Монгол улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор М.Шагдарсүрэн 11 дүгээр сарын 08-ны Бямба гарагт “Сэтгэлээ гэгээрүүлж-Элгээ баярлуулъя” лекц уншсан. Түүний лекцийг нийтэлж байна.

Элэг хорт хавдар болтлоо туулах зам

В, С вирус хорт хавдар үүсэх хамгийн том шалтгаан болдог. Дэлхийд элэгний 10 гаруй, Монголд 3-4 төрдийн вирус элбэг тохиолдож байна. Монголчууд элэгний өвчний хамгийн хүнд хэлбэрийг голдуу тусдаг. С вирустэй хүн архи уувал улам хүндэрдэг.

Түүнээс биш эрүүл элгэнд хавдар үүсэх нь ховор. Хэрвээ үуссэн тохиолдолд анхдагч өмөн уү гэж нэрлэдэг. Элэгний хатуурлын суурин дзэр хавдар үүснэ. Элэгний урэвсэл хүндрэхээсээ хатуурал болдог. Элэг байх ёстой хэмжээнээсээ жижгэрч хатууран барзайдаг.

Тийм үедээ эмчилгээ авах хэцүү байдаг. Бусад эрхтэнтэй харьцуулбал элэг үнэхээр  чимээгүй эрхтэн. Вирусын халдвар авчихаад байхдаа, гэмтэхдээ, хордохдоо, бас эд эс нь сорвижоод хатуурчихаад байхдаа ч бараг зовиур илэрдэггүй. Үйл ажиллагаагаа чинээнд нь тултал чадахаараа л хийж байдаг. Ийм учир элэгний өвчин зовиуртай болтлоо олон жил өнгөрсөн байдаг.

Хамгийн анх мэдэгдэх шинж тэмдэг нь амархан ядрах, эцэх, цуцах, зан байдалд нь өөрчлөлт орсныг удаан уулзаагүй урьдын танил нь анзаардаг. Шалтгаангүй ядрах, биө сулрах, цочромтгой болох, сэтгэл санаа уйтгартай гутранги болох шинж тэмдэг өвчний аль ч үе шатанд ажиглагдах бөгөөд заримдаа элэгний өвчин оношлогоо олон жил өнгөрсний дараа ч эмчид хандах гол шалтгаан болдог төдийгүй онош нь тогтоогдохгүй олон эмч нарт хандах хэрэг гардаг.

Ядрах эцэх шинж өдрийн аль ч цагт ажиглагдах боловч голдуу өглөө тохиолдох нь элбэг. Сэрээд нэг цаг болсны дараа өдөржин ажилласан юм шиг эцдэг. Надад нэг эрдэмтэн үзүүлж байхдаа “Гар дор байгаа юмыг хажуудах хүнээсээ аваад өгөөч гэж гуймаар эцсэн байдаг" гэж билээ.

Элэгний өвчин тархи, сэтгэл зүйд нөлөөлдөг. Хөнгөн хэлбэрийн өөрчлөлтөд орсон хүмүүс юмыг амархан мартаж эхэлдэг. Эм тангаа уусан эсэхээ, нүдний шилээ хаана тавьснаа санадаггүй. Цочимтгой, түргэн ууртай болно. Хүнд хэлбэрт шилжихээрээ он сар, өдөр, өөрийн нэр хаягийг мартана.

Тархи маанагтах нь элэгний өвин их хүндэрсний шинж юм Харин элэгний хоргүй хагдрын үед онцын зовиур шаналгаа мэдрэгдэхгүй. Зарим өвчтөнд хэмжээ нь хэт томорвол аймхай орчимд эвгүй оргих, хоол идсэний дараа гэдэс дүүрч байгаа юм шиг санагддаг. Ийм үед турах, халуурах, амьсгаадах, шарлах, хаалган венийн даралт ихсэх шинж мэдрэгдэнэ.

Дөрвөн хүний нэг нь элэгний өөхлөлттэй болжээ

Элэгний өөхлөлт нь сүүлийн 10 жилийн хугацаанд хурдацтай өсөн нэг л мэдэхэд дөрвөн хүний нэг нь угөвчинд нэрвэгддэг цаг үе болжээ. Цусны шинжилгээнээс харахад ихэнх тохиолдолд ямар нэг адил төстэй зүйл болон тодорхой шинж чанаргүй өвчнүүд боловч, элэгний өөхлөлтөнд хүчлийн стресс үргэлжлэн нэмэгдэхэд, элгэнд сорвижилт үүсэж элэгний архаг үрэвслээс элэгний хорт хавдарт шилжих учраас хайхрахгүй байхын аргагүй юм.

Нөгөө талаас элэгний өвчнийг хэрхэн яаж эмчлэх вэ гэсэн судалгаа шинжилгээний аргууд хөгжиж, зөв эмчилгээний арга барил нь амьдралын хэв маяг, үйл явц дээр тулгуурлан бүрэн эмчилгээний болон тархалтыг зогсоох аргыг бий болгож чадсан.

Би 30 жилийн турш элгээр мэргэшин олон өвчтөнтэй харилцаж ирсэн. Ууж буй бүх эм элгээр дамжин махбодид үйлчилгээ үзүүлдэг. Эдгээр нь өөх тосонд уусаж байвал илүү сайн шимэгддэг. Тосонд уусдаггүй эм усанд уусдаг. Усанд уусдаг эм муу шимэгддэг.

Тосонд уусдаг эм ходоод гэдэсний ханаар амархан шимэгдэж цусны урсгалд орно. Эм тодорхой үйлчилгээ үзүүлсний дараа биеэс ялгарч гарах ёстой. Тосонд уусдаг эм уурагт эсвэл өөхөн эсэнд наалдаж, цусны урсгалаар эргэлддэг. Биеэс амархан гарахгүй эмийг усанд уусдаг болгон өөрчлөх шаардлагатай. Энэ ажлыг элэг үр дүнтэй гүйцэтгэнэ.

Элэгний судсуудад цонх гэж нэрлэгдэх нүхнүүд байдаг. Ихэнх эм, бусад бодис элэгний судасны энэ нүхээр орж элэгний эсэд очдог. Элэгний эсэнд ормогцоо өөхөнд уусдаг эм усанд уусдаг эм болон хувирдаг. Элэг өвчлөхөд эмийн солилцоо өөрчлөгдөнө. Биенд эмийн хортой тун хуримтлагдахад амь насанд аюултай болдог.

Элэг өөхлөх гол шалтгаан

Элэг өөхлөх нь голдуу таргалалт, бодисын солилцооны эмгэг, архи буюу эмийн хэрэглээтэй холбоотой үүсдэг. Элэгний өөхлөлтийг сүүлийн үед амьдралын хэв маягийн өвчин хэмээн нэрлээд байгаа. Тиймээс хэтрүүлэн идэх, хэтрүүлэн уухаас зайлсхийх хэрэгтэй.

Хэт таргалалтын эсрэг хоол хүнс хэрэглэх, биөийн тамираар хичээллэх нь элгэнд бөөгнөрсөн өөх хайлдаг. Бие доторх өөхийг хайлуулахын тулд 20 минут орчим аэробэкийн дасгал хийж, 30 минут явган алхаж занших хэрэгтэй. Өдөр бүр 7000-10000 алхам хурдан алхвал үр дүнтэй.

Элэгний өөхлөлтийн хувьд бага ч гэсэн жин хасвал байдал сайжрах тохиолдол элбэг байдаг ч хурдан хугацаанд гэнэтийн жин хасалт нь буцаад илүү ихжин нэмэгдэх магадлалтай байдаг тул хоол эмчилгээ болон хөдөлгөөний эмчилгээг хавсран, хүчлэхгүйгээр биеийн жингээ хасах аргыг хэрэглэх хэрэгтэй.

Элэгний өөхлөлт амь насанд аюул занал учруулдаг өвчин биш учраас амьдралын хэв маягаа сайжруулахад гурван сарын дотор эдгэрэх боломжтой.Зарим хүн элэгний өөхлөлтийн талаар мэдлэг хомсын улмаас удаан хугацаанд хүндрүүлэх тохиолдол их.

Архины сөрөг нөлөө их

-Архи их хэмжээгээр удаан уух нь элэгний эсэд шархлаа үүсгэн улмаар устаж үгүй болоход хүргэдэг. Уүнээс үүдэж элэгний сорвижилт хүндэрдэг. Энергийн хэмжээ ихтэй архийг өдөр бүр их хэмжээгээр ууж хэрэглэвэл элэг нь бусад хүнснээс авсан энергээ илүүдэл болгон өөх тосоор элгэнд хадгалж эхэлдэг.

Элэг архийг задлах ажилдаа дарагдан өөх тосыг хангалттай хэмжээнд задлаж чадахгүй болсноор өөх тос нь бөөгнөрөлд ордог. Энэ нь архины гаралтай элэгний шархлааны эхний үе болох элэгний өөхлөлт юм.

Согтууруулах ундааг удаан хугацаагаар үргэлжлүүлэн хэрэглэснээр элэгний өөхлөлтөөс элэгний хатууралд шилждэг. Хэрвээ хүндэрсэн ч архи уухаа зогсоож чадвал тодорхой хэмжээнд эмчлэгдэх найдвар бий. Их хэмжээгээр архи уувал элэг сорвижин, бүтэц нь хатууран үйл ажиллагаа явуулж чадахаа больдог.

Элэгний хатуурал гэмтэй

Элэгний архаг үрэвслийн нэлээд хүнд урхаг нь элэгний хатууралд өөрчлөлт орох юм. Элэгний эрүүл эд эс гэмтэж үхжил болсны дараа сорвижилт үүснэ. Элэгний сорвижилт үүсгэж буй гол шалтгаан бол архи, вирусын халдвар юм. Сорвижсон эд эс нь элэгний цусны урсгалд саад болсноос хэвийн үйл ажиллагаагаа явуулж чадахаа болино.

С вирусыг биеэс зайлууж чадахгүй бол сорвижилт улам л газар авна. Элэг чулуу шиг хатуурч зангилаанууд үүснэ. Үүнийг л элэгний хатуурал гээд байгаа юм. Элэгний хатуурал бол элэгний өвчнүүдийн хамгийн сүүлчийн шат.

Шалтгаан нь ямар байхаас хамаарахгүй, сүүлчийн үр дүн нь адил байх болно. Элэгний хатуурал үүстэл олон жил болно. Төрөл бүрийн эм, эмийн ургамалтай эм элгийг үлэмж хэмжээгээр хатууруулдаг тал бий.

Элэгний хатуурлын эмнэл зүйн илрэл нь олон янз. Элэгний цочмог үрэвсэл, элэгний идэвхтэй архаг үрэвсэл, нөгөө талаас хэдэн жил, тэр ч бүү хэл хэдэн арван жил ямар ч шинж тэмдэггүй явагдаж байснаа гэнэт хүндрэлийн шинжээр (улаан хоолойн өргөссөн судаснаас цус алдах, эсвэл элэгний анхдагч хавдар үүсэх) илэрч болно.

Хатуурал илрэх шинж тэмдэг

Элэгний хатуурлын үед шалтгаанаас үл хамааран хэд хэдэн содон шинж гарна. Элэг хатуурч, сорвижсон гэдгийг тайлах түлхүүр шинж бий. Зарим хүнд элэгний хатуурлын эхэн үед ямар ч шинж тэмдэг мэдрэгдэхгүй, жаахан ядрах, бие сулрах, хоол унданд дургүй болох, ходоод гэдэс хямрах үеэр өвдөх шинж мэдрэгдэнэ.

Ийм шатанд байгаа бол ээнэгшлээ алдаагүй элэгний хатуурал гэж үздэг. Элэгний хэлбэр, хэмжээ цуллаг байдал өөрчлөгдөж элэг хатуу болсон байдаг. Дэлүү томорно. Дээрх хүндрэлийг хэсэг хугацаанд хянаж, элэг эмчлэгдэх, буцаад хэвэндээ орох ямар ч бололцоогүй болж, цорын ганц эмчилгээ нь элэг солих, донорын элэг шилжүүлэн суулгах хэрэгтэй болдог. Элэг хатуурахад биеийн булчин болоод тэр дундаа гар, дээд мөчний булчин шуугдаж эхэлнэ.

Дэлүү томроход ялтсан эсийн тоо цөөрдөг тул цус гоожимтгой болдог. Элэгний хатуурлаас үүдээд дотоод шүүрлийн дааврын үйл ажиллагаа алдагдана. “Элэгний алга” гэж нэрлэгдах алга улайх шинж эрхий хурууны угийн товгор болон эсрэг талд нь тод ажиглагдана. Энэ нь элэгний хатуурлын улмаас тараагуур хураагуур судасны холбоос үүссэнээс үүдсэн шинж. Гарын алга халуун байдаг.

Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин