага гэж юу болохыг тодорхойлсон хуулийн заалт байдаг ч цэрэгжсэн, цэрэгжүүлсэн байгууллагыг тодорхойлсон хуулийн зүйл, заалт байдаггүй аж.

Энэ нь цэрэгжсэн болоод цэрэгжүүлсэн байгууллагын талаарх нэгдсэн цэгцтэй ойлголт бий болж төлөвшөөгүйтэй холбоотой гэдгийг хуулийнхан хэлж байна.

Тийм учраас төрийн хууль тогтоомжоор цэрэгжсэн, цэрэгжүүлсэн байгууллага гэж ямар чиг үүрэгтэй, ямар байгууллага болохыг томьёолж, эдгээр нь ямар байгууллагад харьяалагдахыг зөв тодорхойлж, дүрэмт хувцасны зааг ялгааг тогтоож өгөх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Мөн цэргийн дүрэмт хувцсаар “Гангарагсад”, цэргийн дүрэмт хувцас өмсөгч иргэдэд хүлээлгэх хариуцлагыг эрс өндөржүүлж, иргэдийг цэргийн дүрэмт хувцас өмсөхийг бүр мөсөн хориглосон хуулийн зүйл, заалт баталсан ч болохоор байна.


Сэтгүүлч, дэд хурандаа Гомбын Баатарнум

Эх сурвалж: "Соёмбо" сонин