sonin.mn

Уудам эх орны минь хоймор нутаг Хөвсгөлийн цэнхэр хязгаарт Хотгойдын зуүн хошуунаас Хан Намнан, Хатан Сэлэнгийн бэлчир, алдарт Дулаанханы нуруу, Домогт долоон гөрөөчний отог Бөөрөлжүүт, Баянбэлчир, Далтын даваа, Овгорын нуруу, хосгуй үзэсгэлэнт Хувт, Цагаанчулуут, Сайхан модны бэлийн уулс, ундарга сайт гол мөрнүүдийн үргэлжлэл Улаанчулуут, Ана, Гурванбадрах хайрхны зүүн талын тэнүүн энгэрт байрлах Тариалан сумын төвөөс холгүй орших Мандалын шил хэмээх газар ХҮI жарны усан могой жилийн зуны дунд сард малчин ард Л.Жамцын гэргий С.Тамжав гучин долооныхоо жил дээр долоо дахь хүүгээ төрүүлэхэд хүй таслан боож авсан сумын бага эмч тэр хүүд Дүүрэнжаргал хэмээх нэрийг хайрлажээ.

Эл хүүгийн бага нас хөдөөх монгол банди нарын л нэгэн адил хурга, ишиг эргүүлэх, хурдны морь унах зэргээр үргэлжилж, жирх зурам намнах, жимс мөөг, бүр эмийн ургамал түүх зэргээр цаашлан бага, дунд сургуулийн зуны даалгавраа биелүүлэх гэхчлэн өөрийн цаг үетэйгээ тэртээ алсад үлдсэн байна.

1961 онд сургуулийн босгоор алхсан цагаасаа Ж.Дүүрэнжаргал өөрийн зам мөр, өөрийн ертөнцийг бүрдүүлж чадсан нь түүний намтарт тод дурайн үлджээ. Цана, тэшүүр, гүйлт харайлтын олон уралдаан тэмцээнд оролцож, аймгийн аваргаар шалгарч, тамирчин сурагч гэгдэх болж. Урлаг, спортын чадвартай сурагч хэзээд л багш нарын нүдэнд өртдөг тул түүнийг боломжийн хүүхэд гэсэн үнэлгээнд багаас нь багтаажээ.

Дунд сургуулиа төгсөөд их, дээд сургуулийн элсэлтийн шалгалттай тулахад, тамирчин болох хүсэл нь хуваарь байхгүй гэсэн хаалтыг мөргөжээ. Хөдөөгийн сумын сургууль төгсч байгаа балчир хөвгүүн ийм үг сонсоод хэнд хандахсан билээ дээ. Гэдийсэн үү, яасан “Адуучин болно” гэжээ. Хаана тэр вэ? гэсэн асуулт гарч таарна. Тэр үед сумын заан, адуучин Я.Дондов гэж байж, тэднийд адуучин болно гэжээ.

Ингэж гөжүүдлэн хэлэх учир жаалхан хүүд байж л дээ. Найман наснаасаа хурдны морь унаж, олон ч сумын наадамд айраг, түрүүнд хурдлуулсан хүүгийн омогшсон нь тэр байж. Тэдний айл, саахалтын дүжигнүүр баажаа хэмээх Д.Бат-Очир гэдэг хүн жаалхүүг хурдны моринд сургасан агаад түүний хонгор азаргыг унаж 6 жил дараалан түрүүлгэсэн аж. Нэгэн удаагийн наадмын үеэр бороо оржээ.

Унаач хүү борооноос нөмөрлөн хонгор азаргынхаа дэлэн дор шургачихжээ. Барианы газраас түрүү морийг харсан хүмүүс өндөлзөхөд аав нь “Хүүхэдгүй морь байна. Хүү маань алга” гэж сандарсан удаатай гэдэг.

“Адуун сүргийг нь бараадан адуучин болно гэж захиралдаа хэлж байсан, өдгөө сумын манлай заан гэгддэг адуучин Я.Дондов гуай өнөө ч амьд сэрүүн байгаа, хүү нь аймаг, сумын алдарт уяач, морин спортын мастер хижээл насны хүн бий.

Би тэднийд жилдээ нэг очиж золгодог, ах дүү шиг харьцаатай байдаг. Багаас моринд хорхойтой явсан маань хожмын зам мөрийн уртад Төрийн хонжингийн үүрэг гүйцэтгэхэд хувь заяагаар холбогдсон байх гэж сүсэлж явдаг юм" хэмээн бэлтгэл хурандаа Ж.Дүүрэнжаргал дурсан ярьж байлаа.

Удахгүй сургуулиа төгсөх бидний уяхан сэтгэлийг хааш нь дуудна вэ? гэсэн төгсөгчдийн сэтгэлийг гэгэлзүүлсэн уянгат дуу эгшиглэж, аль сургуульд орж, ямар мэргэжил эзэмших талаар чамгүй яриа гарч байтал ангийн багш нь “Чи бие хаа сайтай, спортоор хичээллэдэг, сурлага ч гологдохгүй, эхний хэдэд бичигдсэн шүү дээ.

Цэргийн сургуульд элс. Цэргийн дарга сайхан шүү дээ” гэж зөвлөсний дагуу сурагч Ж.Дүүрэнжаргал цэргийн сургуулийн шалгалтад тэнцэж, ЦЕДС-ийн артиллерийн ангид элсчээ.

Хөвсгөлөөс цэрэгт татагдсан залуустай хамт “Зил” машины тэвшинд сууж нутгаасаа гарсан чинь Сэлэнгэ үерлээд, Булганд хоёр хонож, түүний сууж явсан машин нь Зүүнбаян явах байсныг мэдээгүй тууж явсан чинь нэг л биш, сургуульд явж байгаагаа учирлаж, бүр ах нь ирж даргатай нь уулзаж байж, нийслэл рүү явах машинд шилжүүлэн суулгажээ.

1975 онд сургуулиа төгсөөд Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит 123 дугаар ангид салааны захирагчаар томилогдсон дэслэгч Ж. Дүүрэнжаргал их буучдын уламжлалт намрын хээрийн гаралтаар Мянгад сумын нутаг Гурван-Үнээт, Цагаан-Үнээт хэмээх сүрлэг нүцгэн уулсын бэлд Мөнхцаст Жаргалант хайрхныг тольдон байдаг алдарт Хар-Ус нуураас зүүн хойш хээрийн байрлалд анхны дарийн утаа үнэрлэж байсныгаа өдгөө яахан мартах билээ.

Цэргүүдээ сургахад салааны захирагч үлгэрлэн биечлэн хийж үзүүлдэг тэр л зарчмаар ажиллаж, төд удалгүй сайчуудын эгнээнд нэр нь бичигдэх болсон залуу дэслэгч 1977 онд Армийн тэргүүний салаа, салбарын захирагч нарын зөвлөгөөнд оролцож, 1978 онд хугацааны өмнө ахлах дэслэгч цолоор шагнагдан батерейны захирагчийн албан тушаалд дэвшиж, залуу насны ид хаваар тангарагт албандаа үнэнчээр зүтгэж байсан он жилүүдийг тэрбээр бахархан ярих дуртай.

Цэргийнхний сургалт бэлтгэлийн чанарыг, офицерын бие бялдрын үзүүлэлт, тэсвэр тэвчээрийг шалгадаг марш тактикийн тэмцээнд цаг үедээ манлайлагч нарын нэг нь энэ хөрөг тэмдэглэлийн маань баатар байжээ. Ховдын ангийн нэр сүр марш тактикийн тэмцээнээр хол ойрдоо алдартай.

Түүнийг маршид гүйхээр Ховдоос ирэхэд том биетэй болохоор нь тэгсэн хэрэг байх, “Ховдын тарган шар” гэж хочлох маягаар нэрлэж байсан удаатай гэнэ. Гүйгээд медальт байрт шалгараад ирэхлээр өнөө нэр ч мартагдаж.

Гол өрсөлдөгчөө хочилно гэдэг атаархсаны илрэл болно биз дээ. Ж.Дүүрэнжаргал маршийн тэмцээнээс медаль авсан нь Ховдын офицеруудын хувьд армийн хэмжээнд үзүүлсэн анхны том амжилт байсныг 123 дугаар ангийн түүхийг өгүүлсэн "Баатар вангийн цэргүүд" номонд тодруулан бичсэн байна билээ.

1980 оны 6 дугаар сарын 3-ны өдөр түүний амьдралд шинэ шан татсан байдаг. Баруун аймгуудад ажиллаж байсан төрийн тэргүүн Ю.Цэдэнбалыг Ховд хотод ирэхэд Гарнизоны хүндэт харуулын дарга Ж.Дүүрэнжаргал илтгэл өгч, төрийн тэргүүний гараас шагнал авчээ. Тэр жилдээ 032 дугаар ангийн Хүндэт харуулын ротын орлогч даргаар томилогдон, улмаар Хүндэт харуулын даргаар ажиллах болжээ.

Энэ нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдоход нь Төрийн тэргүүнд хүндэт харуулын даргын хувиар илтгэл өгсөн мартагдашгүй дурсгалт үйл явдал чухал нөлөөлснийг тэрбээр бахархан ярихын зэрэгцээ “Би Цэдэнбал даргын цэрэг шүү” гэж хошигнон тодотгоод бага насныхаа нэгэн бяцхан дурсамж хүүрнэсэн юм. Бага, дунд сургуульд байхдаа поинерын жагсаал болоход Бүлгэмийн зөвлөлийн туг барьж, сурагчдын жагсаалын өмнүүр алхдаг байж.

Тэр үеийн Бүлгэмийн зөвлөлийн туг атгаж явсан жаалхүүгийн гар, өнөө цагийн Төрийн хожингийн туг атгах юм гэж хэн санахав дээ. “Сэтгэлд гал байвал зууханд гал олдоно” гэсэн найрагчийн алсыг харсан билэгт үгний биелэл ч юм бил үү, хэн мэдлээ.

032 дугаар ангид ажиллаж байхдаа Ж.Дүүрэнжаргал армийн марш тактикийн тэмцээнд 72 цэрэгтэй, гурван салаатай салбарын захирагчаар оролцож, салбар нь армийн хэмжээнд гурван жил дараалан тэргүүн байрт шалгарч, шилжин явах цомыг үүрд хадгалах эрхтэй болж байжээ.

Түүнчлэн энэ амжилтыг нь үнэлэн Ж.Дүүрэнжаргал захирагчтай Хүндэт харуулын тусгай ротыг “Цэргийн алдар” болон “Биеийн тамирын алдар” алтан медалиудаар тус тус шагнажээ.

Энэ үед винтовтой цэргүүдийг маршийн тэмцээнд гүйлгэхээ больё гэсэн яриа ч гарч байв. 1982 онд манай улсад зохион байгуулагдсан тэр үеийн ах дүү орнуудын армийн тамирчдын буюу СКДА-гийн ХХҮI бага хурлын төлөөлөгчдөд үзүүлсэн шилдэг зургаан салбарын марш тактикийн тэмцээнд хол тасархай түрүүлсэн Хүндэт харуулын салбарын цэргүүдийг винтовтой байна гээд хоёр дугаар байрт оруулж байсан баримт ч байдаг аж.

Манай оронд анхлан хөл тавьж байгаа гадаад орны Төрийн тэргүүний өмнөөс алхаж, эх орон, монгол цэргийн сүр хүчийг илтгэх Хүндэт харуулын даргын үүргийг олон удаагийн ёслол хүндэтгэлийн ажиллагаагаараа нэр төртэй гүйцэтгэж, үе тэнгийхэн дотроо нэр цохон тэмдэглэгдэх болсон Ж.Дүүрэнжаргал 1983-1987 онуудад ЗХУ-д М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академид суралцаж ерөнхий цэргийн тагнуулын анхдагч болон төгсч, 126 дугаар нэгтгэлийн тагнуулын даргаар томилогдон ажиллажээ. Тэр үеийн цэргийн сургууль төгсөгчдийн бичигдээгүй хуулиар Зүүнбаянгаар дамжаагүй цэргийн дарга байгаагүй шүү дээ.

Орост онолын академид суралцаж дүүргээд Зүүнбаянд хээрийн академид ажиллаж туршлагажсан олон арван шилдэг цэргийн дарга нарын нэг явсан хүн энэ мөн үү гэвэл мөн байна. ЗХЕШ-т хэлтсийн даргаар ажиллаж байхдаа хурандаа Ж.Дүүрэнжаргал ЗХЕШ-ын хөдөлмөрийн аваргаар шалгарч, Армийн монгол бичгийн анхдугаар олимпиадын дэд байрын эзэн болж, 1992 онд Бүх цэргийн Хар сүлдийг анх удаа залалцсан офицеруудын нэг юм.

Хүндэт харуулын тусгай ротын захирагчаар ажиллаж байсан, 032 дугаар ангийнхаа захирагчаар хурандаа Ж.Дүүрэнжаргал долоон жил ажиллаж, хугацаат албаны ахлагч нарын сургалт бэлтгэл, төрийн ёслол хүндэтгэлийн ажиллагаа, байнгын бие бүрэлдэхүүний ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн хамгааллын талаар олон ажлуудыгхийж гүйцэтгэсэн байдаг.

Ангийн захирагчаар ажиллах хугацаандаа анхан шантны бэлтгэлийг маш сайн явуулахад анхаардаг, шатны шалгалтуудыг тогтмол явуулдаг, буудлагын шагайврын дадлагыг тогтмолжуулсан, бие бүрэлдэхүүний гүйлтэд онцгой анхаардаг зэрэг ажлын арга барилыг нь өнөө ч тус ангийн залуу офицерууд ажилдаа туршлага болгон хэрэгжүүлсээр байна.

“Захирагч бүхнийг чадна” урлаг спорт, авхаалж самбаа шалгасан анхны тэмцээнд ангийн захирагч, залуу хурандаа нартай өрсөлдөн дэд байрт шалгарч байсан нь түүний юм юманд мөлжүүртэйг бэлхнээ харуулсан билээ. 2000 онд Зэвсэгт хүчний 032 дугаар анги командлалын шалгалтаар сайн ангийн болзол хангаж, ангийн захирагч, хурандаа Ж.Дүүрэнжаргал Зэвсэгт хүчний “Сайн” ангийн батламжийг ЗХЕШ-ын даргаас гардан авч байжээ.

2000 онд хурандаа Ж.Дүүрэнжаргал Улаанбаатар цэргийн хүрээний ангиудын захирагч нараас анх удаа Дүүргийн хөдөлмөрийн аваргаар шалгарч байсан нь анги, хамт олноо чадварлагудирдан зохион байгуулж байсны нэг илэрхийлэл юм.

“Эхнэр маань намайг дагаж хөдөө гадаа явсаар бараг цэргийн хүн болсон, ер нь офицеруудын эхнэр тийм л байдаг, тогоон дотор нь байгаа юм чинь яаж тэр зарчмаас гажихав. Эхнэр Ж.Дуламжав маань Зэвсэгтхүчний нэгдсэн лабораторид ерөнхий санхүүч хийж байгаад тэтгэвэрт гарсан. Хоёр хүү маань удам залгаж цэргийн хүн болсонд эцгийн хувьд нууцхан бахархаж явдаг юм.

Миний хүү, ахмад Д.Ариунболд одоо Афганистанд энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Бага хүү Д.Батболд 2013 онд ЭМШУИС-ийг төгсөөд ангид эмнэлгийн байрны даргын алба хашдаг. Сонирхуулж хэлэхэд хоёр хүү маань хоёулаа 032 дугаар ангид алба хаадаг. Томилолт, ажил алба нь тэгж таарсан хэрэг”. Тэрбээр аж амьдралынхаа тухай ийм л товчхон үг хэлсэн дээ.

Харин зүгээр суугаад байдаггүй хүн юм билээ. Хэд хэдэн дууны үг бичиж, хөгжмийн зохиолчтой хамтран дуу болгосноо нот, бичвэрийг нь үзүүлж байсан. Түүний яриаг ажаад байхад төрж өссөн нутаг ус, ер нь эх орныхоо үзэсгэлэнт байгалийг яруу найргийн гэмээр нэрлэж, тэр ч тийм сайхан, энэ ч ийм сайхан л гэж магтан ярих аж.

Энэ тухайд нь цохон асуухад “Хүн байгалийн амьтан шүү дээ. Нас ахиад ирэхээр хөх тэнгэр, уул ус, газар нутгаа гэх юм. Залуус мэдэхгүй явж болноо, хүн бүр өтөлнө шүү дээ. Тэр цагтаа чи залууст ийм л үг хэлэх байх даа” гэсэн сэн.

Б.Явуубилэг

Эх сурвалж: "Соёмбо" сонин