sonin.mn

БЭЭЖИН. /France-Presse/. Кубын хувьсгалын удирдагч Фидель Кастро хятадуудын олгодог Күнзийн нэрэмжит энх тайвны шагналыг хүртжээ.

Уг шагналын эзнийг 16 шинжээч болон эрдэмтдээс бүрдсэн комисс 20 нэр дэвшигчээс тодруулсан байна. Кастро Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг ардаа орхин есөн санал авчээ.

Төрийн эрхэнд байхдаа, Кубын зүтгэлтэн олон улсын маргааныг зохицуулахад хүч хэрэглээгүй бөгөөд тэтгэвэрт гарсныхаа дараа дэлхийн удирдагчид болоод олон нийтийн байгууллагуудтай нягт холбоотой байсан гэж шинжээчид тэмдэглэсэн байна. Комиссын гишүүд мөн  цөмийн дайн гарахаас зайлсхийхэд Кастрогийн оруулсан хувь нэмрийг үнэлжээ.

“Хятадын Нобель” гэж нэрлэдэг Күнзийн нэрэмжит энх тайвны шагналыг бизнес эрхлэгч Лю Жициний санаачилгаар 2010 онд бий болгосон байна. Уг шагналыг энх тайвныг бэхжүүлэх үйлст оруулсан хувь нэмрийнх нь төлөө олгодог бөгөөд 100 мянган юань буюу 15 мянган доллар дагалддаг байна.

Тайванийн улс төрч Лянь Жань, Хятадын эрдэмтэн Юань Лунпинь, чань-буддын шашны зүтгэлтэн Ши Ичэн, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан нар энэ шагналыг хүртэж байжээ. 2011 оны шагналыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хүртсэн байна.

Д.Жаргал

Эх сурвалж: