sonin.mn

Тэсгим өвлийн хүйтнээр харзны усанд орж буй хүмүүсийг харахад тэсвэр, тэвчээрийг нь бодвол бахадмаар. Гэвч ингэж орсноор хүний бие үнэхээр эрүүлждэг эсэх нь маргаан дагуулсаар байгаа. Тиймээс энэ талаар П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн Эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн орлогч дарга О.Батгэрэлээс тодрууллаа.


-Хүмүүс харзны усанд орж, биеэ эрүүлжүүлж байгаа тухайгаа их ярьдаг болсон. үнэн хэрэгтээ эрүүл мэндийн шинжлэх ухаанд үүнийг хэрхэн тайлбарладаг юм бол. Энэ хэр зөв алхам бэ?

-Энэ тухайд эмч хүнийхээ хувьд буруу гэж хэлнэ. Ер нь эмч нар буюу анагаах ухааны мэргэжлийн хүмүүс бол сөрөг нөлөөтэй гэж үздэг. Харзны, мөстэй усанд орох нь эрүүл мэндэд сөрөг нөлөө ихтэй, аюул дагуулсан үйлдэл. Харин ийм зан үйл хийдэг хүмүүс эрүүл мэндийн хувьд ямар нэгэн харшлах муу зүйлгүй, гайхалтай сайн эм гэж үздэг бололтой юм билээ.

-Энэ үйлдлийг ерөнхийдөө оросуудаас улбаатай гэх юм билээ. Тэгэхээр газар нутаг, ахуй орчноосоо шалтгаалаад хүний биед өөрөөр нөлөөлдөг байж болох уу?

-Европын улс, орнуудын хүн амын ихэнх хувийг цагаан арьстнууд эзэлдэг. Эдгээр бүлэгт хамаардаг хүн ам генийн хувьд хүйтэнд тэсвэртэй байдаг тухай ярьдаг. Тэд Азийн хүмүүсээс биеийн үндсэн температур нэг хэмээр өндөр, хүйтнийг мэдрэх градус таван хэмээр өндөр гэсэн тайлбар ч бий. Гэхдээ эдгээр тайлбарууд шинжлэх ухааны хувьд хэр хэмжээтэй батлагдаж, нотлогдсон нь тодорхой биш ч европын орнуудад өвлийн ид хүйтнээр харзны усанд орох уламжлалт заншил болон янз бүрийн уралдаан, тэмцээн элбэг зохиогддог. Тиймээс генийн шалтгаан их, бага хэмжээгээр нөлөөлдөг байхыг үгүйсгэхгүй. Өөрийн тань хэлснээр харзны усанд орох ийм дадал заншил манай хойд хөршид их түгээмэл, уламжлал маягтай болчихсон.

-Ингэж усанд орсноор хүний биед үзүүлэх сөрөг нөлөө нь хэр байдаг вэ?

-Ердийн ухаанаар бодоход ид өвлийн мөстэй, харзны усанд орох нь зүрхэнд их хэмжээний ачаалал үүсгэх, хатгалгаа авч болох гээд хүндрэлүүд гарч болзошгүй. Тодруулбал, тэсгим хүйтэн нөхцөлд хүний бие хамгийн эхлээд өвдөлтийг мэдэрдэг. Дараа нь аажмаар чинэрэх, бадайрах, халууцах мэдрэмж төрнө. Тэгээд нүд, чих зэрэг эрхтэнүүд саажиж эхэлдэг. Эцэст нь зүг, чиг болон цагийн баримжаа, өөрийнхөө биеийн жинг мэдрэхгүй болох зэргээр мэдрэхүй алдагдаж, ухаан санаа нь орж, гарах байдлыг мэдэрдэг гэдэг. Энэ бол амь насанд аюул учирч буйг илэрхийлж буй дохио. Тийм учраас эрүүл мэндэд тань хэзээ, ямар хохирол учруулж болох талаар сайтар тунгаалгүйгээр бусдыг утга учиргүй дууриах нь яав ч сайн зүйл биш гэж хэлэх байна.

-Гэхдээ харзны усанд орогсодын нас бүр залуужаад, хүүхдүүдээ хүртэл оруулдаг болсон байна шүү дээ?

-Ид өвлийн хүйтэнд харзны усанд орсноор хүний өвчин эмгэг арилж, биеийн эсэргүүцэл сайжирдаг, хүүхэд, хөгшин, залуу гэлтгүй хэнбугай ч орж болно гэсэн шинжлэх ухааны нотолгоо одоогоор хаана ч байхгүй. Дээр хэлсэнчлэн энэ нь амь насанд үнэхээр аюултай учраас эмч нар мэдээж хэрэг эсрэг үзэл бодолтой байдаг. Тухайлбал мэргэжилтнүүд хасах 2-4 хэмийн хүйтэн усанд хүн 30 минут байхад үхэх магадлалтай гэж үздэг.

Тиймээс харзны усны эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь сайнаасаа илүү муу үр нөлөө нь их гэж тайлбарладаг. Ер нь хэт бага температур дахь шокийн улмаас ердийн хэм хэмжээний бага температурыг тэсвэрлэх чадвараа алдах, зүрхний инсулт, адерналины хордлого болох, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны дутагдалд орох зэргээр бие махбодид янз бүрийн муу үр нөлөө үзүүлэх эрсдлийг дагуулж байдаг.

-Адерналины хордлого гэдгээ тайлбарлаж өгөөч?

-Адерналины хордлого гэдэг нь адерналины ялгаралтаас бий болох сэтгэл хөөрөлд хэт их хамааралтай /донтох/ болох байдлыг хэлж байгаа юм. Жишээлбэл, өндрөөс үсрэх /банжижанп/, агаарт сэлэх /скайдайбинг/, эгц хаданд авирах, мото уралдаан гэх мэт аюултай спортод дурлагсадыг “адерналинд хордогчид” гэж нэрлэх явдал байдаг. Өөрөөр хэлбэл, өөрийгөө албаар аюултай нөхцөл байдалд байлгаж, адерналиныг зохиомлоор ялгаруулдаг хүмүүс цөөнгүй байдаг гэсэн үг юм. Харзны усанд ордог хүмүүс ийм байдалд ойрхон байна гэсэн үг.

Адерналин болон эндорфин зэрэг тархин доторх бодисууд бидний бие махбодид нэг төрлийн сэтгэлийн баяр баяслыг бий болгодог бөгөөд хэт хамааралтай болвол аюултай зүйл. Адерналин цусанд ялгарахад бүх биеийн эрхтэн систем хөөрлийн байдалд орж, бодит байдалд зүрхний цохилт даралт ихсэх, цусан дахь сахарын хэмжээ нэмэгдэх, хүүхэн хараа өргөсөх зэрэг үйлчлэлийг үзүүлдэг.

Харин эндорфин тархин дотор ялгарахад, өвдөлт намдах, баяр баясгалантай мэдрэмж төрдөг. үүнийг “тархин доторх хар тамхи” ч гэж нэрлэдэг. Мөн бөөрний дээд булчирхайн холтослог эдээс биеийн доторх төрөл бүрийн химийн бодисыг зохицуулах үүрэг бүхий олон төрлийн гормон ялгардаг бөгөөд эдгээрт нөхөн үржихүйн үйл ажиллагаанд холбоотой бэлгийн гормон ч бас ялгарч байдаг.

Ер нь харзны усанд орох нь эрүүл мэндэд сайн гэж итгэгчдийн хувьд тухайн хувь хүний өөрийн хариуцлагын асуудал. Хэдий тийм боловч эмч нарын хувьд зөвхөн аюултай гэдгийг хэлэхийн зэрэгцээ үнэхээр тэрхүү усанд орох гээд дурлаад байгаа хүмүүст аюулгүй байж болох зөв мэдээллийг түгээх шаардлагатай байх гэж бодож байна.

-Гэхдээ тодорхой хэмжээгээр хүйтэн усаар толгойгоо угаах, жин тавих зэргээр хүмүүс эртнээс мөсийг ашиглаж ирсэн шүү дээ. Тэр утгаараа эмчилгээний ямар нэгэн заалт байдаг уу?

-Орчин үеийн анагаахын шинжлэх ухаанаар нотлогдож батлагдсан эмчилгээ гэхээсээ илүү тухайн улс, орны зан үйл, уламжлалт үйл ажиллагаа, хувь хүний сонирхол, итгэл үнэмшил тал руугаа учраас ийм, тийм заалтаар харзны усанд орно гэсэн ойлголт байхгүй. Харзны усанд ордог хүмүүс өөрсдөө эдгэхгүй өвчин байдаггүй гэж туршлагаасаа юм уу, амнаас ам дамжин хэлдэг боловч түүнийг баталсан, нотолсон шинжлэх ухааны туршилт, судалгаа хараахан байхгүй. Анагаах ухаанд хүйтний эмчилгээг ашигладаг заалтууд бий. Ихэнхдээ тамирчид тэмцээн уралдаанд орсон болон бэртэл авсны дараа хүйтэн жин тавьж булчингийн үйл ажиллагааг сулладаг.

Эмчилгээний журмаар хүйтнийг ашиглах нь хүний биед хэсэгчилсэн байдлаар мөс тавих, хүйтэн усанд тухайн хэсгийг дүрэх хэлбэрээр л байж болдог.
Ийм арга хэмжээнд оролцож байгаа хүмүүс эрүүлждэг гэдэг ойлголтыг ихэнхдээ амнаас ам дамжуулан, биесийнхээ туршлагад тулгуурлан ярьдаг. Тэгэхээр ингэж санал зөрөлдөхийн оронд нэгэнт тийм сонирхолтой байгаа хүмүүсийн хүсэл сонирхолд тохируулаад эмнэлгийн хүний хувьд зөв мэдээлэл өгч, аюулгүйгээр орох ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж байвал тухайн сонирхогчийн сэтгэл санаанд дэмжлэг болох боломжтой. үнэхээр орох гээд байвал хүүхэд, хөгшчүүд, суурь болон архаг хуучтай, бие махбодийн өөрчлөлттэй хүмүүс орж болохгүй гэсэн судалгааны ажлууд бол байдаг. Тэдгээртэй танилцаж, түүнээс судлах хэрэгтэй.

-Тэгвэл эхний ээлжинд заавал эмчид хандан, эрүүл мэндийн байдлаа тодорхойлуулах шаардлагатай байх нь ээ?

-Хамгийн түрүүнд эмчийн үзлэгт хамрагдаж өөрийн биеэ оношлуулах шаардлагатай. Хүйтэн усанд шууд ороход биеийн бүх судас агшдаг. Ингэснээр зүрх бусад бүх эрхтэнрүүгээ цусаа шахаж чадахаа больдог. Тиймээс зүрх судасны системийн өөрчлөлттэй хүн бол заавал орох гэж тэмүүлэх шаардлагагүй.


Эх сурвалж: