sonin.mn

Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэг ажлаа аваад сар гаруй хонож байгаа ч энэ хугацаанд яамдынхаа сайд нар болон дэд сайдуудынхаа суудлыг эзэнтэй болгож чадсан. Харин одоо аль, аль яаманд хэн гэдэг эрхэмүүд төрийн нарийн бичгээр тодрох бол гэсэн хүлээлт бусад намуудын хувьд хамгийн чухал сэдэв болоод байсан.

Тэгвэл уржигдар зарим нэг яамдын төрийн нарийнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, зарим нэгийг томилсон билээ. Тодруулбал, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Болдбаатар, БСШУ-ны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ш.Булга-Эрдэнэ, БХБ-ын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Р. Эрдэнэбүрэн, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Д. Дэлгэрцогт нарыг томилсон бол чөлөөлөгдсөн ТНБД нарын ажлын байранд Төрийн албаны хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулах ба шинээр томилогдтол яамдын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга нар ТНБД-ын үүргийг хариуцан гүйцэтгэхээр болсон юм.

Хэдийгээр дээрх төрийн нарийнууд тус тус яамддаа томилогдсон ч гэлээ эзэнгүй байгаа яаман дээр ямар сэргэлэн гар нь сонгон шалгаруултад тэнцсэн хэмээн худал жүжиглэж очих бол гэсэн хар улстөрийн хүрээнийхний дунд тэнэж яваа нь нууц биш.

Тиймээс л сөрөг хүчингүй болсон Шийдлийн Засгийн газарт ямар нэгэн аргаар өөрсдийн гэсэн багаа бүрдүүлж авах хэрэгтэй хэмээн зүтгэх МАН,АН,МАХН нь гэсэн гурван том намын төлөөлөлүүд өөрсдийн гэсэн хүмүүсээ "Худлаа үнэн ч гэсэн тэр сонгон шалгаруултад нь ороотох тэгж байж авч чадаагүй яамныхаа төрийн нарийн нь ч болов болох хэрэгтэй" хэмээн ил тод ярьж яваа аж.

Тухайлбал, зарим нэг улстөрчдийн гаргасан увайгүй занг УИХ-ын гурван бие даагч гишүүн болох Ц.Даваасүрэн, С.Ганбаатар  нар ихэд шүүмжлэн хэлж байсан юм. Тэдний хэлж буйгаар бол өчигдөр 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцэх ёстой байсан ч ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар 14:00 цаг хүртэл чуулган хойшилсон аж.

Хойшилох болсон шалтгаан нь гэвэл Засгийн газарт хамтарсан намууд төрийн нарийн бичгийн даргын суудлаа булаацалдан чуулганыг ийнхүү хойшлуулах болсон гэнэ. Цаг хугацаа маш бага үлдсэн гэдгийг МАН,АН,-ын нөхдүүд сайн мэдэж байгаа.

Яг үнэндээ ирэх оны нэгдүгэр сарын 1-н гэхэд бүх ажил цэгцэрчихсэн байх ёстой. Сандал суудлаа тохиролцож чадахгүйн улмаас төрийн ажлыг цалгардуулж байна хэмээн тэд хэлж байсан юм.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: АН,МАН хоёр ТНБД-ын суудлаа хувааж чадахгүй, маргалдаж хуралдааныг хаяж гарсан

Ингээд энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Өнөөдөр /өчигдөр/ УИХ-аар 2014 төсвийг тодотгох ёстой байсан. Төсвийн орлого тасарсан гол шалтгаан нь уул уурхайгаасаа бид мөнгөө авч чадахгүй байгаа. Үүнийгээ тодотгож ямар зардлаасаа танах вэ гэдгээ ярих ёстой.

Энэ чухал асуудал дээр МАН, АН хоёр төрийн нарийн бичгийн даргын суудлаа хувааж чадахгүй, маргалдаж, хуралдааныг хаяж гарсан. Эдний сандал суудлын хувиарлалтаас болж төрийн ажил гадаж байна. Зүгээр л дээрмийн бүлгүүд шиг мөнгө, сайдын суудал, төрийн нарийн, дэд сайдуудад хэрхэн хуваах вэ гэдэг дээр л нийлсэн хүмүүс байна.

Тэгээд төрийн нарийн бичгийн суудал дээрээ тохиролцож чадахгүй, арчаагаа алдаж байна. Үүнийг бие даагчдын зүгээс хатуу эсэргүүцнэ. Төсвийн тодотгол дээр бид шүүмжлэлтэй хандаж байгаа.

Төсөв нэг их наяд төгрөгөөр тасарна гэдэг байж боломгүй зүйл. 3000 орчим лиценз авсан уул уурхайн компаниуд Монсол Улсад яаж татвар төлөхгүй байх вэ гэдэг дээр мэргэшсэн. Тэдний төлөөллүүд нь парламентад сууж, төсөвт мөнгө өгөхгүй байх ажил хийж байгаа учраас төсөв тасарсан.

Ирэх жил дахиад ийм утгагүй зүйл яриад суухгүйн тулд хуулиа чангатгах хэрэгтэй. Гадаадын, дэлхийн банкны лобигоор орж ирсэн энэ хуулиуд бүгд үндэстэн дамнасан корпариацууд монголын төсөвт мөнгө өгөхгүй байхыг л зааж өгсөн. Мөн өрийн таазыг нэмэх гэж байгаа. Эд 326 тэрбумын үнэт цаас босгоно" гэв.

Юутай ч сөрөг хүчингүй болсон Засгийн газарт бие даагч гурван гишүүн өөрсдийгөө сөрөг хүчин болно гэдгээ Шийдлийн Засгийн газрыг байгуулж байх »үед ярьж байсан. Тиймээс төрийн ажлыг явуулахын тулд хурдхан шиг тохироогоо хийчихээсэй билээ гэж зарим нэг УИХ-ын гишүүд ч хэлж байсан.

Хамгийн гол нь сул байгаа яамдын төрийн нарийн бичгийн дарга нарын сонгон шалгаруулалт хэр зэрэг үнэн явагдах бол гэдэг нь эргэлзээтэй болж байгаа юм. Үнэхээр хоёр нам хоорондоо тохиролцоод хүнээ томилох бол худлаа сонгон шалгаруулалт энэ тэр гэж жүжиглэж цаг алдаад ч хэрэггүй бололтой.

Энэ бүхний эцэст хуваасан амтат бялууны хэлтэрхийнээс амссан нь нүүр дүүрэн инээж, санасандаа хүртэл амсаагүй нэг нь хуйсагнуур салхи мэт баргар царайлж, хэлтэрхий ч хүртэж чадаагүй нь хүйтэн царайлан аль нэг агентлагийн даргын сэнтийд ч хамаагүй очихын мөрөөсөл болно.

Харин албан тушаалын өндөр сэнтийд заларсан нөхдүүд дахиад сонгууль болохыг мартан төсвийн хөрөнгөнд эзэн сууж, төсөл тендерт ах дүү, хамаатан садан, анд нөхдийн компаниа шалгаруулж, УИХ-ын гишүүн , аль нэг яам тамгийн газрын сайд, дарга болсондоо баярлан төсвийн хөрөнгийг хайр гамгүй үрэхээр сандал, ширээгээ ойртуулсан шиг суух байх даа.

Р.Саруултөгс

Эх сурвалж: