sonin.mn

Бид өнгөрсөн наймдугаар сард Толгойтын Баруун салаан дахь “Мана” нэртэй сувилалд эмчлүүлж байх үедээ Лувсандугартай танилцсан юм. Уугуул нутаг нь Хэнтий аймгийн Дадал сумын харьяат буриад хүн юм билээ.

Тэрээр сумынхаа бага, дунд сургууль дүүргээд нийслэлийн 20 дугаар дунд сургуулийг 1965 онд алтан медальтай төгсчээ. 1965-1970 онд ЗХУ-ын хуучнаар Украйны Киев хотноо Хөдөө аж ахуйн академийг онцсайн дүнтэй дүүргэж, цахилгааны инженер мэргэжил эзэмшсэн байна.

1970 оноос Улаанбаатар хотын цахилгаан, сантехник угсралтын нэгдсэн трестээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн залуу инженер ажилд томилогдоход тус трестийн цахилгааны анги нь 230-аад мэргэжлийн монтёртой, жилдээ 170-180 гаруй хот хөдөөгийн барилгад цахилгаан угсралтын ажил хийж, жилд 110-120 барилгыг ашиглалтад хүлээлгэн өгдөг байжээ.

Дээрхи барилгуудаас нэрлэвэл 240 ортой больниц I эмнэлэг улсын циркийн барилга, Улаанбаатар хотын мод боловсруулах комбинатын барилга, Партизаны сангийн аж ахуйн 800 үнээний ферм, Төв аймгийн Батсүмбэр сумын 400 үнээний хоёр ферм, Гачууртын сангийн аж ахуйн 400 үнээний ферм, Төв аймгийн Угтаал, Баянцогт, Жаргалант, Сэлэнгэ аймгийн Түвшрүүлэх, Өвөрхангай аймгийн Хархорины сангийн аж ахуйдын механикжсан үтрэм, үр тарианы агуулахууд, Зайсан толгойн хөшөөний гэрэлтүүлэг, Төв аймгийн 120 ортой больниц, 964 хүүхдийн дунд сургуулийн барилга зэрэг 350 гаруй барилга объектын цахилгааны монтажын ажлыг удирдан хийлгэжээ.

Энэ хугацаанд ажилчдынхаа мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг жил бүр зохион байгуулж байснаас гадна жилд 20-30 хүнийг барилгын техникумын цахилгаан техникийн ангид суралцуулдаг байжээ. Барилгын ТМС-ийг шинээр төгсч ирсэн ажилчдыг 10 жилийн оройн ангид суралцуулж, бүрэн дунд боловсрол эзэмшүүлдэг ажлыг зохион байгуулснаар нийт ажилчдын 70 хувь нь бүрэн дунд боловсролтой болж мэргэжлийн ур чадвар дээшилж, хөдөлмөрийн бүтээмжид ахиц гарсан байна.

1973 оноос цахилгаан сантехникийн нэгдсэн үйлдвэрт цахилгааны салбарын нэг маягийн баталгаат зураг боловсруулж үйлдвэрийн явцын дамжлагад оруулснаар цахилгааны салбарын үйлдвэрлэл жилд 400 ширхэг хийдэг байсан бол 5000 ширхэг болтлоо өсөж байжээ.

Хэрэглэгчдийн дэд өртөөний өндөр нам хүчдэлийн хуваарилах байгууламжуудын нэгдсэн зургийг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлснээр дээрх самбарууд нь улсынхаа хэрэгцээг бүрэн хангадаг болсон байна. 1975 онд улсын чанарын аттестатчиллаар цахилгааны хоёр төрлийн самбар улсын чанарын мөнгөн медаль, 1977 оны аттестатчиллаар хоёр төрлийн самбар болон гулгах тулгуур чанарын алтан медаль хүртэж байжээ.

Дархан хотын цементийн заводын зутан хуваарилах төхөөрөмж эвдэрч Польш улсад захиалахад 45 хоногийн дараа гарагаж өгнө гэж байсан үед монголын барилгын байгууллагууд хоёр сарын турш цементгүй зогсоход хүрчээ. Тэр үед тэд өөрсдийн санаачлагаар тус үйлдвэрийн инженер техникчдийн оролцоотойгоор ажиллаж гурван хоногийн дотор уг төхөөрөмжийг хийж өгч байсан байна.

Мөн 1990-ээд онд гуравдугаар цахилгаан станцын засварт шаардлагатай 700 гаруй тонн төмөр хийцийг Италийн АВВ компанийн захиалгаар үйлдвэрлэн нийлүүлэх ажлыг удирдан хугацаанаас нь өмнө ашиглалтанд өгч байв. 1986 онд ТТҮБ үйлдвэрийн трестэд орлогч даргаар ажиллаж байх үедээ барилгын ажлыг улиралд тохируулан материалаар хангах замаар барилгын үйлдвэрлэлийн явцыг хугацаа алдалгүй ашиглалтанд оруулах ажлыг график баримтлан нийлүүлэх ажлыг санаачилснаар энэ нь барилгын байгууллагуудад мөрдөгдөх болсон байна.

Дулааны улиралд суурь бетонд шаардагдах материалыг хангалттай хэмжээгээр нийлүүлж, бусад бэлтгэл ажлыг хийгээд өвлийн улиралд өрлөг угсралтын материалыг нийлүүлдэг болсноор барилгын үйлдвэрлэл жилийн дөрвөн улиралд зогсолтгүй жигд явагдах боломжийг бүрдүүлж байжээ.

Энд ажиллаж байх хугацаанд хайрга бутлах завод, үслэгэдпэлийн үйлдвэр, Гүнтийн амны 400 үнээний ферм, Багануурын гахайн ферм, Шар хоолойн үнээний ферм, Налайхын 50 ортой төрөх газар зэрэг 50 гаруй объектын барилгын материалыг хугацанд нь ханган нийлүүлж байв.

Тэрээр 1988 оноос барилгын техникумд багшаар томилогдон багш, заах аргын нэгдпийн дарга, мөн үйлдвэр сургалт хариуцсан захирлаар ажиллаж байх үедээ оюутнуудын цахилгаан, сантехникийн сургалтын төлөвлөгөөг өөрчилж, жил бүр дадлагын ажил хийлгэдэг болж, хичээлийн программыг барилгын үйлдвэрлэлтэй уялдаатай болгон өөрчилж цахилгааны дэд өртөөний тоноглолын лаборатори, цахилгаан машины лаборатори, үйлдвэрийн цахилгаан төхөөрөмж, цахилгаан гэрийн лаборатори зэргийг шинээр байгуулж ашигласнаар сургалтыг төвшин шинэ шатанд гарсан байна.

2005 онд зөвлөх инженерийн зэрэг авсан Ж.Лувсандугарын сургаж төгсгөсөн 200 гаруй цахилгааны инженер техникчид өдгөө эх орныхоо барилга, үйлдвэр, хөдөө аж ахуйн зэрэг олон салбарт мэргэжлээрээ ажиллаж амьдарч яваа гэнэ.

Ж.Лувсандугарын санаанаас гардаггүй нэгэн тохиолдлоос дурдвал, 1970 оны намрын нэг өдөр трестийн дарга н.Жанчив дуудахад нь яваад ортол “Барилгын материал хангамжийн газрын цементний насос ажиллахгүй болсноос олон вагон цементийг буулгаж чадахгүйд хүрээд байна. Олон барилга цементгүй, ажил зогсч байна. Чи очиж юу болсны учрыг олж өг” гэж тушаасан гэнэ.

Тэгэхэд нь даргадаа “Тэнд чинь монголын цахилгааны инженерүүдийн сор нь цугларсан гэж сонссон юм байна, тэдний хажуугаар очоод яах юм бэ” гэж үнэнээ хэлэхэд нь дарга “Үг дуугүй гараад машинд суу” гэж тушаагаад уг газар аваачсан байна.

Тэрээр цааш нь ийн ярьсан юм. “Гэтэл теннисний ширээгээр дүүрэн цахилгааны хэмжүүрийн багаж өрчихсөн хар өнгийн костюмтай олон инженерүүд ярилцаад байж байв.

Намайг ороход нохойн гөлөг орж ирсэн төдий тоох янзгүй угтлаа. Арга ч үгүй биз, тэд бол эрдмийн зэрэг цолтой эрдэм шинжилгээний ажилтан, их, дээд сургуулийн багш нар ахмад инженерүүд нэм чинь над мэтийн залуусыг тоохгүй байх нь аргагүй байлаа.

Барилгын хангамжийнхан Лувсандугарыг урьд өмнө нь мэддэг учраас юуг нь яаж шалгах вэ гэж сандрангуй угтсан гэнэ. Би зөвлөхдөө юуны өмнө төхөөрөмжийн тоосыг хуурай даавуугаар арчаад цэвэрлээд өг гэлээ.

Учир нь зарим нөхцөлд цахилгаан хөдөлгүүрийн гэмтэл багажинд мэдрэгддэггүй тохиолдол байдгийг оюутан ахуй цагийн дадлагын үед үзэж байсан тул өөр арга хэрэглэх шийдэх боломж минь тэр юм. Гэтэл нөгөө томчуул маань хоорондоо чанга чанга дуугаар ярилцаж, цахилгаан хөдөлгүүр шатсан эсэхийг тодорхойлоход тоос ямар хямаатай юм, жаахан гажигтай нөхөр иржээ гэцгээж байгаа нь сонсогдож байлаа.

Тэр үед одоо мэддэг чаддагаа үзүүлэх цаг ирлээ гэдгийг дотроо ойлгож хөдөлгүүрт ойртож бүх зүйлийг нь ажиглаж байтал шатсан утасны үнэр мэдрэгдэж эхэллээ. Энэ хөдөлгүүр шатчихжээ гэхэд нөгөө томчуул ирж чи яаж мэдэв гэж аруухад нь үнэртэж байна шүү дээ гэхэд бүгдээрээ үнэрлээд “Юу ч үнэртэхгүй байна” гэж нэгэн зэрэг нотолцгоов.

Би тэгэхэд нь энд, энд гэж гурван газар шохойгоор зураад “Энд нь шалгая” гэлээ. Хөдөлгүүрийг задлахад миний тэмдэглэсэн гурван газрын тушаа шатсан ороомог цухуйн гарч ирлээ. Гэтэл тэд маань үнэрч нохой биш дээ яаж мэддэг байна аа гэцгээж байхад нь та бүхэн дор хаяж гурван сарын хугацаанд цахилгаан машины заводод ажиллах шаардлагатай болжээ гэж хэлээд гарч билээ. Тэр бол миний онгироо зангийн буруу л даа. /Инээв/

Үнэндээ Харьковын цахилгаан машины засварын заводод хийсэн багагүй хугацааны дадлага минь хэрэг болсон юм. Ер нь Орос орны цахилгааны нарийн мэргэжлийн инженерүүд суралцаж дүүргэсэн сургуулийнхаа багш нарт үнэн хайр хүрдэг гэж ярьсан юм.

Надтай хамт ажиллаж байсан сайхан хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийн үрээр эх орныхоо тухайн үеийн бүтээн байгуулалтын жилүүдэд олон ч хүмүүс одон медалиар шагнагдаж байсны нэг Д.Аюур маань Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэн дээ” гэж ярьж байв.

Ж.Лувсандугар олон жил үр бүтээлтэй ажиллаж эх орондоо ийм их ажил хийснээс гадна сүүлийн жилүүдэд барилгын мэргэжилтэн бэлтгэхэд олон залуусыг сургаж, тэд нар нь өдгөө эх орныхоо бүтээн байгуулалтанд хүчээ сорьж байгаа цахилгааны инженер техникчдийг бэлтгэсэн явдал үнэхээр гавьяатай үйлс юм. Гэтэл яагаад өдийд гавьяат барилгачин, хөдөлмөрийн баатар болоогүй, түүгээр барахгүй хөдөлмөрийн медаль ч аваагүй яваа нь гайхмаар.

Би бодохдоо, үнэнхүү шударга учраас даргад үнэлэгддэггүй хүн байжээ гэж бодогдоод үнэхээр олон түмэнд хүргэмээр санагдаад байгаа юм. Тэр дээдэст бялдуучилдаггүй, доодост дээрэлхдэггүй бусдад тусархуу монгол эрийн жудаг төгөлдөр зөв төлөвшсөн ноён нуруутай ариун ёс суртахуунтай нэгэн юм болов уу.

Иймэрхүү хүмүүсийг өнгөн дээрээ магтан хүч хөдөлмөрийг нь ашиглаад эцэст нь шагнал урамшлын асуудлыг далдуур хойш тавьдаг хэвшил манай аль ч нийгмийн удирдлагын уламжлалт арга барил үзэл юм. Ийм байдлаар хичнээн олон хүнийг хохироож байсан бол гэдэг асуудал ойлгомжтой.

Уг нь Лувсандугар шиг бүтээлч олон хүнийг өнгөрсөн хойно нь найз нөхөд, хамт ажиллаж байсан сайн мэдэх хүмүүсийн хүрээнд дурсаад өнгөрөх бус амьд мэнд яваа цагт нь баярлуулдаг баймаар санагдах юм.

Тэрээр өдгөө Сонгинохайрхан дүүргийн XXVIII хороонд амьд мэнд амьдран суухаар барахгүй хувийн компаниудад урилга заллагаар зөвлөгөө өгөөд буянтай үйлсээ үргэлжлүүлсээр явна.

З.Шарав /Ахмад эдийн засагч, эрх зүйч/