sonin.mn

Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарыг ажлаа хийж чадахгүй байна гэсэн үндэслэлээр ИТХ-ын хуралдаанаар ажлаас чөлөөлөх шийдвэр гарчээ. Гэтэл Х.Болдбаатар нарийн бичгийн даргын хамт тамгаа авч зугтсан байна. Энэ талаар тус дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболдтой ярилцлаа

-Яг юу болсныг яриач. Х.Болдбаатар Засаг даргыг яагаад ажлаас нь чөлөөлөх болсон юм бэ?

-Налайх дүүргийн ИТХ-ын ээлжит хурал өнгөрсөн баасан гаригт болсон юм. Энэ хурлаар МАН-ын бүлгээс албан ёсоор Налайх дүүргийн Засаг даргыг огцруулах асуудлыг тавьсан. Нэгэнт хурал журмынхаа дагуу Засаг даргыг огцруулах тухай хоёр дахь асуудлаараа хэлэлцсэн.

Хурлын явцад Х.Болдбаатар тэргүүтэй хэсэг хүмүүс ИТХ-ын дарга Ганболд та нэг бол хурлаа зогсоо эсвэл амиа хорло гэсэн шаардлага тавьсан. Би ажлаа л хийж байгаа хүн. МАН, АН, МАХН гэсэн гурван намын төлөөлөл хуралдаж байхад би хурлаа үргэлжлүүлнэ гэсэн.

Огцруулах тухай нээлттэй ярилцья. Үндэслэлтэй бол үнэхээр огцруулья л гэсэн. Засаг дарга хэн байх нь надад болоод бусад хүмүүст огт сонин биш. Ажлаа хийж чаддаг, Налайхын ард түмний амьдралыг сайжруулах л хүн хэрэгтэй.

Би өөрөө адилхан АН-ын гишүүн шүү дээ. Тэгээд Засаг дарга огцорсон, оронд нь Налайх дүүргийн АН-ын дэд дарга Батболд гэдэг хүнийг би өөрөө нэр дэвшүүлсэн. Ийм л юм болсон.

-Тэгээд Засаг дарга тамгаа аваад зугтчихсан юм уу?

-Тамгаа аваад зугтчихсан. Хамгийн гол нь бүтэн хоёр жил Налайхын Засаг даргын тамгын газар ямар ажил хийсэн гэдгийг бид харж байна. Эцэст нь Засаг даргыг огцруулахыг үнэхээр хэлэлцэхээс өөр аргагүй болсон.

Энэ бол иргэдийн санал. Шударга байхыг л хүссэн. Гэтэл ИТХ-ын дарга намынхаа нөхдүүдийг огцрууллаа гэж ярьсан байна лээ. Энэ. хурал хууль бус гэж бас хэлсэн байдаг. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа ардчиллыг дэмждэг учраас ардчилсан ёсоор л 56 хувийн ирцтэй энэ хурлыг хийсэн.

Манай хурал өмнө нь дандаа 100 хувийн ирцтэй болдог байсан. Энэ удаад 11 хүн Засаг даргаа хамгаалаад явсан. 14 нь үлдсэн. 14 хүн дотор гурван намын төлөөлөл байсан. Хурал дүрмийнхээ дагуу л явсан. Манай дүүргийн иргэдийн тавьсан асуудал гэж болно.

-Тамгаа одоог хүртэл олоогүй юу?

-Хурал дууссаны дараа төсвөө энэ сарын 20-ны дотор батлах ёстой байсан. Бид төсвөө батлаад, Засаг даргаа огцруулаад, шинэ Засаг даргаа томилоод баталгаажуулах гэсэн тамга байхгүй болчихсон.

Тамгыг хурлын нарийн бичгийн дарга хармаалж гараад утсаа салгаад алга болсон. Одоо гурав хонож байна. Төрийн ажил гацчихсан байна.

-Налайх дүүргийн ИТХ -ын бүрэлдэхүүн ямар юм бол?

-АН 12, МАН 11, МАХН хоёр төлөөлөгчтэй. Аль ч талаасаа 35 мянган хүний асуудал шүү дээ. Шударга л байя гэж байгаа юм.

-Х.Болдбаатарыг Засаг даргын ажлыг цаашид хийх боломжгүй гэж үзсэн шалтгаан юу юм бэ?

-Засаг дарга иргэдийн хамгийн ойрын хүн байх ёстой. Гэтэл ажил аваад л иргэдийг намаар нь алагчилж халдаг болсон. МАН-ын хүн, ядуу хүн хүн биш гэж үздэг. Гадаад руу 31 удаа явсан гэдэг юм. Нөгөө талаар ИТХ өөрөө 150 сая төгрөгөөр төсвөө хасуулсан байхад Тамгын газар нь 250 сая төгрөг нэмж байх жишээний.

Мөн ёс зүйн маш их алдаа гаргадаг. Засаг даргыг огцруулах саналыг нийт 25 төлөөлөгчөөс 14 нь дэмжиж байгаа. Энэ 14 дотор АН-ын гурав, МАХН-ын хоёр, МАН-ын есөн төлөөлөл байгаа. Тэгэхээр энэ ямар. нэгэн улстөржилт биш нийгмийн захиалга, Налайхын ард түмний захиалга юм.

Ажлаа хийж чадахгүй байгаа хүнийг хоёр жил харлаа. Одоо боллоо, зөндөө сануулга хэллээ. Огт үг авдаггүй юм. Энэ хүний хийдэг ажил нь гадаадад зугаалах, ямар нэгэн шоу цэнгээний нээлтэд оролцох, тууз хайчлах л байна.

Энэ онд гаргасан захирамжийн 70-80 хувь нь зөвхөн газартай холбоотой. Дандаа танилынхаа хүмүүст өгсөн газар. Гадаадын иргэнд хүртэл газар хууль бусаар өгсөн нь батлагдсан. Хөгжлийн сангаас манай дүүрэгт 2 тэрбум 700 орчим 1 сая төгрөг төсөвлөгдсөн байсан 324 сая төгрөгийг буцаалгасан, энэ онд 2,5 тэрбумыг төсөвлөхөд нэг 1 тэрбум нь буцсан. Энэ бол маш хариуцлагагүй явдал.

Налайхад ирсэн мөнгийг энд нь шингээх ёстой байтал ийм л юм болдог.  Гэтэл энэ дүүрэгт хийх ёстой ажил маш их байна. Сургууль,цэцэрлэгийн  хүрэлцээг нэмэхээс эхлээд л. Дээрээс нь сангийн зарцуулалтууд бүгд ил тод биш. Нэгийг нь ч ил болгоогүй. Оны эцсийн чуулган дээр тайлангаа тавина гэчихээд юу ч тайлагнаагүй.

Өөр бас Солонгост очиж казино тоглодог гээд олон юм бий. Хурал хаясан 11 төлөөлөгч бүгдээрээ ямар нэгэн дарга. Бүгдээрээ давхар дээлтэй. Дарга нарын хүрээллийн юм болсон. Засаг дарга нь ийм танилын хүрээний бүлэглэл байгуулж болохгүй шүү дээ. Хурлын дарга өөрөө гадаад руу ганц ч явсангүй, машинаа солиогүй байхад үлгэр жишээ авч болно доо.

-Өмнө нь ямар нэгэн гомдол гаргаж байв уу, гэнэт босч ирсэн асуудал уу?

-Бид тасралтгүй хоёр жил тэмцэж байна. Огт тоодоггүй. Ажил аваад л МАН-ын хүмүүсийг ажлаас халсан. Бүгд шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орсон. Иргэдээс маш олон гомдол ирдэг юм. Х.Болдбаатар Засаг даргатай холбоотой. Дарга болно гэдгийг юу гэж ойлгож байна гэдгээр л их зүйл хамаарна.

Х.Болдбаатар маш олон хуулийг зөрчин ажиллаж байна.Тэгээд бидний энэ хурлын шийдвэрийн эсрэг маш олон юм ярьж байгаа. Ганболд гэдэг, хурлын даргын хоолонд нь хор хийнэ, дүүжлэнэ гэх мэт. Ийм маягаар ажил хийж болохгүй. Үүнээс айж ичсэн ч юм алга. Үг хэлсэн бүхнийг дарамтлаж ИТХ-ын даргынхаа дээр нь Засаг дарга нь гарчихсан байна.

Д.Содон

Эх сурвалж: