sonin.mn

Энэ үг жолоо мушгидаг хүн бүрт хамаатай. Тэр дундаа Богд уулын араар тавьсан шинэ замаар зорчигсод “Уулын зам бол хурдных биш” гэдгийг онцгой анхаарах шаардлагатай байна. Яармаг, нисэхийн иргэдийн цаг завыг хэмнэсэн шинэ бүтээн байгуулалтад иргэд сэтгэл хангалуун байгаа ч энэ хэрээр анхаарал сэрэмжээ дээшлүүлэх зүй ёсны шаардлага байгааг энд сануулъя.

Миний бие Богд уулын арын замаар анх удаа зорчсон нь харуй бүрийтэй зэрэгцэж таарав. Яармаг талаас уулын зам руу нийлэхтэй зэрэгцээд мушгирсан буюу тууш биш зам болохыг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ хэдэнтээ таарсан. Харин үүний цаана 30 км цагаас дээш хурд хэтрүүлж болохгүй гэх тэмдэг байгааг харахтай зэрэгцэн нэгэн жийп юу юугүй тулаад ирэх нь тэр.

Шинэхэн жолооч миний хувьд энэ үнэндээ хатуу сорилт байлаа. Шөнө, дээрээс нь нугалаа ихтэй мушгирсан замд гэнэт өөдөөс хурдтай машин гарч ирсэн учраас самбаачлах хугацаа ч бараг гарсангүй. Тэр дороо зогссон тулдаа л “Амь гарав”. 30 километрээс хэтрэхгүй явах нь зүйтэй юм гэж бат нот бодоод гэлдэрч явтал эгээ л хурдны зам дээр явж байгаа мэт гялсхийн өнгөрөх жолооч нартай хэдэнтээ таарав.

Бас болоогүй шөнийн цагт гэрлээ шилжүүлж мэдэхгүйг нь яана. Энэ замд илүү анхаарал, ур чадвар шаардагдах атал жолооч нар яагаад ийм хайнга, хэнэггүй байгааг үнэндээ ойлгоогүй. Угтаа та бид жолоо мушгисан л болохоос амьдралаа атгаж явааг яагаад ойлгохгүй байна вэ. Аминдаа хайргүй юм гэхэд ар гэртээ хүлээж суугаа аав ээж, үр хүүхэд, хайртай хүмүүсээ гэх ухаан тэдэнд алга гэж үү.

Нөхөж баршгүй гарзтай заавал нүүр тулахыг хүсээгүй л байлтай. Жолооч танд сэрэмжлүүлэх үүднээс мэдээлэл хүргэхэд энэ замд 30 км цагаас илүүгүй хурдтай явах ёстой бөгөөд 24 огцом эргэлт байдаг учраас нэг ч хором анхаарал алдах, эсвэл хэнэггүй зан гаргаж хурд хэтрүүлбэл болзошгүй аюул таныг хүлээж буйг Замын цагдаагийн газраас анхааруулсаар байгаа.

Богд уулын арын замыг өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд үүнээс хойш зам тээврийн арав гаруй осол гарчээ. Эдгээр ослын улмаас хоёр хүн хүнд гэмтсэн бол нэг хүн жапга руу унасан байна. Хамгийн харамсалтай нь эдгээр осол хурд хэтрүүлснээс үүдэлтэй гэдгийг холбогдох газраас мэдээлж байгаа юм. Иймээс эрхэм жолооч та замын хөдөлгөөний дүрмээ чанд баримталж, өөрийгөө болон өрөөлийг хайрлаарай.

М.Өнөржаргал
Эх сурвалж: