sonin.mn

1990-ээд оны дунд үеэс Монгол оронд эрчтэй хөгжиж, сард 2-3 шоу тоглолт зохион байгуулдаг, өөр өөрсдийн үзэгчидтэй болоод байгаа цэнгээний урлаг, шоу тоглолтын хөтлөгчдийн талаар санаа бодлоо хуваалцъя гэж бодлоо.

Шоу тоглолт буюу үзүүлбэртэй, хөгжөөн цэнгээх урлагийн төрөл 1930-аад оноос АНУ-д жинхэнэ утгаараа үүсэн хөгжиж тэнд энэ урлагийн амин сүнс болсон хөтлөгч буюу шоумэнчид анхдагч болон гарч ирсэн гэдэг.

1930-д оны сүүлчээс аж үйлдвэрийн үсрэнгүй хөгжил, том хотуудын бий болсонтой давхцаад, мафи гэмт хэргийн булэглэлүүд олноороо бий болж, тэд өөрсдийн нутаг дэвсгэрт хяналтаа тогтоох гэсэн зөрчилдөөнөөс үүсэн баар, цэнгээний газруудад эх захгүй буудалцаан, самуун болдог байж. Чухам тэндээс л шоумэнүүд нийгэмд бүрэлдэн гарч ирэх тохироо бүрэлдсэн гэж үздэг.

Үй олноороо байгуулагдаж байсан хуурамч архи дарс, виски үйлдвэрлэгчид, хууль бус архины үйлдвэрүүдтэй тэмцэхийн тулд АНУ-ын конгрессоос баталсан алдарт «Хуурай хууль» баар цэнгээний газруудыг зөв гольдрилд нь оруулж, шоуг жинхэнэ утгаар нь хөгжихөд том түлхэц болсон гэдэг.

Анхандаа шоумэнчид цэнгээний газруудад хүрэлцэн ирсэн зочдыг хөгжөөх, тэднийг өөрсдийн баар, ресторандаа ахиухан цагаар саатуулан барьж байх, ингэснээрээ их орлого олох зориулалттай байж. Ингэхийн тулд шоумэн буюу хөгжөөн цэнгээгч нь урлагийн олон төрлийн авьяастай, уран илтгэх, хошин шогийн өндөр мэдрэмжтэй байхыг шаарддаг, энэ талын цогц сургалтуудад хамрагдсан байхыг шаарддаг байжээ.

Шинэ тутам үүссэн, тэр үедээ маш их орлоготой ажилд тооцогддог байсан шоумэнүүдийн арми түргэн хугацаанд эгнээгээ тэлж, бүхэл бүтэн урлагийн шинэ чиглэл, мэргэжилтэнг шаардах хэмжээнд хүртэл хөгжсөн түүх ердөө л энэ.

20-р зууны америкчуудын бахархал болсон алдарт дуучин Фрэнк Синатра чухамдаа өөрийн гайхалтай амжилт, урлагийн их амьдралаа баарны шоумэнээс эхэлсэн байдаг.

Бүсгүйчүүд хужирлахаар хуйлардаг байжээ нүдээ

1960-аад онд Монголд урлаг соёл эрчимтэй хөгжиж, гадаад дотоодын их дээд сургууль төгссөн гялалзсан сайхан эрдэм боловсролтой залуус нийгэм, хүн ардаа түүчээлэн явж урлаг, уран сайхны олон төрөл зүйлийг үүсгэн хөгжүүлжээ.

Тэр үеийн залуус шинээр хөгжиж байсан нийтийн бүжиг, олон хүмүүсийг хамарсан урлагийн цэнгүүнд хошууран оролцох болсон нь тэдгээрийг хөтөлж байсан авъяас билэг төгөлдөр гял цал болсон сайхан залуусыг харах гэж дурладгаас болдог байжээ. «Элдэв-Очир» кино театр, Хятад Сы-Янз, Амгалангийн клуб, Ленин клубт болдог байсан нийтийн бүжиг, шинэ жилийн баярын цэнгүүнүүдийг хөтөлдөг байсан Ардын жүжигчин Л.Жамсранжав, Төрийн соёрхолт Ч.Чимид нарыг харж хүүхнүүд нүдээ хужирлахаар, эрчүүд өмссөн зүүснийг нь дуурайж үлгэр авахаар ирж үзэцгээдэг байсан гэдэг.

Л.Жамсранжав, З.Жарантав нар бэлэн цэцэн үгтэй, сайхан дуулчихдаг, цагийг нь олоод алиа хошин наргианаар танхимыг эзэгнэж чаддаг байсан бол, Ч.Чимидийн гял цал эрхэмсэг хувцаслалт, эр хүний өв тэгш сайхан бие бялдар нь ялангуяа бүсгүйчүүдийг соронздон татдаг байжээ.    

Бас хөгжилтэй ч гэмээр, гэхдээ л үзэгч, үйлчлүүлэгчдээ өөрийн хөтөлдөг шоуд татаад байдаг нэг сонирхолтой түүх академич Б.Ширэндэв агсанд байсан гэдэг. Ленин клубт болдог байсан бүжгийг хөтлөн явуулах, өөрөө оролцохдоо хоёр гартаа үргэлж алтадсан хоёр цаг зүүж ирдэг байжээ. Түүнийг нь харж гайхан алмайрах гэж нэлээдгүй хүмүүс цугладаг байсан түүхтэй.

Бас л хөөрхөн заль гаргаж, шоумэн хүний самбаа үзүүлж байж. Ийнхүү 1960-аад оны залуусын оргилсон их хүсэл тэмүүлэл, урлаг, уран сайхны их тэсрэлтээс концерт, нийтийн бүжиг, цэнгүүний хөтлөгч гэдэг шинэ мэргэжил, урлаг манайд үүсэн хөгжжээ. Вальсын хаан «Вовка» Г.Түмэнжаргал, “Хөхөө гэрлэх дөхлөө”-гийн Л.Дашдаваа зэрэг олон чадварлаг хөтлөгч үзэгчдийг бишрүүлж явсан гэдэг.

Шоу хөтлөгчдийн одоо үе

Өөрийн алдарт шоугаа завсарлаад удаагүй байгаа АНУ-ын хймгийн хүчирхэг 10 хүний нэг У.Опра шоу цэнгүүн хөтлөгчийн эрхэмлэх таван жарчмыг

1.Илэн далангүй байх,
2.Танхимыг бүхэлд нь хянах,
З.Хошин шогийн өндөр мэдрэмж,
4.Танхимын уур амьсгалыг үндсээр нь өөрчлөх чадвар,
б.Дуу хоолой хэмээн тодорхойлжээ.

Түүнээс гадна шоумэний эзэмшвэл зохих бас нэгэн гол чадвар нь уран илтгэгч байж үгийн сонголтыг маш сайн хийдэг чадварыг эзэмших ёстой юм. Харин арилжааны телевиз болгон шахуу уралдаант шоу нэвтрүүлэг хийдэг болсон одоо үед хөтлөгч, шоумэнүүдийн мэргэжлийн ур чадвар, шоумэн хүний зайлшгүй эзэмшсэн байх ёстой чанарууд харилцан адилгүй, ерөнхийдөө сулавтар байгаа юм.

Утгын авцалдаагүй үг өгүүлбэр хэлэх, цагийг нь ололгүй марзагнах, хэт мэдэмхийрэх, зохимжгүй хувцаслах зэрэг нийтлэг алдаа сүүлийн үеийн шоумэнүүдийн таних тэмдэг нь болжээ.

Манайдаа л үзэгч олонтой «Universe Best Songs-2014» наадмын шинэхэн хөтлөгчид хуучны хоёроосоо хэл ярианы баялаг, үзэгчдийг өөртөө татах авъяасаар ихээхэн дордсон талаар олон хүн шүүмжилж байгаа. Энэ тэмцээний анхны хөтлөгч «Анууш» буюу Э.Гантулга тэмцээнд оролцогчид болон, шүүгч Б.Долгионы зүгээс багагүй шүүмжлэгддэг байсан. Цагаа ололгүй цэцэрхэж эвгүй байдалд оронгуутаа марзагнах гэж оролдоод өөрийгөө гарцгүй болгож байсан нь цөөнгүй.

Харин түүнтэй хамтран хөтөлдөг байсан UBS телевизийн хөтлөгч Д.Одгэрэлийг оногдсон ажлаа тун гайгүй гүйцэтгэж чадварлаг шоумэн гэдгээ хүмүүст харуулсан гэж дүгнэж болно. Хэрэгтэй цагт нь хошигнож чаддаг гэдгээ хөтлөгч бүсгүй тэмцээний туршид үзүүлсэн билээ.

Шоумэн хүний хамгийн гол зэвсэг болсон гадаад үзэмж, стиль имиджээ ч өөрийгөө бүрэн илэрхийлж чадахуйц сонирхолтой байдлаар хувирган өөрчилж байсан.

Гэхдээ манайхны нийтлэг алдаа бол нэг нэвтрүүлэг юм уу, тэмцээнийг хэн нэгэн хөтлөгч, шоумэн хоёр гурван удаа хөтлөөд хүмүүст танил болж, хөл гараа олоод дөнгөж зүгширч байхад нь мөнгө санхүү, бусад асуудлаас болоод өөрчлөөд хаячихдаг.

Тэгээд дахиад л хэн ч таньж, мэдэхгүй «шинэков» авч ирээд тавьчихдаг. Ингээд л бүхнийг тэгээс эхлэх хэрэгтэй болдог. Үүний тодорхой жишээ нь өөрөө санаачлан гарган ирж хүмүүсийн хамгийн үзэх дуртай нэвтрүүлэг болгосон “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч, шоумэн Г.Алтантүрүүгийн түүх юм.

Амжилтынхаа оргил үед явсан нэвтрүүлгээс ямар нэгэн аргаар Г.Алтантүрүүг зайлуулж дөнгөөд оронд нь гарч ирсэн нүдний шилтэй бүдүүн нөхөр, бас нөгөө Г.Ганзориг гэдэг робот шиг гацаж ярьдаг залуу хоёр энэ нэвтрүүлгийг бүр авах юмгүй баллаад хаячихсан билээ. Тэгвэл сүүлийн үед орчуулгын улстөрийн тойм хөтөлдөг Х.Уламбаяр гэгч залуу Япон, Монголгүй хэсч хэдэн айлаар хоноод үзсэн гэж байгаа.

Сүүлийн үед үзэгчдийн оюун ухааныг тэлэх дэлхий ертөнц, шинжлэх ухаан, хүн байгалийн олон сонирхолтой асуултыг олж тавьдаг, эдийн засаг, санхүүгийн хувьд хөлөө олсон болов уу гэмээр «50 саяын уналт» нэвтрүүлэг «Боловсрол суваг» телевизээр гарч үзэгчдийн үзэх, таашаал авах дуртай нэвтрүүлгийн нэгэн болоод байгаа.

«50 саяын уналт» нэвтрүүлгийн хөтлөгч, редактор Д.Энхбаяр мэргэжлийн жүжигчний хувьд нэвтрүүлгийнээ эхэн үед үзэгчдийг ч хөгжөөх, нэвтрүүлгийн оролцогч нарын оюун ухааныг амраах, сэргээх зорилгоор нэлээн чадмаг хошигнож, цагаа олсон «чимхэлт» хийдэг байсныг дурдах ёстой. Харин нэвтрүүлэг олны үзэх дуртай, цаг товлон уулздаг эпирийн цаг болсон үед тавьж байгаа асуулт, оролцогчтойгоо хэтэрхий найзан дундаа орсноос сүүлийн үед ноцтой алдаа ч гаргах болжээ.

Энэ сарын 10-ны өдөр дамжуулсан ээлжит нэвтрүүлэгтээ «Японы сүмод барилдаж байгаа Монгол бөхчүүдээс хэн нь иргэншлээ хадгалж үлдсэн бэ» гэсэн  асуулт тавьж, хариултыг нь авахдаа оролцогчтойгоо нийлэн их аварга М.Даваажаргалыг Японы харьяалалтай болсон мэтээр илт худал мэдээлэл цацсан нь олонд үнэлэгдсэн нэвтрүүлэг, хөтлөгчийн хувьд байж болохгүй бүдүүлэг алдаа юм.

Иймэрхүү шүүмжлэлүүдийг хэлээд байвал дуусахгүй. Гэхдээ энүүхнийг «Үг хэдий хатуу ч үнэн тусмаа сайн» гэсэн зарчмаар хэлхэв. Авах гээхийн ухаанаар хандаасай. Оросын ОРТ-ын «Поле чудес» нэвтрүүлгийн хөтлөгч алдарт Л.Якубович өөрийнхөө хувцаслалт, сахлын засалт, гадаад имиджээ 30 жил өөрчлөөгүй ч өнөөдөр ч үзэгчдийн хамгийн хайртай шоумэн хэвээрээ л байгаа.

Алдаж онож яваа манай залуу шоумэнүүдэд энэ хүний биеэ авч яваа байдал, хэрхэн хүмүүстэй харилцаж байгаа зэргээс суралцах зүйл үнэхээр их байна.

Энэ хүний бэлэн цэцэн үг, хошин шогийн их мэдрэмж нь өөрийнх нь тодорхойлсноор зав л гарвал «Нэвтэрхий толь» уншиж, ардын аман зохиол, ялангуяа онигоо л харагдвал уншиж, цээжилж явдаг нь өнөөдрийнх нь их амжилтын нууц аж.

Ер нь л их уншиж биеэ сайтар боловсруулахгүй бол үзэгч, сонсогчдыг хөтөлж явах ёстой энэ цаг үеийн шоумэнүүд маань ардын жүжигчин Г.Хайдав гуайн хэлсэнчилэн «тультраа хэлтэй, доожоогүй баарцагласан» нөхдүүд болцгоож тэдний алиалахыг харж уйлах ч хэцүү, инээх ч хэцүү болж суух нь хэцүүхэн байна шүү.

Д.Энхтүвшин

Эх сурвалж: