sonin.mn

Шийдлийн Засгийн газрын бүрэлдэхvvнд Монгол Улсын сайд хэмээх цүнхгvй, бас шууд удирдах албатгүй шахам нэгэн орон тоо нэмэгдсэн. Ерөнхий сайдын бодож олсон тэрхүү сайдын суудалд 1996-1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар нэлээн амжилттай ажиллаж байсан М.Энхсайхан заларч ерөнхийдөө ажилдаа ороод байгаа.

Ерөнхийдөө гэсний учир нь уржигдар болсон Засгийн газрын хуралдаанаар Ч.Сайханбилэг сайд танхимынхаа гишүүдийн ойрын үед хийж амжуулах 3-5 томоохон ажлыг танилцуулсаны дунд М.Энхсайхан сайдыг Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсгийн ажил байдалтай даруйхан танилцаж ажилдаа ханцуй шамлан орохыг даалгажээ.

Одоо мэдэгдэж байгаагаар Оюутолгойн гэрээ Монгол Улсад ямар ч ашиггvй хийгдсэн тул даруйхан өөрчлөхгvй бол дор хаяж 15 жил хүлээх хэрэгтэй болно гэдгийг УИХ-ын гишүүд олон нийтийн сvлжээгээр шулуухан цацсаар байгаа.

Хэрвээ байдал тэгж өрнөвөл хоёр дахь “Бороо гоулд” болж Монголчууд бид ухаж тонуулсан, дээр нь ус ургамалгvй, ангаж хатсан говьтой л үлдэнэ. Тэгвэл зайлшгvй өөрчлөх ёстой, Монгол Улсад ашиг өгөх нь байтугай өрөнд оруулж ч магадгvй болоод байгаа Оюутолгойн гэрээг засч, ард түмнийхээ өмнө түүхэн гавьяа байгуулах ажлыг МҮАН-ын дарга Монгол Улсын сайд М.Энхсайхан толгойлон ажилдаа орж.

Бидэнд мэдэгдэж байгаагаар Оюутолгойг эзэмшиж байгаа "Туркойз Хилл” компанийн эзэмшлийг Монгол Улс худалдаж авснаар өнгөрсөн есдvгээр сарын байдлаар 751.2 сая ам.доллар, түүний хүүд 153.7 сая ам.доллар төлнө гэсэн тооцооллыг гаргасан байсан. Энд 2010 оны балансын 282.5 сая ам.долларын будлианыг нэмж оруулсан байж таарна.

Эдгээр нь Монгол Улсад огт мэдэгдэлгүй хийсэн санхүүжилт гэдгийг УИХ-ын гишvvн С.Ганбаатар, Г.Уянга нар олон удаа тайлбарлан ярьсан учир М.Энхсайхан сайд тун тодорхой ойлголттой байгаа гэдэгт итгэж суугаа. Хамгийн эхлээд Монголын талын 34 хувьд ногдох өр, зээлийг нягтлан тодруулах үүрэг М.Энхсайхан сайдын өмнө зогсож байгаа.

Харин хамгийн сүүлд бидэнд олдсон мэдээллээр “Рио Тинто” компанийн удирдах албан тушаалтнууд Монголд ирээд байгаа аж. Одоогийн байдлаар хэдэн хүний бүрэлдэхvvнтэй, ямар асуудал хэлэлцэхээр ирснийг апбаныхан нууцалж байгаа. Учир нь "Рио Тинто” Монголын талтай шийдэх ёстой, шийдлээ хүлээсэн маш олон асуудал байгаа.

Өнгөрсөн оны аравдугаар сард "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүд Лондонг зорьж, "Рио Тинто-ийн удирдлагуудтай хэлэлцэж, хэлэлцэж ирсэн. Чухам ямархуу дэвшил гарсныг ТУЗ-ийн Монголын талын гурван дарга өнөөдрийг хүртэл нууцалсаар л байгаа.

Тодорхой болсон зvйл нь дээрх хэлэлцээрийн үеэр хоёр орны төлөөлөгчид 30 асуудал хэлэлцсэнээс 15-д нь тохиролцож чадсан хэмээн баахан реклам шахуу мэдээлэл цацсан. Харин Лондонд очиж Монгол Улсыг төлөөлөн Рио Тинтогийн ноёдтой хэлэлцээ хийсэн Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн яамны газрын дарга Ч.Отгочулуу “Асуудлаа ерөнхийдөө ойлголцсон тул үе шаттайгаар цэгцлээд, шийдээд явчихна” хэмээн мэдэгдсэн ч дорвитой шийдэлд хүрэхгvй байсаар өнөөдрийг хүрээд байгаа.

Монголчуудад сүүлийн vед мэдэгдэж эхлээд байгаа бодит үнэн нь Оюутолгой дээр анхнаасаа өндөр хүлээлт үүсгэсэн нь алдаа байж. Эх орныхоо газрын хэвлийд байгаа тэр их баялагийнхаа дөнгөж 34 хувийг эзэмшихдээ олж болох орлогоо барьцаалсан нь ёстой л ухаангүй ноёдын хийсэн үеийн үед хараагдах ноцтой алдаа, тэнэглэл байсан нь тодорхой болж байна. Ер нь анхнаасаа хувь эзэмшилгvй өндөр роялти аваад явсан бол эдийн засгийн хувьд илүү ашигтай байх байсныг Монголчууд бид тун их хожимдож саяхнаас ойлгож эхлээд байгаа.

Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Эдийн засагт бvх анхаарлаа хандуулна” гэдгээ зарласан. Тийм ч учраас шийдлийн Засгийн газар ажлынхаа гарааг "Рио Тинто-ийн төлөөлөгчдийг хvлээн авснаар эхэлж байх шиг байна. Бvр тодруулбал М.Энхсайхан сайд ажлаа эхэлж. Үндэсний үзлийг өөрийнхөө тэргүүлдэг намын гол чиг шугам болгосон Монгол Улсын сайд М.Энхсайхан Африкийн олон орны алт эрдэнэсийг цөлмөн тонож, эцэс сүүлд нь үгүйрүүлэн хоосруулж, баахан үгээгүй гуйлгачингууд үлдээчихээд зугтан гарсан Рио Тинто гэгч “мангастай” тулж эхэлжээ.

УИХ-ын чуулганы өнгөрсөн мягмар гаригийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Рио Тинто-ийн төлөөлөгчид Монголд ирж байгааг чуулганы индрээс зарлаж, цүнхгvй сайд М.Энхсайханы ажил эхэлснийг албан ёсоор ард түмэндээ сонордуулсан. Сайд ажилдаа ханцуй шамлан орсон нь сайшаалтай. Гэхдээ бодит байдлыг аль талаас нь хэрхэн харж, шийдвэрлэх арга замаа яажшуухан бодож, боловсруулж байгаа нь өөр асуудал юм.

Бодит байдал дээр өнөөдөр Оюутолгойн менежментийг “Рио Тинто” групп хэрэгжvvлж, олсон ашгаа Монголчуудад огтхон ч дуулгаж, сонсголгvйгээр гадны банкинд хадгалаж байгаа. Менежмент нь бүхэлдээ хөрөнгө оруулагчийн талд байгаагаас байнга шахуу санал зөрөлдөөн гарсаар байгаа ч Монголын талд ашигтай шийдэгдсэн нь үгүй. Зөвхөн 2010-2012 оны санхүүгийнх нь баримтад шалгалт хийсэн татварынхан 130 сая ам. долларын торгууль тавьсан ч тэр нь замхарсаар 30 сая дээр тогтчихоод байж л байгаа.

Тэр ч бай­­тугай Мон­­голд хөл тавиад байгаа “Туркуоз Хилл”-ийнхэн татварын актын хэмжээг 30 сая ам.доллар болгож бууруулсанд таатай байгаагаа илэрхийлсэн ч, үлдэх татварын талаар дахин нягтлах зvйлс байгаа учир холбогдох байгууллагатай хамтран ажиллана гэж мэдэгдсэн нь “Монголчууд та нарыг дарамталсаар л байх болно” гэдгээ шулуухан мэдэгдсэн хэрэг гэж ойлгож болно.

Ийнхvv Оюутолгой, Тавантолгойг толгойгоороо хариуцаж, ажилдаа ороод байгаа Монгол Улсын сайд М.Энхсайхан хүндхэн сорилтуудыг хэрхэн даван гарахыг харах, түүхэнд үлдэх өдрvvд эхэлж байна санж.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: