Үнэн юм шиг худал
Олон сэтгэгдэлчид чи адал явдлын зохиол бичээч гэж “нөхөрсгөөр шүүмжилснийг” хүлээн авч, наадмын бэлэг болгон нэгэн зохиолыг цувралаар гаргахаар шийдлээ. Та бүхэн шүүмжийг бүү урьтал болгоорой, эрдэмтэн судлаач нар энэ тухай баримт материал байвал саналаа нэмэрлэнэ үү. Яахав энэ зохиолыг их сайн явуулбал “Муми хятадад эргэж ирдэг шиг” Монголд ч бас адал явдал хайгчид олноор цуглана гэж бодож байна. Тэр нь бидэнд ашигтай….
XX зууны дэлхийг хамарсан улс төр-тагнуулын нууц ажиллагаануудыг зангидаж байсан нэгэн чулууны тухай энэ домог үнэхээр бодат түүх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хорьдугаар зууны эхээр зарим нь “шинжлэх ухаан мухардалд орлоо” гэж халаглаж, зарим нь “шинжлэх ухаан оргилдоо хүрлээ” гэж тунхаглаж байхад зарим нь тайлагдашгүй нууыг нээж шинэ шатанд гарна гэж үзэж байв. Энэ үед Европ дахинаар ялангуяа хаадын ордонд ид шид, нууцлаг ухааныг сонирхдог бүлгэмүүд нэвшиж, ид шидтэн, ирээдүйг зөгнөгчид ордонд амархан орж байлаа. Дэлхий нийтээр нэг ертөнцөөс нөгөө ертөнцөд шилжих гэж яарч, оюун санаа хямарч, үй олныг хөнөөх аймшигт дайны утаа уугиж, түүнийг зөнч, виваангирдич нар зөгнөж байлаа. Энд өгүүлэх гэж буй чулууны домог XX зууны нууц түүх юм биш, олон мянган жилийн түүхтэй.
Эртний Мисир, Ассир, Грек, Вавилон, Македон, Майя, Инк, Хан, Тан гүрэн, хожмын лалын эзэнт гүрнүүд халифт, эмтр, султант, шахт улсууд, Византийн түүхэнд чулууны домог бий. Энэ түүхийг /үнэндээ түүх бус домог юм/ үнэн гэж бус зүгээр л бичлэгийн ур чадвар, логик сэтгэлгээний дасгал маягаар тэрлэж байснаа уншигчиддаа хүргэж байна. Ийм чиглэлийн зохиол, уран сайхны нийтлэлийг орчин үед ихээхэн сонирхдог болжээ. Зүгээр сэтгэлгээгээ дасгалжуулж, тайвшрахын тулд уншаарай. Түүхэн бодат үйл явц дээр домог нэмчихээр л ийм сонирхолтой зохиол /зохиол шүү/ гардаг байна. Гэхдээ үнэн болжгэм энэ ямар гайхамшигтай билээ? Хэрэв үүнд итгэвэл оккультизм, парапсихологи сонирхогч жуулчин-судлаачид, адал явдал хайгчид, өнөөгний дэлхий ертөнцийн гажиг сэтгэхүйтнүүд Монголд цутгана даа. Гагцхүү болгоомжлох нь элдэв мэргэч төлгөч, нийгмийн ёс суртахууны хямралын идээ бээр болсон хийрхэгч, хууран мэхлэгчид үүнээс санаа аваад элдэв юм болох вий л…
Худал юм шиг үнэн
Нөгөө талаас энэ бол түүхийн “инвариант” юм гэж энэ зохиол анх “Улстөрийн сонин”-д гарсны дараа Ч.Эрдэнэ гуай бичиж байсан. Өнөөдөр шинжлэх ухаан өндөр түвшинд хүрч хөгжсөн гэж байгаа ч байгалийн хуулийн 4 хувийг л нээн ашигласан гэж байгаа. Харин ертөнцийн түүх ямар хуулиар, ямар жамаар явдаг бол? Их гүрнүүдийн түүхийг уншаад байхад ард нь ямар нэг нууц, өөр вариант яваад л байдаг. Хэрэв түүх энэ замаар яваагүй боль хэрэв ийм юм болоогүй бол дэлхий ямар байх бол? гэж асууж үзэх хэрэгтэй л дээ. Яг ийм түүхийн эргэлтийн үл явцыг Л.Н.Гумилёв “Гайт агшин” гээд хэрэв гайт агшин тохиогоогүй бол түүх мар замаар явах гэж асуусан байдаг юм. Үүнд бас философийн зайлшгүй хийгээд санамсаргүйн тухай асуулт бий. Бас түүхийн философи гэдэг ойлголтыг Ч.Эрдэнэ гуай “Хэн хүчирхэг байсан тэр буцаад хүчирхэг болно” гэж томъёолсон байна. Өөрөөр хэлбэл дэлхийн түүхийн шийдвэрлэх үйл явдлууд болдог тулгуур районууд байна. Гайхамшигт байгууламжууд байна.
Европын буюу газар дундын тэнгисийг тойрсон иргэншлийн орон зай /энэ ойлголтыг Б.Муссолини фашизмыг томъёолохдоо анх гаргаж ирсэн/, Тигр, Ефрат хоёр мөрний савд төвлөсөн иргэншлийн орон зай /Хүлэгүгийн Багдадыг эзэлсэн, АНУ-ын Багдадыг эзэлсэн түүх яг давтагддаг/, Инд Ганга мөрний сав Энэтхэгийн соёлын орон зай, Шар, Хөх мөрний сав Хятадын иргэншлийн орон зай, Гумилёвын хэлсэн “Их талын” /өрнө дорнын соёлын шилжилтийг хангаж байсан нүүдэлчдийн орон зай, анх үүнийг Геродот “Иран ба туран” гэж ангилсны туран нь юм/ түүхэн орон зай юм.
Үүнтэй зэрэгцээд өнөө цагийн супер эзэнт гүрэн АНУ-ын орон зай байна. Евразийнхан олон мянган жил мэдээгү болхоос Америк тивд түүхэн туршид эртний соёлт гүрнүүд зэрэгцэн оршин тогтнож байсан. Инк, Майя соёлын дурсгалууд, нарны сүмийг өнөөдөр нээсэн байна. /Ертөнцийг эрхшээгч чандмань чулуу алга болдог үед ийшээ шилжчихдэг байсан юм биш байгаа?/ Пифагорын бичиж үлдээсэн, өнөөдөр ч нууц нь тайлагдаагүй Атлантида хаана байсан бэ? Дорнын шамбал, өрнийн Атлантид хоёр нэг ойлголт уу? /Эртний Мисирийн домогт үндэслэн газар зүйн байршлыг нь тодорхойлсноор бол энэ иргэншил Америк тив байсан/.
Английн эзотерик судлаач нөхөр ирж, энэ сэдвээр ярилаа, “Би юугаа мэдэхэв дээ л гэлээ”. “Дорнын зан гаргалгүй яръя л гэж байна. Хариуд нь мэддэг бүхнээ биччихсээн л гэлээ. Тэр нөхөр монголгүй, би англигүй таарсан юм болов доо. Наад зах нь дорнын зарим ойлголтын томъёоллыг тэр мэдэхгүй, өрнийхийг би мэдэхгүй учраас энэ “шинжлэх ухааныг” нэг хэлээр ярьж чаддаггүй ээ, дээрээс нь орчуулагч маань энэ талаар “А” ч үгүй учраас ярилцлага маань хун хавчаахай цурхайн үлгэр болсон. Буддизм судлаж байсныхувьд хуучин халимаг аялгаар там тум ярих юм. Мний ойрд аялга ч бас базаахгүй. Тэгээд баахан кофегоор гэдсээ зайлаад, үр дүнд нь эгээтэй л хүрнээр шээчихсэнгүй.
Дөнгөж саяхан төгссөн “Хүйтэн дайн” Их Монголын Эзэнт гүрний нутагтай яг давхцан тогтсон коммунист ертөнц ба эртний Атлантидын /Америк тивийн/ “иргэншил хоорондын мөргөлдөөн” байж, эзэнт гүрэн ялагдлаа. Гэвч Москва төвтэй эзэнт гүрэн унасны дараа Бээжин төвтэй эзэнт гүрэн Америк иргэншлийг сөрөн босч байна. Эх газрын эзэнт гүрний гурван гүрэн нь Монгол, Монголчуудын нэгтгэсэн Орос, Хятад. Өнөөгийн Оросын төрийн уламжлал Монголын эзэнт гүрнийхтэй төстэй. Гэх мэт түүхэн газар зүй, иргэншил хоорондын асуудал тун гайхалтай гэсхийгээд бидний ойлголцол дуусав. Англи харин хаашаа явах вэ? Эх газрынх болох уу, эсвэл арлынх хэвээрээ байх болов уу? Бүү мэд, англи байтугай Монгол яах нь тодорхойгүй л байна.
Харин энэ асуултын хариуг масончууд л өгөх ю гэнэ. Тэр ч байтугай хүйтэн дайны үеийн сартваахиуд Бзежинский, Хантингтон нар Масоны нийгэмлэгийнхэн гэнэ. Жаахан урагш хөөвөл Тойнби бас масон байжээ. Тэд л дэлхийн хувь заяаг тодорхойлж суудаг гэнэ шүү.
Масон буюу чөлөөт чулуучдын нийгэмлэг
Масоны нийгэмлэгийг “жинхэнээр” нь чөлөөт чулуучдын нийгэмлэг гэдэг. Өрнөдийн орчин үеийнхэн чулуучид гэдэг үгийг “Эртний Мисирийн пирамидын чулууг огтлогчид” маягаар тайлбарладаг юм билээ. Тэгээд л түүх нь гацчихдаг. Гэвч нууц судруудад тэмдэглэсэнээр бол “чулуу” гэдэг ойлголт нь тоосго, хавтангаас огт өөр зүйл аж. Дорнын ойлголтоор бол “Чандмань чулуу” юм. Европынхны саяхны төөрөгдөл ч буй. Эртний Мисирийн чулуу огтлох, зөөх технологийг судлах явцдаа Монголчуудын бөгж болгон зүүх дуртай “очир”-ыг олжээ. Очир бол чулуу огтлогч машин ажээ. Энэ машинаар бүхэл бүтэн далайн түвшнээс 6666 метр өндөр уул уул-Кайласыг “зорж” пирамид болгосон байна. Очир нь гэдэг нь төвдөөр дорж гэсэн үг. Доржийн ёгт нэр нь “чулууны ноён”. Энгийнээр бол чулуунаас бэх, харин өрнийхний үзсэнээр бол чулуу огтлогч. Иймэрхүү дүгнэлт гаргагчид масоны нийгэмлэгийн мөн чанарыг ойлголгүй, нийтэд түгсэн ердийн технологийн эрлийг дагагчид гэнэ.
Чулууны эрэлчид ертөнцийн түүхэн туршид байсан. Тэд өршөөлгүй алуурчин, өрөвдөх сэтгэлгүй улайрагч, хэтийдсэн эрдэмтэд, хийрхэгчид, номлогчид, хэт шүтлэгтэн байсан. Тэд дэлхийн түүхийн туршид хамгийн аюултай бүлэглэл, нийгэмлэг, клубуудыг байгуулж байсан. Үе үеийн хүчирхэг хаад, эрдэмтэд, соён гэгээрүүлэгч, аймшиггүй зоригт жанжид тэднээс айн дагжиж байсан.
Масон бол орчин үеийн ийм нийгэмлэг билээ. Хүлэгүгийн баруун зүгийн аян дайны үеэр чулуучдын аюумшигт бүлэглэл “Ассасиныг” газрын хөрснөөс арчсан юм. Толгойлогч хуршаг, уулын өвгөнийг ертөнцийн нууцыг мэддэг хэмээн Монголчууд Мөнх хаан руу авч явжээ. Гэвч элдэв ид шидэд нэвтэрсэн тул хааныг хорлож болзошгүй гэж хэн нэг нь ховлосноор замд нь хаанаас зарлиг ирж, хөөрхий сүүлийн хуршагийн толгойг тас цавчаад, худагт хийгээд булчихсан юм билээ. Хоёр гаргалгаа бий, нэг дэхь нь өрнийхөн нууцаа хадгалах гэж алуулсан, хоёр дахь нь өрнийн нууц гээд байгаа юм нь ерөөсөө хааны гарт байсан тул хуршаг хэрэггүй.
Хитбухын арми Айн Жалутэд ялагдахын өмнөхөн Сирид бэхжээд байсан загалмайтны баронууд мамлюкуудтай хуйвалдаж, сүүлийн бэхлэлтээ найр тавин өгснөөр Монголчуудад сүйтгүүлжээ. Тамплиер баронууд ялагдлаа нуух, найман удаагийн аян дайны эцэст заналт лалуудтай хуйвалдаж, загалмайтны шар аян дайныг /Хүлэгийн аян дайныг ингэж нэрлэж байсан/ эсэргүүцсэн ялаас мултрахын тулд Монголчуудыг муулсан хар домог Европоор нэг тараажээ. Гэхдээ тэд үндэсгүй домог тараагаагүй, Монголчуудын сүр хүч хожим Оросод ирэхийг хэлж байсан. Гэхдээ энэ домог үнэнээр биелэхээс өмнө Варфоломейн шөнөөр тэднийг толгой дараалан хядаад шашингүйн үзэлт сект хэмээн зарласан юм. Европод нууц нийгэмлэг маягаар удсан тэд шинэ ертөнцөд бэхэжжээ. Энэ нь Америк дахь масонууд юм. Америкийн хүчирхэгжилтэй зэрэгцэн хагас мянганы дараа масончууд хүчирхэгжээд байна.
Масон гэж юу вэ? “Чандмань чулууг”, европ ойлголтоор “философийн чулууг” эрхшээхийг хүсдэг бүлэглэл. Гэхдээ чандмань чулуу хэзээ ч хэний ч эрхшээлд байдаггүй. Дорнын сектүүд чулууг эрж, чулуу дуудах элдэв тарни ном зохиож, оролдсоор эцэст нь чулууны орон шамбалын олж үүдийг нээхийг хичээж эхэлжээ. Шамбал дорно дахины хот уу?
Харин өрнийнхөн шинжлэх ухаан судалгааны үндсэн дээр “Философийн чулууг” бүтээхийг хүсдэг болжээ. Чухам энэ эрэл хайгуул нь алхимичдыг төрүүлсэн байна. XVII зууны үед өрнийн аугаа суутнууд “чөлөөт чулуучин” болсон байлаа. Готтфрид Лейбниц /математик/, Леонардо Да Винчи /аугаа олон талт авъяаст суут хүн/ Данте /яруу найраг/, Исаак Ньютон /физик/, Рене Декарт /математик/, Блэз Паскаль /физик/, Майкл Фарадей нарын тэр үеийн сод авъяастан, байгалийн болон нийгмийн хуулиудыг нээсэн 36 эрдэмтнийг нэгтгэсэн Росикрусын бүлэглэл бий болсон юм. Тэд чулууг бий болгоогүй ч өнөөгийн шинжлэх ухаан, урлаг ёс суртахууныг үндэслэгчид болсон юм. 1604 онд Чехийн /Моравийн/ алхимич Сендивогусын гар бичмэл “Философийн чулууны тухай 12 баримтлал” хэмээх ном хэвлэгдсэнээр тэд нэгдэж эхэлжээ. Тэднээс өмнө Арабын алхимичдын нууцад нэвтэрч, түүнийгээ “Философийн чулуу” бүтээхэд ашиглахыг хүсдэг байсан ба өөр хоорондоо харилцах нууц хэл болон алхимийн номлол боловсроод байсан юм. Тэдний олж цуглуулсан мэдлэг бүр Фараон Тутмосын /МЭӨ XY зуун/, Грекийн философич Пифагорын үеэс эхтэй гэгдэж байжээ. Өөрөөр хэлбэл Атлантидын үед хүрнэ.
Тэд тухайн үед чулууг гарган авахын тулд ертөнцийн бүх мэдлэгийг нэгтгэхийн тулд дэлхийн оккультизмын бүх урсгалыг нэгэн гарт зангидахыг хүсч байжээ. Үр дүнд нь шинжлэх ухааныг хөгжүүлсэн өмнө өгүүлсэн дэлхийн суутнууд “төржээ”. Гэвч философийн чулуу бий болоогүй юм. Олон талд билэгдлүүд бий болсоор.
Масоны билгэ тэмдэг нь еврейн зургаан талт талт тэмдэг гал усыг билгэдсэн дүрс /Давидын од/ болжээ. Европ дахинд Масоныг шашингүйн үзэлт нийгэмлэг буюу еврейн буруу номтон гэх болсон нь үүнээс эхтэй. Өнөөдөр ч чандмань чулуу, философийн чулууг бүтээж чадаагүй байна. Шинжлэх ухааны өндөр түвшинд хүрсэн гэж байгаа ч бүтээх боломж байхгүй. Тиймээс XX дугаар зууны эхээр өрнийхөн бууж өгч, философийн чулууг эрж хайх болжээ. Атлантида сураггүй алга болжээ. Чулууны судалгаа дорно зүг эргэлээ. Энэ удаад Атлантидыг бус Шамбалыг хайж эхэлжээ. Бүр еврейг үзэн ядагч Гитлер, шашингүйн үзэлт Зөвлөлтийнхөн хүртэл энэ хайгуулд маш их анхаарч байсан юм. Дорноос Бэрлинд ирсэн үл мэдэгдэх ламын тусламж авдаг байсан “Туле” нийгэмлэгт 1919 онд элсэж байсан А.Хитлер түүнийгээ орхилгүй өргөтгөж, “Аннербэ” хэмээх олон талт судалгаа эрхэлдэг нууц байгууллага бий болгожээ. “Эдэльвайс” хэмээх томъёолсон нэртэй алдарт уулын дивиз, хайгуулын олон тусгай ангиуд энэ байгууллагын мэдэлд байсан юм. Дорнын нууц судрууд, граалийн илд, чандмань чулуу гэх мэт байхгүй юмны эрлийг эрхэлдэг энэ байгууллага нисдэг таваг хийж чадсан нь хамгийн том амжилт гэдэг юм билээ. Тус байгууллагын экспедицүүд, түүнтэй өрсөлдөгч Зөвлөлтийн НКВД-ын нууц хэлтэс, Яков Блюмкины нэрээр үе үе тодордог Гималайд явуулсан Зөвлөлтийн хоёр экспедиц ямар учиртай байв... Хувьсгалын үеэр Германы элчин сайдыг алж зард гарсан алуурчин Яков Блюмкины хамгийн сүүлд үйлдсэн зохион байгуулалттай аллагаараа Монголын дотоодыг хамгаалах газрын дарга, эсперанточ, Зөвлөлтийн НКВД дэх дорнын судалгааны бүлгэмийн “нууц ноён, тархи” Хаянхярвааг эмнэлэгт хэвтэж байхад нь винтоны жадаар давсган тус газар нь нэвт сүлбэж, ортой нь хадаж алсан юм. Дараа нь Блюмкиныг Оросууд өөрсдөө устгажээ. Өрнийн масоны түүх арвин хэдэн арван боть болох учраас товчилж, хорьдугаар зууны Монгол руу орцгооё.
Чин гүрний түшмэг улсуудаас гагц Монгол тусгаар тогтносны нууц
Нэр хүнд нь Өмнөд хятадаас Якут хүртэл, Японаас Перс хүртэл түгсэн, Европ дахин амьд Будда гэдэг Чингис хааны их гүрний голомт шинэ тулгар нууцлаг Монгол Улсын хаан, Төвд үндэстэн, Жавзандамба хутагтын наймдугаар хувилгаан, товчдоо Богд хаанд нэгэн чулуу байжээ. Тэр чулуун дээр ертөнцийн ирээдүйн тухай бичиг тодрон гардаг бөгөөд түүнийг нь гагцхүү Богд хаан л унших бөлгөө. Чулуу ертөнцийн ирээдүйг хэлэх цаг нь болохоор Богд хааныг дуудна. Хаантан хэнтэй ч ярьж байсан орхин одоод тусгайлан бэлтгэсэн өрөөндөө орж цагаан хувцас өмсөөд хоёр гурван цагаар ертөнцийн ирээдүйн талаар мэдээд гарч ирэхдээ ихэд ядарчихсан байдаг байлаа. Улаан орхимж, шар дээл өмсдөг хаан бясалгал хийхээр орохдоо цав цагаан хувцас өмсөнө. Гарч ирээд гарын бичээч хоёр ламыг дуудуулан юу мэдсэнээ бичүүлнэ. Тэр нь далд ёгт утгатай, үлгэрлэвээс Нострадамусын лүндэн лугаа адил бөлгөө. Тэгээд амрахаас өөр аргагүй болтлоо сульдсанаа хэлнэ. Лам нар түүнийг дамжлан исэрт нь зална. Хаан заримдаа шөнө дөлөөр ч босч, чулууны бичиг унших нь бий. Үүнийхээ заримыг “Богдын лүндэн” хэмээх шаштир болгон гаргасан гэх агаад түүнийг нь олоход бэрх, олдвол тайлж уншихад бэрх ажээ. Бэрх бэрхдээ Нострадамусын түлхүүрээс ч бэрх ажээ.
Тусгаар тогтнолыг нь булаахаар хуйвалдаан зохион байгуулж байгаа Хятадын консул, дорнын шашны нууц сектэд уруу татагдаад, өрнийн маягийн ойлгомжгүй мэдлэг олж авсан ч басхүү гайхалтай мэдрэмжийн ид шидийг олсон барон Унгерн, эсбөгөөс харилцааны чухал асуудал ярилцахаар ирсэн Оросын элчин сайд хэн ч бай Богд хааныг ийнхүү одоход буцахаас аргагүй болдог ажээ. Харин энэ чулууг олж авахыг мянга мянган жил ертөнцийн бүх хаад, ерөнхийлөгчид, адал явдал хайгчид, тагнуулын байгууллагынхан хүсдэг байв. Гэвч энэ чулуу бол өөрөө очих гэсэн хүндээ очиж, явах гэсэн цагтаа явж одох ба түүнийг хэн ч эрхшээж үл чадмой.
Богд хааны нэр сүр өрнө зүг Иран, Афган, дорно зүг Хятад, Солонгос, Япон, хойд зүг нохой хөлөгтний орон хүрч алдаршсан агаад ертөнцийг эзэгнэгч чулууны эзэн учраас бүгд бишрэн шүтмүй. Манжийн төр унахад энэ чулуу Богд хутагтад ирж, тэрээр хаан болсон гэлцэнэ. Сонирхолтой нь чулуу Манжаас бус Ойрадаас иржээ. Энэ чулуу хүслийг биелүүлэгч. Монголчуудын хүсэл биелсэн агаад Чин гүрний харъяат ба түшмэг улсуудаас гагц цөөн Монгол, Богдын шавь халх, чулууг дамжуулагч ойрадын хагас л тусгаар тогтносон улс болсон гэнэм.
Хүчирхэг амьд бурхан Жавзандамба хутагт
Хэдийгээр Чин гүрний мэдэлд байсан таван үндэстнээс хамгийн хүн ам цөөтэй, ядуу нь Монгол байсан авч чухамдаа Монгол л тусгаар тогтносон юм. Тэр ч байтугай газарзүйн хувьд Монгол Хятадын төв, Бээжинд илүү ойр байлаа. Гималайн уулсаар тусгаарлагдсан Төвд, Кунлуний уулс, Зүүнгарын элсэн цөлөөр зааглагдсан Шинжаан, цөлийн дундах Хами, Турфан, Хотонд шургасан уйгурууд тусгаарлаж чадсангүй.
Жавзандамба хутагт Бадаргуултын 14 оноос зүүд үзсэн ба олон зүүдэнд тэрээр Манжаас тусгаарлаж, улсаа мандуулах учрыг бурхадын элч нэрээс сонсчээ. Тэр заримдаа далд нууц үйл хийж олныг гайхшируулж байв. Бадаргуултын 15 онд Манж хувцас өмсөж зах торго, идээ жимс тэргүүтэн шатааж, насны мөчлөгийн гэмийг арилгах нэрээр манжийн хараат бус болж байгаагаа илэрхийлжээ. Тусгаар тогтнох цаг хэдий бол гэж Монголын ноёд асуух бүр цагийг тэнгэрээс хэлмүй гэж хариулна. Ямарваа зүйл бүгд цагтай тул тусгаарлах цагаа мөн “зүүдээр” мэджээ.
Таван үндэстнийг нэгтгэсэн Чин гүрэн мөхөхөд бусдын адил эрх чөлөөгөө олсон Хятадууд, адилхан тусгаарласан Монголыг өөрийн харъяат хэмээн ихэмсэглэжээ. Гэтэл үнэн хэрэгтээ монголчууд Чин гүрэн дотроо давхрагын хувьд хятадуудаас дээд зиндаанд байсан юм. Монголчуудын үүрэг хятадуудаас Манж нарыг хамгаалахад л оршино. Гэтэл дундад Иргэн Улсын шинэ Ерөнхийлөгч Юань Шикай хүчний олон, хүчиндээ эрэлхэн, цөөн буурай Монголыг цэргийн хүчээр эзэлнэ гэж сүрдүүлэв. Богд хаан айсангүй. Тэр ялна гэдгээ мэдэж байлаа. Чулуу хэлсэн. Ерөнхийлөгч Юань Шикай сүрдүүлсэн захиандаа, “…бидний цэрэг толгойн үснээс олон, танай нэг хүнд мянган цэрэг дүйцүүлэн илгээнэ, цэргээ гарга байлдъя…” гэжээ. Харин Богд хаан “Хүний үс олон ч нэг л тонгорогоор хусдаг биш билүү?” гэж тавлажээ.
Омголон монголчуудыг хашраахаар хятадууд 40 мянган цэргийг орчин үеийн маягаар зохион байгуулж, орчин үеийн их буу, пулемёт, винтовоор зэвсэглэн, хуягт машинтай илгээжээ. Харин Богд хаан 20 дугаар зууны эхээр хоцрогдож, Оросын зэвсэглэлээс гарсан берданк бууг зээлээр авч зэвсэглээд, хоёрхон хээрийн хөнгөн буунаас өөр орчин үеийн гэх юмгүй морьт мянгатыг, Өвөр Монголоос зугатан ирсэн 32 баатраар дэмжүүлэн илгээжээ. Түүний цэрэг мордуулах зарлигт дурдсан нь: “Гагцхүү улсын мандах, мөхөх нь биднээс бус, тэнгэрийн цагийг дагамуй. Ер зөрчвөл болохгүй нь огтгүй бус болой” гээд зарлигаар цэрэг илгээжээ. Зарлигт “Дамдинсүрэн, Чимэдцэрэн, Найданжав нар үзэмчин хуучдаас эхлэн Шар мөрний зүүн этгээдээр, Сумъяа, Бавуужав нар бага авга нар хишигтнээс эхлээд Шар мөрний баруун этгээдээр тус тус явж, зүүн өмнөд гурван чуулганы Монголчуудыг хамгаалан тохинуулсугай. Насан-Арвижих, Мөрөнхан нар Сөнөдөөс эхлэн сүргийн цахар хошуудыг хамгаалан тохинуулж, Жанчхүүгийн сав газрыг батлан тогтоосугай, Чагдаржав Галсанцанбандүйням нар Улаанцав, Их зуу, Алшаа, торгууд, Хөх хотын түмэн олон Монголчуудыг хамгаалан тохинуулж тогтоосугай. Номхон шударга иргэнийг үл хөндөж, хятад бус манж овгийн түшмэл цэрэгтэй харилцан найрамдахыг чухал болгож, Монголын хязгаарыг хүрсний хойно /цагаан хэрэмийг хэлж байна/ бусад нутгийг тэмцэхгүй захыг батлан сахиж, харъяат олон Монголчуудаа бүрэн бүтэн болготугай” хэмээжээ.
Монголын цэрэг хятадыг хядаж, олзолсон сум, зэвсгээр нь өөрийгөө ханган байлдсаар цагаан хэрэм тулжээ. /“10 000 гаминг 400 Монгол ялж чадна” өгүүллийг үзнэ үү. Уг өгүүлэл баримтат үнэн тул тусад нь хэсэгчлэн бичсэн болно/ “Болохгүй нь огтгүй бус” гэж үнэн аж. Цагаан хэрэм бол Монгол Хятадын үүрдийн хил билээ. Хятадууд сандарч, Оросод хандав. Оросын Засгийн газар дөнгөж байгуулагдсан ядуу улсад зээллэг, зэвсэг өгөхгүй гэж шахаар Монгол цэргийг Хүрээ рүү буцаан татжээ. Уг нь Манж нар зөв үндэстнээр өөрийгөө хамгаалуулж. Хэрэв Манжийн хаан ордны хятад түшмэл генерал Юань Шикайн гарт ороогүй бол Монголчууд Чин гүрнийг аварчих байсан ч юм бил үү?
Хэрэв Манж нар шинэ засгийн бодлого гэгчийг явуулж, Өвөр Монголд олон хятад суулгаагүй бол тэртээ VII зуунд Тан гүрэн өмнөдийн босогчдын хөлд сүйдэх шахаж байхад 10 мянган хүнтэй Түрэгийн жижигхэн аймгийн эзэн аварсан шиг Чин гүрнийг аврах байсан уу? Тэр ч байтугай Манж гүрэн Учаны босогчдын өмнө унахад Богд хаан “Гэрээ ёсоор Манжийг хамгаалсугай” гэсэн хүсэлтийг Хүрээний амбанаар дамжуулан Чин гүрний эзэн хаанд хүргүүлсэн авч түүнийг зөвшөөрсөнгүй нь Чин гүрний хааны буруу бус ордны генерал Юань Шикайн явуулга байжээ. Хэрэв Монгол хамгаалах цэрэг цуглуулбал Бээжинд ирээд их мохлоо гэхэд Өвөр Монголыг салгаад тогтоно гэж эмээжээ. Ингээд зальжин хутагт “Нэгэнт хамгаалах Манж нар унасан бол одоо бид тусгаарлахад буруугүй, Манжаас болж хоёр үндэстэн дайсагналцах шалтгаан үгүй болсон тул эртний ёсоор Хятад лугаа эвтэй зэрэгцэн оршиж, төр улсаа мандуулсугай” хэмээжээ. Ингээд Хятадаас яг нэг хоногийн өмнө Монгол тусгаар улс болжээ. Харин Хятадууд Чин гүрнийг залгамжлагч хэмээн өрнийнхөнд итгүүлжээ. Гэтэл яг үнэндээ хятад үндэстэн гүрний дотроо Монголоос дор дэстэй байныг өрнийхөн яаж ч ойлгох билээ.
Богд хаан хүчирхэг хэмээн дорно дахин итгэв. Түүний хүчин чадал юунд байна? Дэлхийн тэн хагасыг эзэлж байсан их Чингис хааны улсын хаан сууринд суух хувь заяаг харц гаралт, Төвд угсаат тэр хэнээс олов? Яагаад Чингис хааны угсааны хангууд түүнийг хаан суухыг хүлээн зөвшөөрөв? Хэн хүчрхэг байсан тэр хүчрхэг болмой. Яагаад? Түүнд хүслийг биелүүлэгч чандмань чулуу байсан юм. Энэ чулууны нэрийг бүгд мэднэ.
2010 оны 7 сарын 6
А.Баатархуяг
Нийтлэлч А.Баатархуягийн бусад нийтлэлийг
http://sonin.mn/blog/baatarhuyag -ээс уншина уу?
Сэтгэгдэл0
Энэ үлгэр үү?
Биш ээ. Дахин төрсөн Ийсус Христийн номлол. Сайн цээжилж ав аа.
Zohiol geed ehend ni teneg hun ch oilgohoor bichsen baihiin..
Монголчууд бердан бууныхаа сумыг хийж чаддагүй байснаас болж өвөрмонголоо алдсан.Эцсийн эцэст технологи бүгдийг шийддэг юм.
Нээрээ нэг кино болгочихмоор эд байна. Үүнийг ойлгодог найруулагч харин байна уу, үгүй юу? Энэ бол мумийн домог, Артур вангийн илдний домог, Граалийн аяга, граалийн илдний домог, болор гавлын домогтой адил дэлхийг гайхшируулсан Чандмань чулууны домог болж магадгүй л юм байна.
Анхааралтай уншицгаа. Уншаад бодож, эргэцүүлж байж амнаасаа хий гаргамаар юм. Орчин үед ерөнхийлөгчөөсөө авахуулаад үүнээс эсрэгээрээ болцгоочихсон нь гачлантай.
Уншихад үлгэр домог шиг санагдах юм. Гэхдээ хятадын харьяанд байсан олон үндэстэн угсаатанаас хамгийн ядуу буурай, цөөхөн монголчууд л тусгаар тогтнож чадсан нь харин үлгэр домог биш үнэн бодит байдал юм. Албан ёсны түүхэнд бол үндсэндээ улаан цагаан оросын хүчээр тусгаар тогтносон. Үнэндээ ч тийм. Баатархуяг харин үүний цаана өөр далд зүй тогтол бнуу үгүй юу гэж эрэл хайгуул хийж бичсэн юм бн гэж ойлголоо. Хальт мөлт уншиж байсанаа нэмэрлэе. Ардын засаг тогтохыг эсэргүүцсэн сэцэн хан аймгийн хэдэн ноёд, манжуур дах цагаан оросын хүчин болон япон улстай холбоо тогтоож ардын засгийг унагах цэргийн хүчийг монголд оруулахаар хятад руу явсан бдаг. Тэднийг тагнуулахаар дотоод яамнаас Буянчуулган гэдэг манай улсын тагнуулд элссэн хятад хэлтэй өвөрмонгол хүнийг араас нь явуулжээ. Буянчуулганд давхар хятадын ард олны санаа бодол ямар бн, юуг голлон хэлэлцэж ярьж бн. Ар монголын ардын засгийг юу гэж үзэж байгааг мэдэж ир гэсэн байдаг. Буянчуулган буцаж ирсэнийхээ дараа өгсөн мэдүүлгэд Хятадын ард олон ардын засаг Богд хааныг авч хаясан уу үгүй юу гэдгийг хамгийн их сонирхох юм. Богд хааныг ширээнээс буулгасан гэж хэлэхэд за тэгвэл ч одоо хөдлөхөд ар монгол юухан байхав хэмээн бараг хэдийнэ ар монголд цэрэг оруулаад эзлээд авчихсан, хэрэг нь бүтчихсэн мэт баярлалдан ярих юм. Та нар яагаад ингэж ярьж бн. Богдыг буулгасан боловч ардын засаг тогтож өөрийн цэрэг зэвсгийг эмхлэн цэгцэлж оросоос буу сум авч харин ч бузгай болж бгаа, өтөл болсон Богд байх үгүй нь юуны хамаа гэхэд. Тэр тиймгүй, түрүү хэдэн жилд танай монголын тэр мэт хүчтэй сайн байх нь хүндээ бус харин богдын лүндэнд буй. Өмнө хэдэн удаа их цэрэг гарган байлдаад бүр дийлсэнгүй нь түүний учир болой хэмээн хэлэлцмүй. гэж дотоод яаманд мэдүүлсэн байдаг. Үүнээс үзхэд тухайн үед хятадын ардууд монголын хүч нь богдын лүндэнд байдаг гэсэн ойлголттой тэгж ярьж хэлэлцдэг байсан бн. Богдын лүндэн гэдгийг нь би богд хааны ирээдүй цагын тухай зөгнөж айлдсан зүйл гэж ойлгодог. Баатархуягын бичсэнээр бол богд хаан өөрөө ч айлдаагүй харин чандман чулуу нь хэлж бичүүлсэн зүйл болж таарах шиг. Чандман чулуу гэдгийг нь би бол хасбуу тамга гэж ойлгож бн. Гэтэл ойрадаас ирсэн гэчихсэн байх шиг. Хасбуу тамга ойрадаас ирсэн байх учиргүйшд. Лигдэн хаан уул хаданд нуусан нэг бол манжид олзлогдсон гэсэн яриатай байдаг болохооос ойрадад үлдсэн гэсэн ямар ч яриа байдаггүй. баатархуяг яагаад тэгж бичсэнээ тайлбарлаад өгвөл их л сайн бн санж.
манжийн түшмэг орнуудаас солонгос мьянмар вьетнам балба тусгаар тогтносон.манжийн эзэнт улсын бүрэлдэхүүнээс монгол тува тѳвд дорнод туркестан манж го тусгаар тогтносон.тѳвд 1951 он хүртэл тусгаар улс байлаа.тува 1944 он хүртэл тусгаар тогтнож байлаа.дорнод туркестан 1933-34,1944-49 онд манж го 1932-45 онд тусгаарлаж байлаа.ганц монголчууд тусгаар тогтнолынхоо тѳлѳѳ тэмцсэн бус.
Солонгос японы дэмжлэгээр 1895 онд тусгаар тогтнолоо тунхагласан нь монголчуудад зоригжуулагч жишээ болов.ингээд богд гэгээн бадамдоржийг оросын хаанаас тусгаар тогтнолын хэрэгт туслахыг гуйлгахаар явуулсан нь монголын тусгаар тогтнолын тэмцлийн эхлэл байв.
SONINI SETGELGEETEI HUMUUS IH BAIDAG UNEN GEHED CHI BOLOH YUM UGUI
Энэ балай юмыг бичдэг мунаг сэтгэлгээтэй хүмүүс монголд оршиж, мунаг юмы ньхэвлэдэг сонин бас байна.Ийм сэхээтэн гэгчтэй монгол сөнөлгүй яаахав.Богдод тийм чулуу байсан гэдэг шиг худал юм үгүй болно. Гэтэл бас хорроор кино мино хийхийг хүсдэг мунаг зөнөгүүд байх юмаа.Энэ хүн өөрийгөө сөнөсөн хүнээ ойлгоосой доо.
Ene danda l hachin hachin elii balai yum bichej baihiima.
Ta nar chuluunii tuhai gej bodood bna uu. Ugui l bolov uu. Tsaana n oor l yum, neg uhaan mongolchuud bidend baigaa
Ter bol Monh Tenger.
Хадны чулууны бичиг гэх ирээдүйн бошигийг өгүүлсэн бичээсийн тухай 1911-1924 оны үед монголчууд бүгд мэддэг байсан нь 1 ухар баримт
Baatraa huurhun fantasia bichjee. Масончуудын түүх яалт үгүй Загалмайтны дайны анхны европ талаас ирсэн цэргүүд болох Француудаас эхтэй. Дайнд ялагдаад нутагтаа буцаад очиход нь бүгдийг нь том тогоонд чаначихсан байдаг юм. Ер энэ цэргүүд их азгүй л дээ. Дараа дараагийн груп цэргүүд нь ч азгүй. Англиас явсан нь Робин Гүүд, Чехээс явсан нь Дракула болчихсон юм байна гэж ойлгосон. Ташаа бичсэн бол уучлаарай. ГЭхдээ энэ цэргүүд шашингүй цэргүүд биш. Харин ч өндөр ёс суртахуунтай бэлтгэгдсэн ЛАМ ЦЭРЭГ маягтай хүмүүс байсан юм уу гэж би ойлгодог. Энэ хүмүүс нууцаар Галлио, Коперник мэтийг мэтийг дэмжиж харанхуй европыг гэрэлтүүлэхэд хувь нэмэрээ оруулсан бололттой байдаг. Миний мэдэх дараагийн масоны түүх бол европын барилгажилтийн үетэй хамаатай. Баахан чулуун байшин барьдаг мужаанууд энд тэрүүгээр халтуур хийж явахдаа нөгөө хэсэг чулуучдын байр оронд хоноглох эрхийг ЧУЛУУЧДын нэгдсэн холбооны шугамаар олж авдаг байсан ба энэ нь өнөөгийн Масончууд гэх ах дүүсийн нийгэмлэгийн эхлэл болсон гэдэг юм. Өдгөө чулуун мужааны ажил нь зөвхөн бэлэгдэл болсон ба одоо масоны сүмд мужааны талын зүйлс нь зүгээр л нэг ритуал хийхэд ашигладаг зүйлс болжээ. Манай лам нарын хонх дамар шиг хэхэ. Масоны сүм нь дутуу баригдсан дээвэртэй байдаг. Миний тааж байгаагаар хуучин гэрээ дээр гардаг Ертөнцийн эзэнд зориулаад барьж байсан магадгүй хүн төрөлхтөний анхны олон давхар сүм юм уу даа. Хуучин гэрээ дээр бичсэнээр энэ сүм баригдах явцыг ЭЗЭН харж байгаад За энэ хүмүүс чинь яваандаа их хүчтэй болох шинжтэй гэж үзээд сүмийг нурааж, хүмүүсийг хоорондоо эв нэгдэлгүй тархай бутархай байлгахыг хүсч тэднийг олон янзын хэлтэй болгов гэсэн байдаг юм. Би нэг сүмийн пастороос энэ ЭЗЭН яагаад хүмүүст хайртай, өөрөө эгнэшгүй асар хүчтэй юм байж хүмүүсийг ингэх болов гэж асууж байсан юм. Пастор хэлэхдээ Яахав хүмүүс нүүрэн дээрээ Бурханд зориулж сүм барьж байгаа гэсэн хэдий ч цаанаа бид нарт ч гэсэн ЧАДНА Ш ДЭЭ гэсэн амбиц, аархал нь хэтрээд байсан юмаа гэсэн. Өдгөө ч Масончууд яг шашны фундаментал үзлийн жаахан эсрэг. Үнэхээр 9 сарын 11 зохион байгуулсан бөгөөд Холливуудаар ПР аа хийдэг, дайн дажинаар бүхнийг шийдээд байдаг нь үнэн бол, Волт Диснэй үнэхээр бүх хүүхэлдэйн киногоороо дамжуулж дандаа бүтэн буюу хагасн өнчин баатруудаараа дамжуулж гэр бүлийн үнэт зүйлсийг устгаж, аажмаар өөрсөддөө манкурт боол бэллдэг нь үнэн бол, үнэхээр нэгтийн доллар дээр үсгүүд нь Масоныг бэлэгдлийг агуулдаг хийгээд дэлхийн бүх баялагыг цаас хэвлээд л авчихдаг бол энэ ЭЗЭНИЙ ЭСРЭГ юм. Цаас хэвлээд байвал инфляци болдийм байгаа биз дээ гэж Баабар шүтээн маань хэлдэг л дээ. Гэхдээ яг инфляци болохоос наана нэг ухаалаг хязгаар хүртэл хичнээн ч доллар хэвлдэг юм байгаан. Хэдий хэмжээний давтамжтай хир их доллар хэвлээд, ард олон бухимдаад эхлэнгүүт нэг том бөгстэй КИМ КАРДАШИАН гаргаж үзүүлээд, эсвэл нэг САГС МАГСХАНААР сатааруулаад байж болох талаар үл үзэгдэх асар том онол, прагтик сүлжээ байж болно гэдэгт би итгэдэг. За бүүр хадуураад өөр баахан сэдэв рүү орох гээд байна. Ертөнцийг эрхшээх энэ аргаас өөр ямар нэг шидтэй чулууг мэдэхгүй ээ. Гэхдээ миний загасны аквариумд байдаг нэг чулуу нэг л гялалзаад арай л өөр харагдаад байгаам даа, Хуягаа. хахахаха Чандмань чулууны хувьд энэ хэсэг бол цэьэр фантази дөө. Монгол ТВ-н чандмань нэгдлийн лого, морины чадмань тамга нтр гэхээр нэг гурван усны дусал шиг юм байдаг. Үнэндээ энэ нь нэг үнэт чулуу төвдүүдийн овоо дээрээ тавьдаг жирийн л байгалийн хөх чулуу юм. Жирийн чулуунаас ялгаатай нь маанийн үсэг мухар сүсгээр дээр нь бичсэн байдаг. Орцны хана дээр А О=ЯТОЛ гэж маний үеийн бацаанууд хаа хамаагүй бичээд хаячихсан байдаг шиг хайнга эд. Монгол хүний саруул ухаанд итгэлээ гэдэг шиг надад огт итгэдэггүй нэг л юм бий. Мэдэхгүй мэдээ орсноос хойшоогоо мэдэж байгаа туршлага дээрээ үндэслээд хэлэхэд хичнээн Нобелийн энх тайвны шагналтан төрсөн ч Еврэй Арабын ертөнцийн сөргөөн дэлхийтэй хамт дуусна, хичнээн гоё госчоомтой эдийн засагч нар байгаад дойлуураад авч чадах юм улам багасна. Хүүхдүүдээ өөрөөр бодохгүй бол амьдрал чинь улам доошилно.
SOHIH DOMOG BAINA SAIH TUHGAAJ BOD
Sonirholtoi l yum. Yer n yum gedeg tsaanaa uchirtai