sonin.mn

1980-аад оны үед олноо “Хээрийн академи” гэж нэрлэгдсэн Зүүнбаянд офицер, ахлагчийн албанд цөөнгүй бүсгүйчүүд ажилладаг байсан ч салааны захирагч ганц эмэгтэй байсан нь эдүгээгийн бэлтгэл хошууч Баньдхүүгийн Долгор юм.

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт 1948 онд төрсөн тэрбээр 1970 онд нийслэл хотноо Холбооны техникумыг дүүргэж, говийн гарнизоныг зорьжээ. “Холбооны техник хэрэгслийн засварчин” мэргэжил нь цэрэг армид ус, агаар шиг хэрэггэй байсан учир 126 дугаар нэгтгэлийн Холбооны тусгай ротод станцын даргаар томилогдож, удалгүй ахлагчийн эгнээнд шилжсэн байна.

Ийнхүү холбооны ангийн засварын даргаар ажиллахдаа анги, салбаруудын холбооны техник хэрэгслийн эвдрэл гэмтлийг график, төлөвлөгөөтэйгээр засварлаж, техникийн бэлэн байдлыг хангахад засварчны үүргээ чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирснийг тухайн он жилүүдэд ажиллаж байсан Зүүнбаянчууд андахгүй билээ. Түүний эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болсон, бас уйгагүй салаа’’ болгосон нь тухайн үеийн Ардын армид онцгой амжилт байв.

Тийм учраас жил бүрийн сургууль өвлийн бэлтгэл, салааны жигдрэлт, төлөвлөгөөт засварын ажлаараа нэгтгэлийн хэмжээнд манлайлж, салаа, салбарын захирагч нарын цугларалтаар удаа дараа үзүүлэх сургууль хийж байжээ. Энэ нь тухайн цаг үедээ салаа, салбарын захирагч нарт тэргүүн туршлага болон дэлгэрч, тэдний өсөн дэвжихэд багагүй нөлөө үзүүлж байсныг нь түүнтэй хамт салааны захирагчаар ажиллаж, улмаар МАХН-ын ХҮII их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байсан, бэлтгэл ахмад Б.Гунгаа дурсан ярьж байна.

Б.Долгор албан тушаалын үндсэн ажлынхаа зэрэгцээ олон нийтийн сонгуульт ажлын үүрэг хүлээж, Ангийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар ажиллахдаа олон хэлбэрийн шинэлэг ажил зохион байгуулсны үр дүнд удирдсан зөвлөл нь “Улсын тэргүүний эмэгтэйчүүдийн зөвлөл”-өөр анх удаа шалгарч, Монголын эмэгтэйчүүдийн Ү их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцжээ.

Мөн ангийн намын үүрийн даргын сонгуульт үүргийг хүлээж, захирагч. штаб, ар тал, албадуудыг нэптэн зангидах, офицер, ахлагч, ажилчин албан хаагчдын ажил, албаны хариуцлагыг дээшлүүлэх, цэргийн сахилга батыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсныг нь улс, армийн командлалаас удаа дараа үнэлж байсныг тэмдэглэж байна.

Бага дэслэгчээс ахлах офицер хүртлээ өсөн дэвжсэн Б.Долгор Ардын армийн 201 дүгээр ангийн албаны даргаар дэвшин ажиллаж байгаад 1989 онд гавьяаныхаа амралтад гарчээ. Тэрээр хэзээний зүгээр суудаггүй, хөдөлмөрч чанараараа “Зүүнбаян холбоо” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулалцаж, одоо удирдах зөвлөлийн гишүүнээр нь ажиллаж байна.

Тэр тусгай мэргэжлийн ангиудад алба хааж байгаад тэтгэвэрт гарсан офицер, ахлагч, ажилтан албан хаагчдын судалгаа гаргаж, өрх толгойлсон болон ар гэрийн бололцоо муутай ахмадуудаа тогтмол эргэж тойрон сэтгэлийн дэм өгч, бага ч болов материаллаг туслалцаа үзүүлж ирсэн нь ахмадуудыг баярлуулсан буянтай үйлс болж, өдгөө ч хэрэгжсээр л байна.

Мөн тэднийг жилд 3-4 удаа зохион байгуулалттайгаар хүлээн авч, хүндэтгэл үзүүлж байгаа нь олны талархлыг нэгэнт хүлээжээ. “Бага залуу насаа цэрэг армитай холбож, салааны захирагч анхны эмэгтэй гэгдэн ажиллахдаа ч, цэргийн тэтгэвэрт гарахдаа ч ер зүгээр суулгүй, бусдын төлөө ажилласаар байгаа бэлтгэл хошууч Б.Долгорыгоо Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд шагнал “Алтан гздас одон”-гоор шагнуулахаар тодорхойлоод байна” гэж Армийн ахмад холбоочдын нийгэмлэгийн тэргүүн, бэлтгэл хурандаа Д.Раднаабазар өгүүлсэн юм.

Дэд хурандаа Г.Баатарнум

Эх сурвалж: "Соёмбо" сонин