sonin.mn

-Охид, хөвгүүд бэлгийн замын халдварт өртөх нь ихэсчээ-


Бид энэ талаар ташаа ойлголттой явж ирснээ хүлээх хэрэгтэй. Бэлгийн бойжилт, өсвөр үе, шилжилтийн насыг 16-18 гээд, тэр цагаас хүний бэлгийн амьдрал эхэлдэг хэмээн бодож явсан үе бий. Энэхүү ойлголт цаг үеэ дагаад өөрчлөгджээ.

Бэлэг бойжилтын хурдсалт буюу акселераци нэлээд наашилсан байна. Өнөөгийн өнцгөөс үзэхүл, 9-19 насныхан хамрагдах болж. Эртний мэргэд, зүүний үзүүр дээр атга атгаар арвай орхиход нэг нь тогтож үлдэхтэй хүмүүн заяаг зүйрлэжээ.

Тэр мөчөөс тухайн хүн эр, эм болох эсэх нь шийдэгдэх аж. Энэхүү бичвэрийн гарчгийг бэлгийн амьдралын тодорхойлолт гэж болно. Тэр нь насан эцэслэтэл үргэлжлэх юм.

Өөрөөр хэлбэл, яг энэ мөчөөс бэлгийн амьдрал эхлээд тэр цагт дуусна гэхгүй нь ээ. Хамгийн идэвхитэй үе гэж харин буй. Хүн хүнд адилгүй ч, идэр насанд хамаарах нь мэдээж. Тэр дундаа өсвөр насныханд онцгой хамаатай юм.

Бага насны, бүр 12-15-тай охид жирэмсэлсэн, үр хөндүүлсэн, төрсөн талаар хэвлэлээр сүүлийн үед цацагдах болов. Хэрхэх нь хүний эрх ч, насанд хүрээгүй охидод халтай нь ойлгомжтой. Жирэмсэлж, үр хөндүүлж, төрөхөөс гадна, бэлгийн замын халдварт өвчнүүд тэднийг ямагт отон байдгийг дурдахгүй байж хэрхэвч болохгүй.

Энэ нь зөвхөн тухайн хүүхэд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, эмч мэргэжилтний тус тусын хэрэг бишээ. Хамтран шийдэх ёстой нийгмийн асуудал гэж ойлговол зохино. Тэгэх ч ёстой.

Зарим талаар бид ахицтай ажиллаж байгааг хэлэх хэрэгтэй. Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт сурагчдын эрүүл мэндийн боловсролын талаар хичээл ордог болсон нь сайн хэрэг. Сургуулийн эмч, нийгмийн ажилтан хоёроос их зүйл шалтгаалдгийг хэлэхэд хангалттай.

Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт өсвөр үеийнхний эрүүл мэндийн кабинет ажилладаг нь үр дүнгээ зайлшгүй өгч таарна. Тийм нэгэн жишээ бол саяхан ашиглалтад орсон “Өсвөр үе залууст ээлтэй клиник’’ юм. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд байрлах тус клиникийн эмч Б.Оюунбаяртай уулзав.

Тэрбээр, хэдийгээр мэдээллийн зуун гэдэг ч, өсвөр үеийнхэн жирэмслэлт, нөхөн үржихүй, бэлгийн замын халдварт өвчний талаар ямар ч ойлголтгүй байна. Тиймээс шилжилтийн насныхны өсөлт хөгжилт, бэлгийн бойжилт, хоол тэжээл, сэтгэцийн эрүүл мэнд, хүсээгүй жирэмслэлт, нөхөн үржихүй, үр хөндөлтийн хор уршиг, бэлгийн замын халдварт өвчнүүд, түүнээс хэрхэн сэргийлэх талаар эмч, сэтгэлзүйч, нийгмийн ажилтнууд цогц зөвлөгөө өгдөг.

Архи, тамхи, мансуурал, донтолт, стресс, дарамт, хүчирхийлэл ч ноцтой асуудал болсон. Т эдний дунд заг хүйтэн, трихомониаз, тэмбүү өсөх хандлагатай байгаа. Эдгээр өвчний талаар өсвөр үеийнхний ойлголт хангалтгүй, бүр маш муу, ХДХВ, ДОХ-ын тухай халтар хултар мэдлэгтэй байгаа нь осолтой гэхэд ч багадна хэмээв.

Эднийх удахгүй лавлах харилцуур ажиллуулах агаад, одоохондоо эмч өөрийнхөө 95956265 дугаарын утсаар зөвлөгөө өгч байгаа ажээ. Сурагчид хамтраад дээрх клиникийн дэргэд сургалтын танхим нээсэн нь сайшаалтай.

Нийслэлийн 96 дугаар сургуулийн сурагч Э.Мөнхгэрэл “Өсвөрийн бидэнд ойр дотныхондоо ярьшгүй нууц бий. Хүссэн мэдээллээ авч чаддаггүйгээс зарим нь буруу замаар ордог.

Тохиолдлоор жирэмсэн болвол айж ичсээр яваад эцэст нь үр хөндүүлэх нь ч байдаг. Одоо эмч нартай энэ талаар ний нуугүй ярьдаг болсондоо баяртай байна гэлээ. Төрийн талаас зохиох ажил иймэрхүү байхад болно. Тэднийг дэмжих хэрэгтэй.

Өсвөр үеийнхэнд балчир үеэс нь хэд дахин илүү анхаарах хэрэгтэй

Төрийн бус байгууллагууд ч нэг үеэ бодвол өсвөр үеийнхний дунд дорвитой ажил зохиодог болжээ. Тэдний төлөөлөл болгон “Өсвөр үе ирээдүй” төвийн гүйцэтгэх захирал Л.Энхээтэй ярилцлаа.

-Танай байгууллагын зорилгоос яриагаа эхлэх үү?

-Ерээд оны сүүлчээр Каирт болсон олон улсын чуулганаар нөхөн үржихүйн асуудлыг дэлхий нийтийн түвшинд тавьсан юм билээ. Охидын эмч Аюуш багш судалгаа хийгээд, өсвөр үеийнхний асуудал ноцтой болсныг тогтоосон цаг ч давхацсан байдаг.

Ингээд багштайгаа хамтран төвөө 1999 онд байгуулсан. Бүх талын зөвлөгөө өгч, итгэлтэй утас ажиллуулсан даа. Бидний зорилго өсвөр үеийнхнийг ирээдүйн гэр бүлд хөл тавихад нь чиглүүлэх юм. Утас ажиллуулснаар тэдний өмнө чухам юу тулгамдаж байгааг бүр сайн мэдэж авав.

Санаанд оромгүй юмыг ч сонирхдог нь тодорхой болсон. Утасны цаанаас ичиж зоволгүй, ний нуугүй ярина шүү дээ. Тиймээс мэдлэг өгөхийг чухалчилсан. Эцэг эхчүүдийг ч боловсруулах, бэлтгэх шаардлагатайг ойлгосон.

Зөвлөгөө өгөхөөс гадна, шаардлагатай эмнэлэг, эмч нартай холбон зуучилдаг болов. Утсаар зөвлөгөө авагсдын 90 хувь нь өсвөр, залуучууд болох 15-20 насныхан байлаа.

-Өсвөр насныхныг өнөөгийн өнцгөөс тодорхойлбол өөр биз?

-Үндсэндээ 9-19 насныхныг хамруулдаг юм. Өөрөөр хэлбэл, хүний амьдралын хоёрдугаар 10 жил байгаа биз. Онц хариуцлагатай үе гэж болно. Эцэг эхчүүд буруу ойлголттой явдаг юм билээ.

Бэлгийн боловсролыгхолбогдох байгууллага, мэргэжлийн хүмүүс хариуцах ёстой. Бид тэднийг эдийн засгийн талаар хангах үүрэгтэй гэж үздэг бололтой. Багш нар эмч нарт найддаг. Эмч нар мэдээллийн хэрэгсэлд даалгадаг дутагдал илэрсэн.

Бид мэдээллийн эринд амьдарч байгаа ч, зөв мэдээлэл олгох, олж авахад учирч бий. Өсвөр насныханд тулгарч буй бэрхшээлийг хамтдаа шийдэх хэрэгтэй. Бэлгийн амьдрал нь эхийн хэвлийд бүрдэхээс нас бартал үргэлжлэх үйл явц юм. Гэхдээ өсвөр залууст онцгой хамаатай.

Бэлгийн амьдралын зөв дадал олохоос гадна, бэлгийн замын халдвар гээд өчнөөн юм өрнөдөг. Манайханд нийтлэг нэг дутагдал байдаг. Хүүхдийг багад нь бөөцийлж, хэт анхаардаг атлаа өсөхийн хэрээр түүнийгээ сулруулдаг талтай.

Уг нь өсвөр үеийнхэнд балчир үеэс нь хэд дахин илүү анхаарах ёстой. Хувцаслалт, хооллолт, материаллаг сонирхол, сэтгэл санааны олон еөрчлөлт өсвөр насанд гардаг. Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах уе богино шүү дээ.

Голдуу 20 хүртэл нь үргэлжилнэ. Бидэнд ханддаг өсвөр насныхны гол асуудал яалт ч үгүй бэлгийн замын халдварт өвчнүүд юм. Утсаар хандсан асуултын дийлэнхээс харахад ийм байдаг.

-Танай утас ажиллаж байгаа юу?

-Байраа өөрчлөх, нүүх гээд түр зогсоосон. Одоогоор өөрийн 99063902 утсаар зөвлөгөө өгч байна. Өсвөр насныхантай хамгийн их холбоотой байх хүний нэг нь сум, хорооны нийгмийн ажилтнууд билээ.

Тэд иргэдэд жинхэнэ хүрч ажиллах үүрэгтэй улс. Сургуульд хамрагдаагүй, ажилгүй, амьдралын нөхцөл муу, гэртээ байдаг залуус цөөнгүй. Миний мэдэхээр БГД-ийн 17 дугаар хорооны Засаг дарга Ч.Дэлгэрбаяр нийгмийн ажилтантайгаа тун боломжийн ажилладаг юм.

Тэд “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-өөр хорооныхоо нутаг дэвсгэрийн сургуулийн ахлах ангийнхны хооронд “АХА" тэмцээн тогтмол явуулах, гэртээ байдаг өсвөр насныхны дунд өрхийн эмнэлгүүдтэй хамтран сурталчилгаа хийж, сайн дурын “сургагч багш” бэлдэх, “Архи, тамхины эсрэг олон улсын өдөр’’ зэрэг бусад тэмдэглэлт өдрөөр зөвлөгөө өгүүлэх, үзлэгт хамруулах гээд заавал нэг ажил зохиодог уламжлалтай.

Зөвхөн ХДХВ, ДОХ ч биш бэлгийн замын бусад халдварт ч осолтой

Одоо онцгой сэдвийн өмнө хамтдаа сууцгаая.“Өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг” гэж монголчууд ярьдаг. Гэхдээ энэ нь халдварт өвчинд бүр ч хамаатай байх. Хичээвэл “хийсэж ирдэг”-ээс хамгаалж чадна гэдгийг сануулъя.

Халдварт өвчин бүхэнд хамаатай ч, өсвөр үеийнхний өмнө тулгардаг ноцтой аюулын нэг мөн. Учир нь, тэд энэ талын мэдлэг хомс, хэрхэх учраа олдоггүй, цаашдын амьдрал, тэр дундаа эрүүл мэнд болоод нөхөн үржихүйд асар хортой эмгэг юм.

Өсвөр үеийнхэн ХДХВ, ДОХ, тэмбүү, заг хүйтнийг л бэлгийн замын халдвар гэх төдий ойлголттой нь харамсалтай. Зүгээр л тоочиход, тэмбүү, заг хүйтэн, хламид, трихомониаз, үтрээний үрэвсэл, мөөгөнцөр, бэлгийн херпес, үү, ХДХВ, ДОХ, В, С вирусын халдвар, сүүлийн үед шуугиан тариад буй "эбола" гээд өчнөөн эмгэг байна.

Тоо баримт харцгаая. Өнгөрсөн оны эцсийн дүнгээр ийм халдварын 14957 тохиолдол улсын хэмжээнд бүртгэгджээ. Эмэгтэйчүүдийн дунд эрчүүдээс бараг хоёр дахин өндөр гэж гарчээ. Тэдний дунд өсвөр насныхан буй нь мэдээж. Бүртгэгдсэн өвчлөлийн 14.5 хувийг оюутан, залуус эзэлж байна гэх үзүүлэлт ч харагдана.

Бүр ноцтой нэг баримт байна. Тэмбүүгийн 6271 тохиолдлын 80 гаруй хувийг 15-30 насныхан эзэлжээ. Энэ оны эхний есөн сарын байдлаар төрөлхийн тэмбүүгийн 20 тохиолдол тэмдэглэгджээ. Тэмбүүтэй эхээс төрсөн тэмбүүтэй хүүхэд гэсэн үг.

ХДХВ,ДОХ-ын халдвартай хүмүүсийн дөрвөн хувийг 15-19 насныхан эзэлдэг ажээ. Нийт халдварын 98 хувь бэлгийн замаар халдсан байна. Тэгэхээр эл халдвараас хэрхэн сэргийлэх вэ гэдэг нь чухал юм. Зарим халдвар, тухайлбал, элэгний гэх В болон бэлгийн папилломавирусын эсрэг өвөрмөц сэргийлэлт болох вакцин буюу тарилга бий. ХДХВ, ДОХ, тэмбүү нь өвчтэй эхээс урагт, заг хүйтэн төрөх үед нүдний салстад халддаг билээ.

Урьдчилан сэргийлэхэд өвчин тус бүр дээр бага зэрэг өөр өөр ч, ерөнхий аргыг эхлээд хүргэх нь зөв байх. Эдгээрийг хэрэглэж чадвал бараг бүх халдвараас сэргийлж болно гэхэд хилсдэхгүй. Юуны өмнө дээрх өвчний халддаг замыг мэдээд зайлсхийх хэрэгтэй.

Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих, хосууд биедээ үнэнч байх, эрэгтэй, эмэгтэйн бэлгэвчийг зөв хэрэглэх, халдвартай цус, цусан болоод био бүтээгдэхүүн сэлбүүлэх, бохир зүү, тариур хэрэглэхээс болгоомжлох, эд эрхтэн шилжүүлэн суулгуулахдаа өөрөө болон ар гэрийнхэн нь сэрэмжтэй байх ёстой.

Өсвөр үеийнхэн элдэв шивээс, чимэглэл хийлгэхдээ тун няхуур байх хэрэггэй. Хамар, чих, хүзүү, уруул болон бусад газраа ээмэг, зүүлт хийлгэх ч осолтой. Зөвхөн нэг удаагийн зүү ашиглахыг шаардах, хүсэх эрхтэй шүү.

Халдвар авсан тохиолдолд чухам ямар өвчин гэдгээс болоод илрэх шинж нь ялгаатай байж болдгийг санахад илүүдэхгүй. Бэлгийн ариун цэврийг насан туршаа сахиж явах учиртай.

“Бэлэг эрүүл бол бие эрүүл, бие эрүүл аваас бүгд саруул” гэдгийг бүү мартаарай. “Эдээ алдвал багыг, эрдмээ алдвал талыг, эрүүл мэндээ алдвал бүхнийг алдана" гэсэн үг ч буй. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.

Эмч, сэтгүүлч Г.Мөнхнасан