sonin.mn

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаа энэ удаагийн зочноор уригдлаа.

-Монголын утга зохиолд Нямаа нэртнүүд олон байдаг?

-Харин тийм. Шүлэгтээ гайгүй нь Долгорын Нямаа, романдаа гайгүй нь Батын Нямаа, тууждаа гайгүй нь Готовын Нямаа, өгүүллэгтээ гайгүй нь Цэндийн Нямаа, шүүмждээ гайгүй нь Ломбын Нямаа гээд л явчихна.

-Та юундаа гайгүй Нямаа нь вэ?

-Би дээд сургууль төгсөөд л Монголын радиод ажилласан. Сэтгүүл зүйн бүхий л төрлөөр бичсэн дээ. Одоо тун ховордсон, бараг улаан номонд бичигдэх шахам болсон бичлэгийн нэг төрөл бий. Найруулал гэж. Сэтгүүл зүйн төрөл боловч уран зохиолын өгүүллэг л гэсэн үг. Дээрх жагсаалтад найруулалдаа гайгүй нь Данзангийн Нямаа гэж ордог юм. Би гаргаагүй жагсаалт шүү гэдгийг тодотгоё!

-Таныг цэргийн алба хаасан гэж сонсоогүй юм байна?

-Тэр үнэн, би хуаранд цэргийн алба хаагаагүй. Гэхдээ бэлтгэл дэслэгч хүн шүү. Наяад оны их, дээд сургууль төгссөн залуус 45 хоногийн хээрийн сургалтаар цэргийн алба хаадаг байлаа шүү дээ. Үзэг, үг хоёроор бол цэргийн албыг өнөө хүртэл хаасаар л явна. Эр цэрэг, эх орны сэдэвтэй шүлэг зохиолоо хэлж буй хэрэг л дээ. Хилийн застав, цэргийн хуаранд олон хоног өдрийг үдэж, цэрэг эрсийн дунд байж бичсэн шүлэг, хийсэн нэвтрүүлэг маань хамгийн чанар чансаатай бүтээлүүд болсонд би баяртай явдаг.

-Утга зохиолын наяад оныхон буюу таны үеийнхний тухайд?

-Зохиолчид үе үеэрээ өндийдөг жамтай. Наяад оныхон мундаг шүү дээ. О.Дашбалбар, Г.Мэнд-Оёо, Ж.Саруулбуян, Д.Төрбат,    Ц.Чимэддорж, Б.Батхүү, О.Содномпил,
Ц.Түмэнбаяр гээд өнөөгийн утга зохиолын ноён нуруу болсон нэрт уран бүтээлчидтэй дөрөө харшуулж их утга зохиолын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж явна. Бидний үеийнхэн дотроо төрийн шагналтан төрөх юм гэж наян хэдэн онд ой тойнд буухгүй л байв даа. Залуусын, ялангуяа, анхны шүлэг зохиол хэвлэгдэх нь тун ховор үед бид эхлэн бичигчид байлаа. Биднийг өндийхөд нэг сонин их тус хүргэсэн.

-Ямар сонин?

-“Улаан-Од” сонин. Тэр үед төвийн таван сонин л байлаа. “Улаан-од” сонин долоо хоногт нэг удаа уран зохиолын нүүр гаргана. Утга зохиолд тун ч ээлтэй сонин. Хожмоо дорнын их яруу найрагч хэмээгдсэн, Эрээнцавын алдарт Д.Нямсүрэнгийн анхны шүлэг “Улаан-од” сонинд гарсан байдаг.

Д.Төрбат, О.Дашбалбар, Б.Батхүү, Ц.Чимэддорж гээд наяад оныхны шүлгүүд анхлан “Улаан-од” сонинд хэвлэгдэж байлаа. Манай үеийнхэн шөнөжин шүлэг зохиолоо ярьж, засаж аваад өглөө нь “Улаан-од” сонин руу бөөнөөрөө очино. Эрхлэгч, хурандаа А.Баярмагнай “Залуус минь, сайн бас их бичээрэй! Би бүгдийн чинь шүлгийг гаргана” гэж бидэнд урам өгнө. “Улаан-од” сониноор шүлэг, зохиолоо хэвлүүлж, урлан бичихийн урам авч өндийсөн наяад оныхон “Улаан-од”-ын итгэлийг алдаагүй уран бүтээлчид болцгоосон шүү. Хожуу ч гэсэн цэргийн сонины редакцид уран бүтээлч нөхдөө төлөөлөн баярлалаа гэж хэлье.

-Нэг үе ном гудамжинд гарлаа гэж ярьж, бичиж байсан, одоо дотор орсон бололтой?

-Ном унших гэдэг хүн төрөлхтөний амьдралын гарцаагүй хэдэн хэрэглээний нэг. Тухайн цаг үе гэж байх. Бид тэр цаг үеийг ардаа орхисон, ном уншдаг болсон шүү дээ. Мэдээлэл дамжуулах, солилцох цахим хэлбэр өндөр хөгжиж байгаа ч номыг гүйцэж хэзээ ч чадахгүй. Хүнийг хүн төрхөнд нь байлгадаг цөөн чанарын нэг, байгалийн элемент мэт чухал зүйл бол утга зохиол. Мөн чанараасаа татгалзсан хүн л утга зохиолоос татгалзах байх.

-Өдөр тутмын болон бусад сонин хэвлэлд уран зохиолын зай талбай ховорхон л харагдах юм?

-Мэдээлэл бол өөр ойлголт. Утга зохиол бол бүр өөр ойлголт. Дээр хэлсэндээ, хүний оршин байх тэнхпэгийн тулах цэг нь оюун ухаан. Түүний эх ундрага нь утга зохиол юмаа. Сайн бүтээлийг уншигчдад хүргэх, сурталчилах ажил хойрго байна уу гэвэл тийм.

-Энэ орон зайг та анзаарчээ?

-Зохиолч хүний хувьд анзаарсан гэх үү дээ. Дан утга зохиолыг нийтэд хүргэх зорилготой “Улирал ба зохиолч” сэтгүүлийг эрхлэн гаргаад жилийн нүүр үзээд байна. Сэтгүүл, номыг нь гаргаад байвал манай уншигчид сонирхоод байх бололтой юм. Утга зохиол судлал, яруу найрагч, үргэлжилсэн үг, захидал, гар бичмэл бүгдийг багтаасан сэтгүүл маань эрэлт ихтэй байна. Утга зохиолыг дагнасан сэтгүүл болохоор зохиолчид ч шинэ уран бүтээлээ уншигчдад хүргэх сонирхолтой байна.

-“Улирал ба зохиолч” сэтгүүлийн гаралтад амжилт хүсье!

-Баярлалаа.

Дэд хурандаа П.Батнайрамдал
Эх сурвалж: "Соёмбо"