sonin.mn

Намайг Г.Тэгшбаяр гэдэг. Би БНСУ-д программ хангамжаар бакалавр, магистрт Солонгосын Мэдээлэл холбооны яамны тэтгэлгээр суралцаж төгссөн. Одоо БНСУ-ын гурав дахь том групп болох “SK”-д программ хангамжийн инженерээр найм дахь жилдээ ажиллаж байна. Солонгост программ хангамж, электроникийн инженерээр олон монгол ажилладаг.

Энэ залуус уулзаж ярилцахдаа байнга хөнддөг сэдэв бол Монголдоо очиж үр бүтээлтэй ажиллах, эх орны хөгжилд чаддаг зүйлээрээ хувь нэмэр оруулах тухай юм. Дэлхийн тэргүүлэх хэмжээний том компаниудад ажиллаж, оюуны өртөг шингэсэн бүтээгдэхүүн зохион бүтээж байгаа залуус маань Монголд баталгаатай ажлын байр байхгүйгээс очиж чадахгүй байна.

Энэ залуус байнга Монгол руугаа явж ирдэг болохоор Монголын бодит байдлыг сайн мэднэ. Инженерүүд Монголдоо ирэхэд ганц зүйл хэрэгтэй байна. Тэр нь Монголд оюуны өртөг шингэсэн бүтээгдэхүүний дотоод зах зээлийг гадны импортоос хамгаалсан, үндэсний монополи компани хөгжих зохицуулалтыг төрөөс хийх ёстой юм. Ухаантай айл бол өөрийн идэх хоолоо хажуу айлдаа өгөөд өөрсдөө өлсч суудаггүй.

Энэ зарчим Солонгост ч адилхан. Тухайлбал, одоо Солонгосын экспортын гурав дахь гол бүтээгдэхүүн автомашины тухайд 1987 оноос эхэлж гаднаас автомашин импорт хийхийг зөвшөөрөх хүртэл өөрсдийнх нь “Нyundai” зэрэг үйлдвэрлэгчид дотоод зах зээл дээр монополи байдлаар 1967 оноос эхлэн хөгжиж 1986 онд “Еxcel’ машиныг анх АНУ-ын зах зээл рүү экспортод гаргаж эхэлсний дараа гадны автомашин импорт хийх эрхийг гаалийн татвар өндөр ногдуулах нөхцлийн дор нээсэн.

1987 онд ердөө 10 автомашин импортоор худалдаж авсан байдаг. Ингэж Солонгос дотоодын зах зээлээ импортоос хамгаалж, өөрийн идэх хоолоо гаднынханд өгөлгүй өөрсдөө хөгжих замаар явж ирсэн. Оюуны өртөг өндөр шингэсэн барааг импортоор авах тусам улс орон ядуурдагыг бүгд мэднэ.

Манай улсын эдийн засаг одоо ямар байгааг бүгд мэдэж байгаа. Юун түрүүнд эрчим хүч, дэд бүтцийн салбарын компьютер удирдлагын системээс эхлээд дотооддоо зохион бүтээх, зах зээлийг нь импортоос хамгаалж үндэсний монополи компани хөгжих эрхийг нээх цаг үе нь болжээ.

Аливаа компьютерын системийг бие дааж зохион бүтээхэд гурван үндсэн бүрдлийг гаднаас хамаарахгүйгээр шийдэх ёстой. Энэ нь найдвартай ажиллагаатай hardware, үйлдлийн систем, аппликэйшн гурав юм. Тэгвэл энэ гурвыг Монгол инженерүүдийн нөөц бололцоогоор бүтээх боломжтой юу гэвэл хариулт нь бэлэн болжээ. Төрийн соёрхолт инженер Н.Нацагням энд Солонгост “Samsung electronics” хүртэл өөрсдөө бие даан бүтээж чаддаггүй “real time” үйлдлийн системийг хийж чадсан.

Үүнийг ажиллуулах PID hardawre платформыг болон реактив чадал тохируулах аппликэйшныг мөн бүтээсэн. АНУ, Англи, Швед зэрэг барууны цөөн хэдэн компани л  "real time" үйлдлийн системийг дэлхий даяар нийлүүлж их хэмжээний роялти төлбөр авч байдаг. Н.Нацагням өөрийн бүтээлийг найдвартай ажиллагаатай, барууны техник, программаас дутахгүй, бүр илүү гэдгийг ДЦС-2, 3 дээр ажиллуулж харуулсан.

Ийм төвшний hardware платформ ба “real time” үйлдлийн систем хоёр байхад дээр нь суурилаад өндөр хөгжилтэй орнуудад инженерээр ажиллаж байсан туршлагатай залуус янз бүрийн цахим системийг түвэггүйгээр зохион бүтээж хөгжүүлж чадна. Энэ чиглэлийг хөгжүүлэхэд гаднаас их хэмжээний зээл, хөрөнгө оруулалт авч, гаднаас технологи, үйлдвэр оруулж ирэх шаардлагагүй.

Байгаль орчин бохирдуулахгүй, гадагшаа өгөх өндөр үнэтэй сэлбэг, түлш, менежмент, зөвлөх үйлчилгээ, лицензийн төлбөр байхгүй. Монополь зах зээлийн хуулиар бид өндөр технологийг импортоор авахгүй өөрсдөө хийх боломжтой болно. Монополи компанийн ийм эрхийг бэлэн практик шийдлээ баталсан Н.Нацагнямд өгөхөд бид түүнтэй 30 жилийн гэрээ хийж Монголдоо тогтвортой баталгаатай ажлын байртай болно.

Ерөнхий сайд та энэ боломжийг нээж, хариугаа олон нийтэд ил тодоор өгнө үү.

Программ хангамжийн инженер Т.Тэгшбаяр