sonin.mn

Англи улсын нийслэл Лондон хотноо болж өнгөрсөн “Дэлхийн мисс-2014" тэмцээнд мисс Т.Батцэцэг эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн билээ. Энэ удаагийн дугаартаа түүний ээж А.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Ярилцлагаа таны төрсөн нутаг усны тухай асуултаар эхэлье?

-Би Улаанбаатарт төрсөн боловч Дарханд өссөн хүн. Бараг л Дарханы уугуул гэж хэлж болохоор доо.

-Ингэхэд та хэдэн хүүхэдтэй вэ. Мисс Батцэцэг таны хэд дэх хүүхэд бол?

-Би таван хүүхэдтэй. Хоёр хүү, гурван охинтой. Хамгийн бага нь Батцэцэг.

-Хүүхдүүд нь ямар ямар мэргэжилтэй вэ. Батцэцэг Монгол Улсын их сургуулийг төгссөн байх аа?

-Хоёр том охин маань хуульч, багш. Харин хөвгүүд маань хоёулаа механикийн инженер мэргэжилтэй. Батцэцэг маань МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн.

-Тавын таван хүүхдийг дээд боловсролтой болгоно гэдэг өнөөгийн нийгэмд их хүнд болж. Танаас нөр их хөдөлмөр, сэтгэлийн тэнхээ гарч?

-Нэлээд их хөдөлмөрлөсөн. Зах зээлд дөнгөж орж байх үе таарсан учраас хүүхдүүдээ бүгдийг нь боловсролтой, орох оронтой болгохын тулд чадлаараа л зүтгэсэн. Гадаадад хүртэл ажиллаж байсан шүү дээ. 2000-2005 оны хооронд Солонгост гэрээт ажилчнаар ажилладаг байлаа.

-Хүүхдүүддээ юуг хамгийн их захидаг вэ. Өөрөө спортын хүн учраас жаахан хатуухан ээж үү?

-Хүүхдүүдээ өв тэгш хүмүүжүүлэхийн тулд хар багаас нь, цэцэрлэгт явж эхлэх үеэс нь л хичээсэн. Зөв хооллох, зөв хувцаслахаас нь авахуулаад л чамбай байлгахыг хичээдэг байлаа. Одоо ч тэр хэвээрээ.

-Таныг сагсан бөмбөгийн спортын мастер гэдгийг мэдэх юм байна. Бас гар бөмбөгийн зэрэгтэй?

-Уг нь би биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. Одоо тэтгэвэртээ гарсан. Сагсан бөмбөгийн спортын мастер, мөн гар бөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй.

-Бага охиноо Дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрх авахтай зэрэгцээд та Япон улсад болсон хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнээс медаль хүртсэн шүү дээ. Энэ тухайгаа яриач?

-Япон улсад Азийн ахмад мастеруудын олон улсын тэмцээн хоёр жилд нэг удаа болдог юм. Энэ наадамд оролцоод ирсэн. Би 2006 оноос хойш хөнгөн атлетикийн төрлөөр хичээллэж эхэлсэн.

Нас ахиад ирэхээр энэ нь зүгээр юм шиг санагдсан юм. Сая оролцсон тэмцээнээс хүрэл медаль авсан. Дэлхийн аваргын тэмцээнд дөрвөн удаа оролцсон. Одоо ирэх сарын 8-нд Парис хотод зохион байгуулагдах дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

-Та өөрөө спортын хүн. Гэтэл бага охиноо загварын ертөнцөд хөл тавихад анх хэрхэн хүлээж авсан бол?

-Би өөрөе охиноо загварын дамжаанд анх оруулж байсан хүн шүү дээ. Миний охин чинь сагсан бөмбөгийн дэд мастер. Бас багаасаа гар бембөгөөр хичээллэсэн. Би ер нь хүүхдүүдээ спорт, урлагаар хичээллүүлэх их сонирхолтой. Шавь нартаа ч захидаг.

Эдгээрээр хичээллэсэн хүн бие бялдрын зөв хөгжилтэй болохоос гадна сэтгэл зүйн хувьд тогтвортой бие хүн болдог юм. Батцэцэгийг цэцэрлэгт байхаас нь эхлээд спорт бүжгээр хичээллүүлж Дархан хотын Ганбаяр багшийн шавь болгож байлаа.

Тэгээд дөрөвдүгээр ангид орох үед нь Оюунчимэг гээд гар бөмбөгийн багшийн шавь болгосон. Дараа нь үргэжлүүлээд Гүржав гэж сагсан бөмбөгийн багшид шавь оруулсан даа. Өсвөр үеийн улсын аваргын нэлээд хэдэн медальтай шүү миний охин.

Ингэж явж байтал манай Дарханд завсар өмсөгчийн дамжаа хичээллэж эхэлсэн юм. Хотын иймэрхүү сургалтанд явуулъя гэхээр холдоод байдаг байсан л даа. Сэржмядаг гэж миний дизайнер найз байдаг юм.

Анх тэр найзтайгаа зөвлөж байгаад охиноо загварын дамжаанд суралцуулахаар шийдсэн. Яагаад ч юм эх хүний нүдэнд хүүхдүүдийнх нь суурь авьяас, нөөц боломж харагддаг шүү дээ. Миний охинд тэр бүхэн байгаа санагдсан. Тэгээд ч багаасаа спортоор хичээллэсэн охиноо урлаг тал руу нь сонирхолтой болгох хэрэгтэй байсан юм.

-Батцэцэг өөрөө дуртай байсан уу?

-Өөрөө анхандаа жаахан дургүй талдаа, дурамжхан байсан шүү. Харин азаар загварын дамжаанд явж эхэлсэн жилд нь Дарханд нэлээд томоохон тэмцээн болсон юм. Тэр тэмцээнд оролцоод миний охин шилдэг загвар өмсөгчөөр шалгарсан. Тэр үеэсээ л өөрөө энэ зүйлдээ их дуртай болсон доо. Тэр нь их урам өгсөн байх.

-Бас “ВВQ Мiss” тэмцээнд дунд сургуулийг сурагч байхдаа оролцсон?

-Аравдугаар ангиа төгсөх жилээ “ВВQ Мiss” тэмцээнд оролцсон юм. Тэр үед “Моngol соstumes" төвийн захирал Б.Сувд миний охиныг энэ тэмцээнд оруул гэж ятгасан. Би ч тухайн үедээ өөртэй нь зөвлөж байгаад оролцуулсан.

Энэ тэмцээнээс Баагий маань “ВВQ Фото мисс”-ээр шалгарсан. Миссийн анхны гараа нь тэндээс л эхэлсэн дээ. Мөн миний охиныг анх миссийн тэмцээнд хөл тавихад Азийн топ мопель Д.Болормаа маш их үүрэг гүйцэтгэсэн.

Тэр хүн “Энэ хүүхдэд суурь байна” гэж урам өгч байсан юм. Уг нь өөрийнхөө загварын агентлагт явуулах санал тавьсан л даа. Харамсалтай нь тэр үед миний охин дунд сургуулийн сурагч байсан.

-Батцэцэг багадаа ямархуу охин байсан бэ?

-Би анх охиноо гаргачихаад яагаад ч юм урлагийн хүн болгоно гэж боддог байлаа. Багадаа дув дугариг хар нүдтэй, их эгдүүтэй охин байсан.

-Зан характерийн хувьд ямар охин байв. Нүүрэмгий хүүхэд байсан уу?

-Их тайван хүүхэд байсан. Ямар сайндаа л тийм болохоор нь би “Яанаа, энэ хүүхэд ийм тайван, удаан хөдөлгөөнтэй юм чинь урлаг, спортод амжилт гаргах болов уу даа’’ ч гэж боддог байсан шүү. Одоо ч ер нь тийм амгалан хүн.

-Дэлхийн миссийн тэмцээнийг биеэрээ оч иж үзээд, охиноо дэмжиж байгаад ирлээ. Тэр үед сэтгэл нь хэр их догдолж байв?

-Маш их омогшсон. Ганцаараа л тэмцээнийг үзэх байх гээд дотроо жаахан айж байлаа. Гэтэл тэнд ажиллаж амьдардаг монголчууд их ирсэн шүү. Зуу шахам монголчууд ирж тэмцээнийг үзсэн.

Лондонд очсон өдрөө охинтойгоо уулзах гэсэн боловч боломж гараагүй. Тэмцээний үеэр уулзуулдаггүй юм байна лээ. Харин маргааш өдөр нь яаж ийж сиймхий гаргаж байгаад нэг уулзсан..

-Охиноо хараад нулимс унагав уу?

-Аймаар огшоод ирдэг юм билээ. Бүжгээ бүжиглэхийг нь хараад өөрийн эрхгүй охиноороо бахархсан. Нулимс цийлэгнээд л ирдэг юм байна лээ. Монголчууд маань ч гэсэн их сайхан дэмжсэн. Тэр олон, 125 орны миссүүдийн дундаас яагаад ч юм миний охин хамгийн сайхан нь харагдаж байлаа. Хүн бүрт өөрийнх нь хүүхэд хамгийн сайн, сайхан нь шүү дээ.

-Тухайн үед охиндоо юу гэж захиж. урам өгч байв?

-Охиндоо тайзан дээр маш гоё эрхэмсэг, хээнцэр байгаарай гэж л захисан. Монголын сүр жавхлан, эзэн Чингис хааныхаа омог бардам сүрийг харуулаарай гэж захиж байсан даа.

Бид чинь баялаг түүхтэй гүрний үр сад шүу дээ. Тийм учраас дорой байж болохгүй. Миний охин ч сандраагүй. Өмнө нь олон удаа тэмцээн уралдаанд оролцоя байсан туршлагатай учраас сандрах нь бага байсан байх.

Харин өөрийнхөө танилцуулгыг хийх хэсэг дээр жаахан тулгамдсан юм шиг  байна лээ. Уг нь бол маргааш нь зура авалттай гэж хэлсэн хэрнээ гэнэт цагий нь өөрчлөөд дуудсан гэсэн. Тэгээд жаахан түгдэрсэн байх. Тэрийг нь харсан хүмүүс хэлний мэдлэг муутай гэж хүлээж авсан юм шиг байна лээ. Төрөлх хэл нь биш учраас хүн гацаж түгдрэлгүй яахав.

Гэхдээ цаашдаа илүү их хичээх байх. Тийм болохоор миний охиныг битгий янз бүрээр яриасай, ойлгоосой гэж хүсч сууна даа. Гэхдээ манай монголчууд их сайхан ард түмэн юм. Охиныг минь дэмжсэн дэлхийн өнцөг булан бүр ажиллаж, амьдарч байгаа бүх хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна.

-Охиноо оролцохоос өмнө дэлхий миссийн тэмцээнийг үздэг байв уу?

-Өмнө нь миссийн тэмцээнийг үзэж байсан боловч яг энэ удаагийнх шиг зүрх  сэтгэлээрээ үзэж байсангүй. Өөрийнхөө охиныг оролцож байгаа болоод ч тэр үү маш их сэтгэл догдолж үзлээ. Би өөрөө өнчин хүн. Гэтэл монголчууд надад аав ээж, ханийг минь орлож охиныг минь дэмжсэнд маш их баярласан.

А.Халиун

Эх сурвалж: