sonin.mn

УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хэдхэн хоногийн өмнө бензин, шатахууны зориулалтаар төсвөөс авдаг мөнгөнөөсөө татгалзаж байгаагаа цог жавхлан­­тайг­­аар мэдэгдэж бүлгийн дарга С.Бямбацогт “Бид­­ний санаачлагыг бүх гишүүд дэмжвэл төсвөөс 500-600 сая төгрөг хэмнэх бололцоотой” хэмээн мэдэгдэж байсан билээ.

Засагт хамтарсан МАН-ынхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дэвшүүлсэн “зарим хэсэг нь гэдсээрээ тасартал бүсээ чангалах, боломжтой нь бүсээ тасартал гэдсээрээ таргалах” шийдвэрийг хүлээн авах боломжгүй гэж пижигнэлдсэний үр дүнд хүүхдийн мөнгө, одонтой ээжүүдийн мөнгө эзэддээ үлдэж, МАН-ынхан хүсч тооцоолсон 2016 оны сонгууль угтсан нэмэх оноогоо ч салгаж дөнгөсөн. Гэтэл сүүлийн үед ард түмэн, сонгогч олондоо жигтэйхэн хайр зарлаад байсан МАН-ынхан үнэн нүүр царайгаа гаргаж эхлэв.

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэд сайд нарын асуудлыг авч хэлэлцэхэд Х.Баделхан, Я.Төмөр­­баатар, Н.Оюундарь, Д.Атармаа, Г.Тэмүүлэн, Б.Мөнхбаатар, Б.Батзориг нарын долоон дэд сайдаа ёстой л өндгөө дарсан шувуу шиг хамгаалсаар байгаад аваад үлдэв. Төрийн албан хаагчдийг 15 хувиар цомхотгох ажлыг нүдээ аниад дэмжиж байгаа хэрнээ албан тушаалын бялуу хуваалтад ийнхүү ам нь ажлаасаа алд дэлэм зөрдгөө дахин нотлов. Ер нь МАН хэзээнээсээ албан тушаалын шагналаар хэн нэгний өр авлагыг цайруулахдаа тун гарамгай улстөрийн хүчин билээ.

Шадар сайд У.Хүрэлсүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах бодлогын зөвлөхөөр Их засаг их сургуулийн захирал Н.Ням-Осорын хүү Учрал томилогдсныг ингэж хардах бүрэн үндэстэй. Учир нь Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдах үед Н.Учрал дэд сайдад яригдаж байсан ч болгоогүй. үүнд нь гоморхсон Н.Учрал цахим хуудсаараа 2016 оны сонгуульд гуйж биш, гуядаж ялахаа зарлаж байсан.

Тэгвэл бэлтэй аавын, буянтай хүүг Шадар сайд У.Хүрэлсүх аргадаж, хуулиа зөрчин байж зөвлөхөөрөө сон­госоны учир ийнхүү тайлагдав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос эхлээд орон тооны бус зөвлөхүүдээ огцом цөөлсөөр байхад Шадар сайд У.Хүрэлсүх харин ч зөвлөхүүдээ нэмсээр байгаагийн нэг нь эмэгтэйчүүд, жендерийн асуудал хариуцсан зөвлөх, нэгэн цагийн мисс Ё.Нямжав юм. Ийнхүү МАН-ынхны ам ажлын зөрүүг бичээд байвал дуусахгүй тул үүгээр өндөрлөхөөс өөр аргагүй.

Эх сурвалж: