sonin.mn

Нийслэлийн удирдлагууд Найрсаг Улаанбаатар төсөл хэрэгжүүлж жилдээ таван сая жуулчин хүлээж авдаг болох зорилт тавиад байгаа. Сайхан л санаа. Тийм зорилгод хүрэхийн тулд мэдээж гадаад зочдынхоо ая тухыг хангах олон ажлуудыг шат дараатай хийх болов уу.

Зам, уулзвар, гэр хорооллыг сайхан болгоод байгаагаас нь харахад тэд чадах байх гэсэн итгэл төрж л байна. Тиймээс хийх ажил дээр нь хошуу нэмэрлэе.

Манай оронд жуулчны визээр орж ирсэн хятад ажилчин аль эсвэл жуулчин мөн боловч үүргэвчтэй тэнүүлчингүүд ихэнхдээ хэсүүчилж байна. Мөн солонгос, япон жуулчин ирсэн ч ханз бичгээр бичсэн өөрсдийн нутаг нэгтний буудал, ресторан хавиар байж байгаад л буцдаг.

Тэд бидний гадаад валютаар Орос улсаас авдаг бензин түлшийг л хороолцоход хувь нэмрээ оруулдаг шиг санагддаг юм. Нэгэнт улс оронд маань наалдацгүй бол тэднээр бараг яах юм бэ. Харин аль ч улсаас жуулчин ирсэн үйлчлээд байх халтар хултар боловч хэлний захтай хүмүүс манайд зөндөө бий.

Жил бүр хэдэн мянгаараа солонгосоос ирж байгаа хар ажилчид маань лав тэр зүгээ хариуцаад байж чадна. Тэгэхээр бүх албан байгууллагуудын хаягыг монгол хэлээр бичиж, хоолны газар ч танилцуулгаа монголоороо тавьчихаж байя.

Бид өмнөд монголынхоо ах дүү нарыг бүгдийг л орчуулж хэрэглэх гэдэг хэмээн шоолдог. Гэвч биднээс өөр хэн энэ хэлээр ярьж байгаа юм. Бидний хэлийг юм бүхэн дээрээ давхар тавьдаг орон байна уу.

Ингэж чадвал жуулчид ирээд хэрэн хэсэхдээ монгол хөтөч авахаас аргагүй болно. Тэднийг цалинжуулна. Ядаж энэ нь эх оронд минь үлдэг. Хэл соёлоо дээдэлж байгаа орон ч муухай харагдахгүй. Гэхдээ зөвхөн үйлчилгээний соёл, тав тухыг өндөр болгосныхоо дараа ингээрэй. Тэгэхгүй бол ер нь хэн ч ирэхгүй болчихно.

Ж.Энх

Эх сурвалж: