sonin.mn

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг богино өгүүллэгийн "Утгын чимэг" наадам энэ сарын 12-ны өдөр Улсын драмын эрдмийн театрт болж өнгөрсөн юм. Энэ жилийн наадамд 70-аад уран бүтээлч өгүүллэгээ ирүүлснээс 10-ыг нь дараагийн шатанд үлдээж шалгаруулсан билээ.

18 дахь удаагийн "Утгын чимэг" наадамд Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Пүрэвдашийн" Зээрээ, Зүрхээ хоёр" өгүүллэг гуравдугаар байрт шалгарсан. Тус өгүүллэгийг уншигч олондоо өргөн барьж байна.


Хүүг нутаг усныхан нь Зээрээ л гэдэг. Өвөө, эмээ нь малаа дагаад хөдөө, Зээрээ эхийн хамт төсөрхөн сууринд сууна. Уг нэр нь Зээрэн, хэн ийм нэр өгчихсөн юм бүү мэд. Ямар ч гэсэн хүү зээртэй говьд хөлд орж, хүн болсон нь үнэн юм. Харин Зээрээгийн нүд бол ёстой тэр аяараа зээрийнх дээ.

Нийслэлээс алсдуу, төвөөсөө бас зайтай сууринд нэг явдал тохиож олныг шуугиулсэн гэхээс догдлуулсан нь Зээрээ хүү арван найман нас хүрсэн үү, үгүй юү гэрлэв. Гэрлэв ч гэж дээ жимсэн улаан хацартай, салаа гэзэгтэй, өөрөөсөө намхан, тормолзсон бор охиныг ээжийн гэрт гэнэт оруулаад иржээ.

Ихэнх хүн амьтан тэднийхнийг Зээрэн хүүгийнх гэдэг болохоор орон гэртээ оруулаад ирсэн хэрэг. Охин сортого, сортого харж, хээрийн хонгор салхи шиг инээсэн томоогүй амьтан.

Зүрхэн гэж Зээрээ танилцуулав. Өөрөе Зүрхээ гэж дуудах аж. Их говийн дунд ганцаар торойх Зүрх хэмээх хүрэн толгойд төрснийх үү, багаас нь тэгж өхөөрдөөд нэрлэчихсэн үү бас л оньсого. Ээж нь Зээрэнг угаас гадарлаж байсан гэлтэй хүүгээ том толгой гаргалаа гэж уурлаж уцаарласангүй, ёстой юм ёсоороо болж байна гэсэн шиг тосон авчээ.

Тэгээд хоёр гурав хонож байтал тэднийд хотоос тэр үөийн хөдөөд ховорхон үзэгддэг "жийп" машин хөлөглөсөн нүд дүүрэн махлаг шар эр ирээд буучихав. Ачааны машин дагуулжээ. Гэрийн цоохор мод, дээвэр туурга, тавилга сав дүүрэн ачсан нь эгээтэй л айл нүүж ирж байгаа мэт. Шинэ гэрийн ханыг дугуйлав.

Зээрэн, Зүрхэн хоёрынх аж. Товхийсэн айл шиг айл. Тэднийх галаа асааж голомтоо бадраав. Энэ гэнэтийн явдлын учир начрыг айл хөрш, ойр тойрныхон нь ухаж мэдсэнгүй, хүмүүс орой нь шинэ гэрт уригдан цай ууцгаав.

Махлаг эрийн нүд яг Зээрээгийнх. "Эцэг нь юм байна" гэж тааварлав. Гэхдээ нэг л зүйл тэдний сониуч занг хөдөлгөөд байлаа. Тэр нь юу гэвэл бэртэй болохоо ээж нь мэдээгүй байхад энэ эр Зүрхээ, Зээрээ хоёр дэр нийлэхийг ямар зөн совингоороо олж таагаад гэр ачин гэнэт хүрээд ирдэг байна вэ.

Нутгийнхан юуг сайн мэддэг вэ гэвэл Зээрээ бол бутач хүү. Залуу насанд хүн алдаж онохын алийг тэр гэхэв. Ээж бүсгүй нэг удаа сургууль курст хэдэн сар явахдаа хэвлийдээ тээгээд ирсэн үр нь энэ Зээрээ. Эцэг, эх нь хаа ч гэж тээршаагаагүй юм. Зээрээ өвгөн, эмгэн хоёрын галд мэндлэв.

Галын зээгээ эрхлүүлж бөөцийлөөгүй гэвэл худал болно. Харин тэр багаасаа ажилд дөртэй, нутаг амьтай тийм баньд болж өсөв.Бүсгүй суурин ажилтай тул цаадуул нь тэр хоёрт гэр төхөөрч өгчээ. Ээж, хүү хоёр хүний гар харахгүй амь зуулгатай. Хүү тэдний чихийг ер халууцуулсангүй. Аливаад ээжийн гар хүргэнэ гэдэг хол доо.

"Жийп"-тэй эр буцав. Буцахдаа,

-Одоохондоо ингээд сууж бай. Би дараа нь хэдэн цэрэгтэй ирж та нарт сууц, дэлгүүр барьж өгнө гэж амласан тухай явган яриа нэг хэсэгтээ ам дамжив. Харин үнэн юм гэвэл Зээрээ, Зүрхээ хоёр тун удалгй өөрсөд шигээ хэвлүүхэн нь аргагүй "ТҮЦ" буюу дэлгүүртэй болжээ.

Эхлээд бохь, чихэр, тамхи ширхэглэн зарах төдий. Сүүлдээ нүүрний тос, хөмсөг, уруулын будаг, ус ундаа, боов чихэр за тэгээд юм юм л арилжаалах болж мухпаг өргөжив. Лангууны ард гол төлөв Зүрхээ зогсоно. Зээрээ, бас хоёулаа ч суух үе бишгүй.

Яагаад ч юм хүмүүс тэдний мухлагаас наймаа хийнэ дээ. Т эр хоёр хайлсан тугалга шиг ааш зан сайтай, инээж инээмсэглэж, хүмүүст ойр зуур юу хэрэгцээтэй гэснийг нь аль болохоор дөхүүлээд өгдөгт тэр байх.

Зээрэнгийнх амьтан хүн орж гарсан айл болов. Нэг өдөр тэднийд хэдэн жил тохой нийлэн сууж ном үзсэн "А" ангийнхан нь цугларчээ. Олуулаа биш. Ихэнх нь сургууль соёл, ажил амьдралын мөр хөөгөөд ийш тийш явчихсан. Идээ будаа болов. Архи дарс сөгнөв. Тэгтэл найз нөхдөө үргэлж инээлгэж явдаг нэг нь,

-Зүрхээг холын нөхөр гэж мэдсэн бол аваад суудаг байж. Ядаж дебил хүүхэд төрөхгүй гоё ш дээ хэмээн марзаганав. Тэгснээ

-Уруулаа нээлээ, одоо уушгиа нээе. Бүх үнэнээ та нарт дэлгэчихье яршиг гээд дуу нь чангараад ирлээ. Ангийнхан сэртэсхийн болгоомжлов. Мань эр халжээ, янз нь. Зүрхээгийн нүүр нь ув улаан.

-Зүрхээд би хайртай байсан юм аа. Т эгтэл энэ Зээрээ дайраад... Т эгээд ч Зүрхээ намайг тоохгүй л дээ гээд байдгаараа инээв. Бүгд хөхрөлдөв. Ангийнхан Зээрэнд бизнесмэн, Зүрхээд тэргүүн хатагтай цол өгөөд мордоцгоожээ. Үлгэрийн төгсгөл хэсэгт юу болсон бэ гэвэл Зээрээ бараг анх ууж үзсэн архиндаа халаад,

-Чи үнэнээ хэл. Тэр чамд ухаангүй хайртай байсан байна. Чи ч бас адилхан, гэхдээ надаас нуусан байна гэх мзгтийгярьж дөвчигнөжээ. Тэгээд хэсэг огиод "давсанд" мордов. Учир мэдэх улсын нэр томъёогоор бол өөртөө л "тасарчихсан" хэрэг. Өглөө сэрээд Зүрхээд нэг л буруу юм хийчихсэн мэт бодогдож хулган хэвттэл цаадахь нь,

-Зээрэн гуай та хэвтэр ханасан бол өндийж бантангаа зоогло хэмээн доогтойхон дуугараад инээв.

Зээрээ ичиж үхэх шахан хөнжпөө толгой дээгүүрээ нөмөрчээ. Өрхийн тэргүүн босохоос өөр яах билээ. Зүрхэн гэрээс гарах чимээнээр өндийтөл ширээн дээр аягатай бантангийн уур савсаж зэрлэг сонгинын үнэр ханхийж байлаа. Зүрхэн Зээрэнд анх удаа бантан хийж өгсөн нь энэ. Хурган бантан.

Нэг их удсангүй Зүрхэний нүүр сэвхтээд ирэхэд нь сумынхан өрөвдөхөөс илүү өхөөрджээ. Даравч дардайна гэгчээр Зүрхэний гэдэс өдөр хоногоор томров. Зээрэн тэр хоёрын ажпын хуваарь өөрчлөгдөн, эр нөхөр мотоцикл хөлөглөн ийш тийш манаргадаг нь цөөрч мухлагтаа суух нь олширсон аж. Уг нь хэдэн бээрийн цаадахь аймгийн төвөөс мухлагтаа шинэ бараа татдаг юм.

Ингэж байтал Зүрхэн бие хөнгөрөв. Зээрэн хүүтэй, өвөө эмээ хоёр ач гучтай, ээж аавууд ач, зээтэй болох нь тэр. Ярьж тохирсон юм шиг хоёр талын өвөө эмээ, аав ээжүүд шинэ шөлний мах, цагаан идээ ганзагалчихсан нэг зэрэг буув. Улаан нялцгай, мантгар хүү тэднийг дуудсан хэрэг байх. Нөгөөх амьтан нь аавыгаа, бас ээжийгээ өвчин дуурайсан янзган нүдтэй.

Аав ээжийн амь шар хүү хоног хоногоор биш, хором хормоор өсч орчлонг баясгах болсон нэг өдөр "жийп", бас дүүрэн дүнз, төмөр ачсан ачааны аварга машин хоёр шурдхийгээд буув.

Нөгөөх махлаг эр эхлээд ээжийг нь, тэгээд Зээрэн, Зүрхэн хоёрын духан дээр нь үнсч, хүүг үнэрлэв. Бяцхан амьтан бүр хэзээ хэзээнийх юм шиг ход ход инээж, өөдөөс нь цахдан сүйд ээ, сүйд. Ирсэн хүмүүс цай цүү боллоо. Нөгөөх эр,

-Гантай, зуншлага тааруу байгаа юм уу даа гэж харамсангуй өгүүлснээ,

-За тэр ч яахав. Ган гачиг тайлагдах биз гэх нь өөрийгөө тайвшруулах мэт.

Ингээд л газар шороо, барилга байшингийн их ажил өрнөөд явчих нь тэр. Нохой гаслам халуун ч ирсэн улс түүртсэн янзгүй, хааяа нүцгэн цээжээ худгийн усаар норгон сэрүүцэх аж. Бороо орох янзгүй. Хоёр гурав хонож байтал тэнгэрт үүл гаран, хэсэг бусаг газар сүүдэр татаад ирэв. Шар эр Зээрэнд хандан,

-Хоёул ойрхон салхилаад ирэх үү. Үүл гараад бороо орох ч янзтай гэв. Зээрээгийн нүд сэргэн хөл хөнгөрөөд явчихав. Аав нь "жийпээ" бариад Зээрээ урд суудалд зэрэгцэн суугаад хөдөлжээ.

-Зээрэн минь та нар нэг хэсэгтээ энэ шинэ байраа тордоод авна биз. Миний хүү, ээж чинь, Зүрхэн, ач та хэд сайн явбал болох нь тэр. Уг нь хот орон бараадаж, цалин орлого сайтай ажил бодвол зүгээр. Даанч ээж чинь та хоёр эндээс хөдлөхгүй л дээ...

Гэнэт тэнгэр заадсаараа цуурах мэт дуу хадав. Аадар орлоо. Арслангийн зогдор мэт их үер ус яах ийхийн зуургүй нөмрөн ирж "жийп" машиныг туун одов. Аав, хүү хоёр бие бие рүүгээ нэг том хараад дуусав. Энэ харцанд юу шингэсэн нь нууц болон үлдлээ.

МЗЭ-ийн шагналт зохиолч Баарангийн ПҮРЭВДАШ