sonin.mn

Ус, цаг уур орчны хүрээлэнгийн Ус судлалын секторын технологич инженер Х.Пүрэвдагва Антарктид яваад иржээ. Тэрбээр Антарктидад хөл тавьсан долоо дахь монгол хүн болсноос гадна шинэ судалгааны ажил эхлүүлээд ирсэн байна. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Өмнөд туйлыг зорьсон судалгааны баг доод тал нь 40 хоногийн томилолттой явдаг. Таны хувьд цас мөсний өлгий нутагт хэр удаан ажиллав?

-Болгар улсын 23 дахь экспедицийн хоёрдугаар ээлжинд багтаж өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас энэ оны нэгдүгээр сарын хооронд өмнөд туйлд ажиллаад ирлээ. Энэ экспедиц 1977 оноос Антарктид тивд томоохон судалгааны ажил эхлүүлсэн түүхтэй. 38 жилийн түүхтэй энэ баг өнгөрсөн хугацаанд судалгаандаа олон орны эрдэмтдийг хамруулан өргөн цар хүрээтэй ажиллаж байв.

23 дахь экспедицийн хоёрдугаар ээлжинд багтан ажиллах боломжийг Болгарт суугаа Элчин сайд, Монголын Антарктидын нийгэмлэгийн ерөнхийлөгч Л.Дүгэржав олгосон. Энэ хүн Болгарын Антарктид судлалын хүрээлэнтэй хамтран ажилладаг. Түүнээс биш миний явсан акспедицид Туркийн судлаачид зардлаа өгөөд ч болтугай явах хүсэлтэй байсан юм билээ. Л.Дүгэржав гуайн тус дэмээр би өмнөд тивийг зорих шалгаруулалтад тэнцэж 60 орчим мянган километр зам туулаад ирлээ. Бид бааз дээрээ нэг сар ажилласан.

-Болгарын багийнхантай ямар судалгааны ажил хийсэн бэ?

-Энэ жил ямар нэгэн судалгааны ажил төлөвлөөгүй. Зөвхөн баазынхаа хүн амьдрах нөхцөлийг хадгалах, ирэх жилийн судалгааны ажилд бэлтгэх зорилготой байв. Тэнд маш их цас ордог. Манай багийг очиход судалгааны бааз цасанд дарагдсан байсан. Бид очоод бүх барилгуудыг чөлөөлж, усны эх үүсвэрээ сэргээсэн.

-30 хоног цас малтаж байгаад ирэв үү. Эсвэл бие даагаад судалгааны ажил хийсэн үү?

-Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны төслийг тэнд хийдэг. Европын холбооноос хэрэгжүүлдэг Болгар болон Испанийн бааз дээр хэрэгжүүлдэг төсөл байгаа юм. Энэ төсөлд оролцож уур амьсгалын талаарх мэдээнүүдийг шинэчлэн бэлтгэсэн. Түүнээс гадна Болгарын бааз дээр анх удаа цасны судалгааны ажлыг эхлүүлсэн. Судалгааг Болгар улсын бааз байрлаж буй Ливингстоны арлын Өмнөд булангийн "Kliment Ohridski"-ийн "Balkan Snowfeild"-д хийсэн юм.

Судалгааны хэсгийн цасаар бүрхэгдсэн талбай нь Өмнөд булангийн эргээс хойш нэг км-ээс эхэлж, “Burdikc Peak" хүртэл найм орчим км үргэлжилдэг. Энэ ажлыг хийхээр төлөвлөж очсон. Газар уснаас нь хамаараад найман ширхэг цасны өндрийн шонг суурилуулсан. Шонгууддаа тулгуурлан мэдээгээ авдаг юм. Мөн цасны судалгаанд шаардагдах элементүүд бий. Тэдгээрийг авчирсан. Одоо авсан мэдээллүүдээ нэгтгэн цэгцэлж байна.

-Судалгаагаа хэдий хугцацаанд хийх вэ?

-Сарын хугацаанд хийсэн. Миний ажил ингээд дуусч байгаа юм биш. Одоо Антарктидад ажиллаж байгаа болгар залууд судалгааны ажлынхаа аргачлплыг зааж үлдээсэн. Тэр хүн миний ажлыг үргэлжлүүлээд ирэх гуравдугаар сард Болгарт ирэхээрээ тайлан мэдээгээ явуулахаар тохиролцсон.

-Та Антарктидад хөл тавьсан Монголын долоо дахь хүн боллоо. Өмнө нь явсан хүмүүсийнхээ судалгааны ажилтай танилцсан уу?

-1972 онд Ж.Цэрэндэлэг, 1982 онд Д.Чулуунбат, 2007 онд А.Батболд нар цаг уур болон агаар мандлын талаар судалгаа хийж байв. Түүний дараа Л.Дүгэржав Антарктидын цэвдэг геологийн чиглэлээр судалгаа хийсэн түүхтэй. Мөн Д.Ганбаатар далайн тээврийн чиглэлээр судалгаа хийж байв.

-Дэлхийн цаг агаар дулаарч байгаа. Харин өмнөд туйлд цаг агаар хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Би Антарктидад нэг сар болсон. Ер нь ажиглахад Антарктидад цасны хуримтлал үүсч байна гэж ойлгосон. Манай орны хувьд мөнх цас, мөстлөг хайлж байхад тэнд цаг агаарын эсрэг үзэгдэл болж байна. Антарктидад 2007 онд далайн эргээс хойш 300 метрт цас хайлдаг байсан. Гэтэл энэ жил цас хайлахгүй байна. Бас Болгарын судалгааны багийнхны ярьж байгаагаар өнгөрсөн жил гурван метр цас ухаж байшингаа цаснаас чөлөөлдөг байсан гэсэн. Гэтэл энэ жил дөрвөн метр цас ухаж байшингаа чөлөөлж байна. Зөвхөн цасны судалгаанаас ийм зүйл ажиглагдлаа. Гэхдээ цасны судалгааг 5-10 жил хийж үр дүн гардаг юм.

-Антарктид явах зардлаа хувиасаа гаргасан уу?

-Антарктид явахад нэг хүнээс нийтдээ 40 мянган ам.долларын зардал гардаг. Энэ хэмжээний мөнгө төлөөд явах хүн олон байгаа л даа. Гэхдээ мөнгөнөөс гадна баазын зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Нэг баазад дээд тал нь 25 хүн амьдрах боломжтой. 25-аас дээш хүнтэй болохоор хоол унднаас эхлээд асуудал үүсдэг. Тиймээс олон хүн явдаггүй. Тэр тусмаа гадны орны хүнийг олноор нь авдаггүй. Тиймээс манай орны хувьд нэг л хүн оролцуулж байгаа. Ер нь гуйлгын байдалтай айлын хаяанд нэг нэгээрээ очиж байна.

-Монгол Улс Антарктидад бааз байгуулах газартай болсон. Гэтэл одоо хүртэл хувийн баазаа байгуулгүй байна. Юунаас болоод цаг алдаад байгаа юм бэ?

-Бид өөрийн баазтай болохыг мөрөөдөж байна. Антарктид дахь Монгол Улсын баазыг хаана байрлуулахыг Л.Дүгэржав гуай сонгоод авсан байгаа. Болгар болон Испанийн баазын дунд газар авсан. Одоо Монгол Улс Антарктидын гэрээнд элсэх хэрэгтэй байна. Энэ гэрээнд элссэн тохиолдолд Антарктидад Монгол Улс өөрийн баазыг нээх эрхтэй болно. Гэрээнд элсэхийн тулд УИХ-аас Антарктидын гэрээнд элсэх хуулийг соёрхон баталдаг. Хэрвээ тэр хуулийг нь соёрхон баталбал ирэх зургадугаар сарын 1-9-ний хооронд Болгарын Софи хотод болох олон улсын Антарктидын хурлаар бид өөрсдийнхөө байдлыг танилцуулж, Антарктидын гэрээнд элсэх саналаа тавих ёстой. Энэ тохиолдолд манай улс Антарктидын холбоонд элсэх байх гэсэн горьдлого бий. Дараа нь Антарктидад өөрийн гэсэн бааз, төлөвлөгөөтэй болно. Цаашлаад судлаачид чиглэл, чиглэлээрээ судалгаа хийх боломжтой болох юм.

-Та өмнө нь ямар судалгааны ажлууд хийж байв?

-Би гидрологич мэргэжилтэй. Усны чиглэлийн судалгааны ажлуудыг Монголд хийж байв. 2007 оноос эхэлж Монгол орны мөсний судалгааны ажлыг хийсэн, Алтай нурууны Таванбогд, Цамбагариа, Мөнххайрхан, Түргэн, Баатар уулсын мөстөл, мөсөн голуудад олон жил ажилласан туршлагатай. Энэ туршлагадаа тулгуурлин Антарктидад судалгаа хийлээ.

Б.Сэлэнгэ
Эх сурвалж: "Монголын үнэн"