sonin.mn

Энэ ичих нүүрэндээ илэг наачихсан сайдуудыг ер нь яалтай ч билээ дээ. Худлаа ярьж байгааг нь ард түмэн мэдээд байхад л улайх ч үгүй өнөөхөө давтаад байх юм. Хоёрхон жишээ дурьдъя.

Хууль зүйн сайд С.Тэмүүжин Төв аймагт очиж, урьдчилан хорих төвд хууль зөрчсөнийг бараг бүх телевиз харуулсан, АТГ-аас нотолсон. Бас хар тамхины хүүхэнтэй орооцолдож, тэр нь хуулиас хөнгөн ял авлаа. Өөр залуус сүрхий хатуухан шийтгэгдсэн шүү дээ. Энэ бол бас л нотлогдсон зүйл. Гэтэл одоо энхийн цагаан тагтаа шиг ямар ч хэрэг хийгээгүй мэт мэдээллийн хэрэгслээр ярьж суух юм.

Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гэгч ард түмний амьдрал яаж доройтсоныг огт олж хардаггүй бололтой. Уул овоо шиг юм хийлээ гэж ичихгүй ярьж байх юм. Гэтэл иргэд идэх талхныхаа мөнгийг хүчрэхгүй шахам болоод байна. Үүнийг хүн болгон мэдэж, мэдээллийн хэрэгслүүдээр явж байгаа.

Эрхэм сайд Америк явахдаа улсын мөнгөөр / татварын/ эхнэр хүүхдээ аваад явсан байх юм. Ийм нотолгоотой зүйл олныг дурьдаж болно. Гэтэл одоо татваруудыг нэмэх тухай дуулдаж байна. Ард түмнээ ингэж шулсан мөнгө нь сайд нар болоод тэдний гэр бүлийнхний тансаглал, гадаад орнуудад явахад нь зарцуулагддаг биз.

Яасан ч ичдэггүй, ёс зүйгүй хүмүүс вэ. Засагт уг нь ёс зүйтэй, шударга хүмүүс л байх ёстой доо. Тэр их соёлтой /улстөрийн/ Япон, Америкт ч юм уу Францад сайд нар нь ингэж тансагласан бол мөн ч амархан огцорно доо. Гэтэл манайх хэтэрхий ёс зүйгүй улстөртэй юм байна. Ёс зүйгүй сайд нартай гэвэл илүү таарах байх аа.

Сайд, дарга нарын эрх, ямба тансаглал ингэж хэрээс хэтэрснийг хүмүүс ярьсаар л байна. Ард түмний дунд гүн бухимдал явж байна. Гэвч яах ч юм билээ дээ. Тэртэй тэргүй баян тансаг Засгийн газрын ямбатан баян сайдууд үүнийг тоохгүй юм чинь. Гадаад орнуудаар гэр бүлийнхнийхээ хамтаар дахин дахин аялдаг, хогийн ногоон уут, баян цэнгэл наадмуудаар тэрбумаар мөнгө зарцуулдаг, баяраар сая сая төгрөгийн хуушуур иддэг болохоор нь би тэгж бодоод байгаа хэрэг шүү дээ.

Б.Цагаандай