sonin.mn

Барилга байгууламжид гарсан аливаа зөрчил дутагдал нь Улсын комисс хүлээж аваагүй барилгад гарах нь элбэг. Улсын комисс хүлээж авсны дараа барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах байтал энэ нь манайд эсрэгээрээ.

Барилга байгууламж нурах, хүн дарагдах, эсвэл хана туурганаасаа цуурч эхлэх үед л Мэргэжлийн хяналтын хэдэн байцаагч очиж шалгаж, Улсын комисс хүлээж аваагүй байсан, эсвэл зөвшөөрөлгүй газар барьсан гэх шалтгаанаар тухайн барилгын компани, хувь хүнд торгууль ногдуулах, тог цахилгааныг нь таслах төдий л арга хэмжээ авч байна.

Эндээс Мэргэжлийн хяналтын байгууллага, Улсын комисс хэрхэн ажилладгийг харж болно. Жил бүр баригдаж байгаа болон шинээр ашиглалтад орсон барилгад шалгалт хийдэг ч хариуцлага тооцох арга нь нэг л биш ээ. Бас зөрчилтэй гэж бүртгэгдсэн тоотой хэдэн барилгын цаана үй олон барилга байгууламж хууль бусаар баригдсан байгааг нийслэлийн иргэдийн газрын маргаанаас харж болно.

Өчигдөр гэхэд л МЕХГ-ын даргын зөвлөлийн хурлаар энэ онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр шинээр барьсан, засварлаж шинэчилсэн барилга байгууламжид хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа. Энэ онд санхүүжигдэн барилгын угсралтын ажил нь хийгдэж байгаа 257 барилга байгууламжаас 239 нь буюу 92.99 хувь нь хяналт шалгалтад хамрагдсан байна.

Үүнээс гадна орон нутгийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө санхүүжилтээр барьжбуй нийт 221 барилга байгууламжууд хяналт шалгалтад хамрагдсан бөгөөд шалгалтад хамрагдсан нийт барилгын тоо 460 байгаа аж. Гэтэл 2014 оны эхний гурван улирлын байдлаар улсын төсвийн хөрөнгөөр барьж байгаа барилгуудад нийтдээ 15 осол бүртгэгдсэн.

Эндээс улсын нэрийн өмнөөс явж буй байцаагчид авлига хээл хахуульд өртөлгүй, ажил үүргээ хариуцлагатай биелүүлж чадаж байна уу үгүй юү гэдгийг нийслэлд баригдаж байгаа барилгыг хараад та лав нэг дүн хэдийнэ тавиа биз ээ.

А.Хaлиун

Эх сурвалж: