sonin.mn

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчлэн өөрчилж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн архи, согтууруулах ундаагаар үйлчилгээ эрхэлдэг цэгүүдийн тоог эрс бууруулах ажлын бэлтгэлийг улс даяар хийгээд эхэлсэн.

Тэгвэл манай аймгийн хэмжээнд АН-ын удирдлагын баг гарч ирсэнээр долоо хоног бүрийн м ягмар гаригт архи худалдахгүй байхаар тогтож, орон сууцны байрнууд дахь дэн буудлуудад стандарт шаардлага тавьж, зарим нэгийг нь хаасан зэрэг архитай тэмцсэн ажлууд хийж байгаа. Гэсэн ч үүний цаана архи худалдцаг гудамж бүрийн аман дээр байгаа мухлагууд, орон сууцны орцонд үүрлэсэн дэлгүүрүүдийг хаахгүйгээр Орхон аймгийн хэмжээнд архидалтаас үүдсэн асуудал багасахгүй’ Өнгөрсөн оны эхний арван сартай харьцуулахад, энэ жилийн хувьд согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо 33,8 хувиар нэмэгдсэн гэж байгаа.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг сар бүр нэмэгдэж байгааг аймгийн Цагдаагийн газраас гаргасан судалгаанд дурьджээ. Энэ тоо юуг хэлээд байна вэ гэхээр, архи худалдах цэгийн тоог бууруулахаас нааш архинаас үүдэлтэй гэмт хэрэг буурахгүйг харуулж байгаа юм.

Манай аймагт архи худалдаалах 420 цэг ажиллаж байсныг 398 болгон арай гэж 22 цэгийг хаасан байна. Хүн амын тоотой харьцуулахад, нэг хүнд ноогдох архины цэгийн тоогоор манай аймаг статистикийн бүртгэлээр 97 мянган хүн амын тоонд ердөө 48 цэг ажиллах ёстой.

Аймгийн ЗДТГ-ын хөгжлийн бодлогын хэлтсийн    мэргэжилтний яриагаар “Хүн амын тоонд харьцуулж, архины цэгийн тоог тогтоодог Үйлдвэр хөдөө аж ахуй сайдын гаргасан журмыг Засгийн газар цуцалсан” гэнэ.

Мэргэжилтний яриагаар хүн амын тооноос хамаарч архины цэгийн тоог бууруулах бодлогыг манай аймаг хэрэгжүүлэхгүй байгаа нь илт. Бодлого тодорхойлогчдын үзэл бодлоор манай аймагт архидалтгай холбоотой гэмт хэрэг, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт буурахгүй байх нь логикийн хувьд зөв бодлого болж байх шиг.

Харин хөрш зэргэлдээ Дархан-Уул аймагт манай аймгийн мэргэжилтний ярьсан цуцлагдсан гээд байгаа хүн амын тоотой харьцуулсан архины цэгийн тоог бууруулах журмыг амьдралд яв цав хэрэгжүүлж, тавин хувиар бууруулж чаджээ.

“Өдрийн сонин”
2014.10.17-ны №249\4889\ дахь дугаар Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатын “Бид байшин барихаасаа өмнө дэд бүтцээ байгуулахад анхаарлаа” ярилцлагаас..........


-Согтууруулах ундаагаар үйлчлэх цэг 2000 хүн тутамд нэг байхаар журамд заасан байдаг. Үүгээр бол Дарханд 46 орчим цэг байх ёстой. Гэтэл 11.5 дахин их буюу 529 цэг ажиллаж байсан. Эхний ээлжинд нийтийн эзэмшлийн орон сууцны нэг давхарт үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийж, 165 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

Түүнчлэн стандартад нийцээгүй, зураг төсөлгүй баригдсан 116 цэгийн тусгай зөвшөөрлийг нэмж цуцалсан. Үүний үр дүнд согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалддаг цэгийн тоо 53 хувиар буурсан. Хэн нэгэн албан тушаалтан ганцаараа биш, бүх холбогдох байгууллагууд үнэлэлт, дүгнэлт өгөөд, газар дээр нь яваад шалгаад, энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэндээ урьдчилж мэдэгдсэн.

Их эртнээс зарлаж явсаар найм, есдүгээр сараас мөрдүүлсэн. Гомдол ирж байгаа. Гэхдээ нийтийн эрх ашгийн үүднээс бид гаргасан шийдвэр дээрээ хариуцлагатай зогсож байгаа. Шинээр байгуулагдаж байгаа дэлгүүр, баар, үйлчилгээний газарт зөвшөөрөл өгөхөд урьд нь Хөгжлийн бодлогын хэлтэс нь судалж үзээд “Стандарт шаардлага хангасан” гэвэл Засаг дарга ганцаараа зөвшөөрөл өгдөг байсан бол одоо ийм юм байхгүй. Байнгын ажиллагаатай комисс ажиллаж байгаа.”

Дархан-Уул аймгийн Засаг даргын ярианаас харахад, эднийх архины цэгийн тоог огцом 50 хувиар бууруулсан байна. Орхон аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн С.Нансалмаагаас дээрх сэдвээр тодруулахад “Аймгийн Засаг даргын Зөвлөлийн хурлын аравдугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн дагуу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс гэр хорооллын гудамжинд ажилладаг дэлгүүр, орон сууцны байрны дэлгүүрүүдийн согтууруулах ундаа худалдаалах зөвшөөрлийг сунгахгүй, цаашлаад зургаадугаар сарын 1-нээс дээрх жижиг дэлгүүрүүдийг нийтэд нь согтууруулах ундаа худалдах зөвшөөрлийг нь цуцална.

Аймгийн хэмжээнд архи худалддаг хүнсний дэлгүүр 260 байдаг. Бүх дэлгүүрийн эздэд албан шаардлага хүргүүлсэн гэж ярьж байна. Үүнээс дүгнэхэд архины худалдааг бууруула бодлого манай аймгийн хувь хурдны хэмжээсээр бол үхэр тэрэгний хурдтай дүйцэхүйц байдлаар алгуурхан явж байна Улсын хэмжээнд 2015 онь нэгдүгээр сараас архидалтыг бууруулах бэлтгэл ажил хэдийш эхэлчихээд аймгуудад ажил ш жигдрээд байхад, манай аймаг архины асуудалдаа алгуурлаад байгаагийн шалтгаан юу вэ.

Энд бодлогоо зөв тодорхойлж, хүн амын тоонд архи худалдах тоог харьцуулж бууруулахыг цаг үе, хууль шаардаад байна шүү. “Хүлэг” захын үүд хавиар эргэлддэг архичдын сүрэг улам бүр тоо нь нэмэгдэж, нас насаараа, үе үеээрээ жагссаар л байгааг харсаар бид дасал болчих гэж. Бид ийм эмгэнэлтэй эвлэрч, дасаж болохгүй.

Тэдний нэг үе нь хорвоогоос халихад, дараагийн үе нь гарч ирж байна. Хөдөөний аймгуудад хэрэгжүүлээд байгаа сэтгэл заслын “АА”-гийн сургалт манай аймагт хэрэгжихгүй, ярих ч үгүй юм.

Хотын захиргааны саарал ордонтой хаяа дэрлэсэн архичдынхаа “арми”-ийг багасгаж, нийгэмшүүлж чадвал олон хүүхэд, гэр бүлд нар ээсэн амьдрал, гэрэл гэгээ авчрах бус уу. Эхний ээлжинд архиныхаа цэгийн тоог бууруулаач, дараагийн алхамууд аяндаа ургаад гараад ирэх вий. Амьдралыг архиар угтдаг олон хүнийг нийгэмшүүлэх юм сан.

М.Мөнхцэцэг

Эх сурвалж: "Хотын шуудан" сонин