sonin.mn

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарыг сэжигтнээр татан шалгаж байгаа талаар АТГ-аас дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн. Энэ үеэр түүний өмгөөлөгч Ц.Баасандоржийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар болсноо мэдээлж байсан юм. Энэ талаар өмгөөлөгч Ц.Баасандоржоос тодрууллаа.

 -Та Л.Гансүхтэй уулзаад явахдаа Төв аймгийн цагдан хорих ангид гар бичмэлээр бичиж тэмдэглэсэн баримт орхиж явсан. Уг материалд “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө угаасан хэрэгт сэжигтнээр шалгаж байгаа Л.Гансүхтэй холбоотой чухал мэдээлэл байсан учраас таныг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаар өгсөн гэж АТГ-аас мэдээлсэн. Таныг цагдаагаас дуудаж байцаалт авсан уу?

-АТГ мэдээлэл хийсний дараа буюу арваннэгдүгээр сарын 6-нд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас намайг дуудаж байцаалт авсан. Түүнээс хойш дахиж дуудаагүй байна.

-Та уг бичиг баримтаа гээснээ хэзээ мэдсэн бэ?

 -Би тухайн бичиг баримт хэзээ алга болсныг мэдээгүй байсан. Гэтэл АТГ-аас мэдээлэл хийж зурагтаар гарах үеэр мэдсэн. Би уг материалыг хулгайлж авсан гэж үзэж байгаа.

Иймээс би Төв аймгийн Цагдаагийн газарт уг бичиг баримтыг яаж авсан болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт “АТГ хувь хүний захидал харилцааг олон нийтэд мэдээлсэн” гэх асуудлаар гомдол гаргасан.

Энэ чинь хувь хүний нууц шүү дээ. Би “АТГ-ын Э.Амарбат хүүхэн хүчинджээ, Ө.Энхтөр хөрөнгөжсөн хурандаа” гэж яривал хувь хүний нууцад халдсан болно. Түүнтэй адил дээрх бичгийг олон нийтэд шууд тараасан нь хувь хүний нууцад халдаж байна.

Одоо цагдаа, прокурорын байгууллага яаж хандахыг л харж байна. Ер нь цаашид АТГ хувь хүний нууцад иймэрхүү байдлаар халдаж байгаа асуудлаар олон улсын байгууллагад хандана.

-Л.Гансүхийн биеийн байдал ямар байна вэ. Эмчилгээ хийлгэж байгаа юу?

-“Интермед” эмнэлэгт хэвтэж байгаад өөр эмнэлэгт шилжсэн. Нэлээд эмчилгээ хийлгэх шаардлагатай. Биеийн байдал сайнгүй байна.

-АТГ-аас М.Тулгыг шинжилгээнд хамруулах ёстой гэж үзээд “Сонгдо” эмнэлэгт 18 хоног хэвтүүлсэн. Гэтэл түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаж эмнэлгээс нь хорих анги руу авч явсан. Биеийн байдал нь одоо ямар байна вэ?

 -“Сонгдо” эмнэлгээс гаргаж өгсөн шинжилгээний хариу болон рентген зургийг Өмнөд Солонгос руу явуулахад “Яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай” гэсэн хариу ирсэн. Гэтэл “Сонгдо” эмнэлгийн эмчлэгч эмч нь “Хагалгаа хийлгэх шаардлагагүй” гэж үзсэн учраас түүнийг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэр гаргасан.

Одоо тэрбээр хорих ангийн эмнэлэгт түрдэг тэрэг дээр л байж байна. Иймээс ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь МХЕГ-т хүсэлт гаргаж “Сонгдо” эмнэлгийг шалгуулахаар болсон. Шалгах шийдвэр ч гарсан.

-Шүүхээс “Н.Төмөрбаатарыг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй” гэж үзсэн талаар мэдээлж байсан. Гэтэл одоо хоригдож байгаа гэх юм. Энэ ямар учиртай вэ?

-М.Тулгын найз Н.Төмөрбаатарыг хорьж байгаа. Шүүхээс үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан.

-Л.Гансүх нарыг үргэлжлүүлэн хорих хугацааг хоёр ч удаа 30 хоногоор сунгалаа. Анхан шатны шүүх хурал хэзээ болох вэ?

-Энэ сарын 29-нөөс өмнө болно. Одоогоор тов гараагүй.

Б.Дэлгэр

Эх сурвалж: