sonin.mn

Шинэ онтой зэрэгцээд МУСГЗ, Д.Амбасалмаагийн хоёр ном уншигчдын гарт очиж байна. Номыг СУИС-ын радио, телевиз, медиа урлагийн сургуулиас залуу сэтгүүлч, оюутнуудад зориулан эмхэтгэн гаргажээ. Хагас зуун жил сэтгүүлч гэх эрхэм мэргэжлийн жинхэнэ эзэн нь явсан түүний тухай сэтгүүлч Э.Сонинтогос номын өмнөх үгийг ийнхүү бичжээ.

Сэтгүүлч гэж хэн бэ, сэтгүүлч ямар байх ёстой вэ, сэтгүүлч хүнд нийтлэг ямар үндсэн чанар байдаг вэ гэхчлэн олон асуулт бий. Эдгээрт хамгийн товчхоноор Амбалаа шиг бай гэж хариулахыг би хүсч байна.

Авьяас хөдөлмөр мэдлэгээс гадна өөр олон “жижиг" мөртлөө чухал чанарыг хуримтлуулж байж сэтгүүлч болно. Диплом бол тэдгээрийн зөвхөн нэг хэсэг нь билээ. Мэргэжлийн дипломтой хүн бүр эрдмийн зэрэгтэй ч сэтгүүлч болж чадаагүй эсвэл амжаагүй хүн амьдралд олон таардаг. Бас авьяастай мөртлөө түүнийхээ шидийг үзэж чадаагүй хүн ч байдаг.

Авьяастай хэрнээ хэрэггүй юманд дуу нь чангараад, нүд нь гялалзаад явчих нь ч бий. Сэтгүүлчид өнгө мөнгө хөөцөлдөөд, хэн нэгэнд үйлчлээд, мэдээллийн хэрэгслийг бусдыг дарамтлахад ашиглавал, эсвэл зөвхөн мөнгө олох хэрэгсэл гэж үзвэл тухайн нийгэм, улс орон ялзарч, сэхэл авахгүй улам л доройтно. Тийм учраас л сэтгүүлч хүн юуны өмнө өс зүйтэй, үнэт зүйлстэй, хүнлэг энэрэнгүй, хуулийг дээдэлдэг, шударга үнэний талд бат зогсдог, улс үндэстнийхээ эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдаг хувь хүн байх ёстой.

Чухам эдгээр чанар Амбалаад бат ноттой шингэсэн учраас тэр бол сэтгүүлч юм. Амбалаа аль ч цаг үед үзэг, микрофоноо орхиогүй, ган зуд, осол гамшгийг сурвалжлан, жирийн хүмүүсийн амьдрал тэмцлийг үзэгч уншигчдадаа хүргэсээр ирсэн.

Бид цаг ямагт мэдээ мэдээллийн дунд аж төрдөг. Тэдгээрээс хүнд хэрэгтэйг шүүн тунгааж, боловсруулж, улмаар баримт нотолгоогоор баяжуулж, цаг хугацаатай уралдан бусдад хүргэх ажлыг сэтгүүлчид хийдэг болохоор хүн, үг, үйл явдал, цаг хугацаа, орчин тойрноо мэдрэх чадвар онцгой чухал. Ийм торгон мэдрэмж Амбалаад байдаг учир тэрбээр тухайн үеийн мэдээллийн гол хэрэгсэл радио, телевиз, сонины аль алинд өөрийн орон зайг эзэлсэн биз ээ.

1980-аад онд түүнийг монголын радиод байх үеэс бидний нөхөрлөл эхэлсэн юм. Тэр үед монголын радио үгийн уран дархчуулын бөөн байсан, эрдэмтэд орж гардаг, хүмүүс ч радио их сонсдог, тэдний үг үнэтэй байж. Монгол соёлын дархлааг тогтоох, хадгалах, хамгаалах, таниулахад радиогийнхон онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэдний нэг тод өнгө нь Амбалаа юм. Тэр бол хурц, ухаалаг, гал цогтой бас ааштай эмэгтэй. Ааш бол байх л зүйл. Хэтэрхий хүлцэнгүй, дорой явбал сэтгэлгээ сул, ядуу л байх болно.

Амбалаа монгол ахуй, ёс заншил, малчны амьдралыг сайн мэднэ. Үүнд хөдөө төрж өссөн нь бас монгол ухааны тод жишээ болсон Самбуу гуайн дэргэд явсан нь цэл залуугаараа хагацал зовлон амссан нь нөлөөлсөн биз ээ. Бас ном зохиолд шунан дурлаж, ард түмний дунд явж Б.Ринчен, Ж.Бадраа, Д.Пэлдэн, Б.Цэдэндамба нарын алт шиг үгийг сонсож явсан нь ач тусаа өгсөн.

Тэр Москвагийн их сургууль төгссөнөөрөө үргэлж бахархдаг. Арга ч үгүй биз. Аль ч сургуулийн орчин, эрдэмтэн багш нар, номын сан, байгууллагын соёл оюутнууддаа өгүүлж баршгүй нөлөөг үзүүлдэг. Алхах гишгэх, өмсөх зүүх, ярих хэлэх, мэндлэх хүндлэх гээд л хувь хүний соёлтой холбоотой олон зүйл сургуульд сурах явцад төлөвшиж, насан туршид хадгалагдан үлддэг. Амбалаа бол өдөр бүр төлөвизийн эфирт гарах гэж байгаа юм шиг л цэвэрхэн дэгжин явдаг хүн.

Би түүнийг хайш яаш үс гэзэгтэй, хамаа намаагүй хувцасласан байхыг ер хараагүй. Г эсэн хэдий ч Амбалаа дэлгэцэнд гарахаа урьтал болгоогүй, үзэгч сонсогчдод түүний өвөрмөц содон дуу хоолой танил болсон юм. Хүний урдуур орж ярих, би ингэж тэгж боддог гэхчлэн өөрийгөө хэт дөвийлгөн мэдэмхийрэх, эсвэл ярилцагчаа нэвт шувт шөвөгдөх мэт асуултаар бөмбөгдөж дарамтлах, үзэл бодлоо тулгаж, өөртөө таалагдсан хариугаа шаардах мэт авир аль аль нь Амбалаагаас ангид.

Ярилцлага хөтөлж буй зарим нь урьсан хүнийхээ өмнүүр орж яриад байдаг. Тэдэнд Амбалаа шиг даруу бай л гэж хэлье. Тэр бол бусдыг маш анхаарал, тэвчээртэй сонсч чаддаг, эмзэг сэдвийг ч туйлын болгоомжтой хөнддөг, баримтыг дахин дахин нягталдаг, тархи нь зогсоо чөлөөгүй хөдөлмөрлөж явдаг тийм л сэтгүүлч.

Мэргэжлийн сэтгүүл зүйн ертөнц Амбасэлмаа гуайд гүн хүндэтгэлтэй ханддаг. Олон ч хүн түүнийг багш хэмээн өргөмжилдөг. Амбалаа маань нас нэлээд явсан хойноо бие нь чилээрхсэн юм. Тэгэхэд би түүнийг “За одоо ч хөдөө малчдаар, хатуу явдалтай машин унаад, замгүй газраар уулын мухар хэсэх өнгөрлөө дөө” гэж бодож байлаа. Гэтэл үгүй шүү. Ер юу ч болоогүй юм шиг л цас, шуурган дундуур хичнээн ч “Аяны богц” дүүргэв дээ.

Сэтгэлийн тэнхээ, ажил мэргэжилдээ дурлах хүсэл шунал нийлэхээрээ ямар ч бэрхшээлийг давдаг л юм байна. Уулзсан хүмүүс, аялал, ажил төрлөөсөө таашаал авна гэж маш чухал хүчин зүйл бас байдаг юм. Радио, телевизийн сургуульд сүүлийн нэлээд хэдэн жил багшилж, хоёр гурван анги төгсгөсөн. Тэгтэл нэг л өдөр “Хөгшин хүн залуу хүүхдүүдийн өмнө санаж мартан зогсох эвгүй юм. Одоо боллоо” гээд л хэдэн ном, хуурцгаа хайрцаглаж аваад гараад явсан.

Энэ бол агуу их мэдрэмж, бас зориг, ухаан, сургамж юм. Тэрбээр оюутнуудад зориулан “Сонссоноо уншихуй", “Үзсэнээ уншихуй" гэсэн гурвалсан цуврал эмхтгэсний сүүлийнх нь энэ “Бичсэнээ уншихуй” юм. Энд 40, 50 жилийн өмнө бичиж нийтлүүлсэн сурвалжлага, найруулал ч байгаа. Сурвалжлага бүхэн их бага намтар түүхтэй, тэдгээр нь тухайн сэтгүүлчид туршлага болон хуримтлагддаг.

1980-аад оны сүүлээр түүний “Хөдөлмөр” сонинд нийтлүүлсэн нэгэн нийтлэл ихээхэн шуугиан дэгдээж асуудал Намын төв хороо хүрсэн билээ. Эх нялхсын эрүүл мэнд, эмчийн хариуцлагын тухай нийтлэлийн сэдэв тэр үедээ битгий хэл өнөө ч эмзэг хэвээр байна.

Хурц үг хэллэгтэй, яруухан, хүнлэг өнгө аястай нийтлэлүүдийг нь нэг удаа биш дахин дахин уншаарай. Түүний нийтлэлд нэг намын үзэл сурталтай, тоталитар дэглэмийн нөлөө байгааг үгүйсгэхгүй. Өнөөдрийн нийгмийг зүүдэндээ ч төсөөлөөгүй цаг үеийн төлөөлөл шүү дээ. Гэхдээ түүний нийтлэлийн баримтад өнгөцхөн төдий бус туйлын анхаарал болгоомжтой, хэрхэн нягт нямбай хандах, сэжүүрээс нь нэг барьж авсан бол барьцаа яажшуухан лавшруулах, бусдын бодол санааг бүрэн сонсох, хүнийг эвгүй байдалд оруулахгүйгээр үгийг зөв сонгох, яруу зөв сайхан бичих гээд сэтгүүлчийн зайлшгүй мэдэж, дагаж мөрдөх олон зарчим бий.

Амбалаа шиг бай гэж өгүүлэхийн учирихээ. Би Амбалаа шиг сайн гарчиг бичиж сурах юмсан, бас яруу сайхан монгол хэлээ эзэмшихсэн, яаж түүн шиг үргэлж бусдын үгээс шинийг олж сонсдог болох вэ, монгол ухааныг хүмүүст хэрхэн хүргэх вэ гэхчлэн насаараа л суралцаж явна. Амбалаа бол уулзах бүхэнд шинэ, уншаад дуусахад хайран, туулаад барахгүй ертөнц юм.

Э.Сонинтогос