sonin.mn


Цаг барьдаггүй явдал манайд элбэг. Хамгийн наад зах нь УИХ-ын чуулган хэзээ ч цагтаа эхэлдэггүй. Эхэлсэн ч гишүүд нь ирээгүй байдаг. Цагтаа ирж үзээгүй гээд хэд хэдэн гишүүд хээвнэг яриад зогсож л байна лээ шүү. Энэ мэтээр тэр ирэхгүй юм чинь би очоод яах юм гэсэн хандлагаар хандах байдал элбэг болжээ. Япон улсаас Монгол Улсад суух Элчин сайд Такэнори Шимизү нэгэн ярилцлагадаа цаг барих талаар “Япончууд болзсон цагаасаа 30 минутын өмнө ирдэг. Харин монголчууд 30 минут хоцордог юм. Аль аль нь муу зүйл л дээ" гэж байсан.

Мөн БСШУ-ы сайд Л.Гантөмөр нэгэн аймагт багш нартай уулзалт хийх болжээ. Том зааланд багш нар сайдыг хоёр цаг хүлээгээд асар их уурлацгаасан байгаа юм. Гэтэл сайдын ажил хариуцсан хүн нь нэг цагийн нөөцтэйгээр сургуулийн захирлуудад зар хүргэж. Захирлууд багш нараа цагтаа цуглахгүй гэж хаширлаад дахиад нэг цаг татаад хэлчихэж л дээ.

Ингээд багш нар цагтаа, сайд ч цагтаа очсон боловч таатай уур амьсгал бүрдээгүй аж. Тиймээс бүгдээрээ цагаа яг л ягштал барьдаг больё. Ингэхгүй бол үл ойлголцол гарах нь ихэслээ. Нэг үеэ бодвол нямбай, хариуцлагатай, гадаад дотоодод сурсан хүмүүс үнэхээр олширсон. Цаг барих хэрэгтэй юм байна гэдгийг тэд ухамсарлаж байгаа. Гэвч нөгөө талаас бусаддаа уусах хандлага их байна.

Замын түгжрэлээр өөрийгөө зөвтгөж байгаа хүн бол хариуцлагагүй л хүн. Ийм хотод амьдарч байж тийм асуудлыг тооцоод сурчих л хэрэгтэй шүү дээ. Нөгөө талаас өөрөөсөө том албан тушаалтай хүн дээр цагтаа очдог. Харин доогуур тушаалын хүнийг хүлээлгэдэг нь нэр хүндээ харуулж буй хэрэг гэж боддог бололтой муу зуршил байх юм.

Тухайлбал, өчигдөр нэг сайд өөрийн харьяа газрынхаа ажлыг шалгахаар очихдоо товлосон цагаасаа 30 минут хоцорлоо. Газрын дарга нь үүдэндээ дэрчийтэл хүлээгээд л. Сэтгүүлчид хөлхөөд л байдаг. Сайд ирлээ. Тэгсэн нөгөө газрын дарга нь сайдыгаа дагуулаад өрөөндөө яваад орчихвоо. Сэтгүүлчид дахиад л халуун өрөөнд шавааралдаад хүлээх болж байгаа юм. “Энэ чинь ариун явдал уу".

Ж.Энх
Эх сурвалж: "Нийслэл таймс"