sonin.mn

Аливаа улсын хотуудын бас нэг өвөрмөц дүр төрх нь такси болдог. Өвөрмөц, гоё өнгөтэй, цэвэрхэн таксинууд хотын чимэг болох учиртай. Иргэдийн хувьд зөвхөн таних тэмдэг бүхий таксигаар үйлчлүүлж өнөөдрийг хүртэл сураагүй л байна.

Зам дээр гараад л гараа өргөөд, хаа хамаагүй машинд суучихдаг. Баталгаагүй таксигаар үйлчлүүлж эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирч үлдэх тохиолдол багагүй бүртгэгдэж байгаа.

Тухайлбал, өнгөрсөн онд Сонгинохайрхан дүүрэгт такси үйлчилгээ эрхэлдэг 26 настай А гэгч нь үйлчлүүлэгчээ дээрэмдэж бэлгийн дур хүслээ зүй бусаар хангадаг байсныг цагдаагийнхан илрүүлэн саатуулж байсан.

Өнөөдөр Улаанбаатар хотод хууль бусаар энэ төрлийн бизнес эрхэлж байгаа 4-5 мянган такси байгааг Нийтийн тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтарсан судалгаагаар тогтоосон. Дэлхийн томоохон хотуудад бол таксиг зөвхөн таксины зогсоолоос л барих учиртай.

Нийслэл энэ жишгийг нэвтрүүлэх бодлогын хүрээнд 12 газарт таксины зогсоол байгуулсан. Гэвч тэнд зогсч байдаг такси ч алга, тийшээ зорьж очдог үйлчлүүлэгчид ч алга. Таксины зогсоолууд хаана байгаа вэ гэж иргэдээс асуувал бараг дийлэнх нь “мэдэхгүй” л гэж хариулна.

“Онцгой эрхтэй” жолооч нар иргэдээс “Хаа хүрэх вэ” гэж асуух нь элбэг. Тэгээд гэр хороолол, эсвэл хэт тугжрээтэй замаар явахаар бол “Явахгүй” гээд л хаалгаа хаачихна. Тэгж, ингэсхийж байгаад явлаа гэхэд километрын мөнгийг илүү тооцоод л авчих жишээтэй.

Километрийн мөнгөний асуудлыг тоолуураар шийдэх гэж хичээсэн ч жолооч нар “монголчлоод” тоолуурын гүйлтээ ихэсгэчихдэг шүү дээ. Энэ мэтээр таксины жолооч нарт иргэддээ үйлчлэх соёл нь төлөвшөөгүй байгаа юм. Хаа хамаагүй машинд суухаа больчихвол “хувийн таксичид” гэх ойлголт хүссэн хүсээгүй алга болно. Найдваргүй таксинаас үүдэлтэй гэмт хэрэг гардаг байдал алга болно гэсэн үг.

А.Намуун

Эх сурвалж: